2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02929

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08

191/ШШ2025/02929

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ..дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ..дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 61,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан 61,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай найз Ж.******* нь Худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд 2018 онд тэрээр тендерийн ажилд орох гээд байна, мөнгө зээлээч гэж надаас 80,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай гэж зээлж авсан. Гэвч хариуцагч нь тохиролцсон хугацаандаа зээл буцаан төлөөгүй ба удахгүй төлнө, хугацаандаа амжсангүй, бөөн төлж чадахгүй байна бага багаар төлж байя гэсээр сүүлдээ утсаа авахгүй, олдохоо больсон. Миний бие түүнийг найз нөхөд юм чинь төлчих байх гэж итгэж хүлээсээр өнөөг хүрсэн байна. Хариуцагчаас бэлнээр болон бэлэн бусаар бага багаар зээлээ төлж байсан ба 2022 оныг хүртэлх хугацаанд нийт 13,900,000 төгрөг, үүнээс хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөг төлж, үүнээс хойш дахин огт холбогдохгүй байсан. Миний бие ээжтэй нь холбоо барьж хүүгээ олж өгнө үү гэж зөндөө хэлж, зээлээ эргүүлэн төлөхийг шаардсаар байсан. 2023 оны 03 дугаар сард бие өвдөж хатгаа тусан Халдвартын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхдаа ээжтэй нь холбоо барьж хүүдээ зээлсэн мөнгөө буцааж өг гэж дамжуулаад хэлээрэй гэхэд ээж нь миний Хаан банкны дансанд 800,000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Мэргэжилтний 20-ын гудамжинд хариуцагчтай санаандгүй тааралдаад мөнгөө авья гэхэд тэрээр хэсэгчилж төлөхөөр эргэн төлөлтийн график гаргаж өгөөд цаг тухайдаа төлнө гэж хэлээд, бид хоёр өгсөн авсан, ээжээс нь төлсөн гэх зэрэг бүх тооцоогоо бүгдийг нь тулгахад зээлийн үлдэгдэл нь 61,300,000 төгрөг болсон ба 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 21,300,000 төгрөгийг төлж барагдуулахаар амж гараараа баталгаа бичиж өгсөн. Гэтэл түүний амласан төлбөрийн хугацаа болоход дахиад л төлбөрөө төлөөгүй ба холбоо барих ямар ч боломжгүй болсон. Иймд Ж.*******аас 61,300,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.******* миний бие Б.*******гийн нэхэмжилсэн 61,300,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан 61,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, 80,000,000 төгрөг олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 61,300,000 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох 61,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 232,225 төгрөг, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 232,225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ