Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 319

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Э.Одончимэг,

хохирогч Ү.Г, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

шүүгдэгч Ц.Л, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

   Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ын Л-д холбогдох эрүүгийн ____________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _

 

Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн орчимд Ү.Гийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л мэдүүлэхдээ:

“...2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Барс зах орохоор аавтайгаа явж байхад хохирогч гэх Ганзориг Барс захын үүдэнд машинаас мөнгө хурааж байсан. Тэнд улаан машины залуутай маргалдаад тэр машины хаалгыг онгойлгохдоо тэр машины хаалгаар манай машиныг цохисон. Тэгэхэд аав буугаад шаардлага тавьсан чинь аавыг хэл амаар доромжлоод байхаар нь би буугаад очиход намайг боогоод байхаар нь зөрүүлээд хоолойг нь боосон. Хохирогч Ганзоригийн биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би одоо сургуульд сурдаггүй, ажил хийхгүй байгаа. Хохиролд 350.000 төгрөг өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ү.Г мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр Барс захын үүдэнд машинаас мөнгө хураадаг залуу өглөө 6 цагаас хойш гарсан болохоор мөнгө хурааж байгаач гэхээр нь машинуудаас мөнгө хурааж байсан. Тэгэхэд улаан машин мөнгөө өгөөч гэхэд төлдөггүй гэж хэлэхээр  нь араас нь мөнгөө өгөөч гээд маргалдсан. Тэгэхэд тэнд мөнгө хурааж авдаг хүн ирээд зогсож байсан. Би улаан машины эзнийг мөнгөө өг гээд машиных нь хаалгыг онгойлгоход Лхагвадоржийн барьж явсан машины гупер цохигдсон. Лхагвадоржийг хөдөлгөөнд саад болоод байна зам тавиад өг гэхэд дорцов барьж гарч ирээд намайг цохисон.

Би Лхагвадоржийн машины гуперыг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би нийт 900.000 төгрөг Лхагвадоржоос нэхэмжилж байна. Надад одоогийн байдлаар хохиролд 350.000 төгрөг төлсөн. Одоо миний хамар байнга битүүрч бүтэн амьсгалж чадахгүй байгаа, холын замд явж байхад цус алдах аюултай байгаа. Одоо би бүрэн гүйцэд амьсгалмаар байна...” гэх мэдүүлэг,

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Л-ийн өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 21-ний өглөөний 10 цагийн үед Барс худалдааны төв рүү бараа авах гэж ах Пүрэвдоржийн хамтаар орсон. Барсын худалдааны төвийн хаалгаар орох гэтэл Ганзориг нь мөнгө хурааж байгаад нэг машины хүнтэй маргалдаад, маргалдахдаа манай машины гуперыг нөгөө хүний машинаар цохиж гэмтээсэн. Түүнээс болоод маргалдсан. Ганзориг манай ах Пүрэвдоржийг заамдаж аваад хоолойг нь боогоод байхаар нь би хажуунаас нь болиулах гэсэн чинь миний хоолойг боохоор нь баруун талын хацар руу зүүн гараараа нэг удаа цохисон.

Би тэр хүнийг цохисондоо маш их гэмшиж байгаа, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-н 19, 34-35/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ү.Г-ийн өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 21-ний өглөө 10 цагийн үед БГД-н 3 дугаар хороо Барс захын хашаан доторх автомашин гардаг хаалганы хажууд мөнгө хураадаг залуу нойл ороод ирье мөнгө хураагаад авч байгаач гэж хэлсэн. Би мөнгө хураагаад зогсож байсан чинь нэг машин мөнгө өгөхгүй гэж хэлээд гараад явсан. Мөнгөө авъяа гээд машины хаалга онгойлгосон чинь зөрөөд орж ирсэн микро автобусны урд талын гуперт хаалга нь хүрсэн. Миний буруу би төлөөд өгье орж бай гэж хэлсэн чинь Лхагвадоржийн аав нь гэх хүн гарч ирээд гартаа машины дроцов бариад зодох гээд дайрсан. Би зугтсан, Лхагвадорж намайг гараараа хамар руу цохисон. Гранд мед эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 11/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Цын өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 21-ний өглөөний 10 цагийн үед хүү Лхагвадоржийн хамтаар Барс зах руу бараа авах гэж барс захын үүдээр орох замд мөнгө хурааж байсан залуу машины урд гупер рүү хүний машины хаалгаар саваад нөгөө хүний машины хаалганы будгаар зурсан. Би бууж очоод энийгээ янзлаад өг гэж хэлсэн чинь би чадахгүй тэр гарч байгаа хүний машины хүнээр янзлуул гэж хэлсэн. Өөрөө болохоор нөгөө машины жолоочтой маргалдаад барьцалдаж аваад, мөн машиныг нь өшиглөөд байсан. Тэрний дараа бид нартай маргалдсан. Ганзориг, Лхагвадорж хоёр бие биенийхээ хоолойг боосон зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ний өдрийн шинжээчийн 1758 тоот: 

1. Ү.Г-ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 13/,

 

Шүүгдэгч Ц.Лийн хувийн байдалтай холбоотой:

- Төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 29/,

- Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 30/,  

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс худалдааны төвийн орчимд Ү.Гийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ү.Г, шүүгдэгч Ц.Л нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 1758 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Л-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Ц.Л нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ү.Гт гэм хорын хохиролд нийт 350.000 төгрөг төлсөн байх ба хохирогч Ү.Гийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэж хохирлыг тооцоолох боломжгүй байна. Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Л-ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял санал гаргасан боловч шүүгдэгч Ц.Л нь санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй, ажил сургууль байхгүй гэх тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Л-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Ц.Л-ийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц-ын Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Л-ийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ү.Г нь цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Л-ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ