Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/05313

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/05313

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            нэхэмжлэгч: ***** хаягтай, рд:*****, ***** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            хариуцагч: ***** тоот хаягтай, рд:*****, ****** холбогдох,

 

             зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр хохирол зардал нийт 86,763,402.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

       Шүүх хуралдаанд

       нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

       хариуцагч *** нар оролцож,

       шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт нийт 86 763 402.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...хариуцагч *****тай 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдан авах үлдэгдэл төлбөр болох 75,000,000 төгрөгийг санхүүжүүлэх зорилгоор 94011120 дугаартай автомашины зээлийн гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн фидуцийн гэрээг мөн өдөр байгуулсан. Хариуцагч нь уг тээврийн хэрэгслийг 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн *****аас худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний 1.1-т заасны дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эдийн зөрчилгүй тээврийн хэрэгсэл шилжүүлэхээр харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч ***** нь анх зээл авсан өдрөөс хойш, зээлийн гэрээний 2.1.3-т заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж огт эргэн төлөлт хийгээгүй. Тодруулбал зээлдэгч ***** нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт 161 хоногийн хугацаа хэтэрсэн. Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 75,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,115,617.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 92,785.85 төгрөг, нийт 86,208,402.95 төгрөгийн зээлийн гэрээний өр төлбөр үүсгэсэн. Фидуцийн зүйлийн тухайд хариуцагч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулах байсныг компаниас удаа дараа утсаар сануулж, зээл төлүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн. 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч зээлийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байгаа шалтгаанаа “миний худалдан авсан машин залгаа буюу эд хөрөнгийн доголдолтой байсан тул зээлээ төлөх сонирхолгүй болсон” гэж тайлбарласан. Улмаар мөн өдөр хариуцагчийн найз нь манай компанийн төв салбар дээр биш, Да хүрээ салбарын авто машины захын хажууд байрлах авто зогсоолд үлдээгээд ямар нэгэн тээврийн хэрэгсэл хүлээлцэх акт үйлдэлгүйгээр орхиод явсан. Хариуцагч нь уг тээврийн хэрэгслийг худалдан авах үед авто машиныг голоор нь салгаж нийлүүлсэн, доголдолтой байсан, эсхүл өөрөө тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглах үедээ уг доголдлыг үүсгэсэн эсэхийг компани тогтоох ямар ч боломжгүй. Хэрэв хөрөнгө анхнаасаа доголдолтой байсан тохиолдолд 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээнийхээ дагуу шаардах, доголдлоо арилгуулах, буцаах эрхтэй байсан. Тийм эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан ч өдийг болтол шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Компанид албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тээврийн хэрэгслийн шинж байдлыг дүгнэж акт үйлдэх боломж олголгүй, өөрт хэрэггүй зүйлээ хаяж байгаа мэт орхиод явсан. Хариуцагчтай байгуулсан гэрээний 4.1.6-т барьцаа хөрөнгө нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй байна гэдэг үүргийг хүлээж зээлийн гэрээг анх байгуулсан. Манай компани ч тэр эрхийн болон биет байдлын доголдолгүй худалдах худалдан авах гэрээг үндэслээд уг зээлийн үлдэгдэл төлбөр болох 75,000,000 төгрөгийг санхүүжүүлсэн. Манай компанийн ажилтнууд хариуцагчийн тайлбарын дагуу тээврийн хэрэгсэл үнэхээр доголдолтой байсан эсэхийг тогтоох зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслийг үзлэг хийхэд илт доголдолтой буюу тээврийн хэрэгслийг голоор нь салгаж залгасан гагнааснууд байсан тул тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны мэргэжлийн байгууллага дээр очиж дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр ***** УАМ улсын дугаартай Тоёота ланд 200 маркийн авто машины хойд цапны шаариг хөдөлсөн. Доод хөндлөн рулын аппарат гэмтсэн, мотор кропны тос, түлшний агаар шүүгч бохирдсон, машины мост ажиллахгүй, доторх удирдлагын конопууд ажиллахгүй, 5 дугуй элэгдэлтэй, машины өндгөн тулгуур хөдөлсөн тул доод хоёр гар солих, кузов тасдаж залгасан, бүтэн будаг замаск хийсэн, урд хойд купер хагархай, кобуд онгойхгүй, бүх хаалганы дотор тал халзарсан, баруун хойд манангийн гэрэл салсан, тос масло солиогүй, гадна салхины хоолой сэвтэй, хаалганы зүүн доод гишгүүр хонхойсон, запаас дугуй хий муу, домкрат байхгүй, торцов байхгүй, зүүн дохионы гэрэл хагарсан, хөдөлгүүрийн хүч муу тул задалж үзэх шаардлагатай. Мөн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Таван богд тоёота компанийн засвар үйлчилгээний газарт кропны тос солиулах үед км-ийн заалт 203143 байсан ба 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр оношлуулах үед 181306 км заалттай буюу км ухраасан зэрэг эд хөрөнгийн доголдолтой тул цааш өөр хэн нэгэн этгээдэд зарж борлуулах боломжгүй гэж дүгнэсэн. Компани уг доголдолтой гэх тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн болон бодит байдлын хувьд ямар ч боломжгүй. Тодруулбал кузовоор нь салгаж, залгасан гэх биет байдлын доголдолтой ашиглах боломжгүй тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор, бусад этгээдэд худалдах тохиолдолд худалдан авсан этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах доголдолтой холбоотой бусад этгээдийн шаардлага болон эрх зүйн үр дагаврыг компани бүрэн хариуцахаар байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21.1, 21.2 дах хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 75,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,115,617.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 92,785.85 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 25,000 төгрөг, шатахууны төлбөр 100,000 төгрөг, зогсоолын төлбөр 170,000 төгрөг, авто машин оношилгооны төлбөр 260,000 төгрөг, нийт 83,763,402.95 төгрөгийг хариуцагч *****аас гаргуулж ***** ББСБ ХХК-д олгож өгнө үү... гэв.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа ... би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр энэ машиныг залгаатай гэдгийг мэдсэн. Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст *****д холбогдуулж өргөдөл өгсөн боловч байцаагч нь солигдсон гээд алга болсон. Одоо Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд *****д холбогдуулж нэхэмжлэл гаргах гэж байгаа. Уг машиныг би өөрийн биеэр ***** ББСБ ХХК-д аваачиж өгсөн. ***** ББСБ ХХК-ийн ажилчдын шуналтай үйлдлээс болж над дээр зээл гаргасан гэж би үзэж, гомдолтой байгаа. Миний бичиг баримт дээр ямар ч зээл гарах үндэслэлгүй байхад ***** ББСБ ХХК-ийн ажилчин нь 10,000,000 төгрөг аваад надад зээл гаргасан. 75,000,000 төгрөгөөс *****ын данс руу 70,000,000 төгрөгийг шилжүүлээд 5,000,000 төгрөгийг ***** ББСБ ХХК-ийн ажилтан руу өгсөн байдаг. 70,000,000 төгрөгийг зээл гарах байсныг 75,000,000 төгрөг гаргаад 5,000,000 төгрөгийг нь авсан. Үлдсэн 5,000,000 төгрөгийг нь манай найз ***** ББСБ ХХК-ийн ажилтан руу 180 crown маркийн авто машинаа өгсөн байж байгаад сүүлд нь 4,800,000 төгрөг төлж авсан байдаг. Дансны хуулгаар баримт нь гарч ирнэ04 дүгээр сарын 06-ны өдөр аавынхаа ажил явдлыг дуусгаад, 7 хоноод Улаанбаатарт ирээд 3 найзтай уулзаад зээл авсан. Би тухайн үед шокийн байдалтай байсан. Урьдчилгаанд 35,000,000 төгрөг төлж байгаа гэж надад огт хэлээгүй. 75,000,000 төгрөгийг зээл бид нарын нэр дээр гарахгүй байна, чиний нэр дээр гарах байх чи гаргуулаад өгчих гэсэн. Нэг ББСБ дээр очиход надад зээл гарах боломжгүй гэсэн. Манай найз ***** ББСБ ХХК-ийн ажилтантай ярьсан байгаа, чи очоод гарын үсэг зурчих гээд би очиж гарын үсэг зурсан. Манай найз өөр дээр нь зээл гарахгүй байсан учраас надаар зээл авхуулсан. Хямдхан авч байгаад мөнгө нэмээд зарчихна гэсэн учраас би зөвшөөрөөд зээл авч өгсөн …гэв.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/

2024.10.01, №42/6241 итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 6-8 дугаар тал/

2024.04.09, №94012-120 Автомашины зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хэргийн 9-25 зэрэг баримтууд,

Автомашины мэдээлэл /хэргийн 27 дугаар тал/

            Агрегат оношилгооны хуудас /хэргийн 28 дугаар тал/

            Кузов оношилгооны хуудас /хэргийн 29 дүгээр тал/

            Таван богд ХХК-ийн нэхэмжлэх /хэргийн 30-32 дугаар тал/

            Нотариатын төлбөрийн баримт /хэргийн 33 дугаар тал/

            2024.07.25-ны өдрийн***** ХХК, ***** нарын уулзалтын тэмдэглэл /хэргийн 34 дүгээр тал/

            2024.09.26-ны өдрийн Автомашин хүлээлцэх акт /хэргийн 35-39 дүгээр тал/

            Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хэргийн 40-41 дүгээр тал/

            *****УАМ улсын дугаартай Toyota Land Cruiser суудлын автомашинд 2024.09.26-ны өдөр үзлэг хийсэн үеийн нөхцөл байдлын зургууд /хэргийн 42-48 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн  

Хариуцагчийн иргэний үнэмлэх /хэргийн 52 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 57-58 дугаар тал/ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ... зээлийн үндсэн төлбөрт 75,000,000 төгрөг, зээлийн хүү 11,115,617.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,785.85 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 25,000 төгрөг, шатахууны төлбөр 100,000 төгрөг, зогсоолын төлбөр 170,000 төгрөг, "Toyota Land Cruiser" суудлын автомашин оношилгооны төлбөрт 260,000 төгрөг нийт 86,763,402.95 төгрөг гаргуулах... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...манай найз өөр дээр нь зээл гарахгүй байсан учраас надаар зээл авхуулсан. Тээврийн хэрэгслийг хямдхан авч байгаад мөнгө нэмээд зарчихна гэсэн учраас би зөвшөөрөөд зээл авч өгсөн, энэ зээлийг манай найз төлөх ёстой... гэж  тайлбарлав.

 

3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид 2024 оны 04 сарын 09-ний өдөр дугаар 94012-120 тоот Автомашины зээлийн гэрээ бичгээр байгуулж, хариуцагч 75 000 000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар нэхэмжлэгчээс зээлсэн нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шилжүүлгийн мэдээлэл, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, фидуцийн гэрээ, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, зээлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан, талуудын хооронд Иргэний хуулийн  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

6. Нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгөн хөрөнгө буюу 75 000 000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны 5302680099 тоот дансанд 2024 оны 04 сарын 09-ны өдөр шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна. /хэргийн 20 дугаар тал/

 

7. Нэхэмжлэгч мөнгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тул хариуцагч хариу үүрэг буюу мөнгийг тохирсон хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүрэгтэй.

 

8. Талуудын тохиролцоо буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч 2024 оны 05 сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүрийн 5-ны өдөр үндсэн зээл, хүү 3 323 000 төгрөгийг төлж, гэрээний үүрэг 2027 оны 04 сарын 05-ны өдөр дуусгавар болохоор байсан.

 

Гэсэн хэдий ч хариуцагч 2024 оны 09 сарын 17-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл хүү нэг ч төгрөг төлөөгүй, үндсэн зээл 75 000 000 төгрөг, хүү 11 115 617 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92 785.85 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэрээний хугацаа хэтрүүлсэн, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2.2, 3.2.3-т заасан үүргээ ноцтой зөрчсөн нь зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн дэлгэрэнгүй хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 40 дүгээр тал/

 

9.Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг, гэрээ цуцалснаас учирсан хохирол зардлын хамт хариуцагчаас шаардсан.

 

10. Хариуцагч гэрээний үүрэг зөрчсөн үйл баримтын талаар маргаагүй, 86 208 402.95 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн зээлийн тооцоолол баримтыг үгүйсгэж маргаагүй.

 

11. Хариуцагч ...75 000 000 төгрөгийн зээлийг найзынхаа гуйлтаар авсан надад зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй, тухайн зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийг би үзэж шалгаж аваагүй... гэж тайлбарлаж байгаа боловч ...тээврийн хэрэгслийг хямдхан авч байгаад мөнгө нэмээд зарчихна гэсэн учраас би зөвшөөрөөд зээл авч өгсөн... гэх түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2024 оны 04 сарын 06-ны өдрийн дугаар 3134 тоот тээврийн хэрэгсэл худалдан худалдан авах гэрээг хариуцагчийн найз биш хариуцагч өөрөө байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгө хариуцагч өөрийн эзэмшлийн дансанд шилжүүлэн авсан зэрэг үйл баримтаар түүний тайлбар үгүйсгэгдэж байгаа тул хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

 

12. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний гэрээний 3.3.2, 7.2, 7.2.2, 7.3, 7.3.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451,1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 11,115,617.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,785.85 төгрөг,  гэрээ цуцалснаас учирсан хохирол зардалд шатахууны төлбөр 100,000 төгрөг, зогсоолын төлбөр 170,000 төгрөг, нийт 86 478 402.95 гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 285 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

13. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцалснаас учирсан хохирол зардал гэх тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөр 260 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчид бодитоор учирсан зардал хохирол гэж үзэх боломжгүй, мөн зохигч шүүхэд нотлох баримтыг эх хувиар нь боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлснийг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол зардалд тооцох үндэслэлгүй тул эдгээр зардлыг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсныг тайлбарлах нь зүйтэй.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591 767 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 590 342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

15. 2024.10.01-ний өдөр нэхэмжлэгчээс *** нарт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг тус тус олгогдсон байна. /хэргийн 5 дугаар тал/

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч *****аас зээлийн гэрээний үүрэгт нийт 86 478 402.95  төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 285 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 591767 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  590342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ