Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

насанд хүрээгүй хохирогч Ц.Агийн хууль ёсны төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Боржигин овогт Хаасайгийн Самбуудашид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010128 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Х.С нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 17:20 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын туслах зам, Төрийн банкны урд замд Тоёота Ист маркийн 66-72 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасныг зөрчснөөс явган зорчигч 8 настай Ц.А-г мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Би 1980 оноос хойш тасралтгүй машин барьж байсан. Осол болсон зам дээр явж байхад хохирогч хүүхэд гэнэт гараад ирсэн. Хүүхдийг хараад би хурдаа хассан боловч очоод мөргөсөн. Тухайн үед би 20 орчим км/цагийн хурдтай явж байсан. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлнө. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Ц.Агийн хууль ёсны төлөөлөгч Д.Л мэдүүлэхдээ:

“...Манай охин машинд мөргүүлснээс болж хөл нь хугарсан өдөр өнжүүлэхэд үүрээд зөөж байсан. Одоо бага зэрэг доглоод алхаж байгаа. Одоогоор хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, манай охины биеийн байдал гайгүй болсон...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Сийн өгсөн:

            “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд “Нэткапитал” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байдаг хар өнгийн Тоёота Ист маркийн 66-72 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Ханын материалын 3 дугаар буудал буюу Дүүхээ хоёрын автобусны буудал дээр зогсож байх үед 55-60 орчим насны эмэгтэй хүн халамцуу бага насны хоёр хүүхэдтэй ирээд 10 дугаар хороолол орно, замаараа АТМ ороод мөнгөө авч өгнө гэж хэлээд 3-уулаа машины арын сууудалд суусан. Тэгээд би тэр 3-ыг 10 дугаар хороололд хүргэж өгөх зорилгоор Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг 10 дугаар хорооллын туслах замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20 гаран км/ц-ийн хурдтай явж байгаад гэрлэн дохиогүй явган хүний гарц ойртон ирэх үед явган хүний гарцаар хойноосоо урагшаагаа чиглэлтэй, бага насны эмэгтэй хүүхэд ганцаараа гүйгээд ороод ирсэн. Энэ үед би харсан даруйдаа тоормосоо гишгэж зогссон. Тэгээд би машинаас бууж тэр хүүхэд дээр явж очиж биеийн байдлыг асуухад баруун хөлөө бариад уйлаад байсан. Тэгэхээр нь би тэр хавьд байсан хүмүүсийг надад туслаач гэж хэлсэн боловч ямар ч хүмүүс ойртохгүй болохоор нь өөрийн дугаараас 102, 103-т дуудлага өгсөн. Тэгээд цагдаа болон түргэн тусламж ирэхгүй удаад байхаар нь тэр хүүхдийг машиндаа суулгаж гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 58-60/,

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Ц.Агийн өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр харанхуй болоогүй байхад гэрээсээ аавын төрсөн дүү Шинэ-Одын хамт гарч байрны мөнгө тушаах гэж замын хойд талд байдаг Төрийн банк орсон. Төрийн банк хүн ихтэй байсан болохоор би Шахад би урд талын саравчинд таныг хүлээж байя гэж хэлээд Төрийн банкнаас гарсан. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад хар өнгийн машинд мөргүүлсэн. Тэр машины жолооч эмэгтэй хүн бууж ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Миний баруун хөл хугарсан, толгой өвдөөд байгаа юм. Би машин ирж байгааг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 25-26/,

 

            Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д.Лын өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд би гэрээсээ ганцаараа гарч Нарантуул зах орох гээд явахад гэрт нөхөр, хоёр хүүхэд, Шнар үлдсэн. Тэгээд би автобусанд суугаад 4 зам зүүн тийшээ өнгөрч байхад танихгүй скайтелийн дугаараас эмэгтэй хүн таны охин чинь машинд дайруулчихлаа гэж хэлээд утас нь тасарсан. Тэгэхээр нь би эргээд тэр утасны дугаар руу залгахад утасны дугаар нь холбогдохгүй байсан. Ингээд би тэр дороо автобуснаас бууж такси бариад нөхөр болон Шруу ярьж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиход охины хамар нь цэл хөхөрсөн, баруун хөл нь хугарсан, хоёр хөл нь энэ тэндээ хөхөрсөн, уйлаад байж байсан. Энэ үед эмч нь үзээгүй байсан ба намайг ороход л эмч нь өмдийг нь тайл гэхээр нь тайлсан. Энэ ослоос хойш эмнэлэгт 4 хоног хэвтээд гарсан. Эмчилгээний болон бусад зардлыг нэхэмжлэх болно. Манай охин одоо явж чадахгүй гэрийн асаргаанд байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Шинэ-Одын өгсөн:

            “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Цоглог хотхоны 203-62 тоот гэрээсээ төрсөн ах С.Цолмонбаатарын охин Ц.Агийн хамт байрны мөнгө тушаах зорилгоор гарсан. Тэгээд бид хоёр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг 10 дугаар хорооллын туслах замын хойд талд байх Төрийн банк руу хамт ортол хүмүүс ихтэй байсан. Гэтэл Ц.А нь ахаа би гадаа байдаг саравчинд очоод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би байрны мөнгө теллерт тушаачихаад гарч иртэл Ц.А нь гадаа байхгүй байсан. Тэгтэл эгч Д.Л нь над руу утсаар холбогдож дүү чинь машинд мөргүүлчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хавиар хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 36/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 2259 тоот: 

1. Ц.А-гийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 38/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 28 тоот:

1. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж үзэхэд автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос стандартын шаардлага хангаж байна. Мөн дугуйнуудын хээний гүн, хийн даралтын хэмжээ, зүүн болон баруун гар талын ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн, холын гэрлийн тусгалын эрчим стандартын шаардлага хангаж байна.

2. Автомашины ерөнхий байдлын хувьд улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй гэмтэлтэй байна.

3. Улсын дугаарын зүүн гар талын гэрлийн чийдэн асахгүй гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Энэ гэмтэл нь уг автомашины ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтэл байна.

4.5. Уг автомашин нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй, тоормос бүрэн ажиллаж байсан, тоормос гишгэсэн үед зам дээр тасалдсан мөр үүсэх боломжтой.

6. Уг автомашины спидометрийн заалт хэвийн ажиллаж байна гэх дүгнэлт /хх-н 43-48/,   

 

Шүүгдэгч Х.С-ийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34, 79/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 61/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 62, 78/,

- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 80/,

- Бусад /хх-н 81-84/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Х.С нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 17:20 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын туслах зам, Төрийн банкны урд замд Тоёота Ист маркийн 66-72 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасныг зөрчснөөс явган зорчигч 8 настай Ц.Аг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Ц.А-гийн “...2018 оны 1 сарын 31-ний өдөр харанхуй болоогүй байхад гэрээсээ аавын төрсөн дүү Шинэ-Одын хамт гарч байрны мөнгө тушаах гэж замын хойд талд байдаг Төрийн банк орсон. Төрийн банк хүн ихтэй байсан болохоор би Шахад би урд талын саравчинд таныг хүлээж байя гэж хэлээд Төрийн банкнаас гарсан. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад хар өнгийн машинд мөргүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

            иргэний нэхэмжлэгч Д.Л-ын “...2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд би гэрээсээ ганцаараа гарч Нарантуул зах орох гээд явахад гэрт нөхөр, хоёр хүүхэд, Шнар үлдсэн. Тэгээд би автобусанд суугаад 4 зам зүүн тийшээ өнгөрч байхад танихгүй скайтелийн дугаараас эмэгтэй хүн таны охин чинь машинд дайруулчихлаа гэж хэлээд утас нь тасарсан. ... би гэмтлийн эмнэлэг дээр очиход охины хамар нь цэл хөхөрсөн, баруун хөл нь хугарсан, хоёр хөл нь энэ тэндээ хөхөрсөн, уйлаад байж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 2259 тоот дүгнэлт, шүүгдэгч Х.Сийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Х.Сид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Х.Сийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Насанд хүрээгүй хохирогч Ц.А-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Л нь шүүх хуралдаанд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, манай охины биеийн байдал гайгүй байгаа...” гэх мэдүүлэг өгсөн. Мөн шүүгдэгч Х.С нь хохирогчийн эмчилгээний зардалд 2.398.700 төгрөг өгсөн гэх бөгөөд талууд энэ дээр маргаагүй тул шүүгдэгч Х.С нь гэм хорын хохиролд нийт 2.398.700 төгрөг төлсөн нь шүүгдэгч Х.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.С-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Х.Сийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 5 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __ овогт Х-н С-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.С-ид торгох ялыг биелүүлэх хугацааг 5 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг флашийг хэрэгт хавсарган үлдээж, Х.Сийн В, С ангиллын 77001 дугаарын жолоочийн үнэмлэх, Тоёота Ист маркийн 66-72 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн __ дугаартай гэрчилгээг буцаан олгож, шүүгдэгч Х.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.С-ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ