Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2020/00022

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Намхайдорж даргалж,

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр

 

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.*******маа

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 334 дугаартай Д.*******ын нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн Алаг адуун овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Би 1992 оны 12 сарын 19-нд охин *******г төрүүлсэн билээ. Охин маань 1999 онд гэнэт унаад ухаан оролгүй нас барсан юм. Сумын төвөөс зайтай байсан учир эмнэлэгийн тусламж авч чадаагүй. Охины нас барсныг төрийн байгууллагад тухайн үедээ бүртгүүлж чадаагүй. Иймд охин *******г 1999 оны 06 сарын 18-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар Д.*******ын хүсэлттэй өөрийн охин А.*******г 1999 оны 06-р сарын 18-ны өдөр нас барсан болохыг тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож,

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат Алаг адуун овогт *******гийн ******* миний бие охин *******г 1992.12.19 нд төрүүлсэн.

Охин маань өвчин эмгэггүй эрүүл саруул өсөж байсан юм.Гэтэл яасныг бүү мэд 1999 оны зун гэнэт нэг өдөр ухаан алдаж унаад дахин сэргэлгүй нас барсан юм. Тэр үед манайх сумын төвөөс хол байсан учир эмнэлгийн тусламж авч чадаагүй юм. *******ыг ах, дүү нар маань ирээд хийгээд л өнгөрсөн юм. Эцэг, бид хоёр нас барсныг сумын ЗДТГ-т бүртгүүлэхийг мэдэхгүйгээс болж бүртгүүлээгүй юм.

Охин маань 1999.06.18-ны өдөр нас барсан, охин *******г 1999.06.18-ний өдөр нас барсныг тогтоож өгөхийг хүсч хүсэлтээ Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм.

Шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул би гомдолтой байна. Иймд уг шийдвэрийг /2020.05.28-ны 334-р шийдвэр/ эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Миний гомдлыг хянан үзэж хүсэлтийг минь хангаж өгөхийг хүсье. Нас баралтыг бүртгүүлэх талаар мэдлэг хомс, өөрсдөө залуу байсан учир том охиноо гэнэт алдсан, сэтгэл зүйн хүнд дарамттай байсан болохоор дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан үе байсан.

Цаг хугацаа өнгөрсөөр бүртгүүлэхгүй өдий хүрлээ. Төрийн бүртгэлд нас барсаныг бүртгүүлж хасуулах нь зөв юм байна.//

Би шүүхэд охиныхоо 2 ш зураг, сумын ЗДТГ албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн төрөлтийн бүртгэлд нас баралт бүртгүүлсний лавлагаа, сумын эрүүл мэндийн төвийн албан бичгийг хавсаргасан болно.

Охиныг амьд байх үед эрүүл мэндийн дэвтрийг төрөхөд нь эмнэлэг өгч байсан. Нас барахад уг дэвтэрийг шатаачихсан юм. Бага насны хүүхдэд өөр бичиг баримт байдаггүй юм байна. Би өөрт байгаа нотолгоо болох байх гэсэн баримтуудыг хавсаргасан гэжээ.

/РД ******* охин/ /ИД*******/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******маа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.******* нь 1992 онд охиноо төрүүлж, эрүүл саруул өсгөж байгаад 1999 онд охин нь зүгээр тоглож яваад гэнэт ухаан алдаж унаад дахиж сэрэлгүй өөд болсон байдаг. Тухайн үед нэхэмжлэгч сумын төвөөс хол байсан тул эмнэлэгт хандаж чадаагүй гэсэн. Анхных нь хүүхэд болон өөрсдөө залуу байсан учраас хүүхдээ алдаад цочролд орж тухайн үед нас барсаныг нь бүртгүүлэх талаар мэдээгүй гэсэн. Удаа дараа нас барсан хүүхдээ бүртгүүлэх талаар сумын захиргаанаас хэлж байсан ч одоог хүртэл бүртгүүлж чадаагүй.

Иймд нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримттай хамааралтай нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь охин А.*******г 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нас барсаныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ тайлбарлахдаа. Миний бие нь 1992 оны 12 дугаар сарын 19-нд охин А.*******г төрүүлсөн юм. Охин маань 1999 онд гэнэт унаад ухаан оролгүй гэртээ нас барсан юм. Сумын төвөөс зайтай учир эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй, охиноо нас барсаныг тухайн үед төрийн байгууллагад бүртгүүлж чадаагүй юм. Охин А.*******г минь 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.*******агийн нэхэмжлэлийн шаардлага нь эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг тогтоолгоход чиглэсэн учраас эрх ач холбогдол бүхий үйл явдал гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдлыг шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж үзэж тогтоох боломжтой байна.

Гэхдээ хуулийн заалтыг тайлбарлавал, тухайн үйл баримтыг иргэний бүртгэлд бүртгүүлээгүй, тэмдэглэл зэрэг баримт байхгүй, бүртгэлийн байгууллага тогтоохоос татгалзсан, эдгээр байдлыг шүүхээс өөр байгууллага тогтоох боломжгүй болсон тохиолдолд шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэхээр байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 1992 оны 12 дугаар сарын 19-нд охин А.*******г төрүүлсэн нь төрөлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа хэдий ч А.******* нь ямар шалтгаанаар хэзээ нас барсан, нас барсаныг иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй эсэх, бүртгэлийн байгууллага сэргээн бүртгэхээс татгалзсан үндэслэл, энэ талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Мөн А.*******г нас барсаныг тогтоолгох нь эрх зүйн ямар ач холбогдолтой болохыг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа тодорхой дурьдаагүй байна.

Түүнчлэн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа нь иргэний хүсэлтэд үндэслэн үүсдэг, эрхийн маргаангүй, ямар нэгэн этгээдэд хандсан шаардлага биш, эрх зүйн үйл явдал болон үйлдлийг шүүхээс тогтоох ажиллагаа тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ердийн журмаас онцлогтой. Өөрөөр хэлбэл, Шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд өөрийн санаачлагаараа нотлох баримт шаардах, бүрдүүлэх боломжтой байдаг.

Анхан шатны шүүх дээрх үйл явдал болсон эсэхийг тогтоохдоо гэрчийн мэдүүлэг, баримт бичиг болон нотолгооны бусад хэрэгслийг ашиглаагүй, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, гэрэл зураг, бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтуудаар А.*******г нас барсан эсэхийг тогтоох нь хангалттай бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 334 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД                              Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР