Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч Н.С,

хохирогч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас ___ овогт Н-н С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805012640283 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 31 дүгээр байрны 31 тоотод эхнэр Б.Стай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр би өөрийн найзтайгаа Солонгос хүний гэрт бид гурав нийлж архи уусан. Архиа ууж дуусаад найзтайгаа тэр айлаас гараад харих гэхэд бид хоёр хоёулаа согтуу байсан учраас машин барих боломжгүй байсан. Тэгээд манай найз нэг хүн дуудаад машинаа бариулсан. Би нилээн уусан байсан болохоор машины хойд талын сандал дээр унтсан байсан. Манай найз бас унтсан байсан. Намайг эхнээсээ гэрийн гадаа буулгах зорилготой байсан учраас манай найз машин барьсан найздаа намайг байхгүй гэж хэлээрэй гэж хэлсэн байсан. Би тухайн үед улаан куртик өмссөн байсан учраас манай эхнэр наад хүнээ дуудчих гэхэд нь машин барьж явсан хүн чиний хайж байгаа хүн биш гэж хэлээд машинаа хөдөлгөсөн. Хөдлөөд булан тойроод зогссон. Эргээд манай гэрийн хажуугаар явахад нь би гэрийнхээ гадаа буусан. Намайг буухад машин барьж явсан хүн нь танай эхнэрт би чиний хайж байгаа хүн байхгүй гээд хэлчихсэн шүү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би заза гэж хэлээд гэр рүүгээ ороход манай эхнэр хүүхдээ хувцаслачихсан явах гээд бэлдэж байсан. Чи хаачих гэж байгаа юм бэ гэхэд манай эхнэр чи ямар хүнтэй явалдаад байгаа юм бэ гэхээр нь тийм юм байхгүй гээд бид хоёр маргалдсан. Дараа нь эхнэрийгээ найзтайгаа яриулаад юу болсон талаар хэлүүлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр манай гэрт манай хоёр найз гарч төрсөн өдөр тэмдэглье гээд ирсэн байсан. Тэгэхээр нь нөхөр рүүгээ учраа хэлээд хүүхдээ харчих гэхэд манай нөхөр найзындаа байна хүүхдээ харж чадахгүй гэсэн. 2 найзыгаа явуулчихаад маргааш нь ажлын өдөр байсан болохоор охиныгоо усанд оруулчихаад нөхөр рүүгээ залгахад утсаа авахгүй байхаар нь утасныхаа 3G-г асаагаад харахад гэрийн гадаа ирсэн байсан. Гэрээс гараад нэг машин дээр очоод нөхрөө асуухад байхгүй гээд хөдлөөд байшингийн булан эргээд зогссон. Тэгэхээр нь би наана чинь манай нөхөр байна дуудаад өгчих гэхэд чиний таних хүн биш гээд машинаа асаагаад дахиад яваад өгсөн. Гэртээ ороод дахин 3G-р харахад Өргөө кино театр өгсөөд явж байхаар нь энэ надад худлаа хэлж байгаа юм байна гээд уурласан. Тэгээд явах гээд хувцсаа бэлдэж байхад ороод ирсэн. Энэ хооронд утсаар залгаад нилээн маргалдсан байсан. Орж ирээд надад тийм юм байхгүй гээд байсан. Эхлээд алгадаж унагаад шатан дээр бид хоёр нилээн ноцолдсон.

Би тэр өдөр 2 найзтайгаа 0,75 литрийн архи хувааж уусан байсан. Тухайн үед хүүхэд миний хажууд байсан. Өмнө намайг цохиж зодож байгаагүй. Бид нар одоо хамт амьдарч байгаа. Манай нөхөр ажлын хүмүүстэйгээ л архи уудаг. Уух болгондоо ийм ааш гаргаад байдаггүй, анх удаа ийм юм болж байна. Өмнө нь хаана явж байгаагаа хэлдэг байсан...” гэв.  

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

           

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.С-ийн өгсөн:

            “...Би хамт ажилладаг Солонгос хүн болон найз Нямдаваа нарын хамт архи уугаад Нямдаваа болон найз нь намайг гэрт хүргэж өгсөн. Би гэртээ согтуу орсон. Намайг гэрт ороход эхнэр хүүхдээ аваад явах гэж байсан. Тэгээд эхнэр хүүхдээ аваад гарах гэхээр нь би гаргахгүй гэсэн. Тэгтэл эхнэр уурлаад надтай хэрэлдээд бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр бие биенээ алгадаж аваад намайг 00 орсон хойгуур эхнэр хүүхдээ аваад гарсан. Би араас нь гараад эхнэрээсээ хүүхдээ аваад буцаад гэртээ орж ирсэн. Удалгүй манай эхнэр ахыгаа дагуулсан, 2 цагдаатай хамт орж ирсэн. Намайг цагдаа нар гэрт үлдээгээд эхнэр ахтайгаа хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-н 57-58/,

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сгийн өгсөн:

            “...Би 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад нөхөр болох Содбилэгийн гар утас руу 00:30 минутанд залгахад утсаа аваагүй. Тэгэхээр би өөрийн гар утасныхаа 3G хайлтаар хаана явж байгааг нь харахад Гандангийн автобусны буудлаас гараад гэрийн үүдэнд ирсэн байсан. 30-40 минут болоод гэртээ ороод ирэх юм байх гэтэл, орж ирэхгүй болохоор нь гадаа гараад харсан чинь саарал өнгөтэй алпард гэдэг машинд үл таних нэг эмэгтэйтэй сууж байсан. Би жолооч талын хаалга руу очоод хаалгыг нь татахад хаалга нь цоожтой байсан тул цонхыг нь зөөлөн тогшиход цонхоо буулгахаар нь наад хүнээ сэрээчих гэсэн тэгтэл уг эмэгтэй юу яриад байгаа юм бэ чиний таньдаг хүн биш гээд, шууд үгийн зөрөө байхгүй машинаа асаагаад яваад өгсөн. Би буцаад гэр рүүгээ ороод гар утсаа асаагаад үзтэл ирсэн газар болох Гандангийн нэг гудамж руу ороод зогссон. Би явах гээд хувцсаа бэлтгэж байтал манай нөхөр болох Содбилэг ороод ирсэн. Орж ирэхээр нь чи юун эмэгтэй хүнтэй байгаа юм гэж асуухад юу яриад байгаа юм бэ, би гэртээ таксинд суугаад ирсэн гэхээр нь би уурандаа чи аавыгаа дуурайж байгаа юм байна гэхэд, надруу чи миний эцгийг доромжлох болоогүй шүү гээд шууд нэг гараараа зүүн талын хацар руу хүчтэй 1-2 удаа алгадахад би газарт унасан. Босож ирээд чамаар зодуулах болоогүй шүү гэхэд намайг ахин дух болон зүүн талын чих рүү цохисон, Хэдэн удаа цохисныг нь сайн мэдэхгүй байна, ямар ч гэсэн олон удаа л цохиод байсан. Мөн намайг гуя, бөгс. шилбэрүү 5-6 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Содбилэг угаалгын өрөө рүү орох үед нь би хүүхдээ аваад гараад зугтаасан, тэгтэл араас хүрч ирээд хүүхэд авах гээд булаацалдаад байхаар нь өгөхгүй гэтэл миний зүүн талын гарыг мушгиж, дарахаар нь би аллаа гээд орилоход үснээс зулгааж хана мөргүүлсэн. Тэгээд 2 настай охиныг минь аваад явсан.

Би орцны гадаа гараад таксины ахын гар утсаар өөрийн төрсөн ах болох Амармэнд рүү залгаж юу болсон тухайгаа хэлэхэд манай ах гадаанаа байж бай. битгий ороорой гэсэн. Ах ирээд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нартай хамт гэр рүүгээ ороход охин маань унтаж байсан. Түүнийг цагдаа нар аваад явах гэтэл архи бараг уугаагүй байсан тул авч яваагүй, манай ах охин бид хоёрыг гэр рүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

            Мөрдөн байцаалтад гэрч Б.аийн өгсөн:

            “...Би 2018 оны 2 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө гэртээ амарч байтал 01:20 цагийн орчимд манай ээжийн гар утсанд 2-3 удаа дүүгийн нөхөр болох Содбилэгийн гар утаснаас дуудлага ирсэн байсан. Эхний дуудлагыг би амжаагүй, хоёр дахь удаагаа залгахад утсыг нь авахад миний төрсөн дүү болох С уйлсан байдалтай ахаа би аймар зодуулчихлаа гэсэн, чи яагаад өөрийнхөө дугаараас залгахгүй байгаа юм гэтэл миний гар утсыг авчихаад өгөхгүй байна гэсэн. Тэгээд би шууд гэрээсээ гараад машинаа бариад 3, 4-р хорооллын бичлийн орчимд явж байхад танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь авахад манай дүү айсан, сандарсан байдалтай яриад, ахаа та ирээд хэрэггүй би такси бариад танайх руу очиж явна гэсэн, энэ хэний дугаар вэ гэж асуухад таксины жолоочийн дугаар гэсэн. Хаана явна гэж асуухад Эх нялхасын баруун хойд талын уулзвар дээр явна гэхээр нь наанаа буучих гэсэн. Очоод хартал хүүхдийнхээ баруун гутлыг тэвэрсэн байдалтай, уйлсан сууж байсан. Машиндаа суулгаад гэр рүү нь явсан, явах замдаа юу болсон талаар асуухад тухайн үед болсон асуудлаа нэг бүрчлэн хэлсэн. Би нөхөр рүү нь 3 удаа залгахад утсаа аваагүй, хаалгаа тайлахгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирээд, цагдаа нартай хамт гэр рүү ороход хаалгаа тайлсан. Манай дүүгийн хүүхэд унтсан байсан. Гэрт ороход нилээн асуудал болсон нь тодорхой харагдаж байсан. Цагдаа нар түүнийг аваад явах гэтэл архи уусан боловч саатуулах хэмжээнд байхгүй байна гэсэн. Тэгээд би дүү болон дүүгийнхээ хүүхдийг гэрлүүгээ аваад явсан. Өмнө нь 2017 оны 01 сард манай дүүг цохиж зодсон боловч ил харагдах гэмтэл байхгүй байсан тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 43/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 2728 тоот: 

1. Сгийн биед зүүн чихний дэлбээ, эрүү, хуйх, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 48/,

 

Шүүгдэгч Н.Сийн хувийн байдалтай холбоотой:

- гэрч Д.Бын “...манай хүү дуулгавартай, их ажилсаг хүүхэд. Их дуугай, тусархаг..” гэх мэдүүлэг

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 70-71/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 73/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 76-80/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 2 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 31 дүгээр байрны 31 тоотод эхнэр Б.С-тай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.С-гийн “...Би 2018 оны 2 дугаар сарын 19-ний шөнө ...манай нөхөр болох Содбилэг ороод ирсэн. Орж ирэхээр нь чи юун эмэгтэй хүнтэй байгаа юм гэж асуухад юу яриад байгаа юм бэ, би гэртээ таксинд суугаад ирсэн гэхээр нь би уурандаа чи аавыгаа дуурайж байгаа юм байна гэхэд, надруу чи миний эцгийг доромжлох болоогүй шүү гээд шууд нэг гараараа зүүн талын хацар руу хүчтэй 1-2 удаа алгадахад би газарт унасан. Босож ирээд чамаар зодуулах болоогүй шүү гэхэд намайг ахин дух болон зүүн талын чих рүү цохисон, Хэдэн удаа цохисныг нь сайн мэдэхгүй байна, ямар ч гэсэн олон удаа л цохиод байсан. Мөн намайг гуя, бөгс. шилбэрүү 5-6 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Содбилэг угаалгын өрөө рүү орох үед нь би хүүхдээ аваад гараад зугтаасан. Тэгтэл араас хүрч ирээд хүүхэд авах гээд булаацалдаад байхаар нь өгөхгүй гэтэл миний зүүн талын гарыг мушгиж, дарахаар нь би аллаа гээд орилоход үснээс зулгааж хана мөргүүлсэн...” гэх мэдүүлэг,

            гэрч Б.а-ийн “...Би 2018 оны 2 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө ... миний төрсөн дүү болох С уйлсан байдалтай ахаа би аймар зодуулчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн 2728 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Б.С нь “...гомдол саналгүй, миний бие зүгээр байгаа, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-н 37/ өгсөн байх тул шүүгдэгч Н.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Н.Сийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт Н-н С-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.С-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаа зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.С-ийн торгох ялыг биелүүлэх хугацааг 03 /гурав/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.С-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ