Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас ________ овогт Д--н П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _   

 

Шүүгдэгч Д.П нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтэл Согог судлалын үндэсний төв эмнэлгийн хойд замд “Нэткапитал Лизинг” ХХК-ний эзэмшлийн Тоёота Приус маркийн 35-98 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсний улмаас явган зорчигч Г.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтуу хоёр хүн аваад явж байхдаа хурдан явж байхад нэг автобусыг замын 1 дүгээр эгнээнд тавьсан байсан. Хяруу унаад зам гулгаатай болсон байсан. Гэнэт хүн машины урдуур гүйгээд гараад ирсэн. Би тоормос гишгэсэн боловч зогсолгүйгээр очоод мөргөсөн. Мөргөөд замын тэмдэглэгээний шугам дайраад зогссон. Хохирогчийг мөргөсний дараа гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би жолооч болоод 6 жил болж байна. Явган зорчигчид зам тавьж өгөх заалтыг мэднэ. Хохирогчид 2 хөлний хагалгаанд орсон зардлыг төлсөн. Цаашид гарах зардлыг төлнө. Би маш их гэмшиж байна...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.О мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 24-ны өглөө 9 цаг 45 минутад явган хүний гарцаар явж байхад машин хурдтай орж ирээд мөргөсөн. Мөргүүлээд 2 өнхөрч унасанаа мэдэж байна. Нэг сэргэхэд намайг хүн өргөөд эмнэлэг авч явж байсан. 2017 оны 12 дугаар сарын 28-нд хүнд мэс засалд орсон, 2018 оны 1 дүгээр сарын 5-нд дүүргийн эмнэлэгт боолт хийлгэсэн. Баруун хөлөндөө дахиж хагалгаа хийлгэсэн. 2 сар гипстэй байлгаж байгаад хагалгаанд орох үгүйг эмч нар шийдэхээр болсон. Эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгч Д.Паас 200.000 төгрөг, 780.000 төгрөг, 2.250.000 төгрөг тус тус авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа авах хүсэлтэй байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.П-ы өгсөн:

            “...Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09:40 цагийн орчим 3, 4-р хорооллын эцсээс 2 согтуу хүн суугаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр Нэт капитал ББСБ-н зээлийн нэр дээр байдаг 35-98 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан. Тэгээд урд талд автобус аваараа татаад зогсож байхаар нь хажуугаар нь дараад хааз гишгээд явж байтал нэг хүн гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй автобусны цаагуур гүйж гарч явахаар тоормос гишгээд гулгаад жолоогоо баруун гар тийш дарсан боловч машины урд гуперын гол хэсгээр нөгөө эмэгтэй хүний баруун өвдөг хэсэг рүү мөргөхөд нөгөө хүн урд салхины шил мөргөөд хэсэг тогтоод замын хажуугийн шон мөргөөд зогсоход цааш шидэгдэж унасан. Тэгээд л би машинаасаа буугаад нөгөө хүнээ машиндаа хийгээд гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Тэгээд гэмтэл дээр очоод 102 дугаар руу залгаж цагдаа дуудан эргэж очоод үзлэг хийлгэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-н 94-95/,  

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.О-ын өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09:45 цагт гэрээсээ буюу Гэмтлийн эмнэлгийн баруун талын байрнаас гарч зам хөндлөн гарахаар явган хүний гарцаар баруунаас зүүн тийш эхний урсгалаар, явган хүний гарцаар 4 дэх зураас өнгөрөөд явж байтал хойноос урагш чиглэлтэй явж байсан саарал өнгийн суудлын автомашин хурдтай орж ирээд миний баруун талын ташаа руу урд хамар хэсгээрээ мөргөөд хэсэг яваад зогссон. Зогсоход нь би газар унаад газарт 2-3 удаа эргэлдээд ухаан алдсан. Нэг сэрэхэд хажууд нэг хүн цагдаа дуудаач гэж орилж байсан. Мөргүүлснээс болж миний баруун зүүн хөлний өвдөгний яс хугарч бяцарсан. Баруун дунд чөмөг хугарсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

            Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч А.Бгийн өгсөн:

            “...Би 2017 оны 12 дугаар сард Япон улсаас оруулж ирсэн автомашиныг Да хүрээ зах дээрээс худалдаж авсан, авахдаа бэлнээр 3.000.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь машинаа Нэт капитал ББСБ-гаас зээл авч авсан. Уг гэрээг би хийсэн, машин бол минийх юм, уг автомашиныг манай хүү унадаг, түүний нэр дээр жолоочийн хариуцлагын даатгал байгаа. Тухайн осол болох үед би байгаагүй. Миний машин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Би ослоос учирсан автомашины эвдрэл гэмтлийг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй, жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалтай, эвдрэлийн үнэлгээг хийлгэхгүй.

            Миний хүү 3-5 насны нялх хүүхэдтэй хүнтэй ханилж суусан сайхан сэтгэлтэй хүү юм, амьдралын төлөө гэр бүлийнхээ төлөө амьдарч байгаа залуу юм...ар гэрийн зүгээс уг хэрэгт анхаарч байгаа, бодит хохирлоо төлөөд явж байгаа, цаашид гарах зардлыг төлнө...” гэх мэдүүлэг /хх-н 56/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 669 дугаартай:

1. Оын биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, баруун гуяны ил шарх, зүүн шилбэ ясны далд хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зулайн хуйх, баруун, зүүн тохой, баруун, зүүн шилбэ, гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт, язарсан шарх, хэвлийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 60/,

 

Техникийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаар:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос хэвийн ажиллагаатай. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Урд болон хойд дугуйнуудын хээний гүн, нэг тэнхлэг дээрхи дугуйнуудын марк, хэмжээс, хээ стандартын шаардлага хангаж байна. Автомашины ерөнхий байдлын хувьд урд буфер зүүн гар талын хэсэг нь хагарч унасан, баруун гар талын сэнж түгжээ нь мултарсан, копуд урд хэсэгтээ хунирсан, баруун гар талын дээд хэсэгтээ хонхойсон, урд талын нүүр сетк хагарсан, лонжром зүүн гар талын үзүүр хэсгээрээ тахийсан, зүүн гар талын их гэрэл асахгүй, зүүн гар талын улсын дугаарын гэрэл асахгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд буфер зүүн гар талын хэсэг нь хагарч унасан, баруун гар талын сэнж түгжээ нь мултарсан, копуд урд хэсэгтээ хунирсан, баруун гар талын дээд хэсэгтээ хонхойсон, урд талын нүүр сетк хагарсан, лонжром зүүн гар талын үзүүр хэсгээрээ тахийсан, зүүн гар талын их гэрэл асахгүй, зүүн гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, иж бүрдэл байхгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Урд буфер зүүн гар талын хэсэг нь хагарч унасан, баруун гар талын сэнж түгжээ нь мултарсан, копуд урд хэсэгтээ хунирсан, баруун гар талын дээд хэсэгтээ хонхойсон, урд талын нүүр сетк хагарсан, лонжром зүүн гар талын үзүүр хэсгээрээ тахийсан зэрэг эвдрэл, гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байна. Зүүн гар талын их гэрэл асахгүй байгаа нь ослын үед доргилтоос үүссэн байх боломжтой. Харин зүүн гар талын улсын дугаарын гэрэл асахгүй, иж бүрдэл байхгүй байгаа нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй.

4. Зүүн гар талын их гэрэл асахгүй байгаа нь ослын өмнө болон хойно үүссэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй. Тухайн зам тээврийн осол өглөө 9 цаг 45 минутанд болсон бөгөөд зүүн гар талын их гэрэл асахгүй байгаа нь тухайн осолд нөлөөлөхгүй. Зүүн гар талын улсын дугаарын гэрэл асахгүй байгаа нь ашиглалтын явцад үүссэн ба тухайн осолд нөлөөлөхгүй.

5. Уг автомашин нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд уг тээврийн хэрэгслийн тоормос бүрэн ажиллагаатай байсан.

6. Тоормосны систем шингэн дамжуулгатай, ABS системтэй үед автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ гэх дүгнэлт /хх-н 65-68х/,

 

            - Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 7-8х, 21-22х/,

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-11х, 20х/,

            - Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 13х/,

            - Хохирогч Г.Оаас гаргасан хохирлын баримтууд /хх-н 32-47х/,

            - Хохирол нөхөн төлсөн баримтууд /хх-н 119-123х/,

            - Хохирогч Г.Оын өвчний түүх /хх-н 131-142х/,

 

шүүгдэгч Д.П-ы хувийн байдалтай холбоотой:

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 100х, 108х/,

- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 101х/,

- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 104х/, 

- Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-н 105х/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 98х/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 107х/,

- Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 109х/,

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 111х/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Д.П нь 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 45 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Гэмтэл Согог судлалын үндэсний төв эмнэлгийн хойд замд Тоёота Приус маркийн 35-98 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсний улмаас явган зорчигч Г.Оыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.О-ын “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09:45 цагт гэрээсээ буюу Гэмтлийн эмнэлгийн баруун талын байрнаас гарч зам хөндлөн гарахаар явган хүний гарцаар баруунаас зүүн тийш эхний урсгалаар, явган хүний гарцаар 4 дэх зураас өнгөрөөд явж байтал хойноос урагш чиглэлтэй явж байсан саарал өнгийн суудлын автомашин хурдтай орж ирээд миний баруун талын ташаа руу урд хамар хэсгээрээ мөргөөд хэсэг яваад зогссон. ...Мөргүүлснээс болж миний баруун зүүн хөлний өвдөг яс хугарч бяцарсан. Баруун дунд чөмөг хугарсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 669 дугаартай дүгнэлт, Техникийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаартай дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.Оын өвчний түүх, шүүгдэгч Д.Пы мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Тээврийн прокурорын газраас Д.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Пыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.О нь “...одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Д.П нь хохирогч Г.От 3,748,100 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Г.Оыг шүүгдэгч Д.Пы үйлдлийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Д.Пы хувийн байдал зэргийг харгалзан түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10,  37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт Д-н П-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.П-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.П нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Хохиргоч Г.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Д.П-ы __ дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ