Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/926

 

Г.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

хохирогч “Ю” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Л,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.М-д холбогдох 2310 04496 0279 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ын М,

Г.М нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ю” ХХК-ийн менежерээр ажиллаж байхдаа “хулдаасан хэвлэл хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож тус компаниас 5.697.340 төгрөг шилжүүлэн авсан,

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.А-г “Барилгын материал нийлүүлмээр байна, барилга дээр ашиглагддаг төмөр худалдаж авах уу” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулсны улмаас түүний Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул тауэр үйлчилгээний төвийн Худалдаа хөгжлийн банкны салбараас 2.000.000 төгрөг шилжүүлснийг Хаан банкны ... тоот дансаар дамжуулан авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Г-ийн М-ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-д 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохиролд тооцон Г.М-оос нийт 5.347.340 төгрөг гаргуулж, 4.697.340 төгрөгийг Хан-Уул дүүргийн ... тоотод байрлах “Ю” компанид, 650.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байр ... тоот хаягт оршин суух, /РД: .../, Б овогт Б-ийн А-д тус тус олгож,

энэ хэрэгт Г.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Б.А- давж заалдах гомдолдоо: “...Би анхан шатны шүүхийн тогтоолыг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. ...Г.М- нь тус шүүх хурал дээр хэлэхдээ 2024 оны 6 сарын 13-ны өдөр бүх хохирлыг барагдуулна гэж хэлсэн боловч одоо болтол барагдуулаагүй. Мөн өмнөх хохирлоо барагдуулаагүй байхад торгуулийн ял дахин оногдуулсан нь буруу гэж үзэж байна. Иймд Г.М-д ял шийтгэл нь тохироогүй байна. Иймд ял шийтгэлийг нь өөрчилж, миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч “Ю” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Гол нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэхэд хохирлоо барагдуулж дуусна гэсэн чинь барагдуулаагүй. Ялын тал дээр хэлэх санал байхгүй. Гол нь хохирлоо хурдан барагдуулж авах хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.А-гаас гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-ыг гэм буруутайд тооцож, 5 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, мөн хохирол төлбөрийг тодорхой хэмжээгээр төлсөн гэх үндэслэлээр торгуулийн ял оногдуулсан үндэслэлтэй. Гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...“Ю” ХХК-нд менежерээр ажиллаж байх явцдаа би хулдаасан хэвлэлийн компани ажиллуулдаг юм гэж хуурч, ажиллахаа болсон компанийг ажилладаг мэтээр итгэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан гэж үзэж байна. Анхнаасаа завших зорилгогүй байсан. Эхийнхээ үйл ажиллагаа нь зогссон компанийг ашиглаж итгэл төрүүлж залилсан байдаг. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Г.М- нь:
    1.  2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ю” ХХК-ийн менежерээр ажиллаж байхдаа “Компанийн үйл ажиллагаанд хэрэглэх 357 м.кв хэмжээтэй хулдаасан хэвлэлийг хямд үнээр хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, тус компаниас 5.697.340 төгрөг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Л-гийн: “...Манай компанид маркетингийн менежерээр ажилд орсон Г.М- гэх залууд хэвлэлийн ажил даалгасан. Г.М- нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр маркетингийн хурлаар танилцуулахдаа “Би хэвлэлийн компанитай, хэвлэлийг нь би хариуцмаар байна, үнэ боломжийн, арай хямд үнээр хэвлүүлээд өгье” гэж хэлээд 357м.кв хэмжээтэй, хулдаасан хэвлэлийг 5.697.340 төгрөгөөр хэвлүүлэхээр болж, түүний илгээсэн нэхэмжлэлийн дагуу Хаан банкны “М” ХХК эзэмшигчтэй ... тоот дансанд 5.697.340 төгрөгийг шилжүүлсэн. ...Гэтэл Г.М- нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажилдаа ирээгүй, хариуцан авсан хулдаасан хэвлэл нь гараагүй. ...” /хх 22-23/,
  • шүүгдэгч Г.М-ын: “...“Ю” ХХК-ийн захирал Урангоо надад болон манай маркетингийн ахлах А.Л- гэх хүнд үүрэг чиглэл өгч, “Шинэ байгуулагдаж байгаа Дархан-Уул аймгийн салбарт шинээр сурталчилгааны самбар байршуулах шаардлагатай” гэж үзээд А.Л-д үүрэг өгөөд, А.Л- нь дизайныг нь надад харуулаад “Энэ хэвлэлийг зах зээлийн үнээс хямдаар хэвлэх газар байгаа юу” гэж асуухаар нь би А.Л-д “Миний таньдаг хүн байгаа, тэр хүн зах зээлийн үнээр арай хямдхан хэвлэдэг юм, би хэвлэлийг нь хариуцаж ажиллая” гэж санал тавьсан. Тэгэхэд А.Л- нь зөвшөөрөөд би 1 м.кв-ыг тухайн үедээ 16.000 төгрөгөөр бодоод, нийтдээ 5.697.340 төгрөгийг шилжүүлэн авсан. ...” /хх 27-28/ гэсэн мэдүүлгүүд,
  • Хаан банк дахь “Макс Мөнх Болд” ХХК, “Ю” ХХК-уудын эзэмшлийн дансны хуулгууд /хх 45-66, 70/, “Макс Мөнх Болд” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай нэхэмжлэх /хх 68/ зэрэг нотлох баримтуудаар,
    1. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.А-г “Барилгын материал нийлүүлмээр байна, барилга дээр ашиглагддаг төмөр худалдаж авах уу” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, түүнээс 2.000.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Б.А-гийн: “...Г.М- нь миний утас руу 2023 оны 12 дугаар сард холбогдоод “Танай компанид барилгын материал нийлүүлмээр байна, барилга дээр ашигладаг төмөр худалдаж авах уу” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн үед барилга дээр ашиглах төмөр хэрэг болж байсан болохоор 2.000.000 төгрөгт бодож, нэг тонн орчим хэмжээтэй төмөр худалдаж авахаар болсон. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах Хан-Уул тауэрын Худалдаа хөгжлийн банкны салбараас Г.М-ын данс руу шилжүүлэг хийсэн. Гэтэл тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа төмрөө авч ирж өгөхгүй болохоор нь Г.М-ын дугаар руу нь холбогдоход надад “Та мөнгөний оронд заслын материал авчихаач, ханын цаас, паркетан шал авчих" гэж хэлэхээр нь би “Хамаагүй ээ, чи 2.000.000 төгрөгт таарсан бараа материалаа авчраад өгчих” гэж хэлтэл холбоо барихгүй алга болсон. ...” /хх 93-94/,
  • шүүгдэгч Г.М-ын: “...2023 оны 12 сард Б.А- ах холбогдоод “Ганц нэг материал авах шаардлагатай байна” гэхэд нь би “Надад байгаа, оноос өмнө юм уу, он гаргаад өгөх боломжтой” гэж хэлэхэд зөвшөөрөөд, 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд шилжүүлсэн мөнгөндөө тааруулаад барилгын таазны хөнгөн цагаан худалдан авахаар болсон бөгөөд яг хэр урттай, хэдэн ширхгийг авахаа нарийн ярилцаагүй байсан. 2.000.000 төгрөгийг 2023 оны 12 сарын 17-ны өдөр миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би тухайн мөнгөөр нь 100 айлаас хямд бөөний үнээр нь хөнгөн цагаан төмөр худалдан аваад, түүнд зарах бодолтой байсан боловч 2024 он гараад хөнгөн цагаан төмрийг худалдан авах боломжгүй болсон. Учир нь, миний төмөр худалдан авах гэж байсан газар нь үнээ буулгахгүй байсан. Тэгээд би Б.А- ахад “Хөнгөн цагаан төмөр нийлүүлэх боломжгүй боллоо, дүүд нь одоо мөнгө алга, боломжтой болохоор буцаагаад шилжүүлье” гэж хэлэхэд “За тэг тэг боломжтой үедээ шилжүүлээрэй гэж надад хэлсэн. ...” /хх 101-103/ гэсэн мэдүүлгүүд,
  • Худалдаа хөгжлийн банк дахь “Э” ХХК-ийн эзэмшлийн дансны хуулга /хх 87/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.М-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Г.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.М-ын үйлдсэн залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

  1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хохирогч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлын “Ял тохироогүй буюу хохирлоо барагдуулаагүй байхад торгох ял дахин оногдуулсан нь буруу” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан энэхүү үндэслэл, зарчим, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс торгох ялыг сонгон хэрэглэж, тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын хэмжээний дотор буюу 5000 нэгжээр торгох ялыг шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, хуульд харгалзан үзэхээр заасан бусад нөхцөл байдалд тохирсон гэж үзэн хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв баримталж, шүүгдэгчээс нийт 5.347.340 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Хохирогч Б.А- “…Миний хохирлыг барагдуулж өгнө үү. …” гэсэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялтан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх, хэрэв биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр зохицуулан журамласны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломжтой гэж үзэв.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрт тусгах зүйлсийг нэг бүрчлэн заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/813 дугаар захирамжид яллагдагчийн нэрийг бичээгүй, мөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж хуульд заасан хэлбэрээс өөрөөр бичсэн байгааг анхаарвал зохино.

Дээрх үндэслэлээр хохирогч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.А-гийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ