Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч С.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ________ овогт Х-ийн Г-д холбогдох ________________ дугаартай, эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манай дүүгийн төрсөн өдөр байсан болохоор 21-ний өдөр жимс авахаар Барс зах орсон. Тэндээс 5 төрлийн жимс аваад гэртээ аваачиж тавьчихаад 22-ны өдрөө жимсээ уутнаасаа гаргаад ирэхэд нэг төрлийн жимс нь байхгүй байсан. Тэгээд Барс зах ороод жимс авсан лангуун дээрээ очоод нэг жимс нь байхгүй байна гэхэд манай авсан байсан жимсийг гаргаж өгсөн. Тэр худалдагчид би таксигаар ирлээ 4000 төгрөг гарсан та 2000 төгрөгийг нь өгчих гэхэд өгөхгүй гээд хэрүүл болсон. Хохирогч Батгэрэлийн биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд би 600.000 төгрөг өгсөн. Хохирогчоос уучлалт гуйсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Гын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би эгч Түмэннастын хамт Батгэрэлийн лангуун дээрээс 5 төрлийн жимс худалдан авсан бөгөөд тухайн үед Батгэрэлийн охин бололтой эмэгтэй худалдагч хийж байгаад эгч бид 2-ын авсан жимсийг нааш нь өгчих би савлаад өгье гэж хэлсэн. Бид 2 итгээд жимсээ шалгахгүй аваад явснаас болж 3 кг мандарин дутуу аваад явчихсан байхаар нь 22-ны өдөр авах гэж очоод жимсээ авчихаад такси 4.000 төгрөгийг хуваан төл та нараас болж жимсээ орхин явсан тухайгаа хэлснээс болж хэрүүл маргаан гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29, 35-36/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Р.Б-ийн өгсөн:

            “...2018 оны 3 дугаар сарын 22-ны оройн 16-17 цагийн орчим би Барс худалдааны төвийн Жимсний лангуун дээрээ зогсож байгаад түр гарчихаад орж ирсэн чинь лангууны хажуу талд нэг эмэгтэй усан үзэм идээд зогсож байсан. Би юу авах талаар асуухад нөгөө эмэгтэй би танайхаас өчигдөр юм аваад 2 кг мандрин орхиод явсан талаар хэлэхээр нь би өө манай охин надад захиж үлдээсэн гэж хэлээд лангуун доороосоо ууттай мандриныг нь аван жин дээр тавьж өгсөн. Тэгтэл нөгөө эмэгтэй жимсээ миний өрсөн жимсэн дээр тавиад би 4000 төгрөгөөр унаа барьж ирсэн та нарын буруугаас болж жимсээ мартсан унааны мөнгөний тал зардал болох 2000 төгрөгийг өг гэхээр нь би өгөхгүй гэснээс болж хэрүүл маргаан гарсан. Тэгтэл урд байсан банана жимсийг даран няцлахаар нь би хөөсөн чинь би чамаас заавал мөнгө авна гэх мэтээр доромжилж эхэлснээс болж бид 2 зууралдан бие биенийгээ заамдан авсан. Тэгтэл лангуун дээр зогсдог Оюунаа, Оюунгэрэл, Эрдэнэцэцэг, Мөнхбаяр нар салгасан. Би лангууны ард орон суусан чинь нөгөө эмэгтэй ирэнгүүтээ лангуун дээр байсан анар жимсийг авч миний нүүр хэсэг рүү шидсэн. Тэгтэл миний хамарнаас цус гарсан чинь хажуу лангууны Оюунаа цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Э-ийн өгсөн:

  “...Би 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16-17 цагийн орчим намхан бор 40-45 орчим насны эмэгтэй орж ирсэн Батгэрэл эгчийг энэ өөдөөс харсан лангууны хүн хаачсан юм бэ гэж асуухаар нь би 00 явсан гэж хэлсэн. Би худалдаа хийж байгаад нэг харсан чинь Батгэрэл эгчтэй нөгөө жижиг биетэй эмэгтэй лангууны ард нь орчихсон чи миний жимсийг мартуулсан биздээ чи таксины мөнгө 2000 төгрөг өг цүнхээ аваад ир гэж хэлэн баруун гартаа тортой мандрин барьчихсан зогсож байсан. Батгэрэл эгч өөдөөс нь би яахаараа чамд мөнгө өгдөг юм бэ гээд хэрэлдээд байсан. Тэгтэл нөгөө эмэгтэй Батгэрэл эгчийн гарын бугалга хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон бөгөөд үүнээс болон бие биенийгээ заамдан авсан. ...Галбадрах эмэгтэй өрсөн байсан жимсийг нь аваад чулуудаад байсан. Батгэрэл тайвширан лангууныхаа ард суусан чинь нөгөө эмэгтэй урд нь байсан анар жимсийг аваад Батгэрэлийн нүүр хэсэг рүү шидсэн. Тэгтэл Батгэрэлийн хамраас нь цус гарчихсан лангуун дээр нь шидсэн анар жимс нь 2, 3 хуваагдчихсан байсан бөгөөд хамт наймаа хийдэг Оюунаа гэх эмэгтэй цагдаагийн байгууллага дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 4001 тоот: 

     1. Р.Б-ийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

     2.3.4.7 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

     5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19/,

 

Шүүгдэгч Х.Г-ын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 48/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/,

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-н 46/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Х.Г-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Х.Гад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Р.Б-ийн “...2018 оны 3 дугаар сарын 22-ны оройн 16-17 цагийн орчим би Барс худалдааны төвийн Жимсний лангуун дээрээ зогсож байгаад түр гарчихаад орж ирсэн чинь лангууны хажуу талд нэг эмэгтэй усан үзэм идээд зогсож байсан. Би юу авах талаар асуухад нөгөө эмэгтэй би танайхаас өчигдөр юм аваад 2 кг мандрин орхиод явсан талаар хэлэхээр нь би өө манай охин надад захиж үлдээсэн гэж хэлээд лангуун доороосоо ууттай мандриныг нь аван жин дээр тавьж өгсөн. ... Тэгтэл урд байсан банана жимсийг даран няцлахаар нь би хөөсөн чинь би чамаас заавал мөнгө авна гэх мэтээр доромжилж эхэлснээс болж бид 2 зууралдан бие биенийгээ заамдан авсан. ... Би лангууны ард орон суусан чинь нөгөө эмэгтэй ирэнгүүтээ лангуун дээр байсан анар жимсийг авч миний нүүр хэсэг рүү шидсэн. Тэгтэл миний хамарнаас цус гарсан чинь хажуу лангууны Оюунаа цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ө.Э-ийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16-17 цагийн орчим ... Тэгтэл нөгөө эмэгтэй Батгэрэл эгчийн гарын бугалга хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон бөгөөд үүнээс болон бие биенийгээ заамдан авсан. ...Галбадрах эмэгтэй өрсөн байсан жимсийг нь аваад чулуудаад байсан. Батгэрэл тайвширан лангууныхаа ард суусан чинь нөгөө эмэгтэй урд нь байсан анар жимсийг аваад Батгэрэлийн нүүр хэсэг рүү шидсэн. Тэгтэл Батгэрэлийн хамраас нь цус гарчихсан лангуун дээр нь шидсэн анар жимс нь 2, 3 хуваагдчихсан байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 4001 тоот дүгнэлт, шүүгдэгч Х.Гын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Р.Б нь “...Галбадрах бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг хүлээн авсан тул хөнгөн ял шийтгэж өгнө үү...” /хх-н 53/ гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Х.Г нь бусдад төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Х.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын саналыг харгалзан 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч нь хөдөлмөр эрхэлдэг тул торгуулийн ялыг 2 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____ овогт Х-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г-ад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Гын торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Г-ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ