Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/927

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/519 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б-д холбогдох 2403 00000 0173 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Б-ийн Б,

Б.Б- нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 07:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “UB mart” төвийн зүүн талын замд “Toyota Prius” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул. осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Г-, Б.О- нарыг мөргөж Р.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн 27 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 10.370.322 төгрөгийг гаргуулан хохирогч Р.Г-т олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч Б.Балжинням нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаартай тушаалын 6 дугаар хавсралтаар шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоогүй, сэтгэцийн өвчний оношгүй, өвчний ангилалгүй, сэтгэцийн хувьд эрүүл хохирогчид 3 дугаар зэрэглэлээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 40, 80 дугаар зүйлийг зөрчсөн байхад шүүх уг нотлох баримтаар 8.580.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3505 дугаартай дүгнэлт үндэслэл муутай, эргэлзээтэй байхад шүүх зөв үнэлж дүгнэлт хийж дахин шалгаж нягтлах ажиллагаа хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Үзлэгийг 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хийсэн байх ба үзлэгээр зүүн өвдөгний үенд 3x2 см зулгарсан, 8x7 см цус хурсан, эмзэглэлтэй байжээ. Шинжээч эмч өвдөгний үений хөдөлгөөний байдал болон үений хөдөлгөөний үед илрэх дуу гэх мэт шинжийг огт шалгаагүй /Энэ талаар үзлэг хэсэгт тусгаагүй/ зөвхөн ил гэмтлийг бичээд “Б” эмнэлгийн МRI шинжилгээний хариуг хуулбарлан бичиж “Р.Г-ийн биед жийргэвч мөгөөрсний арын эвэр, урд чагтан холбоосны урагдал, ...гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэжээ. /хх 70-71/

Гэтэл уг дүгнэлтийн үндэслэл болгосон “Б эмнэлэг”-ийн 2024 оны 03-р сарын 07-ны өдрийн Р.Г-ийн зүүн үений МР1 шинжилгээний хариу /хх 72/:

  • Дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрт дохионы эрчим ихэссэн буюу 1-р хэлбэрийн урагдал байж болно.
  • Урд чагтан холбоост хэсэгчилсэн урагдал сэжиглэнэ. Дүгнэлт: Intrasubstance tear of the ACL with bucking of the PCL гэх Монголоор орчуулагдаагүй, бичигдээгүй байх бөгөөд МRI шинжилгээний дүгнэлт нь эцсийн онош биш, эмчлэгч эмч бодит үзлэг болон бусад шинжилгээтэй харьцуулан оношийг тавина гэсэн зааварчилгааг бичжээ.

Гэтэл гэмтлийн мэргэжлийн эмчид үзүүлж эцсийн онош гавьж эмчилгээ хийлгэсэн гэх ямар ч баримт нотолгоогүй байхад хүндэвтэр гэмтэлд хамааруулан дахин MRI шинжилгээ хийх, гэмтлийн эмчид үзүүлэх гэх мэт ажиллагаа хийх шаардлагатай байхад эргэлзээтэй дүгнэлтээр хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр эсхүл прокурорт хэргийг буцаан шийдвэрлэнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шинжээчид Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар хууль сануулаад тусгай мэдлэгийнх нь хүрээнд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Тухайн дүгнэлтийг шинжээч гаргахдаа хохирогчийн биеийн байдлыг үзэх болон өвчний түүхийг үндэслээд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Уг асуудал анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээд шийдвэрлэгдсэн. Мөн сэтгэцэд учирсан гэмтлийг 3 дугаар зэрэглэл гэдгийг мөрдөгч магадлал гаргаж тогтоосон гэж байна. Магадлал гаргаагүй. Мөрдөгч Улсын Дээд шүүхээс гаргасан аргачлал, зэрэглэлийг тогтоох журамд нийцүүлээд хүндэвтэр гэмтэл учирсан бол 3 дугаар зэрэглэлд хамаарах юм байна гэсэн маягтыг танилцуулаад гарын үсэг зуруулсан асуудал байгаа. Хэрвээ хохирогч сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэглэлд хамаарахгүй гэж маргаж шинжээч томилуулах хүсэлт гаргасан бол шинжээч томилж болох асуудал байгаа. Энэ хэргийн хувьд хохирогч 3 дугаар зэрэглэлд хамаарна гэснийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний дагуу анхан шатны шүүх сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 07:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1-р хороо, “UB Mart” төвийн зүүн талын замд “Toyota Prius” загварын 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Г-, Б.О- нарыг мөргөж, хохирогч Р.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогч Р.Г-ийн: “....2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өглөө 07 цагийн үед охин Б.О-ын хамт сургуульд нь хүргэж өгөх гээд “UB Mart”-ын зүүн талын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явган замаар явж байгаад доошоо буусан шатаар бууж байтал зүүн талаас нэг машин хурдтай эргэж орж ирээд миний зуун талын хөл рүү мөргөсөн. Би хүүхдээ баруун талдаа сугадчихсан байсан болохоор унахдаа Б.О-ыг хүчиндээ түлхэж бид 2 газарт унасан. ...” /хх 25/ гэсэн мэдүүлэг,
  • хохирогч Р.Г-ийн эрүүл мэндэд мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүсгэгдсэн дотор жийргэвч мөгөөрсний арын эвэр, урд чагтан холбоосны урагдал, арын чагтан холбоосны суналт, зүүн өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3505 дугаар дүгнэлт /хх 70-71/,
  • шүүгдэгч Б.Б-ийн жолоодон явсан 00-00УУУ улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийн баруун ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй болохыг тогтоосон “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх 81-87/,
  • шүүгдэгч Б.Б- нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.4.а-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа /хх 90/,
  • камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-21/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг “...Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3505 дугаартай дүгнэлт үндэслэл муутай, эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. ...” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд зааснаар “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй” гэж үзвэл нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэхээр заасан бөгөөд хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3505 дугаар дүгнэлтийг гаргахдаа хийсэн үзлэг, шинжилгээ, хэргийн бусад баримтыг шинжлэн судлахад энэхүү дүгнэлтийг нотлох баримтаар тооцох, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход үндэслэл бүхий эргэлзээтэй байдал гараагүй, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлтийг хууль бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Б-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээ, жолоочийн үүргийг зөрчсөний улмаас хохирогч Р.Г-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

  1. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь хуульд нийцжээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой буюу “П” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, төслийн менежерээр ажиллаж байгаа талаарх баримтыг гарган өгсөн.

Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч нь анх удаа, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг болон Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг нөхөн төлсөн, мөн хохирогчид цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэхүү торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хэрвээ шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг дурдаж байна.

  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэхээр заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосны дагуу “...гэмт хэргийн улмаас хохирогч Р.Г- нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж, үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хүргэгдэж, хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 766.000 төгрөг гарсныг Б.Б-ээс гаргуулж, төлүүлж өгнө үү. ...” /хх 40/ гэсэн иргэний нэхэмжлэл гаргасан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02/1113 дугаар албан бичгээр гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг гарган, хэрэгт хавсаргуулсан бөгөөд шүүгдэгч Б.Б- нь энэхүү зардлыг төлж барагдуулжээ /хх 127/.

  1. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан бөгөөд хуульд гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, арилгуулах эрх зүйн орчин бий болсон.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж заасан.

Хэргийн материалыг судлахад, хэргийн 31 дүгээр талд гэмт хэргийн улмаас хохирогч Р.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирлын улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлийг тогтоож, түүнд танилцуулахад тэрээр “Хүлээн зөвшөөрч байна” хэмээн гарын үсгээ зурсан нь:

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг  мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж, 2.4-т “Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно.” гэж тус тус заасанд нийцсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр, эсхүл прокурорт хэргийг буцааж өгнө үү” гэсэн шаардлага давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах гомдлын тайлбарын “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн  хэсгийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/519 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/519 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан “тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ