Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/924

 

М.Ч, Х.Э, Б.Э

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Эрхэмбаяр,

шүүгдэгч М.Ч, Х.Э, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болортуул,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/664 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-, Х.Э-, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуул нарын тус тусын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Ч-, Х.Э-, Б.Э- нарт холбогдох 2308 03317 0114 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Ө овгийн М-ийн Ч,
  2. Х овгийн Х-ийн Э,
  3. Х овгийн Б-ийн Э,

1. М.Ч- нь бусадтай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-өөс 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Завхан аймгийн нутаг дэвсгэрээс 457.8 кг ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хушны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, 2023 оны 10 дугаар сарын 20-оос 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах Эмээлтийн хяналтын цэг хүртэл 00-00УУУ улсын дугаартай “Kia Pregio” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар экологи-эдийн засагт 226.382.100 төгрөгийн хохирол учруулсан,

2. Х.Э- нь бусадтай бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-өөс 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Завхан аймгийн нутаг дэвсгэрээс 457.8 кг ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хушны үр буюу цайруулсан самрыг худалдан авч, 2023 оны 10 дугаар сарын 20-оос 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах Эмээлтийн хяналтын цэг хүртэл 00-00УУУ улсын дугаартай “Kia Pregio” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улмаар экологи-эдийн засагт 226.382.100 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Э- нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дэвсгэр, Улаан чулуу гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор 260 кг ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хушны үр буюу самрыг түүж бэлтгэн, Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дэвсгэрээс Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт хүртэл тээвэрлэн, 2023 оны 9 дүгээр сарын 20-оос 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт хадгалан, улмаар Х.Э-, М.Ч- нарт 1 кг самрыг 8000 төгрөгөөр буюу 2.080.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: М.Ч-, М.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ..

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт М овогтой Ч-, Х овогт Х-ийн Э нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х овогт Б-ийн Э-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, М.Ч-, Х.Э- нарыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ч-ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Х.Э-ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Б.Э-ыг Завхан аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж тус тус зорчих эрхийг хязгаарлаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-оос 42.856.700 төгрөг, шүүгдэгч М.Ч-оос 91.762.700 төгрөгийг, шүүгдэгч Х.Э-өөс 91.762.700 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Ч-, Х.Э- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 00-00УУУ улсын дугаартай “Kia Pregio” загварын тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан, Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 457.8 кг Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, улсын орлого болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай 00-00УУУ улсын дугаартай “Кia Pregio” загварын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэр хөхний хорт хавдартай, химийн эмчилгээнд удаа дараа явж байгаа, 7 хоног тутам үзүүлдэг. Хүүхдүүд Завхан аймгийн Тэс суманд амьдардаг. Би эхнэрээ асарч байгаа учраас ажил хийх боломжгүй байгаа. ...Малаа зарна, ямар ч байсан төлнө. ...Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан боловч оршин суугаа газраасаа ажил хийж, амьжиргаагаа залгуулах, Улаанбаатар хот руу эхнэрээ нааш цааш үзүүлж явахад хүндрэлтэй байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэж харгалзах эрүүгийн хариуцлага болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Самар худалдаж авсан нь үнэн. Тухайн самрыг зарсан хүмүүс зөвшөөрөлтэй байсан эсэхийг мэдээгүй. Эхнэр маань хорт хавдартай учраас самар аваад эмчилгээний мөнгөнд нь нэмэрлэнэ гэж бодсон. ...Эхнэр бамбайн хорт хавдартай, хагалгаанд орох заалттай боловч зүрхний өвчний улмаас хагалгаанд орох боломжгүй байгаа тул хөдөө агаар салхинд байх шаардлагатай болсон. Улирал тутам үзүүлдэг. Би 53 нас хүрч байгаа болохоор эн тэнд ажилд авдаггүй. Мөн эхнэрээ харах шаардлагатай байдаг тул Тэс сумдаа айлын пүнз ховхлох, айлын мал хариулдаг. ...Та бүхэн хохирол төлбөрийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгвөл ямар ч байсан хохирлыг төлнө. ...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан боловч оршин суугаа газраасаа ажил хийж, амьжиргаагаа залгуулах, эхнэрээ үзүүлэх, нааш цааш явахад хүндрэлтэй байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах эрүүгийн хариуцлага болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Ч-, Х.Э-, Б.Э- нарын өмгөөлөгч Н.Болортуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч М.Ч-, Х.Э- нар “...Завхан аймгийн Тэс суманд фэйсбүүкт зар тавьж зарын дагуу гэрийнхээ хашаандаа самар худалдаж авсан” болох нь хавтаст хэрэгт авагдсан тэдний фэйсбүүкт тавьсан зар, шүүгдэгч Б.Э-ын мэдүүлэг, дансны хуулга зэргээр нотлогдон тогтоогддог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Ч-, Х.Э- нар 457.8 кг самрыг өөрсдөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн самрыг худалдан авсан байхад анхан шатны шүүх түүний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлсэн, шүүгдэгч М.Ч-оос 91.762.700 төгрөгийг, шүүгдэгч Х.Э-өөс 91.762.700 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг, 3.1.2. ойн сан гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг; 3.1.12.ойн дагалт баялаг гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дах хэсэгт заасан ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр; мөн Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлын нөхөн төлнө, 42.1.3 зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн, ...42.4. Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, үнэлгээгээр тогтооно” гэж тус тус заажээ.

Дээрх хуулиудад зааснаар хохирлын тооцоог хийвэл:

Шүүгдэгч Б.Э- “...1 шуудай буюу 50 кг самрыг өөрөө түүсэн, 5 шуудай буюу 210 кг самрыг уулнаас буухдаа самарчдаас худалдан авсан” гэдэг. Иймд:

260кг /нийт самар/ - 50 кг /түүсэн/ = 210 кг /худалдаж авсан/

50кг /түүсэн/ х 98.900 = 4.945.000 төгрөг

4.945.000 төгрөг х 3 = 14.850.000 төгрөг

210 кг х 98.900 = 20.769.000 төгрөг

Нийт хохирол 14.835.000 + 20.769.000 = 35.604.000 төгрөг

Шүүгдэгч Б.Э- 35.604.000 төгрөгийн төлөх төлбөртэй.

Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 357 дугаартай Тогтоолд “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сагийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ. Гэвч “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Байгалийн ургамлын тухай хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно.

Байгалийн ургамлын тухай хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно” гэж заажээ.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” заалт байгаа ба дээд шүүхийн 357 дугаар тогтоолд дурдсантай нэгэн адил ойн дагалт баялаг болох самрыг худалдан авсан хүнээс уг самрын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр төлүүлнэ гэсэн заалт мөн байхгүй байна.

Шүүгдэгч М.Ч-, Х.Э- нар самрыг өөрсдөө түүж бэлтгээгүй, харин бусдын түүж бэлтгэсэн самрыг худалдан авсан байхад анхан шатны шүүх түүний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлсэн 91.762.700 төгрөгийг шүүгдэгч М.Ч-, Х.Э- нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолд заасны дагуу тооцооллыг хийвэл:

Шүүгдэгч М.Ч-, Х.Э- нар “...Завхан аймгийн Тэс суманд фэйсбүүкт зар тавьж зарын дагуу гэрийнхээ хашаандаа самар худалдаж авсан” гэдэг. Иймд:

13 шуудай буюу 457,8 кг /нийт самар/ х 98.900 = 45.276.420 төгрөг

45.276.420 / 2 хүн = 22.638.210 төгрөг

22.638.210 - 900.000 = 21.738.210 төгрөг /Эрүүгийн хуулийн 7,5 дугаар зүйлийн 1, 2, 4-т тус тус зааснаар Х.Э-ийн эзэмшлийн “Kia Priego” загварын 00-00УУУ загварын тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэ болох 900.000 төгрөгийг хасав/

Шүүгдэгч М.Ч- 22.638.210 төгрөг, шүүгдэгч Х.Э- 21.738.210 төгрөгийн тус тус төлөх төлбөртэй гэсэн тооцооллыг хийв. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦ/664 дугаар Шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.

Х.Э-ийн эхнэр Д.Б нь бамбайн хортой хавдартай, Б.Э-ын эхнэр Ц.Б нь хөхний хорт хавдартай, хоёулаа Хавдар судлалын Үндэсний төвийн Хими эмчилгээний тасгийн харьяанд сар бүр туяа эмчилгээ хийлгэдэг, /эмч нарын гаргасан онош, шинжилгээ хийлгэсэн тухай баримт болох 19 хуудас материалыг шүүхэд шинээр гаргаж өгсөн/ тул Х.Э-, Б.Э- нарт шүүхээс оногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг тэнсэн харгалзах эрүүгийн хариуцлага болгон ногдуулж өгнө үү хэмээн хүсч байна.

Тэнсэн харгалзах эрүүгийн хариуцлага хүлээх хугацаандаа болон цаашид дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед ийм зүйл ангитай гэмт хэрэг байдаг болохыг мэдээгүй. Би гэм буруутайгаа ойлголоо, ийм зүйл, анги байдаг гэдгийг мэдлээ. Нөхөн төлбөр гээд байгааг л их гайхаж байна. Би ой руу орж түүгээгүй байж тийм шийтгэл хүлээж байгаад гомдолтой байна. ...” гэв.

Прокурор О.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Ч-, Х.Э-, Б.Э- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн. Дээрх шүүгдэгч нарын хувьд самрыг хууль бусаар худалдан авч тээвэрлэх, мөн хууль бусаар бэлтгэх, цааш борлуулах гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж дээрх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. М.Ч-, Х.Э-, Б.Э- нар хууль бусаар худалдан авсан, тээвэрлэсэн, бэлтгэсэн үйлдлүүд нь шалтгаант холбоотой ижил хор уршигтай байсан тул анхан шатны шүүхээс Байгаль орчинд учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлж тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Дээрх үйл баримтын хувьд зөвшөөрөл олгох хугацаа болоогүй байхад тээвэрлэсэн, худалдан авсан, борлуулсан гэж гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлагыг өөрчлөх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирол үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...Самартай холбоотой хэрэг дээр 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах гэсэн байр суурьтай байдаг. ...Улсын дээд шүүхийн тогтоол дээр самрын үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр гаргах нь зүйтэй гэх нөхцөл байдлыг дурдсан байсан. Хууль бусаар худалдан авч байгаа үйлдэл нь хууль бусаар бэлтгэсэн үйлдэлтэй адилтган авч үзэх нөхцөл байдалтай гэж үзэж байна. Хэдийгээр ойн санд нэвтрээгүй, ойн санд хохирол учруулсан зүйл байхгүй гэх боловч хохирол хор уршгийн хувьд шууд шалтгаант холбоотой гэж үзэхээр байдаг. Самарыг түүх явцад хуш модонд хохирол учруулж байгаа нөхцөл байдлыг ойн санд учруулсан хохирол гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх М.Ч, Х.Э, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч М.Ч-, Х.Э- нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор Завхан аймгийн нутаг дэвсгэрт 260 кг ховор ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хушны үр буюу цайруулсан самрыг шүүгдэгч Б.Э-оос, 197.8 кг-ыг бусдаас, нийт 457.8 кг-ыг худалдан авч, худалдан авсан цайруулсан самраа 2023 оны 10 дугаар сарын 20-оос 23-ны өдрийн хооронд Завхан аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл 00-00УУУ улсын дугаартай “Kia Pregio” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сум, “Улаан чулуу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу зарж борлуулан ашиг олох зорилгоор 260 кг ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хушны үр буюу цайруулсан самрыг түүж бэлтгэн, бусдаас худалдан авч, Увс аймгийн Өвөрхангай сумын нутаг дэвсгэрээс Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн, 2023 оны 9 дүгээр сарын 20-оос 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт хадгалсан, улмаар шүүгдэгч Х.Э-, М.Ч- нарт 1 кг самрыг 8000 төгрөгөөр, нийт 2.080.000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

  • хохирогч Байгаль орчин, уур амьсгалын сангийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-ийн: “...Ойн дагалт баялгийг ашиглах мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 3 жилийн хугацаатайгаар шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдэд олгодог. Гэвч хориглосон бүсээс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хуш модны самар бэлтгэж болохгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ч нийслэлийн ногоон бүст хамаарах газраас бэлтгэхгүй. 2022 оны хувьд нийслэлийн ногоон бүсээс хуш модны самар бэлтгэхийг хориглосон, дээрх дурдсан сайдын тушаалд заасан байгаа. ...Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тиймээс уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ховор ургамлын үр, идээ болж байгаа юм. Хуш модны самрын үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. ...” /1хх 50-53/,
  • гэрч Б.Д-ын: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэг танихгүй дугаар залгаж “Би самар худалдаж аваад хот руу явах гэж байгаа юм, гарал үүсэл авч чадаагүй юм, та надад тодорхойлолт хийгээд өгөөч” гэсэн. ...Тэгээд “Ямар учиртай самар юм бэ” гэж асуухад “Би өөрөө түүгээгүй, тус сумын Зүр баг дээр байхдаа хүмүүсээс самар худалдаж авсан юм аа, ахуйн хэрэгцээнд 500 кг авсан” гэсэн. Би тэгэхээр нь “Манайхаас гарал үүслийн бичиг өгөхгүй, манайд самар ургадаггүй” гэж хэлэхэд “Би Увс явж чадаагүй ээ, танай эндээс худалдаж аваад явж байгаа болохоор та надад худалдаж аваад тээвэрлэж яваа гэсэн тодорхойлолт хийгээд өгөөч” гэсэн. ...” /1хх 75-76/,
  • шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд буюу шүүгдэгч М.Ч-ийн: “...260 кг самрыг манай сумын иргэн Э-оос 150 кг самрыг 8000 төгрөгөөр бодож, мөнгийг нь Э- ахын дансаар шилжүүлсэн. Үлдсэн 110 кг самрыг зээлээр авсан. ...” /1хх 167-171/,
  • шүүгдэгч Х.Э-ийн: “...Манай Тэс сумын иргэн Б.Э-оос үлдсэнийг нь сумын иргэдээс цуглуулж авсан юм. Б.Э-оос нийт 260 кг цайруулсан самар авсан, түүний мөнгийг өөрийнхөө дансанд 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн, харин 110 кг зээлээр авсан. Бусдыг нь хүмүүсээс цуглуулсан. ...” /1хх 172-176/,
  • шүүгдэгч Б.Э-ын: “...2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тэс сумаас Увс аймгийн Өндөрхангай сумын Улаан хад гэх газар хоноод өөрийн хүү Э.Л—ийн хамтаар самар түүсэн. Би очоод нэг хоночхоод өөрийнхөө түүсэн болон худалдаж авсан самраа машиндаа ачаад гэр рүүгээ явсан. Түүсэн самраа гэрийнхээ амбаарт хадгалсан. 2023 оны 10 дугаар сарын дундуур Тэс сумын зарын группт “Самар авна” гэсэн зар байхаар нь утсаар Х.Э-ийн эхнэртэй холбогдсон. Тэднийг “1кг самрыг 8000 төгрөгөөр авна” гэхээр нь “Ирээд ав” гэхэд Х.Э-, М.Ч- тэр хоёр ирж миний самрыг жинлэж үзэхэд 260 кг болсон. 150 кг самрын 1.200.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 110 кг самрын мөнгийг нь хот орж байгаад борлуулаад өгье гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. ...” /1хх 231-234/ гэсэн мэдүүлгүүд,
  • шүүгдэгч М.Ч-, Х.Э- нарын бусдаас худалдан авсан, тээвэрлэсэн, шүүгдэгч Б.Э-ын түүж бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, бусдад худалдсан самар нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон Сибирь нарсны цайруулсан, нойтон самар бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1кг нойтон хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3840 дүгээр дүгнэлт /1хх 99-102/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 5-7/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Ч-, Х.Э-, Б.Э- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч М.Ч-, Х.Э- нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Э-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч М.Ч-, Х.Э-, Б.Э- нарын үйлдсэн гэмт хэргийн талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

  1. Шүүгдэгч Х.Э-, Б.Э- нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуул нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүгдэгч Х.Э-, Б.Э- нараас “...зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолдоо ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэхийг гол үндэслэлээ болгон тодорхойлжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ч-, Х.Э-, Б.Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, М.Ч-, Х.Э- нарт тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч М.Ч-, Х.Э- нарын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Б.Э-ыг Завхан аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон төдийгүй шударга ёсны зарчимд нийцжээ.

Иймд, давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, өөрчлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий шүүгдэгч Х.Э-, Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан давж заалдах гомдлын холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгов.

  1. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ Иргэний хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Э-оос 42.856.700 төгрөгийг, шүүгдэгч М.Ч- Х.Э- нараас тус бүр 91.762.700 төгрөгийг тус тус гаргуулсан байх ба шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуул “...ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлж, шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу...” хэмээн давж заалдах гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдолдоо Улсын Дээд шүүхийн шийдвэрийг үндэслэж, өөрийн тооцооллыг хийжээ.

Давж заалдах шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, Ойн тухай хууль, хуульд нийцүүлэн гаргасан бусад захиргааны хэм хэмжээний актыг судалж, дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийв.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан ба Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.11, 3.1.12 дахь заалтуудад ой, ойн сан, ойн баялаг, ойн дагалт баялаг байдлаар тодорхойлжээ.

Тодруулбал, Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтад “Ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг ойлгохоор заасан байна.

Иймд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтад ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заасны дагуу шүүгдэгч Б.Э- нь 260 кг самрыг түүж бэлтгэн, хадгалсан, худалдсан, шүүгдэгч М.Ч-, Х.Э- нар нь шүүгдэгч Б.Э-оос 260 кг самрыг, бусдаас 197.8 кг самрыг, нийт 457.8 кг самрыг худалдан авч, тээвэрлэсэн нөхцөл байдлыг харгалзан:

шүүгдэгч Б.Э-оос 25.714.000 //260кг х 98.900 төг х 3/:3 = 25.714.000/ төгрөгийг, шүүгдэгч М.Ч-, Х.Э- нараас тус бүр 55.057.630 //260 х 98.900 х 3/:3 + /197.8 х 98.900 х 3/:2 = 55.057.630/ төгрөгийг гаргуулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах зорилгоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл, багаж хэрэгсэл, машин механизмыг хураан авах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд энэ нь заавал хэрэглэх хэм хэмжээ юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ч-, Х.Э- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 00-00УУУ улсын дугаартай “Kia Pregio” загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ойлгомжгүй байдлаар бичсэнийг зөвтгөн залруулж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Э-, Б.Э- нарын гаргасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан давж заалдах гомдлоос “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулсан заалтад өөрчлөлт оруулах” хэсгийг хүлээн авч, “Шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тэнсэх эрүүгийн хариуцлага болгон өөрчилж өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/664 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/664 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-оос 25.714.000 /хорин таван сая долоон зуун арван дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч М.Ч-, Х.Э- тус бүрээс 55.057.630 /тавин таван сая тавин долоон мянга зургаан зуун гуч/ төгрөг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.” гэж,

6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Ч-, Х.Э- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00УУУ улсын дугаартай “Kia Pregiо” загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, улсын орлогод шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э-, Б.Э- нарын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангасугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ