| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/04071/И |
| Дугаар | 191/ШШ2025/02886 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/02886
| 2025 04 07 | 191/ШШ2025/02886 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,.. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч ******* овогт *******-*******ын ******* /регистрийн дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ..тоот хаягт оршин суугч ******* овогт *******-*******ын ******* /регистрийн дугаар /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 21,240,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Хариуцагч М.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч М.*******т холбогдуулан 21,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.*******тай Төв аймгийн сэргэлэн сумын 1 дүгээр баг Бяцхан хөндлөнд байрлах зуслангийн газар 50 м.кв хувийн сууцыг 30 м.кв гражийн хамт 100 хувь хийж гүйцэтгэж, түлхүүр гардуулах нөхцөлтэй, ажлын хөлс 18,000,000 төгрөгөөр 45 хоногийн дотор 100 хувь хийж дуусгана гэж гэрээ байгуулсан. Бид ажлын хөлсийг ажил эхлэх өдөр 5,000,000 төгрөг, ажил эхэлсэн өдрөөс хойш 8 өдөр нь 4,000,000 төгрөг өгнө үлдсэн мөнгийг ажлаа 100 хувь хийж дууссан цагт төлнө гэж гэрээ байгуулсан. Би урьдчилгаа 5,000,000 төгрөгийг ажил эхэлсэн өдрөө мөн дараа 4,000,000 төгрөгийг гэрээний дагуу ажил эхэлсэн өдрөөс хойш 8 өдөр нь шилжүүлсэн. Гэтэл М.******* хугацаандаа ажлаа хийж чадаагүй бөгөөд хийх ёстой ажлынхаа 25 хувийг хийгээд 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажлаа хийж чадахгүй гээд алга болсон. М.*******аас гүйцэтгээгүй ажлын хөлс 4,000,000 төгрөг, алданги 640,000 төгрөг, хоолны мөнгө 900,000 төгрөг, мөн туслах ажилчин гэж газар шорооны ажил байсан хүнд өгсөн цалин 700,000 төгрөг нийт 6,240,000 төгрөгийг гаргуулна. М.*******ын дутуу орхисон ажлуудыг одоо хүртэл хийлгэж байна. Би Солонгос улсаас 10 ширхэг портер машиныг 1 ширхгийг нь 20,000,000 төгрөгөөр аваад Монголд оруулж ирээд тус бүр дээр 3,000,000 төгрөг нэмж зарж нийт 30,000,000 төгрөгийн ашиг олох боломжтой байснаас 50 хувь болох 15,000,000 төгрөгийг нэмж 21,240,000 төгрөг гаргуулна гэжээ.
2.Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Сэргэлэн сумын ... байрлах зуслангийн газар дээр 50 м.кв талбай бүхий хувийн сууцны өргөтгөл, 30 м.кв бүхий авто зогсоолын хамт, түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж гүйцэтгэхээр Г.*******тэй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Зах зээлийн бодит ханшаар 33,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх ажлыг Г.******* нь хоол унаа болон бусад бүх сул зардлыг өөрөө хариуцна гэж гуйж байж 18,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохирсон. Үүнд: 5х6 байшин нураалт 5,000,000 төгрөг, дотор хана блок өрлөг 1 м.кв 50,000 төгрөг, нийт 31,5 м.кв 1,575,000 төгрөг, өрлөг 10,75 м.кв 537,500 төгрөг, дээврийн ажил 1 м.кв 70,000 төгрөг, нийт 133,2 м.кв 9,324,000 төгрөг нийт 16,436,500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч гэрээний үнэ 18,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээгээр тохирсон ажлын 50-60 хувийг буюу 9,000,000 төгрөгт тохирох ажлыг бүрэн хийж дуусгасан. Нэхэмжлэлийн шаардлагаас туслах ажилчны цалин 700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байсан. Одоо шинжээчийн дүгнэлт гарсан тул 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч эвлэрэх саналтай байна гэв.
3.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 21,240,000 төгрөгийн нэхэмжлэлээс 18,240,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч эвлэрэв. Хариуцагч нь 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Г.******* хариуцагч М.*******т холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээнээс үүссэн хохиролд 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 21,240,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
5.Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч туслах ажилчны цалинд 700,000 төгрөг төлнө гэж маргасан.
6.Талуудын хооронд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 0694 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан тухай хариуцагч маргаагүй байна.
7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.*******аас Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21,240,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 18,240,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч М.******* үлдэх 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,740 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч М.*******т холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 18,240,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч М.******* үлдэх 3,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын сарын 30-ны өдрөөс эхлэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,740 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ