Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/42

 

Э.Өсөхбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Б.Мөнхдөл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* /цахим/, Г.******* /цахим/, 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.*******ийн өмгөөлөгч Б.нтунгалаг,

Шүүгдэгч Э.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг,

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн  өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Э.Өсөхбаярт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Э.Өсөхбаяр нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн А0202 дугаартай авто замаас салж сум руу явдаг хатуу хучилттай замын 6 дахь километрт “North benz” загварын ******* ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт буюу “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг чиргүүлтэй автомашин суурин газрын гадна цагт 60 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам дээр явж байсан тэмээг мөргөж эсрэг урсгалд орж “Тoyota Aqua” загварын ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн “Тoyota Aqua” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.*******, Ч.*******, М.*******, Д., Ө. нарын 5 хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

          Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Итгэл нь Э.Өсөхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Э.Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 5 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаярт оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаярт оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолохыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаяраас нийт төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д 902050000 төгрөг, Ө.т 82500000 төгрөг, Г.*******д 82500000 төгрөг, Ч.т 82500000 төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ийн нэхэмжлэлээс 1500000 төгрөг, Г.*******гийн нэхэмжлэлээс 500000 төгрөг, М.*******ийн тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “ Финанс ББСБ” ХХК-ийн 12250000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Э.Өсөхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.т 23222501 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д 16000000 төгрөг, Г.*******д 30965044 төгрөг, Ө.т төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.******* нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Э.Өсөхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:    

          Анхан шатны шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтдаа Шүүгдэгч Боржигон Нээндэй овгийн Эрдэнэжаргалын Өсөхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас 5 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан диспоцизод “ энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон” гэж заасан байдаг тул анхан шатны шүүхээс Э.Өсөхбаярыг хүний амь насыг “ хохироосон” гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь хохироосон гэдэг нь хүний санаатай үйлдэл, эс үйлдэхүйн үр дүнд үүссэн үр дагаврыг илэрхийлэх ойлголт болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ....5 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү.

Шүүхээс Э.Өсөхбаярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг хэрэглэх ёстой боловч хэрэглээгүй гэж үзэхээр байна. Учир нь Э.Өсөхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан 2 жилээс 8 жилийн хугацааны интервалтай хорих ялын санкциас 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болох 5 хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг харгалзан үзлээ гэж шүүх хуралдааны танхимд шүүхийн тогтоолыг уншиж сонсгохдоо тайлбарласнаас үзвэл ял шийтгэлийг зөвхөн цээрлүүлэх зорилгыг харгалзан үзэж оногдуулсан байна.

Харин эрүүгийн хариуцлагын бусад зорилгууд болох хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг анхаарч үзээгүй нь хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчид 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хор уршгийг барагдуулах асуудал энэ хугацаагаар удаашрах бөгөөд хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг нийгмээс удаан хугацаанд тусгаарлах бус нийгэмд байлгаж, ажил хөдөлмөр хийлгүүлэх замаар хохирлоо төлүүлэх байр суурийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар илэрхийлж байсан.

Мөн шүүгдэгч Э.Өсөхбаярын тухайд зайлшгүй олон жилийн хугацаанд нийгмээс тусгаарлаж хүмүүжүүлэх шаардлагатай хүн биш бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлон тогтоогдоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийгмийн аюулын шинж буюу дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл багатай зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өмгөөлөгчдийн зүгээс Э.Өсөхбаярт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлтэй талаар мэтгэлцэж оролцсон ба шүүхээс дээрх дүгнэлтийг үгүйсгэхдээ 1-рт “...хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй...”, 2-рт “....шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй...” гэжээ.

Шүүх ийнхүү дүгнэсэн үндэслэлээ тодорхойлохдоо “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу оршуулгын төлбөртэй холбоотой баримт, хохирогч нас барсны улмаас түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлүүлэх асуудлаар маргаж оролцсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.." мөн “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгийг хэргийн үйл баримт, хэргийн үйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг хамааруулан ойлгоно..” гэж тайлбарласан.

Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гагцхүү гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, түүнийг нотолсон нотлох баримтын хүчинтэй байдал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан сэтгэл санааны хохирол шаардах эрхийн үндэслэлийн талаарх хууль зүйн дүгнэлт, тайлбар гаргасныг шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан иргэний үндсэн эрх болох “ ... Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх...” эрхтэй гэж заасныг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана...” гэж заасныг анхан шатны шүүх ноцтойгоор зөрчиж шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээрээ хангагдсаны төлөө түүний эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмын дагуу Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих үүрэгтэй тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тогтоосон оршуулгын баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “..Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон ирсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно..” гэж заасан байхад оршуулгын баримтуудад тус баримтыг баталгаажуулсан хуулийн этгээд, эсхүл иргэний гарын үсэг, тамга тэмдэг, он сар байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэж оролцсон юм.

Харин шүүгдэгч Э.Өсөхбаяр нь тус хэргийг прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үеэс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хор уршиг буюу оршуулгын зардлыг барагдуулж байсан, мөн шүүх хуралдааны үед өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан шууд хор уршиг болох оршуулгын зардлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр бүрэн төлж барагдуулсан, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Ийнхүү Э.Өсөхбаярын хувьд шүүхээс тогтоосон хэмжээнд оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан тул өмгөөлөгчийн зүгээс шүүхээс хор уршгийг тогтоосон хэмжээ болон бусад асуудлын талаар гомдол гаргаагүй бөгөөд гагцхүү шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэсэнтэй холбогдуулан энэхүү гомдлыг гаргаж байгаа болохыг тодруулан дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж хөхүүлэн дэмжих зорилгоор хууль тогтоогчийн зүгээс хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцсон болно.

Э.Өсөхбаяр нь өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмшиж мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хор уршгийг арилгаж ирсэн байхад шүүх түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн түүнчлэн шүүхээс хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол учир Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. Хэдийгээр хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг сэргээх боломжгүй боловч зөвхөн өмнөх байдалд сэргээгдэх гэдэг ойлголтоор хохирол төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь тухайн гэмт хэргийн ялын хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэгдэх боломжтой заалт юм.

Харин анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд хүн нас барсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж болохгүй мэтээр тайлбарласан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн төдийгүй шударга ёсны зарчимд нийцэхгүй байгааг гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхааран үзэхийг хүсч байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй гэж үзсэн ч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлийг хэрэглэж, 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсоныг харгалзан Э.Өсөхбаярт оногдуулах ял шийтгэлийг улсын яллагчийн ялын дүгнэлтэд дурдсанаас хөнгөрүүлэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Э.Өсөхбаяр нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хор уршгийг арилгахаар хүчин чармайлт гаргаж байгаа түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаарх хүсэлт, тайлбарыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаярт оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.ийн өмгөөлөгч Л.Чинбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний үйлчлүүлэгч  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.т аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаяраас 82500000 төгрөгийг гаргуулан олгохоор үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Э.Өсөхбаярт оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн давж  заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

           Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн дүгнэж шалгаж тогтоосон байна. Хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан шийтгэл нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Замд ойрхон малаа хариулахгүй орхисон тэмээний эзэн сэтгэл санааны хохирлыг хамт барагдуулах ёстой гэж бодож байна. Шүүгдэгч Э.Өсөхбаярт оноосон ял шийтгэл хүндэдсэн. Яагаад гэхээр бид нараас уучлалт гуйж оршуулгын зардлыг бүрэн дүүрэн барагдуулсан. Цаашид хөнгөн ял аваад сэтгэл санааны хохирлыг барагдуулна гэж өөрөө хэлж байсан. Тэгээд хөнгөн ял өгөөд 7 жил гэхгүй хамгийн бага ялаар нь тогтоож өгөөч гэж шүүхэд хүсэлт тавьсныг хүлээж аваагүй. Н.Ууганцэцэг өмгөөлөгчтэй санал нэг байна гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн хэлсэн тайлбар үнэн. Анхан шатны шүүх хурал дээр ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан. Анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээж аваагүй өндөр ял оноосон. Өмгөөлөгчийн хэлснээр ялыг нь хөнгөрүүлж өгвөл шүүгдэгч өөрөө ч нийгэмшээд ажил төрөл хийгээд олон жил ял эдлэхгүй байвал зүгээр байна гэсэн бодолтой байна гэв.

          Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.*******ийн өмгөөлөгч Б.нтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоолтой холбогдуулан зөвхөн ял шийтгэлтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлаар гомдолд дурдагдаагүй байгаа учраас энэхүү ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гомдлоо дэмжиж оролцож байгаа. Э.Өсөхбаярын хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж учруулсан хохирлыг өөрийн чадах чинээгээрээ төлж барагдуулж байгаа. Сэтгэл санааны хохирлыг шүүхээс гаргасан. Үүнийг ажил хөдөлмөр эрхэлж төлж барагдуулна гэсэн байр суурьтай байгаа. Шүүгдэгч нь прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт, зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр огт маргаагүй, өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс тогтоосон хэмжээнд хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байгаа байр суурьтай байдаг. Түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж өгөөч гэв.

          Шүүгдэгч Э.Өсөхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчдын болон миний хүүхдүүдийг бодоод аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү. Гарч ирээд энэ хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулна гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

         Шүүгдэгч Э.Өсөхбаяр нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн А0202 дугаартай авто замаас салж сум руу явдаг хатуу хучилттай замын 6 дахь километрт “North benz” загварын ******* ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт буюу “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг чиргүүлтэй автомашин суурин газрын гадна цагт 60 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам дээр явж байсан тэмээг мөргөж эсрэг урсгалд орж “Тoyota Aqua” загварын ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас “Тoyota Aqua” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан таван хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ийн “Манай нөхөр Ч.******* нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийнх нь төрсөн аав болох *******, хамаатны ах нь болох ******* нар болон мөн 2 танихгүй хүнтэй хамт аймгийн суманд очиж ажил хийнэ гээд өөрийн эзэмшлийн ...автомашиныг жолоодон хотоос гарсан.

Анх явахдаа өөрөө машинаа унаад хөдөлсөн. Тавуулаа явсан. 2 танихгүй хүнийг би хараагүй бөгөөд хаанаас авч явахаа надад хэлээгүй. Орой 21 цагийн үед би утсаар залгахад утсаа авахгүй байхаар нь хадам аав руу залгахад утсаа аваад *******той ярьсан. Нөхөр явж байгаа газраа сайн мэдэхгүй байна, гэхдээ нэлээн дөхөж байх шиг байна, очоод залгая гэж хэлж байсан.

Нөхөр маань аавыгаа хүргэж өгөөд буцаад маргааш өглөө нь хот руу гарах байсан учир надад хэлэхдээ өөрөө жаахан дуг хийгээд, ******* ахад түр машинаа бариулна гэж хэлж байсан. Яг тухайн үед бариулсан эсэхийг мэдэхгүй байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******гийн “...Манай нөхөр 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймаг руу ******* гэдэг ахтайгаа хамт явж гагнуурын ажил хийнэ гэж үлдсэн. Би тухайн үед ажилтай байсан тул ажил руугаа явсан. Тэгээд өдөр 13 цагийн үед над руу утсаар залгаад Улаанбаатараас руу хөдлөх гэж байна гэж ярьж байсан.

Орой 20 цагийн орчимд рүү ирж явна очоод залгая гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал/,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн “Би 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн өглөө өөрийн төрсөн дүү Бат-Эрдэнээс болсон явдлын талаар мэдсэн. Дүү аймагт авто замын осолд ороод нас барсан юм шиг байна гэж утсаар хэлсэн. Тэр үед 07 дугаар сарын 28-ны өглөө манай ах дүү нар манай гэрт цуглаад болсон явдлын талаар ярихад талийгаач дүү Бат-Эрдэнэ гээд манай дүүтэй 10 гаран хоногийн өмнө аймагт ажил хийж байгаа гэж ярьсан гэж хэлсэн. Тэгээд бид нар ерөнхийдөө дүүг мөн гэж бодоод Улаанбаатар хотоос аймагт ирсэн.” /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.ийн “...дүү бид 2 дүүгийн гэрт байж байхад гаднаас нэг цагаан фудболктой танихгүй хүн орж ирсэн. Тэр хүн манай дүүг ажилд авч явна гэхээр нь би та хэл, хаашаа явах гэж байгаа юм бэ гэсэн чинь явна толгой дээр очно, блокны үйлдвэрт ажиллана гэж хэлсэн.

  Тэгээд тэр хэд гарч явахаар нь би дүүгээ гаргаж өгсөн чинь дүүгийн гэрийн гадаа “Тоёота Акуа” машин байсан бөгөөд жолооч нь туранхай залуу байсан. Манай дүү хаалгыг нь онгойлгоод суухад бас нэг эрэгтэй байсан. Би гэртээ хариад байж байтал миний утас дуугарсан чинь нөгөө жолооч Хишигээ гэх хүний дугаар залгахаар нь ярьсан чинь ...Сараа эгчээ бид хэд Төв аймаг өнгөрч байна гэхээр нь би чи хаанаас хамт явав гэж хэлсэн чинь замдаа таараад явчихлаа гэж хэлсэн.” /2 дугаар хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “ корпораци ББСБ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.ын “Тоёота Акуа” загварын ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “ корпораци” ББСБ-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн тээврийн хэрэгсэлд бүрэн бүтэн юм байхгүй болсон. Дахиж ашиглах боломжгүй. Эвдрэлийн үнэлгээ хийлгэнэ. Манай байгууллагын зүгээс буруутай нь тогтоогдвол хуульд заасны дагуу хохирол төлж барагдуулна.

Манай байгууллагаас зээлийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжилнэ. Зээлийн төлбөр төлөхгүй бол тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ. Тухайн машины зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 11,115,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.” /2 дугаар хавтаст хэргийн 21-27 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.*******ийн “Би уг осол болсны маргааш нь онцгой байдлын хүмүүс уг ослын газарт ажиллаж байхад нь тэмээгээ хураах гэж яваад очсон. Уг ослын газарт мөргүүлсэн байдалтай байсан тэмээг надаар үзүүлсэн. Уг тэмээ манай 4 настай анх ботголсон ингэ байсан.

Тухайн өдөр би тэмээнүүдээ услаад ертөнцийн зүгээр хойш нь буюу засмал зам руу орохооргүй болгож тууж байгаад орхиод явсан байсан. Манай мал усалдаг худаг засмал замаас ертөнцийн зүгээр хойшоо 4 километр газарт байдаг. Би тэмээгээ худгаас хойш нь гаргаад туугаад засмал замаас 5 орчим километр зайтай үлдээгээд явсан. Тухайн үед цаг муу ган зудтай тэмээний хоол муутай байсан бөгөөд уг засмал замын хажуу хөвөө ус зайлуулах далан суваг дагуу тэмээний хоолны гарц сайтай цагаалж сайн гарсан байсан учраас манай тэмээнүүд уг зам руу явчхаад байдаг байсан.

Би уг нь тэмээгээ засмал замаас хол туудаг байсан боловч тэмээ маань идэш хоолоо дагаад засмал зам руу ойр явчхаад байдаг байсан. Хүний амь нас эрсдээд байхад би хэн нэгнээс нэг тэмээний үнэ нэхээд байж чадахгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 38-42 дахь тал/,

  Гэрч Г.ийн “2023 оны 07 дугаар сарын 26-нь өдөр ’'Тоёото акуа” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээрээс биеийн хэсгүүд нь шатаж харласан байдалтай хэн болох нь тогтоогдохгүй цогцсыг мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Бат-Эрдэнийн хамт гаргаж авсан.

         Цогцос хадгалах өрөөнд шилжүүлсний дараа талийгаач нарын ар гэрийн хүмүүст цогцос таньж олуулах ажиллагааг явуулсан бөгөөд уг ажиллагаагаар “Тоёота акуа” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн суудлаас гаргаж авсан цогцсыг талийгаач Ө.ын ар гэрийн хүмүүс нь өмсөж явсан жинсэн өмд, тэлээ болон хүзүүний гинжээр нь таньж олж уг цогцсыг талийгаач Ө. мөн гэдгийг тогтоосон.” /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Гэрч Г.Бат-Эрдэнийн “Тухайн өдөр хэргийн газрын үзлэгийн явцад жолоочийн суудал дээрээс шинжээч мэргэжилтэн Г.ийн шатаж харлаж хэн гэдэг нь танигдахгүй болсон байдалтай цогцсыг гаргаж авсан бөгөөд уг цогцсын өмсөж явсан хувцаснаас үлдсэн хэсэг нь цэнхэр өнгийн жинсэн өмд болон тал нь шатсан байдалтай бор өнгийн тэлий зэрэг зүйлстэй байсан. Тэгээд уг цогцсыг зөөвөрлөөд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шинжилгээний өрөөнд шилжүүлж хувцсанд үзлэг хийж цогцос таньж олуулах ажиллагаа явуулахад тухайн үед жолоочийн суудал дээрээс гаргаж авсан цогцос нь Ө.ын цогцос болохыг түүний хууль ёсны төлөөлөгчид болон гэр бүлийн гишүүд нь ирж үзээд тухайн үед өмсөж явсан хувцасны үлдэгдэл болох цэнхэр өнгийн жинсэн өмдний үлдэгдэл болон бор өнгийн тэлээний үлдэгдэл хэсэг тэлээний арал зэрэг эд зүйлсээр нь таньж олсон.” /2 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

  Гэрч С.Баярмөнхийн “...Тэр үед Өсөхбаяр тээврийн хэрэгслийн хурдыг 60-70 км цагийн хурдтай жолоодон явж байсан. Тэр үед тээврийн хэрэгсэлд ямар ч эвдрэл гэмтэл байхгүй байсан. Мөн тэр тээврийн хэрэгсэл, мөн чиргүүл нь хоёулаа Өсөхбаярын хувийн тээврийн хэрэгсэл, чиргүүл байсан.

... 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21-22 цагийн хооронд би Өсөхбаярын хамт Өсөхбаярын “Норд Бенз” загварын машинтай сумаас Улаанбаатар хот руу явсан. Ханхонгор сумтай нийлдэг уулзвараас сумын замтай нийлдэг хэсгийн 4 дэх километрт явж байхад гэнэт жижиг тээврийн хэрэгслийн гялбаанд 2 ширхэг тэмээ харагдсан. Тэгээд Өсөхбаяр тэмээг мөргөөд нөгөө талын замын урсгал руу орсон. Нэг мэдэхэд машин дайрсан... Тухайн үед Өсөхбаяр тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан, Өсөхбаяр тэмээг хараад тоормос гишгэсэн, тэгээд жолооны хүрдийг хажуу тийш дарсан.” /2 дугаар хавтаст хэргийн 52-57 дахь тал/,

    Гэрч Ц.гийн “2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ойролцоогоор 21 цаг 40 минутын үед миний гар утас руу залгаад хурдан ирээрэй би тэмээ мөргөчихлөө гээд уйлаад байж байгаад утас нь тасарсан. ...Би утсаар яриад 32 дахь км дээр явж байсан бөгөөд би тухайн хэрэг болсон газар ...ирэхэд замын эсрэг талд гал гарсан жижиг оврын автомашин болон 10-аад хүмүүс цугласан байсан. Тэгээд гал унтраах анги ирээд галыг унтрааж 2 хүнийг аймгийн эмнэлэг авч явсан.” /2 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 Гэрч Э.гийн “Тэгээд гийн араас явж байтал гал гарч байсан, тэгээд дөхөөд ирэхэд Өсөхбаярын шалаанз машин урсгал сөрсөн, жижиг тэрэг чиргүүлийн доогуур орсон гал их хэмжээгээр дүрэлзэн асаж байсан.” /2 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь тал/,

Шинжээч И.гийн “Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад жолооч нь зам дээрх саадыг хараад жолооны хүрдийг дарсны дараа тоормос гишгэсэн байх магадлалтай байна. Учир нь автомашин тоормос гишгэсний дараа жолооны хүрдээр автомашины хөдөлгөөний чигийг өөрчлөх боломжгүй болдог. Чиглэлийг өөрчлөхийн тулд тоормослохоо болих шаардлагатай. Харин зайлуулж дарсны дараа эсрэг урсгалд орж хөдөлгөөний чигээ дахин өөрчлөөгүй нь өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх шалтгаан болсон.

Энэ нь жолооч тухайн үед саадыг тойрох арга хэмжээ буруу авсан, машины жин хэт хүнд зэрэг нөлөөлнө. Жолооч нь нэгдүгээрт тоормосолж тээврийн хэрэгслийн хурдыг хасах, 2-рт саадыг мөргөхөөр болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн чиглэлийг өөрчлөх шаардлагатай. Гэхдээ саадыг тойрсны дараа буцаж өөрийн урсгал руу орохыг оролдох шаардлагатай. Ийм арга хэмжээ аваагүй тохиолдолд зам тээврийн осолд орох магадлалыг нэмэгдүүлнэ.” /2 дугаар хавтаст хэргийн198 дахь тал/ гэх мэдүүлгүүд,

аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21, 25-ны өдрийн 103, 104, 105, 106, 107 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 83-84, 91, 97-99, 105-107, 113-115 дахь тал/,

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06/136 дугаартай дүгнэлтэд: North Вепz маркын ******* ДГА улсын дугаартай автомашины жолооч Э.Өсөхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт буюу “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг чиргүүлтэй автомашин суурин газрын гадна цагт 60 километрээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Тоёото Акуа загварын ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг  хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Тэмээний эзэн Ч.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “з”-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх  үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

        Тэмээний эзэн Ч.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “з”-р заалт, North Вепz маркын ******* ДГА улсын дугаартай автомашины жолооч Э.Өсөхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “б”-р заалт,  Тоёото Акуа загварын ******* УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна.” /2 дугаар хавтаст хэргийн 194-196 дахь тал/ гэсэн дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /2 дугаар хавтас хэргийн 205-206 дахь тал/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-21 дэх тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

   Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Өсөхбаярыг

автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас таван хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Өсөхбаярын автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас таван хүний амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь “шүүгдэгч Э.Өсөхбаярт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхагуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон байна.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь Э.Өсөхбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан, сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгөхийг хүссэн тайлбаруудыг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасныг харгалзан үзэж шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэгийн “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

           Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол өөрчлөлт оруулсан тул ял шийтгүүлсэн этгээдийн цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “таван хүний амь нас хохироосон” гэснийг “таван хүний амь нас хохирсон” гэж,

 Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан” гэж, “7 жилийн хугацаагаар хорих ял” гэснийг “2 жилийн хугацаагаар хорих ял” гэж,

 Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “7 жилийн хорих ялыг” гэснийг “2 жилийн хорих ялыг” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өсөхбаярын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                 Х.ГЭРЭЛМАА