Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0329

 

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2017/0329

Улаанбаатар хот

     

Д.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү, түүний өмгөөлөгч Ж.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.А-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/36 дугаар тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар тус тус баримтлан ажилгүй байсан 5 сар ажлын 12 хоногийн хугацааны урьд авч байсан  дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6638800 /зургаан сая зургаан зуун гучин найман мянга найман зуу/ төгрөгөөс холбогдох татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Тус шүүхийн шийдвэрээр ... Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С-ийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Д.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Д.А-г Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /хуучин нэрээр/-т Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 04 дүгээр тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгжийг батлах тухай 2016 оны А/16 дугаар тушаалын дагуу бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон зохион байгуулагдсан болно.

Иймд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Дээрх бүтцийн хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэл, сум дүүрэг дэх салбар нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Б/37 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан. Тус бүтэц, зохион байгуулалтаар газар нь хэлтсийн зохион байгуулалтаар ажиллах болсон тул газрын даргын орон тоо хасагдсан.

Д.А-г ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг баримтлан эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн оролцоог хангаж, ажлын байр хасагдсан талаар урьдчилан мэдэгдэж, өөр ажлын байранд ажиллах эсэх тухай санал солилцсон. Төрийн албаны тухай 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг болох 5.224.602 /таван сая хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг олгосон болно.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан.

УДШ-ийн 2010 оны Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 15-д ... мөн зүйлийн 27.2.4-т заасан ...орон тоо хасагдсан ... гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.

УДШ-ийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.1.1-15.1.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгож зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно. гэж тус тус тайлбарласан байна.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод эаасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаапчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага, зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэж заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулаагүй буруутай үйлдэл тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар байгуулагдахад түүний орон нутаг дахь нэгж аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг аймаг дахь Статистикийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийг нэгтгэн байгуулж газрын даргын орон тоо шинээр үүссэн, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар дахин бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Үндэсний статистикийн хороо, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон байгуулагдахад аймаг дахь нэгж Улсын бүртгэл, статистикийн газрын чиг үүрэг 2 салгасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь нэгж хэлтсийн зохион байгуулалттайгаар ажиллах болж газрын даргын орон тоо хасагдсан нөхцөл байдал үүссэн нь тодорхой харагдаж байхад шүүх хэрэгт чухал ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг үнэлэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т зааснаар үргэлжүүлэн ажиллах эрхтэй гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Д.А нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байхдаа төрийн захиргааны албаны ТЗ-10 ангиллаар цалинжиж байсан. Шүүхээс ямар үндэслэлээр 6.638.800 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд нөхөн олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т төрийн албан хаагчийн цалин хөлс Төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан. Нууцын асуудлыг ерөнхий газрын даргаас эрх олгосон албан тушаалтан эрхлэн гүйцэтгэдэг ба газар хэлтсийн дарга нууцын асуудлыг шууд хамаарах эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, мөн ажлгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохдоо буруу тооцсон байх тул зөвтгөсөн нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлагуудын тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх үед Оюуны өмчийн газрыг татан буулгаж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөгдсөнтэй холбоотой нэхэмжлэгч Д.А-ийн ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болжээ.

Дээрх төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын бүх захиргааны албан хаагч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Нэхэмжлэгч Д.А-ийн ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон тоо хасагдсан боловч чиг үүрэг нь шинээр баталсан Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд, бусад баримтаар тогтоогдож байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана: .... 27.2.3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, гэж заасны дагуу уг орон тоонд Д.А-г томилох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... Д.А-ийн ажиллаж байсан аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын орон хасагдсан, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын орон тоо шинээр үүссэн байхад энэ талаарх нотлох баримтыг үнэлэлгүй, шүүх Д.А-г үргэлжлүүлэн ажиллах эрхтэй гэж буруу дүгнэсэн, эрх зүйн үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн ... гэжээ.

Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын бүтэц өөрчлөгдөж статистикийн чиг үүрэг хасагдаж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж оюуны өмчийн бүртгэлийн талаарх чиг үүрэг шилжсэн боловч аймгуудын Улсын бүртгэлийн хэлтэс нь оюуны өмчийн бүртгэлийн талаарх чиг үүрэг байхгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтуудаар тогтоогдож байна..

Түүнээс гадна аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар байх үед уг газарт Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс тус тус байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ... Улсын бүртгэлийн хэлтсийн дарга хийж байсан хүнийг өөр албан тушаалд томилсон, харин маргаж байгаа бүтэц өөрлөгдсөнөөс хойших аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар өөр хүн сонгон шалгаруулалтаар томилогдсон... гэх тайлбараас үзвэл Д.А-ийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүргийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд хэвээр хадгалагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хэрэгжүүлэхээр заасан бөгөөд төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой эрхэлж байсан албан тушаалын зарим чиг үүрэг нь хасагдаж, зарим чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан тохиолдолд дээрх зарчимд нийцүүлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн дээрх гомдлыг хангах боломжгүй.

Харин хариуцагчийн төлөөлөгчийн Төрийн албаны тухай хуулийн 28.2.2-т заасан цалингийн бүрэлдэхүүнд хамаарахгүй нууцын асуудал хариуцсаны нэмэгдлийг олгосныг эс зөвшөөрсөн гомдлыг хангаж шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг орууллаа. Учир нь Д.А-д олгох олговор нь ажлаас үндэслэлгүй халагдсанаас урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, тухайн албан тушаалын цалинтай тэнцэх олговор биш, харин захиргааны байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж, чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан шинэ албан тушаалд томилоогүй хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж үзэж тухайн чиг үүрэг хэвээр хадгалагдсан шинэ албан тушаалын цалинтай тэнцэх олговрыг олгох үндэслэлтэй тул Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт өөр албан тушаалын чиг үүргийг хариуцаж байсны нэмэгдэл хамаарахгүй. Энэ талаар анхан шатны шүүх шинэ албан тушаалын ТЗ-9 ангиллаар үндсэн цалинг зөв тооцсон атлаа нууцын ажил эрхэлсний нэмэгдэл нэмж тооцсон нь буруу байх тул хасаж өөрчлөх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой бүх албан хаагчийг чөлөөлсөн Б/36 дугаар тушаал нь захиргааны байгууллагын дотогшоо чиглэсэн шийдвэр байх бөгөөд шүүх төрийн албан хаагчийн баталгааг алдагдуулсан үйлдэл биш талаар зөв дүгнэсэн атлаа түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болголгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг нэхэмжлэлийн тусдаа шаардлага гэж үзэхгүй, шийдвэрийн 2 дахь заалтаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үед хариуцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргийнхээ дагуу хийх үйл ажиллагаа байх тул тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27.2.3-д заасныг баримтлан Д.А-ийн нэхэмжлэлийг хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Д.А-г Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилоогүйг хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилохыг даалгасугай гэж, 2 дахь заалтын ... урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6638800 /Зургаан сая зургаан зуун гучин найман мянга найман зуун/ гэснийг дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5952018 /Таван сая есөн зуун тавин хоёр мянга арван найм/ гэж тус тус өөрчлөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Д.А-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/36 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 3 дахь заалт нэмж, 3 дахь заалтын дугаарыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрлэн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ