Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2020/00021

 

Д.Сайхантуяа, Р.Цагаанбанди нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Намхайдорж даргалж,

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Сайхантуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Б.Баярцогт

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Сүхбаатар

Хариуцагч компанийн өмгөөлөгч: Д.Эрдэнэтуяа

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 94 дугаартай шийдвэртэй Д.Сайхантуяа, Р.Цагаанбанди нарын нэхэмжлэлтэй Туна-Далай ХК-нд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сайхантуяа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Сайхантуяа нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Туна -Далай ХХК Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Баруун бүс-ийн худалдааны төвд байрлах салбарт өөрийн эзэмшлийн хуучны мөнгөн хазаарыг 5.000.000 төгрөгөөр үнэлүүлж, 500.000 төгрөгийн зээл авсан. Гэтэл Туна далай ХХК-ний Баруун бүсийн худалдааны төв дэх салбарт 2017 оны 01-р сарын 22-ны өдөр хулгай орж, миний барьцаанд тавьсан хазаар алга болсон. Миний бие Туна- Далай ХХК-ийн захирал Д.Сүхбаатартай уулзахад улаан бичгээ алга болгож болохгүй би хохирлыг барагдуулна гэж хэлж байсан. 2017 оны 06 сард шүүхэд нэхэмжлэл өгөхөд хулгайн хэрэг нь мөрдөн байцаалтад байгаа гээд нэхэмжлэлийг хүлээж аваагүй бөгөөд одоо тухайн хэрэг бүрэн шийдэгдсэн болно. Би тухайн үед яаралтай мөнгөний хэрэг гараад хазаараа Тунай- Далай ХХК-ний баруун бүс дэх салбарт барьцаанд тавьсан юм. Тус компани нь гэрээний хугацаанд барьцааны зүйлсийг хадгалж, хамгаалж чадахгүйгээс хазаар алга болгосон тул Туна далай ХХК-иас миний хохирлыг гаргуулж өгнө үү. Д.Сайхантуяа миний бие Туна далай ХХК-аас мөнгөн хазаарын үнэ 4.000.000 төгрөгнөөс авсан зээл 500.000 төгрөгийг хасч 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Цагаанбанди шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Цагаанбанди 2017 оны 01-р сарын 20-ны өдөр Туна далай ХХК-ний Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Баруун бүсийн худалдааны төвд байрлах салбарт өөрийн эзэмшлийн хуучны мөнгөн бугуйвч, мөнгөн товч, мөнгөн даралт, мөнгөн аяга зэрэг үнэт эдлэлээ барьцаанд тавьж 130.000 төгрөгийн зээл авсан. Гэтэл Туна далай ХХК-ний Баруун бүсийн худалдааны төв дэх салбарт 2017 оны 01-р сарын 22-ны өдөр хулгай орж, миний барьцаанд тавьсан хазаар алга болсон. Миний бие Туна далай ХХК-ний захирал Д.Сүхбаатартай уулзахад хохирлыг барагдуулна гэж хэлж байсан. 2017 оны 06 сард шүүхэд нэхэмжлэл өгөхөд хулгайн хэрэг нь мөрдөн байцаалтад байгаа гээд нэхэмжлэлийг хүлээж аваагүй бөгөөд одоо тухайн хэрэг бүрэн шийдэгдсэн. Р.Цагаанбанди миний бие Туна далай ХХК-аас мөнгөн бугуйвч, мөнгөн аяга, мөнгөн даралт, мөнгөн товчны үнэ 1.000.000 төгргийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

Д.Сүхбаатар би тус шүүхэд хандан гаргасан иргэн Д.Сайхантуяа болон Р.Цагаанбанди нарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1.Иргэн Д.Сайхантуяа нь 2017 онд манай Туна далай ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авахдаа мөнгөн хазаар барьцаанд тавьсан. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Туна далай ХХК-ний Баруун бүсийн худалдааны төв дэх салбарт хулгай орж барьцаанд тавьсан эд зүйлээ алдсан. Тус компани гэрээний хугацаанд хадгалж хамгаалж чадахгүйгээр алга болсон тул миний хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ. Иргэн Д.Сайхантуяа нь 2016 оны 12-р сарын 05-ны өдөр Туна далай ХХК-тай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэхдээ Мөнгөн хазаар барьцаалуулсан байдаг. Д.Сайхантуяа зээлийн гэрээгээ 2017 оны 01 сарын 05-ны өдөр дахин нэг сараар сунгуулсан байх хугацаанд буюу 2017 оны 01 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Туна далай ХХК-ний Баруун бүсийн худалдааны төв дэх салбарт хулгай орж зээлийн барьцаанд тавьсан эд зүйл алдагдсан нь үнэн. Нэхэмжлэгч Д.Сайхантуяа нь Туна далай" ХХК гэрээний хугацаанд эд зүйлийг хадгалж хамгаалж чадахгүйгээр алга болгосон гэжээ.

Барьцаат зээлийн гэрээнд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг барьцаалагч хүлээдэг. Энэ нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг барьцаалагч хүлээдэг. Энэ нь барьцааны зүйлийн чанар байдлыг муутгахгүй байх, үнэ цэнэ буурах, устгаж үгүй болох аюулаас хамгаалах тухай асуудал юм.

Тунай далай ХХК-ийн Барьцаалан зээлдүүлэх газрын салбар нь 24 цагаар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг хамгаалалтын албатай, бүрэн камержсан Баруун бүсийн худалдааны төвд байр түрээслэдэг. Салбарын цонх төмөр торон хамгаалалттай, дотроо камерийн хяналттай байдаг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны техникийн ололтыг ашиглан бүхий л боломжит аргаар эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байсан боловч урьдчилан тооцоолж, төлөвлөж, хүч хэрэглэж халдсан гэмт үйлдлийн улмаас барьцааны эд зүйлс алдагдсан. Энэ нь барьцаалагчийн барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах гэрээний үүрэгт огт хамаарахгүй юм. Хуулиар тогтоосон хориглолт хязгаарыг зөрчиж үйлдсэн гэмт хэргийн улмаас Туна далай ХХК ч мөн хохирсон. Энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж Баруун бүсийн худалдааны төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, тус худалдааны төвийн харуул хамгаалалтын албаны дарга ажилтан А.Анхсайханыг холбогдуулан шалгаж гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа.

Эрүүгийн хэргийг шалгах явцад Хөрөнгийн үнэлгээний төвийн Завхан салбарын шинжээчдийн багийг томилж алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтоолгож, шинжээчийн дүгнэлтээр Д.Сайхантуяагийн мөнгөн хазаарыг 2.800.000 төгрөгөөр тогтоосон байдаг.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан 9.517.600 төгрөгийн хохиролыг А.Анхсайханаас гаргуулж Туна далай ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт олгохоор шүүх шийдсэн. 9.517.600 төгрөг нь алдагдсан эд зүйлийн үнэ бөгөөд А.Анхсайханаас дээрх хохирлыг барагдуулсны дараа Туна далай ХХК хохирогч нарт олгох юм гэж тухайн үед миний бие ойлгосон.

Мөн Д.Сайхантуяа болон Туна далай ХХК-ний хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний үүрэг хэвээр байгаа. Хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээг цуцлах талаар барьцаалуулагчаас ямар нэгэн санал хүсэлт ирээгүй, талууд гэрээний үүргийн биелэлтийг тооцоогүй байгаа. Иймд барьцаат зээлийн гэрээний үүрэг ёсоор үндсэн зээл 500.000 төгрөг, хүү 250.000 нийт 750.000 төгрөгийг хазаарын үнэнээс хасч 2.050.000 төгрөгийг А.Анхсайханаас хохирол барагдуулсны дараа, хэсэгчлэн барагдуулах тухай бүрт Д.Сайхантуяад төлөх боломжтой юм.

2. Иргэн Р.Цагаанбанди 2017 оны 01-р сарын 20-ны өдөр Туна далай ХХК-ний Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Баруун бүсийн худалдааны төвд байрлах салбарт өөрийн эзэмшлийн хуучны мөнгөн бугуйвч, мөнгөн товч, мөнгөн даралт, мөнгөн аяга, зэрэг үнэт эдлэлээ барьцаанд тавьж 1.300.000 төгрөгийн зээл авсан. Гэтэл Туна далай ХХК-ний Баруун бүсийн худалдааны төв дэх салбарт 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хулгай орж миний барьцаанд тавьсан хазаар алга болсон тул миний хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Гэмт хэрэг гарахаас өмнө Туна далай ХХК-тай Барьцаат зээлийн гэрээ байгуулсан иргэдийн гэрээ болон бүртгэлийг шүүж үзэхэд Р.Цагаанбанди гэх хүнтэй байгуулсан гэрээ, бүртгэл Туна далай ХХК-д байхгүй байна. Мөн эрүүгийн хэргийн материалд гэмт хэргийн улмаас эд зүйлээ алдсан иргэдийн дунд Р.Цагаанбанди гэх хүний мэдээлэл огт байхгүй байна. Иймд Р.Цагаанбандийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Сайхантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 сарын 06-ны өдөр Туна далай ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн хэрэглэж байсан мөнгөн хазаараа мөнгөний хэрэг гараад зах зээлийн үнийн 90 хувиар үнэлүүлж 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2016 оны 01 сард тус барьцаалан зээлдүүлэх газарт хулгай ороод миний мөнгөн хазаар хулгайд алгадсан. Би тухайн үед Туна далай ХХК-ийн захирал Сүхбаатартай уулзахад ломбардны бичгээ хадгалж бай, би хохирлыг чинь барагдуулна гэж хэлж байсан. Тийм учраас Туна далай ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас хохирлоо барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд мөнгөн хазаарыг үнэ зах зээлийн ханшаар 2.800.000 төгрөгөөр үнэлээд үүнээс ломбардны үндсэн зээлийн мөнгө болох 500.000 төгрөг мөн хүү 50000 төгрөгийг хасаад 2.250.000 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Р.Цагаанбандийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Р.Цагаанбанди нь 2016 оны 01 сарын 20-ны өдөр Туна далай ХХК-ийн ломбарданд мөнгөн даралт 1 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг, 5 ширхэг мөнгөн товч, нэг ширхэг мөнгөн аяга 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн үед манай нөхөр Цагаанбанди ах Юмжаатайгаа хамт явж байгаад ломбарданд эд зүйлээ тавьсан байж магадгүй. Тийм учраас би ахтайгаа энэ талаар ярилцах шаардлагатай. Би Цагаанбандийн нэхэмжлэлтэй нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна. Юмжаа гэдэг нэрээр Туна далай ХХК-ийн баримтаас шүүлгэж үзэх учраас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралаанд нэхэмжлэгч Д.Сайхантуяа, Р.Цагаанбанди нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Цагаанбанди нь нэхэмжлэлийн шаардлагаа татаж авсан учраас тайлбар байхгүй. Нэхэмжлэгч Сайхантуяа нь 2016 оны 12 сард Баруун бүс худалдааны төвд байрлах Туна далай ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн эзэмшлийн мөнгөн хазаараа 5.000.000 төгрөгөөр үнэлүүлж 500.000 төгрөгийн барьцаанд тавиад 500.000 төгрөгийн зээл авсан. Гэтэл тус барьцаалан зээлдүүлэх газарт 2017 оны 01 сард хулгай орж нэхэмжлэгчийн барьцаанд тавьсан эд зүйл хулгайд алдагдсан. Түүнээс хойш нэхэмжлэгч мөнгөн хазаарын үнээ гаргуулахаар 3 жил гаруй хугацаанд хөөцөлдөж байна. Туна далай ХХК-ийн захирал Сүхбаатар хулгай хийсэн хүн болох Анхсайханаас мөнгө орж ирэхээр мөнгөн хазаарын үнийг өгнө гээд өдий хүрсэн. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа мөнгөн хазаарыг үнэлүүлэхэд 2.800.000 төгрөг болсон. 2.800.000 төгрөгөөс үндсэн зээл болох 500.000 төгрөг, зээлийн хүү 150.000 төгрөгийг хасаад 2.050.000 төгрөгийг Анхсайханыг хохирол барагдуулсны дараа хэсэгчлэн төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан. Нэхэмжлэгч Сайхантуяа 2.050.000 төгрөгийг Анхсайханыг хүлээхгүйгээр эвлэрье гэсэх боловч хариуцагч тал эвлэрэхгүй гэсэн учраас гэрээнд заасны дагуу мөнгөн хазаарын үнэ болох 2.800.000 төгрөгөөс үндсэн зээл 500.000 төгрөг, нэг сарын хүү болох 50.000 төгрөгийг хасаад 2.250.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь: Анхсайхан нь Туна далай ХХК-ийн баруун бүс худалдааны төв дэх барьцаалан зээлдүүлэх газраас хулгай хийж Туна далай ХХК-д нийт 9.517.000 төгрөгийн хохирол учирсныг Анхсайханаас гаргуулж Туна далай ХХК-д олгуулахаар сум дундын шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Эдгээр байдлуудыг харахаар Туна далай ХХК Сайхантуяа нарын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаат зээлийн гэрээ хийгдсэн. Гэрээний хугацаанд хариуцагч Туна далай ХХК нь барьцаанд тавьсан эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадалгүй хулгайд алдаж Сайхантуяагийн эзэмшлийн мөнгөн хазаарыг үгүй болгосон. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэг барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцаанд тавьсан эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангана гэж заасан. Мөн Туна далай ХХК-ийн барьцаат зээлийн журмын 3.1 дэх хэсэгт уг хуулийн зүйл заалтыг адилхан заасан байдаг. Мөн барьцаат зээлийн гэрээнд энэ талаараа тодорхой заасан. Барьцаат зээлийн үйлчилгээний журмын 2.6 дахь хэсэгт барьцааны эд зүйлийг үнэлэхдээ эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хийх бөгөөд зах зээлийн үнийг дүнгийн 90 хувиас дээш үнэлэхгүй. Хэдэн хувиар үнэлж байгаагаа зээлийн гэрээнд тусгана гэж заасан байгаа учраас Сайхантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч компанийн төлөөлөгч Д.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Сайхантуяа нь 2016 оны 12 сарын 05-ны өдөр манай Туна далай ХХК барьцаалан зээлдүүлэх газартай гэрээ байгуулж 500.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай зээл авсан байдаг. Ингэж зээл авахдаа өөрийн мөнгөн хазаарыг барьцаанд тавьсан байсан. Дараагаар нь 2017 оны 01 сарын 05-ны өдөр зээлийн хугацаагаа 30 хоногоор сунгасан байдаг. Гэрээний хугацаанд буюу 2017 оны 01 сарын 22-ноос 01 сарын 23-нд шилжих шөнө Баруун бүсийн худалдааны төвд байрлах барьцаалан зээлдүүлэх газарт хулгай орж иргэн Сайхантуяагийн барьцаанд тавьсан мөнгөн хазаар хулгайд алдагдсан. Тухайн үед 9.517.600 төгрөгийн хохирол учирсан байна гэж үнэлгээ гарсан. Шүүхээс 9.517.600 төгрөг бол хохирсон иргэдийн хохирол учраас надаар дамжуулж хохирсон иргэдэд олгоно гэж шийдвэр гаргасан. 3 шатны шүүхээр явж шүүгдэгч Анхсайхан хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үед хулгайд алдагдсан эд зүйлд үнэлгээ хийлгүүлэхэд иргэн Д.Сайхантуяагийн мөнгөн хазаарыг 500.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Д.Сайхантуяагийн мөнгөн хазаарыг бага үнэлсэн байна гэж үзээд би өөрийн санаачлагаараа дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргаж Сайхантуяагийн мөнгөн хазаарыг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн. Би хохирсон иргэдийн төлбөрийг Анхсайханаас гаргуулж нэхэмжлэгчид мөнгийг нь өгөх хүсэлтэй байна. Мөн манай барьцаалан зээлдүүлэх газар Цагаанбанди гэдэг хүнтэй гэрээ байгуулж зээлийн үйлчилгээ үзүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч компанийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардлагаас харахад Туна далай ХХК-г гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээний үүргээ зөрчсний хохирол нэхэмжилсэн юм шиг харагдаад байгаа юм. Иргэний хуульд заасан гэрээний үүрэг зөрчсөн хохирол гаргуулах хэд хэдэн заалт байдаг. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал учирсан хохирлыг гаргана, нөгөө тал нь гэрээнээс гэрээний хугацаа хэтрүүлсэн хүнээс хохирлоо шаардахаар заасан байдаг. Нэхэмжлэлд дурдсанаар болон барьцаалан зээлдүүлэх журамд зааснаар Туна далай ХХК барьцааны эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Барьцааны эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангана гэдэг нь юу гэж байгаа үг вэ гэхээр энэ талаар барьцаалан зээлдүүлэх газар журам дээр тодорхой заасан байсан. Нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулахдаа барьцаалан зээлдүүлэх газрын журамтай танилцсан гэсэн. Иргэний хуульд эд хөрөнгийг зохих ёсоор хадгална гэж заасан байдаг. Зохих ёсоор хадгална гэдгийг юу гэж ойлгох вэ гэхээр барьцаалан зээлдүүлэх газар нь стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Стандартад юу гэж заасан бэ гэхээр барьцаалан зээлдүүлэх газрын үйлчилгээ түүний нийтлэг шаардлага байдаг. Барьцаалан зээлдүүлэх газар нь эд зүйл баримт бичиг хадгалахад зориулагдсан тусгай өрөө сейфтэй байна гэж заасан байдаг. Туна далай ХХК нь журамдаа барьцаалан зээлдүүлэх газар нь барьцааны эд хөрөнгө муудах, устаж үгүй болох, аюулаас хамгаалж барьцааны эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор эд зүйлсийн зориулалтын тусгай сейфэнд хадгална гэж заасан байдаг. Энэ хуулийг тайлбарлаж Монгол улсын стандартаа хэрэгжүүлж байгаа тайлбар. Энэ үүргээ Туна далай ХХК хэрэгжүүлсэн байдаг. Анхсайхан нь 2017 оны 01 сарын 22-ноос 01 сарын 23-нд шилжих шөнө Баруун бүсийн худалдааөны төвд байрлах Туна далай ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт нэвтрэхдээ цонхны хаалтыг эвдэж орсон. Мөн камерийг эвдэж эргүүлж, камер бичигчийг хулгайлаад сейфийг эвдсэн байсан. Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ стандартад заасан хэм хэмжээний дагуу биелүүлсэн. Хулгайч Туна далай ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэн орж хохирогч нарын эд зүйл алдагдчихаад байгаа. Барьцаалан зээлдүүлэх газрын журамд гадны халдлагаас хамгаалж дохиолол хамгаалалын хэрэгсэлийг ашиглана, гадна талын камерийг ажиллуулна, дохиолол харуул хамгаалалтаар давхар хамгаалуулна гэж заасан. Баруун бүсийн худалдааны төв нь гадна тал болон дотор талдаа камертай. Мөн 24 цагийн харуул хамгаалалт бүхий обеъкт. Гэтэл тухайн газрын харуулын дарга нь үүрэг гүйцэтгээгүй байх үедээ Туна далай ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт нэвтрэн орж хохирогч нарын эд зүйл алдагдсан. Түүнээс биш хариуцагч нь хуульд заасан болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй асуудал энд яригддаггүй. Уг ажиллагаа нь хариуцагчийн хүсэл зоригоос гадуурх үйлдэл болсон. Мөн барьцаалан зээлдүүлэх журамдаа барьцаалан зээлдүүлэх газар нь гадны халдлагаас болж барьцаанд байгаа зүйл алдагдсан, барьцаалан зээлдүүлэх газрын эд хөрөнгө устсан тохиолдолд учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу буруутэй этгээдээс гаргуулж зээлдэгч болон барьцаалан зээлдүүлэгч газрыг хохиролгүй болгоно гэж заасан байдаг. Иймд барьцаалан зээлдүүлэх газар нь Иргэний хуульд заасан барьцаалан зээлдүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн байна гэж үзэж байна. Туна далай ХХК-д хулгай орсон үйлдэл нь хариуцагчийн болгоомжгүй буруутай үйл явдлаас болоогүй. Хулгай орсон учраас хохирогч эд зүйлээ алсдагдсан. Тийм учраас энэ нь гэрээний үүргээ биелүүлээгүй биш гэм хорын хохирлын асуудал яригдана. Гэм хорын хохирлыг хуулийн тайлбарт юу гэж тайлбарласан бэ гэхээр монгол хэл бичгийг дүрмийн тайлбаруудыг харах хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдсэн Анхсайханаас гэм хорыг хохиролд учирсан 9.517.000 төгрөгийг Сүхбаатарт олго гэж шүүх шийдвэрлэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарыг хохирогчоор тогтоогоод 9.517.000 төгрөгийн хохирлыг тогтоосон. Хулгай орох үед Туна далай ХХК-ийн камер эвдэрсэн хохирол учирсан ч гэсэн Туна далай ХХК өөрийн хохирлоо нэг ч удаа ярьж байгаагүй. Туна далай ХХК үйлчлүүлэгч нартаа учирсан хохирлыг барагдуулахаар өнөөдрийг хүртэл явж ирсэн. Анх шинжээч үнэлгээ хийхдээ нэхэмжлэгч Сайхантуяагийн мөнгөн хазаарыг 500.000 төгрөгөөр үнэлсэн байхад Туна далай ХХК-ийн захирал өөрөө хүсэлт гаргаж байж дахин шинжээч томилуулж үнэлгээ хийлгэсний дагуу дараагийн шинжээч 2.800.000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч мөнгөн хазаараа барьцаанд тавихдаа 90 хувиар үнэлүүлээд 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Одоо Анхсайханаас шүүхийн шийдвэрийн дагуу хохирлоо гаргуулаад хохирогч нарт олгох ёстой. Барьцаалан зээлдүүлэх гэрээний үүргийг хэн нэгэн нь цуцлах хүсэлтийг гаргаагүй. Тийм учраас гэрээ хүчин төгөлдөр байгаа гэж үзэж байна. Хариуцагч тайлбартаа би Анхсайханаас гарах төлбөрийг нэхэмжлэгч Сайхатуяад олгоно, ингэхдээ би үндсэн зээл болон хүүгээ хасаад 2.050.000 төгрөг болж байна гэж тайлбарласан. Нэхэмжлэгч энэ тайлбартай холбогдуулж хариу хэлээгүй учраас түүнийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Тийм учраас нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас үндсэн зээлийн мөнгө болох 500.000 төгрөг, зээлийн гэрээний хүү болох 250.000 төгрөг нийт 750.000 төгрөгийг хасаад уг мөнгийг Анхсайханаас гаргуулж Сайхантуяад өгөх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.3, 286 дугаар зүйлийн 286.4-т заасныг баримтлан Туна далай ХХК барьцаалан зээлдүүлэх газраас 2.250.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сайхантуяад олгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Цагаанбанди нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сайхантуяад олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Цагаанбандийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6100 төгрөгнөөс 3050 төгрөгийг улсан орлогод хэвээр үлдээж, Улсын төсвийн орлого буюу 100090000941 тоот данснаас 3050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Цагаанбанид олгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Д.Сайхантуяа, Р.Цагаанбаньд нарын нэхэмжлэлтэй Туна далай ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 94 дугаартай шийдвэрийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Сүхбаатар би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэртээ барьцаалан зээлдүүлэх гэрээний барьцааны зүйл хулгайд алдагдсан үйл баримт шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, гэм хор учруулагчийн үйлдэлтэй хлдбллтлй барьцаны зүйл устаж үгүй болсон гэдгийг дүгнэсэн атлаа туна далай ХХК барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлдэгчид учирсан хохиролыг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Туна далай ХХК барьцааны зүйлийг хадгалах, хамгаалах талаар хууль, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан журмыг баримтлахаас гадна Стандартчиллын үндэсний зөвлөлөөс баталсан MNS 5274:2017 стандартыг мөн хэрэгжүүлж ажилладаг. Уг стандартад зааснаар Барьцаалан зээлдүүлэх газар нь эд зүйлс, бичиг баримт, үнэт эдлэл хадгалахад зориулсан тусгай өрөө, сейфтэй байна гэж заасан. Туна далай ХХК стандартыг хэрэгжүүлж барьцааны зүйлийг тусгай зориулалтын сейфэнд хадгаладаг байна. Түүнээс гадна барьцаалан зээлдүүлэх газар нь 24 цагаар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг хамгаалалтын албатай, бүрэн камержсан Баруун бүсийн худалдааны төвд байр түрээслэдэг төдийгүй салбарын цонх төмөр торон /решетка/ хамгаалалттай, дотор гадна талыг хянах камерын хяналттай. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан техникийн ололтыг ашиглан бүхий л боломжит аргаар барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл урьдчилан төлөвлөсөн халдлагад өртөж алдагдсан эд зүйлийн үнийг Туна далай ХХК-иас гаргуулж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

2017 оны 01 сарын 22-оос 23 нд шилжих шөнө Туна далай ХХК-ны Барьцаалан зээлдүүлэх газар хулгай орж иргэдийн зээлийн барьцаанд тавьсан эд зүйл алдагдсан хэрэгт шүүгдэгч А.Анхсайханаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм хорын хохиролд 9517.600 төгрөгийг гаргуулж Туна далай ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт олгохоор шийдсэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байдаг ч хохирол төлөгдөөгүй байгаа. 9517.600 төгрөг нь Туна далай ХХК-д учирсан хохирол биш эд зүйлээ барьцаанд тавьсан иргэдэд учирсан хохирол.

Шүүх шийдвэрээ уншиж танилцуулах явцад Туна далай ХХК шүүхийн шийдвэрийн дагуу А.Анхсайханаас гаргуулсан хохиролыг зээлдэгч нарт олгох юм байна гэж би ойлгосон.

Гэм хор учруулагч А.Амарсайхан өнөөдөрийг хүртэл Туна далай ХХК-д хохирол төлөөгүй байгаа бөгөөд Туна далай ХХК шүүхийн шийдвэрийн дагуу хохирол гаргуулж, хүлээн авсан атал зээлдэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бол зээлдэгч нар Туна далай ХХК-аас хохиролоо шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч компанийн төлөөлөгч Д.Сүхбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Өмнөх шүүх хуралд барьцаалан зээлдүүлэх гэрээний барьцааны зүйл хулгайд алдагдсан үйл баримт шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Гэм хор учруулагчийн үйлдэлтэй холбоотой барьцааны эд зүйлс устаж үгүй болсоныг дүгнэж тогтоосон байдаг. Гэтэл Туна-Далай ХХК-аас хохиролыг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Туна-Далай ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаандаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан журмыг баримтлахаас гадна Стандартчлалын үндэсний төвийн баталсан MNS:52742017 гэсэн стандартыг хэрэгжүүлж ажилдаг. Энэ стандартад зориулалтын тусгай сефтэй байх ёстой, байр байгууламж нь 24 цагийн хяналтын камер болон дохиололтой байх ёстой, цонх нь зориулалтын торон хамаалалтын хаалттай байхыг шаардсан байдаг. Энэ стандарт шаардлагыг компани бүрэн хангаж ажилсан гэж үзэж байна. Гэтэл урьдчилж төлөвлсөн хадлагад өртсөн байхад Туна-Далай ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. 2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө барьцаалан зээлдүүлэх газарт хулгай орж гэм буруутан Анхсайхан нь тухайн Баруун бүсийн худалдааны төвийн харуул хамгаалалтын албаны дарга байсан. Анхсайханаас 9.517.600 төгрөгийг гаргуулж Туна-Далай ХХК-д олгож тус үйлдэлээс болж хохирсон хүмүүсийн хохиролыг барагдуулхаар шүүх шийдвэрлэсэн. Үүнийг би надаар уг мөнгө дамжиж тухайн хүмүүсийн хохиролыг барагдуулах юм байна гэж ойлгосон. Өнөөдөрийн байдлаар Анхсайханаас 400.000 гаран төгрөгийн төлбөр орж ирсэнийг зарим хохирсон хүмүүсд өгч хохиролыг барагдуулсан байгаа.

Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч компанийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тайлбаргүй гэв.

Нэхэмжлэгч Д.Сайхантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 12 дугаар сарын 06-нд Туна-Далай ХХК-ийн Баруун бүсийн худалдааны төвд байрлах салбарт нь өөрийн эзэмшлийн хуучны мөнгөн хазаарыг 5.0 сая төгрөгөөр үнэлүүлж 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 2017 оны 01 сард Туна-Далай ХХК-д хулгай орж миний барьцаанд тавьсан мөнгөн хазаар алга болсон. Д.Сүхбаатартай уулзахад нь ягаан бичгээ алга болгож болохгүй, хохирлыг төлж барагдуулна гэж байсан. Зах зээлийн үнэлгээ нь 2.800.000 төгрөг болсон үүнээс албан ёсоор зээл авсан мөнгө 500.000 төгрөг, 1 сарын хүү 50.000 төгрөг ингээд 750.000 төгрөгийг хасаад 2.250.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хариуцагч компани А.Анхсайханаас хохирол төлөгдсний дараа нэхэмжлэлийн мөнгийг өгнө гэдэг тайлбарыг хэлж хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тайлбарлаад байдаг. Д.Сайхантуяа, Туна-Далай ХХК хоёрын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт барьцаанд байгаа эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангана гэж заасан байгаа. Барьцаанд байгаа зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадаагүйн улмаас хулгайд алдагдаж өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хариуцагч тал нь А.Анхсайханаас мөнгө орж ирэх үед хохирлыг барагдуулна гэж тайлбарладаг. А.Анхсайхан Туна-Далай ХХК хоёрын хоорондох харилцаа нь эрүүгийн харилцаа бөгөөд шүүхээс А.Анхсайханд холбогдох эрүүгийн хэрэг дээр хохирогчоор Туна-Далай ХХК-ийг тогтоосон. Туна-Далай ХХК-ын эзэмшилд байсан бусдын эд хөрөнгө алга болсон тул алдагдсан эд зүйлийн үнэлгээг тус тусад нь гаргаж нийт 9.0 сая гаруй төгрөгийг Туна-Далай ХХК-д олгохоор болж эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл 2017 онд Д.Сайхантуяа Туна-Далай ХХК хоёрын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг дээрх ломбарданд хулгай орсон гэдгээр шалтгаалж биелүүлдэггүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Д.Сайхантуяа, Р.Цагаанбанди нарын нэхэмжлэлтэй Туна-далай ХХКнд холбогдох барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гаргуулах тухай харилцаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Д.Сайхантуяа, Р.Цагаанбанди нар нь хариуцагч Туна-Далай ХХК-нд холбогдуулан Д.Сайхантуяагийн барьцаанд тавьсан мөнгөн хазаарын үнэ 4000.000 төгрөгнөөс зээл 500.000 төгрөгийг хасч 3.500.000 төгрөг гаргуулах, Р.Цагаанбандийн мөнгөн бугуйвч, мөнгөн аяга, мөнгөн даралт, мөнгөн товчны үнэ нийт 1.000.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Р.Цагаанбанди нь нэхэмжлэлийн шаардлага болох мөнгөн бугуйвч, мөнгөн аяга, мөнгөн даралт, мөнгөн товчны үнэ 1.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байх бөгөөд шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Сайхантуяа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн хазаарыг 2.800.000 төгрөгөөр үнэлж, зээлийн гэрээний үүрэгт 550.000 төгрөг хасч тооцож,нэхэмжлэлийн шаардлагаа 2.250.000 төгрөг болгон өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч Д.Сайхантуяа нь хариуцагч Туна-далай ХХК-тай харилцан тохиролцон 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн 7 цэнгийн 5 ширхэг товруутай мөнгөн хазаарыг 5.000.000 төгрөгөнд үнэлүүлэн барьцаалж 500.000 төгрөгний зээлийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлэн гэрээг байгуулж, гэрээний хугацааг дахин нэг сарын хугацаагаар сунгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Гэрээний хугацаанд Туна-Далай ХХК-ны байранд хулгай орж, Д.Сайхантуяагийн өмчлөлийн мөнгөн хазаар болон бусад эд зүйл алга болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байх ба Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн мөнгөн хазаарыг нь барьцаанд авсан байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, Мөн хариуцагч Туна-Далай ХХК-ны Барьцаат зээлийн үйл ажиллагааны журмын 3.1 дэх хэсэгт Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, 3.4 дэх хэсэгт Барьцаалан зээлдүүлэх газар нь гадны халдлагад өртөж, барьцааны зүйл алдагдсан, барьцаалан зээлдүүлэх газрын эд хөрөнгө устаж, гэмтсэн тохиолдолд учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээс гаргуулж, зээлдэгч болон барьцаалан зээлдэх газрыг хохиролгүй болгоно гэж тус тус заажээ..

Хууль буюу журам, гэрээний зохицуулалтуудаас харахад Барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгээ биелүүлнэ гэдэг нь гэрээ дуусгавар болоход барьцаалсан тухайн эд хөрөнгийг барьцаалуулагчид бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн тохиолдолд хэрэгжинэ гэж үзэхээр байна.

Иймд Туна-далай ХХК нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс барьцааны эд зүйл хулгайд алдагдаж барьцаалуулагч Д.Сайхантуяад хохирол учирсан байна. Хариуцагч Туна-далай ХХК нь Стандарчлалын Үндэсний зөвлөлөөс баталсан MNS 5274 стандартын дагуу барьцааны зүйлийн бүхий л боломжит аргаар бүрэн бүтэн байдлыг хангасан гэж үзсэн байна.

Хэдийгээр Барьцаалан зээлдэх газрын хүсэл зоригоос хамаарахгүйгээр барьцааны зүйл устаж, үгүй болсон боловч Туна-Далай ХХК нь барьцааны зүйлийг буцааж өгөх гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Нөгөө талаар, тус барьцаалан зээлдэх газрын журмын 3.4 дэх хэсэгт заасан зохицуулалтаар хэрвээ, барьцааны зүйл алдагдсан тохиолдолд Барьцаалан зээлдэх газар нь учирсан хохирлыг буруутай этгээдээс эхлээд гаргуулж, дараа нь зээлдэгчийг хохиролгүй болгохоор зохицуулсан байгаа бөгөөд хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрт барьцааны зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт А.Анхсайханыг гэм буруутайд тооцож, хохирлыг мөнгөөр тооцож, Туна-далай ХХК-нд олгохоор тогтоосон байна.

Иймд Туна-Далай ХХК нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талд хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сайхантуяад хохирлыг мөнгөөр нөхөн төлөх, мөн хуулийн 228.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сайхантуяа өөрт учирсан хохирлыг мөнгөөр гүйцэтгэхийг шаардах эрхтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл бий болсон.

Гэрээгээр барьцааны зүйлийг 5,0 сая төгрөгөөр үнэлж, зээл олгосон браимт байгаа хэдий ч нэхэмжлэгч мөнгөн хазаарыг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2.800.000 төгрөг болгож, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч барьцааны зүйлийн үнэ болох 2.800.000 төгрөгнөөс зээлийн гэрээний үүрэг 550.000 төгрөгийг хангуулахаар хасч тооцон, 2.250.000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасантай нийцсэн учир хариуцагч тал энэ талаар маргаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 94 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх заалтын Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5 дэх хэсэг гэснийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.2 дахь хэсэг, мөн хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэг гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Сүхбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Монгол Улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 50950 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД   Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР