Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 205/МА2020/00019

 

Р.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Намхайдорж

Шүүгчид: Ж.Баттогтох, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Р.*******

Хариуцагч: Ж.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.*******аа

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов. 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 174 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Р.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Сартуул овогт *******ийн ******* нь Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багт амьдардаг. Тус багийн Мухар нэртэй өвөлжөөг Засаг даргын 2007 оны 01 сарын 18-ны өдрийн 01 тоот шийдвэрийг үндэслэн *******ын ******* өөрийн хүү *******ийн *******д эзэмшүүлэхээр шийдвэрлүүлсэн юм. Миний нөхөр болох *******ийн ******* нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан. Үүний дараагаар Б.*******гийн нагац ах Ж.******* нь тус өвөлжөөнд амьдарч байгаад 2019 оны 8 дугаар сард тус сумын Зайгал багийн иргэн т өвөлжөөний газрыг зарсан байна. Зарахдаа уг өвөлжөөний жинхэнэ эзэмшигч болох Б.*******тэй хамтран эзэмших эрхтэй Р.******* миний биед мэдэгдээгүй учраас бидний дунд маргаан үүссэн юм. 2019 оны 10 дугаар сарын 21-нд сумын засаг дарга С.эд маргаанаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргахад 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 01/144 дугаартай албан бичгээр хариу ирүүлснийг Ж.*******т хүргүүлсэн боловч маргаантай байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд нэгдүгээрт: Б.*******, Р.******* нарын жинхэнэ өвөлжөө мөн болохыг, Хоёрдугаарт: Хачиг багийн Мухар нэртэй өвөлжөө *******ын *******т хамааралгүй болохыг, Гуравдугаарт: Одоо худалдан авсан нэртэй ыг уг өвөлжөөнөөс чөлөөлж өгөхийг хүсч байгаа тул хүсэлтийг шийдвэрлүүлж өгнө үү... гэжээ.  

Хариуцагч Ж.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...Сартуул овогт *******ын ******* би 1979 онд 8 дугаар анги төгсөөд 2 жил мал маллаж байгаад 1981 онд цэрэгт яваад 1984 онд ирээд энэ өвөлжөө, намаржаандаа 2020 оны өдийг хүртэл өвөлжиж, намаржиж байна. 1993 онд хувьчилж аваад гэрчилгээ авсан. Миний энэ өвөлжөө, намаржаа хоёр нь нэг гэрчилгээтэй байсан. Тэр үед сумын засаг дарга байсан Загдсүрэн гэдэг хүн гэрчилгээ солигдох гэж байгаа гэхээр нь гэрчилгээгээ солиулахаар мөнгийг нь өгсөн. Яг хэдийг авсныг санахгүй байна. Тэрнээс хойш миний өвөлжөө гэрчилгээгүй хичнээн жил болж байгааг би мэдэхгүй байна. Жил болгон зохих газар нь хэлдэг боловч олдохгүй байна. Тэгсэн чинь миний өвөлжөөг манай бэр болох хүн булаах гээд байна. 2012 оны нэг гэрчилгээ гарч ирээд банкны өр нэхэгдээд, энэ гэрчилгээгээр надад зээл олгохгүй байна гээд байхаар нь би 1,500,000 төгрөг өгөөд энэ гэрчилгээгээр зээл өгөх байх гэсэн. Би энэ намаржаа өвөлжөөнд 40-өөд жил өвөлжсөн. Би хар багаасаа өнчин өрөөсөн өссөн, одоо би 4 хүүхэдтэй. Ам бүл 15 болж байгаа, хэдэн өнчин дүүгээ тусад нь гаргасан. Энэ хүн уг өвөлжөөг бараг хаана байдагыг ч мэдэхгүй. Тиймээс би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.  

Нэхэмжлэгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нэхэмжлэлийн шаардлагын Нэгдүгээрт: *******ийн *******, Р.******* нарын жинхэнэ өвөлжөө мөн болохыг, Хоёрдугаарт: Хачиг багийн Мухар нэртэй өвөлжөө *******ын *******т хамааралгүй болохыг тогтоолгохыг хүссэн хэсгээс татгалзаж байна. Мухар нэртэй өвөлжөө хадам ээжээс ирсэн. Манай нөхөр нас барсаны дараа хадам ах надад мэдэгдэхгүй миний зөвшөрөлгүйгээр өвөлжөөг зарсан байсан. Тэгээд шүүхэд хандсан. Манай хадам ээж 2004 он хүртэл цуг өвөлжиж байсан Одоо өвөлжөөнд цуг өвөлжье гэхээр хадам ах ******* загинаж зандардаг. Б.*******өд эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хууль бус гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Нилээн олон хүний нэр захирамж гарсан байгаа. Олгосон болоод би захирамжийг авсан. Багийн хурал 2007 онд хийж байгаагүй, хүсэлтээр засаг даргын захирамж гаргадаг байсан. 1984-2003 оноос хойш өвөлжиж байгаад нөхөр бие муутай байсан учраас сумын төв рүү нүүсэн. Иймээс өөрийн эзэмшилийн өвөлжөөгөө чөлөөлүүлж авхыг хүсэж байна. .. гэжээ.  

Хариуцагч Ж.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Мухар нэртэй өвөлжөө нь 1984 оноос хойш миний нэрээр байгаа өвөлжөө болон намаржаа юм. Намаржааны газрыг гэрчилгээ олгохгүй гээд надад олгоогүй. Тэгээд байж байтал ******* гэрчилгээ олж аваад энэ маргаан үүссэн. 1968-1984 оныг хүртэл манай хадам ах өвөлжөөнд байсан. Би 1984 оноос өдийг хүртэл байсан. ******* гэдэг хүн нэг удаа ч өвөлжөөнд өвөлжөөгүй. *******гийн хадам ээж миний төрсөн эгч, оюуны хомсдолтой хүн байдаг. Миний эзэмшлийн газар гэж бодож байтал энэ хүнд гэрчилгээг олгосон байсан. Багийн засаг даргын тодорхойлолт, захирамжийг хууль бус гэж ойлгож байгаа. Надад гэрчилгээ олгохгүй байж энэ хүнд гэрчилгээ олгосныг гайхаад байна. Манай эгчид гэрчилгээ байхгүй байсан. Гэрчилгээ олгодог байсан бол надад олгох байсан. Надаас өөр өвөлжөөнд өвөлжсөн хүн байхгүй. 2004 онд өвөлжөө хувьчлагдсан санагдаж байна. Багийн засаг даргын захирамжийг хууль бус гэж үзэж байна. Надад гэрчилгээ байхгүй. Тэр үед ягаан тасалбараар өвөлжөөг хувьчилж байсан. Ягаан тасалбараар өвөлжөөг өгч байсан боловч гэрчилгээ олгож байгаагүй. Гэрчилгээгүй ч энэ өвөлжөө минийх. Гэрчилгээг олгохдоо багийн нийтийн хурлаар хэлэлцдэг. Багийн нийтийн хурлыг хийгээгүй санагдаж байна. Манай хадам ах 1984 оноос Мухартын өвөлжөөнд өвөлжиж байсан. Өвөлжөөг авах үед Зайгал бригад гэж байсан. 1986 оноос хойш Хачиг багийн харъяанд орсон. Гэрчилгээний бичиг баримт авах гэж газрын албаны даргад хүсэлтээ өгч байсан. Яагаад гэрчилгээ олгохгүй байгааг асуухад өвөлжөөний кадастрын зураг авч байж гэрчилгээ ирнэ гэж хэлсэн. Одоо миний 3 хүүхэд мал маллаад миний өвөлжөөн дээр өвөлжөөд байж байгаа. Уг өвөлжөөг т би зарсан байсан боловч одоо Р.******* маргаан үүсгээд байгаа учраас зарахаа больсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******аа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний үйлчлүүлэгч Р.******* засаг даргын захирамжаар эзэмшсэн газраа эзэмшиж ашиглах гэхээр түүний хадам ах Ж.******* өвөлжөөний газрыг бусдад зарсан байгаа. Үүнтэй холбоотойгоор Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан. Мөн газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ. Маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байдаг. Эрх зүйн зохицуулалтын хувьд ийм байгаа. Маргааны хувьд хадам ах Ж.******* нь Р.*******гийн малыг байлгахгүй, сумын засаг даргын тавьсан шаардлагыг зөвшөөрдөггүй, хэл амаар доромжилдог, элдэв үгээр хэлсэн байдаг. Баянтэс сумын Хачиг багийн Мухарын өвөлжөө нэхэмжлэгч Р.*******гийн эзэмшлийн хууль ёсны өвөлжөө юм. Иймээс уг өвөлжөөг чөлөөлж өгөх нь зүйтэй юм. Мөн ******* гэдэг хүн Баянтэс суманд амьд сэрүүн амьдарч байгаа. Уг өвөлжөөг хүүдээ өвлүүлж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Газрын тухай хуульд заасан шийдвэрийг сумын засаг дарга гаргасан. Энэ газрыг өвөлжөөний журмаар олгосон учраас Ж.*******т шаардлага хүргүүлэхэд эсэргүүцсэн. Р.******* гэдэг хүн өвөлжөөний газрыг авахаар төрийн байгууллагад хандсан. Тухайн үеийн засаг дарга шийдвэрээ гаргасан. Иймд *******ын эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх хүсэлтэй байна, газрыг чөлөөлж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.*******а нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт: ******* гэдэг хүнээс өвлөж авсан гэдэг асуудал яригдаж байгаа. Өвлөх эрхийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлээс эхлээд заасан байдаг. Ямар тохиолдолд өвлөх эрх үүсэх вэ гэхээр тухайн эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж өмчилж байсан хүн нас барсан тохиолдолд өвлөх эрхийн асуудал үүснэ. Тэгэхээр ******* гэдэг хүн өнөөдөр амьд сэрүүн байгаа. ******* гэдэг хүнд өвлөх эрхийн асуудал үүсээгүй байна. Харин өөрийн ашиглалтанд байгаа газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх ажиллагаа явагдана. ******* гэдэг хүн гэрчилгээтэй. Энэ гэрчилгээг *******д шилжүүлнэ гэдэг ойлголт юм. Тэгэхээр ******* гэдэг хүнд ямар нэгэн хавтаст хэрэгт авагдсан баримтаар газар эзэмшиж байсан гэрчилгээ байхгүй, засаг даргын захирамж байхгүй байна.

Хоёрдугаарт: Р.******* гэдэг хүн ******* гэдэг хүнтэй хамтран эзэмшигч биш Р.******* гэдэг хүн хуульд заасан нэхэмжлэгч биш. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-т зааснаар Бэлчээртэй холбоотой газрыг иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслээд засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэнэ. 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл хот айлаараа эзэмшинэ. Түүнээс биш Р.*******, ******* гэдэг хүмүүс дундаа эзэмших ойлголт биш. Мөн засаг даргын захирамж гараагүй байхад хамтран эзэмшигч гэдэг зүйл байхгүй гэдгийг гэрч мэдүүлсэн. Газрын даамал нь Газрын тухай хуулийн 23.4 дэх хэсэгт зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үүрэгтэй. Газрын даамал хамтран эзэмшигчийг тогтоохгүй, Р.******* хамтран эзэмшигч юм гэдгийг засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэх ёстой. Үүний дараа гэрчилгээн дээр бичигдэх ёстой. Р.******* гэдэг хүн энэ нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд бөгөөд уг газрын эзэмшигч гэдэг нь тогтоогдохгүй байна. Гуравдугаарт Ж.******* гэдэг хүн газрын эзэмших талаар хүсэлтээ өгсөн боловч энэ газар намаржааны газар учраас эзэмшүүлээгүй байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Р.******* гэдэг хүн Баянтэс сумын Хачиг багийн Мухар гэдэг өвөлжөөний газрыг хамтран эзэмшигч гэдгээ нотолж чадахгүй байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна ... гэжээ.

 Анхан шатны шүүх:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт ийн *******гийн нэхэмжлэлтэй Сартуул овогт *******ын *******т холбогдох өвөлжөөний газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутагт байх Мухар өвөлжөөний газрыг хариуцагч Ж.*******ын хууль бус эзэмшилээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.000 төгрөгнөөс 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 3600 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, мөн хариуцагч Ж.*******аас 140.400 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Р.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийг 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.*******а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Г.*******а (ШТ үнэмлэх № 2747) би иргэн Ж.*******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болно.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дань сум дундын шүүх нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 174 дугаар шийдвэрээр Р.Отгончимэгийн нэхэмжлэлтэй Ж.*******т холбогдох Өвөлжөөний газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь дээрх хэргийг хянан шийдвэрлэхтэй Иргэний хууль болон Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий өвөлжөөг манай нөхөр Б.******* нь өөрийн ээж Ж.*******өөс өвлөж авсан нөхөр нас барсан учир би хууль ёсны өв залгамжлагч учир өвөлжөөг чөлөөлүүлэх эрхтэй гэж тайлбарлаж байгаа

Мөн шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэрийн 7 дугаар талд:

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэг ...Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө..., 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт ...өвлүүлэгч нас барсан өдрөөс..., өв нээгдэнэ..., 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт ...Нас барагчийн эрхнэр нөхөр.....өвлөх эрхтэй гэж хуульчилсан.

Иргэний хуульд зааснаар Өвлүүлэгчийн эрх нь өвлүүлэгч нас барсан өдрөөс эхлэн өв нээгдэж, өвлөгдөх бөгөөд нас барагчийн нөхөр, эхнэр нь байгаа бол өвлөх эрхтэй. Б.*******гийн газар эзэмшиж байсан эрхийг өвлөх эрхийг эхний ээлжийн хүн нь Р.******* мөн бөгөөд тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн газар эзэмших ашиглах эрхийг ч өвлөх эрхтэй гэж шүүх үзлээ гэж хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Р.*******гийн тухайд хуульд заасан хууль ёсны өвлөгч, өв хүлээн авах эхний хүн гэдэгт маргах зүйлгүй байна.

Харин тухайн газар эзэмших эрхийн өвийг хуульд заасаны дагуу хүлээн аваагүй бөгөөд шүүх үүнд дүгнэлт хийхдээ хэрэглэх ёстой хуулийн заалтыг анхаарч үзээгүй байна.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын засаг даргад гаргана, 531.2 дахь хэсэгт Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж хуульчилсан байна.

Үүнээс үзэхэд Хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээг авах хуулийн шаардлага байна. Өвлөгч нь тухайн Өвлөх эрхийн гэрчилгээг авч эд хөрөнгө, эрх-ийг шилжүүлэх эрх бүх албан тушаалтанд холбогдох материалын хамт гарган өгч өөрийн нэр дээр шилжүүлэх хууль зүйн боломж үүсэх юм.

Гэтэл нэхэмжлэгч Р.******* нь дээрх Өвлөх эрхийн гэрчилгээг аваагүй /энэ талаар шүүх хуралдааны явцад тодруулахад аваагүй гэсэн/ бөгөөд түүнд Б.*******гийн газар эзэмших эрх шилжсэн талаар баримт байхгү байхад шүүх хуульд нийцээгүй дүгнэлт хийж өвлөж авсан байна гсэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн Р.******* нь тухайн өвөлжөөний хамтран эзэмшигч болох нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Мухарт гэх өвөлжөөг Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот захирамжаар Б.*******д эзэмшүүлсэн бөгөөд энэ захирмжид хамтран эзэмшигчийн талаар дурьдаагүй, мөн 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08110-2020/000014 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээг Б.*******тэй байгуулласан байх бөгөөд хамтран эзэмшилийн талаар дурдаагүй байна.

Гэтэл 0281604 дугаартай гэрчилгээнд тус сумын Газрын даамал нь хамтран эзэмшигч гэдэг дээр эхнэр Р.******* гэж бичсэн нь хууль зөрчсөн үйлдэл байтал шүүх түүнийг хуульд нийцсэн мэтээр үнэлсэн байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар ...сумын хэмжээнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх...асуудлыг шийдвэрлэнэ... гэж Сумын засаг даргын бүрэн эрхийг хуульчилж өгсөн байна.

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2 дахь хэсэгт Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн,... эзэмшүүлэх ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно гэж Сумын газрын даамалын эрх хэмжээг хуульчилсэн байна.

Үүнээс үзэхэд сумын засаг дарга нь Өвөлжөөг эзэмшүүлэх мөн хамтран эзэмшигчийг захирамжаар зааж өгөх бөгөөд энэ захирмжид заасан иргэний нэрсийг тухайн гэрчилгээнд бичих эрх нь газрын даамалд байна.

Гэтэл Б.*******д газар эзэмшүүлсэн захирмж, гэрээнд хамтран эзэмшигчийн талаар дурдаагүй байхад газрын даамал нь хууль зөрчин хамтран эзэмшигчээр Р.*******г гэрчилгээнд бичсэнг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэдбэл Р.******* нь тухайн өвөлжөөний газрын хамтран эзэмшигч нь биш байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дугаар зүйлд зааснаар Өвөлжөө, хаваржааны доорж газрыг хот айл дундаа хамтран эзэмшиж болон гэж заасан бөгөөд хуулиар хот айлууд л хамтран эзэмшихийг зохицуулж өгсөн бөгөөд гэр бүлийн гишүүд хамтран эзэмших ойлголт байхгүй байна.

Мөн Шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд Завхан аймгийн Баянтэс сумын засаг даргын тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 3/103 дугаартай ...Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутагь байх Мухар нэртэй өвөлжөөний газрыг Б.*******, Р.******* нарт 2007.01.18-ны өдөр Б.*******гийн ээж болох Ж.*******өөс шилжүүлэн өгсөн, тухайн үед багийн ИНХ-аар шийдвэрлэхгүй, сумын Засаг даргын захирмаар шийдвэрлэдэг нь үнэн болно... гэсэн тодорхойлолтыг үнэн зөв нотолгооны ач холбогдолтой баримт гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх-ийг хуульчилж өгсөн байна.

Хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хүн тэр эрхийг шилжүүлж болохоор заасан байна. Гэтэл Ж.******* нь тус өвөлжөөг эзэмших ямар нэгэн эрхийн баримт байхгүй болно.

Мөн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт ...Өвөлжөө хаваржааны газрыг эзэмшүүлэхдээ багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн Засаг дарга захирмж гаргах...агуулгыг тусгасан байна. Гэтэл тус албан бичиг болон шүүхийн дүгнэж байгаагаар 2007 онд зөвхөн засаг дарга шийддэг байсан гэж үзсэн байна.

Гэтэл газрын тухай хууль нь 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

Монгол улсын хууль мөрдөгдөж эхэлсэн өдрөөсөө эхлэн Монгол улсын газар нутагт адил мөрдөгдөж төрийн албан хаагчид болон, иргэд биелүүлэх үүрэгтэй байдаг атал 2007 онд Засаг дарга шийдвэрлэнэ гэж байгаа нь хууль зөрчсөн байна.

Мөн шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт тус шүүх хурал оролцсон оролцогч гэрчийн нэрийг бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсгийг зөрчсөн,

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт гэрч Р.Сэтээрбат гэж бичсэн байх бөгөөд тус шүүх хуралд ийм нэртэй гэрч оролцоогүй Р. гэх хүн оролцсон бөгөөд дээрх алдаа гарсан байна.

Иймд анхан шатны шүүх нь туайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой байсан хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 5-р сарын 01-ний өдрийн 174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******аа хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо танилцаад хариу тайлбар гаргахдаа:

Нэхэмжлэгч Р.*******гийн /өвөлжөөний газар чөлөөлүүлэх/ тухай нэхэмжлэлийг 2020.05.01-ний өдрийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 174 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол/хүсэлт/ гаргасантай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Р.******* нь өөрийн эзэмшлийн Баянтэс сумын Хачиг багийн нутаг Мухар нэртэй өвөлжөөний газрыг нь түүний хадам ах болох Ж.*******тай уг өвөлжөөг эзэмших, ашиглах талаар үүссэн маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй сумын засаг даргад гаргаж, Завхан аймгийн Баянтэс сумын Засаг даргаас 2020.01.16-ны өдрийн 1/18 дугаартай ...Ж.*******т уг өвөлжөөг өвөлжөөний эзэн болох Р.*******д чөлөөлж өгөх албан шаардлага хүргүүлсэн боловч уг шаардлагыг эсэргүүцсэн тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт ...газар эзэмших ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж , байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны засаг дарга шийдвэрлэнэ....60.2-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааны тэдгээрийн дээд шатны албан тушаалтан , байгууллага, эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ... Тус шүүх нь Р.*******г эзэмшигчээр тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг зөв хэрэглэн, тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдаанд оролцсон гэрч бат гэж бичилтийн алдаа гаргасан байх тул залруулан гэрч болгон шийдвэрлэх боломжтой.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.*******тай гэх хүнтэй гэрээ байгуулсан нэхэмжлэгч Р.Отгончимэг гэсэн байгаа, гомдлын төгсгөлд хүсэлт гаргасан гэж гарын үсэг зурсан зэрэг нь ойлгомжгүй бөгөөд гомдол гаргасан гэж үзэх үндэслэл муутай байгаа тул хэрэгсэхгүй болгох саналтай байна.

 

Нэхэмжлэгч Р.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай хадам ээжийнх хариуцагч Ж.*******ынхтай хамт өвөлждөг байсан. 2007 оноос хойш салж тус тусдаа буудаг болсон. Ж.******* нь 1992 оноос 1995 он хүртэл Эрдэнэт хот амьдарч байгаад ирсэн. Тэр хооронд манай хадам аав ээж уг өвөлжөөн дээр өвөлжиж байсан. 2010 онд хадам ээж маань хүүхдэдээ уг өвөлжөөний гэрчилгээг шилжүүлж өгсөн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн Баянтэс сумын Хавчиг багийн нутаг Мухарт гэх газар Ж.******* нь ямар нэгэн эзэмших эрхгүй байж уг өвөлжөөг эзэмшиж, ашиглаж, бусдад зарахыг завдсан. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 01/44 дугаартай албан бичгийг Ж.*******т хүргүүлэхэд Ж.******* нь эс зөвшөөрч маргалдсан учир шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. Сум дундын шүүх Р.*******гийн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 174 дугаартай шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нотлох баримт болон бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэсэн байгаа. Маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл, мөн хуулийн 60.1.2-т зааснаар уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн зохицуулалттай. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ******* нь уг өвөлжөөг хууль ёсны эзэмшигч байсан бөгөөд түүнийг нас барсны дараа түүний эхнэр Р.******* нь хууль ёсны өвлөгч юм. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд өвлөх эрхийн гэрчилгээг авч чадаагүй байж байгаад өвлөх эрхийн гэрчилгээг авсан байгаа. Уг гэрчилгээг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр авсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

 

Хариуцагч Ж.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Би 1984 оноос хойш уг өвөлжөөн дээр амьдарч байгаа. Бүх нийтийн хурал болсон юм тэр үед намаржааны газрыг нийтийн өмчийн газар учир хувьчлахгүй гэж хэлж байсан юм. Тэгээд нэг өдөр үед засаг дарга өвөлжөөний бичиг баримтыг шинэчилж гаргах гэж байна гэж миний гэрчилгээг авч яваад одоо болтол байхгүй. Р.******* нь уг өвөлжөөн дээр 1 ч удаа бууж үзээгүй. Надад тухайн үед газрын гэрчилгээ өгөхгүй гэж байсан хэрнээ Р.*******д газрын гэрчилгээ гаргаж өгсөн нь асуудалтай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Ж.*******т холбогдуулан Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутагт байрлах Мухар нэртэй өвөлжөөний газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч Ж.******* эс зөвшөөрч маргажээ.

Маргаан бүхий Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн нутагт байрлах Мухар нэртэй өвөлжөөний газрыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн сумын засаг даргын шийдвэрийг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б.******* болон түүний эхнэр Р.******* нар нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авч, хууль ёсны эзэмшигч болсон байх ба нөхөр Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 06-нд нас барсан үйл баримт тогтоогджээ.

Дээрх маргаан бүхий өвөлжөөний газарт хариуцагч Ж.******* тодорхой цаг хугацаанд амьдарч байсан бөгөөд тэрээр бусдад худалдсан гэх тайлбар хийх боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 89.3 дахь хэсэгт өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна. 89.4 дэх хэсэгт нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал хамтран эзэмшигч байна, 90 дүгээр зүйлд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж тус тус заажээ.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.

Нэхэмжлэгч Р.******* нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.4 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрын хамтран эзэмшигч, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч мөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Маргаан бүхий газрын эзэмшигч Б.******* нас барсанаар уг газрын хамтран эзэмшигч Р.*******гийн газар эзэмших эрх дуусгавар болохгүй бөгөөд тэрээр Иргэний хуулийн 92 дүгээр зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар ... эзэмших, ашиглах, эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж, байвал саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд эзэмших эрхтэй холбоотой маргаан байхад өмчлөх эрхийн маргаан гэж үзэж, эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноор Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 174 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1. дэх хэсгийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар гэснийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.НАМХАЙДОРЖ

 ШҮҮГЧИД   Ж.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР