Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/928

 

О.Ө-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

шүүгдэгч О.Ө-, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/534 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцэлд үндэслэн О.Ө-т холбогдох 2305 000000 2583 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ын Ө,

О.Ө- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод иргэн Б.Б-тэй маргалдаж, гал тогооны өрөөнд байсан шаргал өнгийн модон сандлаар иргэн Б.Б-ийг цохихоор далайх үедээ 3 сартай, эмэгтэй Б-ийн Э-г болгоомжгүйгээр цохисны улмаас амь хохирогч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн очиж, нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: О.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт О-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-ыг 3 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О Ө-т зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн хүүхдийн цус мэт улаан өнгийн зүйлээр ар хэсэгтээ бохирлогдсон цамц 1 ширхэг, “БНМАУ Дархан манай Монгол Улс” гэсэн бичиглэлтэй хар өнгийн энгэр нь урагдсан футболк 1 ширхэг, нэг талын хөл нь углуургаараа салсан шаргал өнгийн суудаг модон сандал 1 ширхгийг тус тус тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ө-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ч.Мөнх-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч О.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг хэт өргөн тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх..., нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Учир нь, Улаанбаатар хот газар нутгийн хэмжээгээр 4.704,4 км2 талбайг хамарсан, 9 дүүргийг багтаасан байгаа нь зорчих эрхийг хязгаарлаж буй ялын үр нөлөөг үгүйсгэх тул шүүгдэгчийн оршин суух газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих бүсийг тогтоох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь ялын зорилгод нийцнэ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/534 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт шүүгдэгч О.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар гэдгийг “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар гэж өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч О.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг хэт өргөн тогтоосон нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилготой нийцээгүй байна. Учир нь, Улаанбаатар хотын газар нутаг нь 9 дүүргийг хамарсан том газар нутаг байгаа. Мөн Улаанбаатар хотод оршин суудаг хүнийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилттой нийцэхгүй байна. Иймд шүүгдэгч О.Ө-ын оршин суудаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр бүсчлэлийг тогтоож сольж өгнө үү гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичсэн байгаа. Уг эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...Прокурорын байгууллагад ялын бодлого гэж байдаг. Улаанбаатар хотод оршин суудаг хүнийг Улаанбаатар хотын буюу 9 дүүргийн нутаг дэвсгэрээс 3 жилийн хугацаагаар гарахгүй байхаар тогтоож байгаа боловч шүүгдэгч О.Ө- нь Улаанбаатар хотод амьдардаг, хөдөө орон нутаг руу явах шаардлагагүй байхад Улаанбаатар хотын 9 дүүргээр чөлөөтэй зорчиж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх гэсэн үндсэн зорилгод нийцэхгүй байна гэж үзсэн. ...Улсын ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан сургалтад орж байхад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх гэдгийг зорчих эрхийг хязгаарлах ял нь нэг талдаа цахим бугуйвч зүүж байгаа бөгөөд шүүхээс тогтоож өгсөн газраас, тогтоож өгсөн хугацаанд нэг газраас нөгөө газар руу зорчихыг хориглосон байх үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүндэтгэн үзэх шалтгаанаа хэлж мэдэгдэж явах маршрутаа өөрчлүүлэхийг хэлнэ гэж тайлбарласан. ...” гэв.

Шүүгдэгч О.Ө- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 4 нялх хүүхэдтэй, эхнэр сахрын өвчтэй. Хүүхдүүд бага нь 10 сартай, 2 настай, 5 настай, 11 настай. Нийтийн байр түрээсэлж амьдардаг. Оршин суудаг дүүргийнхээ хэмжээнд хоригдох юм бол ажиллаа хийх боломжгүй хэцүү байдалд орно. Би хүүхдүүдээ тэжээж чадахгүй маш хүнд байдалд орно. Хохирогчийн том хүүхэд нь манай гэр бүлтэй хамт амьдардаг. Би 5 хүүхэдтэй амьдарч байгаа. Хохирогчийн эцэг, эх нь надтай хамт ажил хийдэг. Хадам эх маань харвасан, хүний асаргаанд байдаг. Би бүгдийг л зохицуулдаг ганц хүн нь юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...Би доороо хэдэн хүн ажиллуулаад бригад болоод барилгын арматур төмөр боодог ажил хийдэг. ...Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд ажил гүйцэтгэж байсан. ... Би энэ явдлаас хойш архи уухаа больсон. ... Уухгүй болохоо амлаж байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Ө-ын өмгөөлөгч П.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналыг гаргасан. Анхан шатны шүүх 3 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Үүн дээр хяналтын прокурор анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн гэж үзээд эсэргүүцэл бичээгүй гэж ойлгож байна. Харин дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа прокуророос “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах гэж нутаг дэвсгэрийг тогтоож байгаа нь манай прокурорын байгууллагын ялын бодлогын зорилгод нийцэхгүй байна” гэж байна. Ялын бодлогыг прокурорын байгууллага хэрэгжүүлнэ гэх хуулийн зохицуулалт байхгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд оногдуулсан. Мөн эсэргүүцэлд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан цээрлүүлэх, нийгэмшүүлэх гэсэн зохицуулалтыг зөрчсөн” гэж тусгасан. 3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь нэг талдаа цээрлүүлж байна гэж ойлгож байгаа. Ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзаад 3 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос гарахгүйгээр ажил үүргээ гүйцэтгээд явах боломжтой байдлаар нийгэмшүүлэх зорилгоор шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч О.Ө- нь анхнаасаа үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Гарсан хохирлыг төлсөн. Хохирогчийн зүгээс “...бага ял шийтгэл оногдуулж өгнө үү, гомдол саналгүй” гэх баримтыг гаргаж өгсөн. Эдгээр бодит нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

  1. Шүүгдэгч О.Ө- нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тэй маргалдан уг маргаанаас үүдэлтэй гал тогооны өрөөнд байсан шаргал өнгийн модон сандлаар иргэн Б.Б-ийг цохихоор далайх үедээ 3 сартай, эмэгтэй Б.Э-г болгоомжгүйгээр цохисны улмаас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн очиж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
  • хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн: “...Би архи ууж байгаад тасарсан. ...Өөрийн талийгаач охин Б.Э-г гар дээрээ тэвэрсэн байсан. ...Би охиноо хэнээс аваад тэвэрснийг сайн мэдэхгүй байна. Би охин Б.Э-г харахад ухаантай ухаангүй байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан толгойг нь тэмтэрч үзэхэд хажуу талдаа хавдаад овойсон байсан. Тухайн үед эхнэр Н.С, Н.С хоёр архи уугаагүй эрүүл байсан. О.Ө- нь миний охины толгой руу сандлаар цохичихлоо гээд эхнэр Н.С сандарсан байдалтай байсан. ...” /1хх 32-34/,
  • гэрч Н.С-ийн: “...Б.Б-, О.Ө-, Б.Б- нар архи уусан. Энэ гурав архиа ууж байхдаа морь ярьж байгаад гэнэт муудалцаад эхэлсэн. ...Нөхөр Б.Б- “Явъя, хүүхдээ хувцасла” гэхээр нь би бага охиноо хувцаслаад үүдэнд зүүн гартаа охиноо бариад, баруун гараараа гутлаа өмсөх гээд доош тонгойж байхад араас тас гээд юм дуугарсан. Харахад тэдний гэрийн сандал миний охины толгойн баруун хойд хэсэгт оноод газарт унасан. Охин маань огт уйлаагүй, харин хөхрөөд, гар нь сарвалзаад, гараа зангидаад таталт өгсөн. ...О.Ө- миний ард талд, надаас 1-2 алхмын зайтай зогсож байсан. Н.С О.Ө-ын хажуу талд зогсож байсан. ...Би буруу хараад тонгойж байсан болохоор О.Ө-ыг сандал авахыг хараагүй. О.Ө- миний ард талд байсан. Ямар ч байсан гэнэт тас гээд охины толгойг юм оноод харахад О.Ө-ын гэрийн шар өнгийн сандал газарт унасан. ...” /1хх 46-49, 53-54/,
  • гэрч Б.Б-ий: “...Би ариун цэврийн өрөө орчхоод ороод ирэхэд О.Ө-, Б.Б- нар нь хоорондоо маргалдаад, О.Ө- нь сандал аваад далайж байх шиг байсан. Тэгээд би салгаад “Одоо харьцгаая” гэхэд С эгч “Хүүхэд оночихсон байна" гээд уйлахаар нь би очоод хүүхдийг тэврэхэд амьсгаатай унтаж байх шиг байсан. ...Миний харснаар О.Ө- нь сандлыг аваад Б.Б- рүү далайж байсан. Талийгаач охин руу далайсан зүйл байхгүй. Би сандлыг хүн оноогүй гэж харсан. Гэтэл хүүхэд оногдсон гээд талийгаач охины ээж нь орилж эхэлсэн. ...О.Ө- ...баруун гараараа шаргал өнгийн модон сандал аваад толгойны ойролцоо гаргаад сандал нь шууд газар унах шиг харагдсан. ...” /1хх 57-58, 60-61/,
  • гэрч Н.С-ын: “...Би С эгчид “Хүүхдээ аваад согтуу хүмүүсээс холдооч” гээд хэлж байх үед манай нөхөр сандлаа Б.Б- рүү далайгаад цохих гэж дайрсан. Би зуурсан чинь сэгсрэгдээд газар унаад өгсөн. Тэгээд миний хамраас цус гараад, би босож ирээд “Та хоёр болиоч” гэсэн чинь манай эгч Н.С нь О.Ө-ыг “Хүүхэд цохичихлоо, царай нь хөхрөөд сонин болоод байна” гэсэн. Тэр үед манай нөхөр барьж байсан сандлаа Б.Б- ах руу шидсэн. ...” /1хх 63-66/,
  • гэрч Г.Б-ийн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө ээлжид гарч байхад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны 22:30 цагт “Хүүхдийг маань хүн цохичихлоо” гээд ээж нь тэвэрч орж ирээд манай сувилагч аваад над руу орж ирсэн. Би үзэхэд биеийн байдал маш хүнд, царай цонхигор, гар хөл татсан, эрүүгээ татсан, амьсгалтай, арьс хүйтэн, эрээн зүрх бүдэг түргэссэн толгойн баруун хэсэгт том цус хуралттай, гаднах хувцас цус цацарсан, өөрөөс нь гараагүй ба хүүхэн хараа гэрэлд сул, ...пульсгүй орж ирээд мониторт холбож үзлэг хийгээд мэдрэлийн М эмчийг дуудаж шууд хүчилтөрөгч өгөөд сэхээнд тэврэн очиж хүлээлгэн өгсөн. ...Хүүхэд биеийн байдал маш хүнд байсан ба ээжээс нь асуухад хүмүүс муудалцаж байгаад гараараа цохисон гэж хэлсэн. ...” /1хх 112-113/
  • шүүдэгч О.Ө-ын: “...Хүүхдийн өмнөөс харамсаж байна ...Хохирол нэхэмжилсэн асуудлыг бүрэн барагдуулна. ...Сандал аваад цохих гэж байгаад болиод сандлаа доошлуулах явцад цохисон. Хүүхдээ сугандаа хавчуулсан байсан. ...Сайн анзаараагүй. Б.Б- рүү далайхад хажууд байсан юм байна лээ. Сайн анзаараагүй ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. ...Гэм буруу дээр маргахгүй байгаа. ...” /1хх 197-199, 2хх 82/ гэсэн мэдүүлгүүд,
  • амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3168 дугаар дүгнэлт /1хх 149-156/,
  • гэрч Н.С-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 68-90/, хэргийн газарт, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 8-23/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Ө-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

  1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч О.Ө-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч О.Ө-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тэй маргалдаж, улмаар сандлаар иргэн Б.Б-ийг цохихоор далайх үедээ 3 сартай Б.Э-г болгоомжгүйгээр цохисны улмаас амь нас нь хохирсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

  1. Анхан шатны шүүх шүүгдэгч О.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг дээд шатны прокурор эс зөвшөөрч “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн өөрчлөлт оруулах”-аар эсэргүүцэл бичжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ө-ыг ийнхүү зорчих эрхийг хязгаарлах шийтгэхдээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэт өргөн хүрээтэй буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй, энэ нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул шүүгдэгчийг Улаанбаатар хотын Хан-Уул, Баянгол дүүргүүдэд ажил эрхэлдэг ба Сүхбаатар дүүрэгт оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэгт оршин суудаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнийг “Улаанбаатар хотын Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж үзэж, энэ талаар бичсэн дээд шатны прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Мөн, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.Ө- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн буюу урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэдийгээр энэхүү гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэхээс гадна дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд албадлагын арга хэмжээ нь ялын зорилгыг хангах, түүний үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хэрэглэгддэг эрүүгийн ялын бус хариуцлагын төрөл болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-, гэрч Н.С, гэрч Н.С, гэрч Б.Б- нарын өгсөн мэдүүлгүүдээр гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан этгээдүүд нь бага насны хүүхдүүд, хохирогчийн дэргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж,

7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн ...3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “Шүүх дараах хязгаарлалтыг тогтооно: согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэж заасны дагуу шүүгдэгч О.Ө-т үндсэн ялын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хорих хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавихаар заасны дагуу шүүгдэгч О.Ө-т авсан албадлагын арга хэмжээний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ө-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, ийнхүү албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй болохыг дурдаж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр дээд шатны прокурор Ч.Мөнх-Эрдэнийн “Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах”-аар бичсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/534 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/534 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ө-т оногдуулсан үндсэн ялын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ