| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/03346/И |
| Дугаар | 102/ШШ2023/03727 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2023/03727
| 2023 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2023/03727 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:*** нэхэмжлэлтэй,
хариуцагч:***
ашиглалтын зардал 15 701 857,26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Туул
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чулуунцэцэг нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***-аас хариуцагч***-д холбогдуулан ашиглалтын зардал 15 701 857 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.: ...Баянгол дүүргийн 33 дугаар хорооны 27 дугаар байрны аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах зорилгоор баригдсан байранд*** нь цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компани нь оршин суугч, аж ахуйн нэгж байгууллагаас ус дулааны мөнгийг авч улсад тушаадаг тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан компани юм.*** нь 2020 оны 06 дугаар сараас эхлэн ус, дулааны төлбөрийн үлдэгдэл үүсээд өнөөдрийг хүртэл хуримтлагдаж, үүнээс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг тус тус хийгдэж, үлдэгдэл төлбөр болох 15,701,857.26 төгрөгийг огт төлөөгүй.***-д 2023 оны 03 дугаар 23-ны өдөр ус дулааны ашиглалтын төлбөр болох 15,701,857.26 төгрөгийн өр үүссэн учир шүүхэд хандахаар боллоо гэсэн албан бичгийг явуулж байсан боловч манайх подвалд үйл ажиллагаа явуулдаггүй гэдэг хариу өгдөг байсан. Ингээд 2022 оны 12 сард***-ийн подвалд очиж үзлэг хийхэд үйл ажиллагаа явуулаагүй байсан учраас бид танайхаас албан бичиг хийж өгвөл энэ подвалыг метр квадратаар тооцож бодъё гэсэн боловч албан бичиг ирүүлээгүй. Тухайн ашиглалтын төлбөрт эрчим хүчний тухай хуулийн дагуу алданги тооцоогүй болно. Мөн улсаас ковидийн нөхцөл байдалтай холбогдуулан ашиглалтын төлбөрөөс хоёр жилийг хөнгөлсөн байдаг. Дээр нь бид энэ төлбөрийг өмнөөс нь улсад тушаачихсан байхад биднийг алдагдалд оруулж байна. Иймд***-аас ус, дулааны төлбөр болох 15,701,857.26 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар энэ хэрэгт*** нь хариуцагчаар оролцож байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлага болох 15,701,857.26 төгрөгийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй юм. Учир нь энэ барилгын зоорийн давхрын өмчлөгч нь Эрдэнэбаатарын Батзориг гэдэг хүн байдаг. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг нэг давхар 211,8м.кв тайлбай нь *** гэдэг хүний өмчлөлд байдаг. Ийм учраас*** нь хариуцагч биш юм. Мөн***, *** нарын хооронд ус дулааны ашиглалтын талаар байгуулагдсан гэрээ байдаггүй. Энэ талаар хэрэгт нотлох баримтаар хэрэгт хавсаргагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн
нэхэмжлэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 2 дугаар тал/
итгэмжлэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/
*** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 4 дүгээр тал/
харилцагчийн гүйлгээ /хавтаст хэргийн 5-6, 10-11 дугаар тал/
төлбөрийн нэхэмжлэх /хавтаст хэргийн 7-9, 12-14 дүгээр тал/ нотлох баримтууд,
5.Хариуцагчаас ирүүлсэн
***-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 23 дугаар тал/
итгэмжлэл /хавтаст хэргийн 24 дүгээр тал/
хариу тайлбар /хавтаст хэргийн 25 дугаар тал/
үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/
үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ***-аас хариуцагч***-д холбогдуулан орон сууцны ашиглалтын зардал нийт 15 701 857,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч ...15 701 857.26 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...33 байрны өргөтгөлийг эзэмшигч хариуцагч нь 2020.06 сараас 2023.06 сар хүртэл хугацааны орон сууц ашиглалтын төлбөр төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тус төлбөрийг хариуцна, манайх өмчлөгч хариуцагч биш... гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ***хаягт байршилтай 241.08м2 талбайтай, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч иргэн ***, Баянгол дүүрэг, 33 хороо, 4 хороолол /16064/ Амарсанаагийн гудамж,*** зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай 472.56м2 талбайтай, сургалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч иргэн *** болох нь хариуцагчийн тайлбар, өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа баримтаар тус тус тогтоогдож байна./хэргийн 3, 6925-29 дүгээр тал/
5. Дээрх үйл баримтын нэхэмжлэгч үгүйсгэж нотлох баримтаар няцаагаагүй.
6. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, цэвэр бохир ус, ариутгал ... зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлөх үүрэгтэй.
7. Хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, лавлагаа баримт, хариуцагчийн тайлбараар тухай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хариуцагч*** биш болох нь тогтоогдож байна гэж үзнэ.
8. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч***-аас сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, цэвэр бохир ус, ариутгал зэрэг ашиглалтын зардал 15 701 857 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236 459 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч***-д холбогдуулан гаргасан сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, цэвэр бохир ус, ариутгал зэрэг ашиглалтын зардал 15 701 857 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 459 төгрөгийг төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ