| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/04373/И |
| Дугаар | 192/ШШ2025/06289 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/06289
| 2025 08 14 | 192/ШШ2025/06289 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т***
Хариуцагч: ***
269,308,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Нэхэмжлэгч *** болон хариуцагч *** ХХК нар нь 2024 оны 5-р сарын 13-ны өдөр №46 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, тус гэрээний дагуу хариуцагч Ба****125.52м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2025 оны 6-р сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч нь 376,560,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар нэхэмжлэгч нь тус гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж байсан бөгөөд 60,000,000 төгрөгт тооцон****маркийн автомашиныг хариуцагчид шилжүүлсэн бөгөөд үнэлгээг оролцуулснаар 249,308,000 төгрөгийг төлсөн. Гэтэл орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орохгүй болох нь тодорхой болсон тул харилцан тохиролцож 2025 оны 2-р сарын 20-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсан. Тус хэлцлийн дагуу хариуцагч 249,308,000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр тохирсон. Гэвч тус хэлцлийг хийснээс хойш 2025 оны 3-р сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг төлснөөс өөрөөр ямар нэгэн төлөлт хийгээгүй. Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээнд гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 40,000,000 төгрөгийн торгууль төлөх бөгөөд тус торгуулийг нийт гүйцэтгээгүй үүргийн хамт үүрэг зөрчсөн өдрөөс хойш 15 хоногийн дотор бүрэн төлж барагдуулахаар заасан байдаг. Тиймээс үндсэн төлбөр 229,308,000 төгрөг болон гэрээний торгууль 40,000,000 төгрөгийн хамт нийт 269,308,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндсэн төлбөр 229,308,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, торгуульд тооцсон 40,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг нь багасгавал эвлэрэх боломжтой байна
Зохигчид шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 249,308,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан 269,308,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талууд эвлэрч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 249,308,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** нэхэмжлэлтэй хариуцагч *** ХХК-д холбогдох 269,308,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 249,308,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулах-аар харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,504,495 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,404,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ