Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 633

 

Э.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар магадлалтай, Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийг мөн аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ....2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Ш овогт Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Д-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан Э.Д-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь хэсгийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянхонгор аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Амарсанаа бичсэн эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүх Э.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар...” гэж хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд ...эсэргүүцлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хууль нь “Ерөнхий анги ба Тусгай анги”-с бүрддэг бөгөөд “Ерөнхий анги” гэдэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн үндсэн болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүд, улмаар тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ял шийтгэлийн агууламжаас бусад Эрүүгийн хуулийн зорилт, зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, гэм буруу, гэмт хэргийн үндсэн шинж, ангилал, гэмт хэрэг үйлдэх үе шат, гэмт хэрэгт хамтран оролцох, нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага, ялын төрөл түүнийг оногдуулах, чөлөөлөх журам зэргийг тогтоосон байдаг бол “Тусгай анги”-д нийгмийн харилцаанд халдсан нийгэмд аюултай гэмт хэрэг, тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн төрөл, хэмжээг заасан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд ерөнхий ангийн хэм хэмжээнд үндэслэж, тусгай ангид заасан хэм хэмжээгээр дамжуулан хэрэгжүүлдэг болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж заасан нь объектив талын шинжийг энэ хуулийн тусгай ангийн өөр зүйл, хэсгийн тусламжтайгаар тодорхойлсон байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжүүдийг зааж өгсөн бөгөөд 2.8 дахь заалт нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хуульчилжээ.

Прокуророос яллагдагч Э.Д- нь ...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж объектив талын шинжийг тодотгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан улмаар шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар...” гэж эрүүгийн хариуцлага оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Э.Д-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэргээр давхар зүйлчилсэн мэтээр эрх зүйн байдлыг дордуулж буюу хэрэглэх ёсгүй зүйл, хэсгийг хэрэглэжээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож,  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасныг журамлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Э.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.О-г тухайн өдөр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Энэ үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй. Э.Д- нь өмнө нь эхнэрээ зодож байсан талаар баримт байхгүй. Эхнэр нь өөр хүнтэй хамт машинтай явж байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэртээ ирж хоноогүй гэсэн нөхцөл байдлаас шалтгаалж гар хүрсэн үйл баримт байдаг. Гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго тодорхой буюу хардалтын улмаас үүссэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.Д-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Д- нь Баянхонгор аймгийн ....... тоотод эхнэр Д.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Харин хоёр шатны шүүх Э.Д-ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ...үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчилж тогтоосон бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив тал буюу гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шалтгаан нь үл ялих зүйл болон тодорхой шалтгааны аль алинаар үйлдэгдэж болдог.

Э.Д- нь эхнэр Д.О-г зодож гэмтэл учруулах болсон шалтгаан нь тохиолдлын шинжтэй буюу тодорхой нөхцөл байдлын улмаас эхнэрээ хардаж, улмаар зодож хөнгөн гэмтэл учруулсан нь баримтаар тогтоогдсон, харин Э.Д- нь эхнэр Д.О-д байнгын шинжтэй бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлж, Д.О нь сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл Э.Д- нь эхнэр Д.О-г хардалтын улмаас зодож, түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй.

Мөн шүүхүүд оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд биелүүлэхийг шүүгдэгчид даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан ...шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй.” гэж зааснаас үзэхэд хуулиар тогтоож өгсөн аливаа хугацааг богиносгож тогтоох нь ялтны хуулиар тогтоогдсон эрх зүйн байдлыг дордуулна.

Ялтан торгох ялыг сайн дураар нэн даруй, эсхүл шүүхээс тогтоосон хугацааны өмнө биелүүлэх боломжтой бөгөөд хуулиар тогтоосон 90 хоног, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй нь Эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагаврыг үүсгэдэг онцлогтойг тэмдэглэх нь зүйтэй.

Прокурорын эсэргүүцлийн үндэслэл болсон “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэсэн шинж нь дээр дурдсан үндэслэлүүдээр няцаагдсан тул эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дараах өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаар магадлалын тогтоох хэсэгт

“Баянхонгор аймгийн прокуророос Э.Д-ыг холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.”,

“Шүүгдэгч Э.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН