Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас ___ овогт Э-ийн М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___.

 

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС түргэн хоолны газрын орчим иргэн Г.Бы толгойн тус газар архины шилээр цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн хохиролд нийт 600.000 төгрөг төлсөн байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Мийн өгсөн:

            “...Би 2018 оны 2 дугаар сарын 17-ны орой найз нартайгаа бааранд ороод архи уусан. Тэгэж байгаад нэг мэдэхэд би уг бааранд ганцаараа үлдсэн байсан бөгөөд тэр баарнаас гарахдаа тэнд ууж байсан 1 шил пивоо бариад гарсан. Тэгээд харих гээд KFC түргэн хоолны газрын урд талд байрлах замаар гарч байтал урд талд явж байсан хүний толгой руу барьж явсан пивоны шилээр цохиод хагалчихсан. Тэгтэл тэр залуутай хамт явж байсан эмэгтэй намайг барьж аваад цагдаад өгсөн. Би тэр залууг хүнтэй андуураад цохьчихсон. Тэр өдөр би уг бааранд нэг хүнтэй маргалдаад байснаа бүдэг бадаг санаад байгаа, тэр хүнтэй андуурсан байх. Би Г.Бд хохирлын мөнгө болох 600.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 28-30/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Бы өгсөн:

            “...Би 2018 оны 2 дугаар сарын 18-ны үүрээр эхнэрийн хамт РС молл дэлгүүрээс KFC түргэн хоолны газар орох замын гарцан дээр ногоон гэрлээр гарч байтал араас үл таних залуу пивоны шилээр цохисон. Миний толгой руу цохисны улмаас миний тархи доргиж уг шархандаа хоёр оёдол тавиулсан, бас миний гар зулгарсан байсан. Уг залуугаас ойролцоогоор 600.000 орчим төгрөг авсан, санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн..” гэх мэдүүлэг /хх-н 12-13, 24-25/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Бгийн өгсөн:

            “...Манай нөхөр Баярсайхан бид хоёр 2018 оны 2 дугаар сарын 18-ны шөнө хороололд найз нартайгаа уулзаад пабад сууж байгаад 04 цагийн орчим гарч хорооллын КFC түргэн хоолны газрын өмнө байдаг замаар зам хөндлөн гарч явтал гэнэт араас Баярсайханы толгой руу цохих шиг болоод шил хагарах чимээ гарахаар нь эргээд хартал танихгүй залуу байхаар нь “яаж байнаа” гэтэл тэр залуу “уучлаарай хүн андуурсан байна” гэснээ зугатах гэхээр нь би түүний куртикнээс зуураад ноцолдтол түүгээр явж байсан таксины жолооч туслаад цагдаа дуудаж өгсөн. Тэгээд Баярсайхан толгойгоо бариад бид 2 нөгөө залуутай онгорхой байсан паб руу орж цагдаа ирэхийг хүлээж байгаад цагдаа нар ирээд тэр залууг эрүүлжүүлэхээр авч явсан.

            Баярсайхан зулай хэсэгт язраад оёдол тавиулсан. Бас Баярсайхан газар унахдаа баруун гарын хуруугаа зулгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 2644 тоот: 

1.Г.Бы биед баруун зулайн хуйханд шарх, зулгаралт, тархи доргилт баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 20/,

 

Шүүгдэгч Э.Мийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/,

- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-н 34/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 35/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Э.М нь 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС түргэн хоолны газрын орчим иргэн Г.Бы толгойн тус газар архины шилээр цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бы “...Би 2018 оны 2 дугаар сарын 18-ны үүрээр эхнэрийн хамт РС молл дэлгүүрээс KFC түргэн хоолны газар орох замын гарцан дээр ногоон гэрлээр гарч байтал араас үл таних залуу пивоны шилээр цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Бгийн “...Манай нөхөр Баярсайхан бид хоёр 2018 оны 2 дугаар сарын 18-ны шөнө хороололд найз нартайгаа уулзаад пабад сууж байгаад 04 цагийн орчимд гарч хорооллын КFC түргэн хоолны газрын өмнө байдаг замаар зам хөндлөн гарч явтал гэнэт араас Баярсайханы толгой руу цохих шиг болоод шил хагарах чимээ гарахаар нь эргээд хартал танихгүй залуу байхаар нь “яаж байнаа” гэтэл тар залуу “уучлаарай хүн андуурсан байна” гэснээ зугатах гэхээр нь би түүний куртикнээс зуураад ноцолдтол түүгээр явж байсан таксины жолооч туслаад цагдаа дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 2644 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Мид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Г.Б гэм хорын хохиролд 600.000 төгрөг хүлээн авсан, одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, Э.М бид хоёр сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй тухай /хх-н 25/ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Э.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Э.Мийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ______ овогт Э-ийн М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Мийн торгох ялыг биелүүлэх хугацааг 02 /хоёр/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М-ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ