Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 309

 

“УБ п” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД, НГА-нд

холбогдох захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Л.Атарцэцэг

                                              Д.Мөнхтуяа

                                              Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:               Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн “М м”ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “УБ с” ХХК-д холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгуулах, Газрын кадастрын мэдээллийн санд “УБ п ” ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, зөвтгөж оруулахыг Нийслэлийн Газрын албанд даалгах”  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0172 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0271 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, өмгөөлөгч Б.М, хариуцагч НЗД болон  НГА-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд “УБ с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Г.Э, өмгөөлөгч Р.М, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0172 дугаар шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн “М м”ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “УБ с” ХХК-д холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн санд “УБ п” ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөвтгөж оруулахыг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0271 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч “УБ п” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн “М м”ХХК-д холбогдох хэсэг, 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/290 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсэг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/442 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “УБ с” ХХК-д холбогдох хэсгийг  тус тус хүчингүй болгож, Газрын кадастрын мэдээллийн санд “УБ п”  ХХК-ийн эзэмшил газрын байршлын зургийг алдаатай бүртгэсэн үйлдлийг хууль бусболохыг тогтоож, зөвтгөж оруулахыг Нийслэлийн Газрын албанд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “УБ с” ХХК, “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасан.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Давж заалдах шатны шүүх хууль бусбүртгэл, талуудын хооронд гүйцэд хийгдээгүй эрх шилжүүлэх гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр дүгнэсэн асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, яагаад үгүйсгэж байгаагаа магадлалдаа тодорхой дурдаагүй байна.

4. “УБ п” ХХК нь маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хууль бусгэж үзэж, захиргааны хэргийн шүүхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан маргаж байгаа бөгөөд илэрхий хууль бусзахиргааны актууд, хууль бусбүртгэлүүдийг үндэслэж хэргийг дүгнэж байгаа тул шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

5. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар “М м”ХХК-д газар ашиглах эрхийг шинээр баталгаажуулж олгосон байдаг бөгөөд шинээр үүсэж буй газрын эрхийн тухайд 2003 оноос хойш үйл баримтыг дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий захирамжийн агуулга, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд хэлсэн хариултаас “М м”ХХК нь газрыг шинээр баталгаажуулж авсан нь хөдөлшгүй тогтоогдож байна. Гэтэл нийслэлийн Засаг дарга газрын эрхийг ийнхүү баталгаажуулахдаа Газрын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй, төсөл шалгаруулалт явуулаагүй олгосон, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газар дээр давхцуулан олгосон, “Ү т-д” ХХК-ийн эзэмшил газраас үндэслэлгүйгээр буюу эрх бүхий этгээдийн захирамж, шийдвэргүйгээр багасгаж, хассан, хассан газраа нийтийн эдэлбэрийн зам талбайд шилжүүлсэн байдаг нь тодорхой баримтуудаар хангалттай тогтоогддог.

6. “УБ п” ХХК болон “М м” ХХК-уудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдээгүй, талууд үүнтэй холбоотой хүсэлтээ илэрхийлээгүй байдаг гэж дүгнэх нь зүйтэй. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үүнийг хүлээн зөвшөөрдөг, гуравдагч этгээд “М м” ХХК нь мөн үүнийг үгүйсгэдэггүй. Хэдийгээр бичгээр гэрээ хийгдэж, газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой талууд албан бичгээ Нийслэлийн Газрын албанд хүргүүлдэг боловч гэрээ бүрэн хэрэгжээгүй, газар эзэмших эрхийг шилжүүлэх хэмжээнд үр дагавар үүсгээгүй байдаг.

7. Анхан шатны шүүх маргаан бүхий газрыг “УБ п” ХХК-ийн эзэмшилд байсан гэдгийг “М м”ХХК хүлээн зөвшөөрсөн байсныг эдгээр компаниудын хооронд хийгдсэн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Газрын эрх шилжүүлэх гэрээнээс харж болохоор байна гэж дүгнэсэн,  газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг давж заалдах шатны шүүх онцгойлон дүгнэж, ийнхүү дүгнэхдээ асуудалд бодит бусаар хандсан байна.

8. Мөн давж заалдах шатны шүүхээс 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “УБ п” ХХК-ийн нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээ, энэхүү өмчлөх эрхийг шилжүүлсэн талаарх үйл баримтыг дүгнэхдээ дараах нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй. “УБ” п цогцолборын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр “Өмчлөгчийн эрх олгох тухай” тогтоол гартал хэзээ ч хувь иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаагүй бөгөөд тус объект бүхэлдээ нийслэлийн өмчид бүртгэлтэй байсан. Улмаар “УБ п” ХХК нь тодорхой үнийг төлөн цогцолборыг бүхэлд нь өмчилж авсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэрхэн шилжсэн талаар, ийнхүү шилжсэн нь хууль ёсны байсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

9. 4200 м.кв, 3600 м.кв, 2789 м.кв хэмжээтэй газрын асуудлыг дүгнэхдээ хаана байршилтай, ямар нэгж талбар, эргэлтийн цэгээр тодорхойлогдох газар болохыг анхаарч үзээгүй, маргаан бүхий газар мөн эсэхийг тодорхой баримтын хүрээнд тогтоож чадаагүй. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн газрын эрхийг шилжүүлсэн захирамж, шийдвэр, кадастрын мэдээллийн санд өөрчлөлт орсон зүйл огт байдаггүй. “УБ п” ХХК-ийн хувьд өөрийн өмчлөх эрх, газар эзэмших эрхээ Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталгаажуулж, үүнийхээ төлбөрийг зохих ёсоор төлж авсаар байтал нийслэлийн Засаг дарга, Газрын албаны буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй, хохирч байна.

10. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулж, “Ү т-д” ХХК, “УБ п” ХХК-ийн газрын хил зааг, хэмжээний зөрүүтэй байдал, маргаан бүхий газар, хууль бусаарнэмсэн гэх нийтийн эдэлбэр газрын хэсгийг хэмжүүлж, маргааныг эргэлзээгүй, бүх талаас нь дүгнүүлэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй шийдвэрлэсэн гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

11. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг зөрчиж гуравдагч этгээд “УБ с” ХХК-ийн өмгөөлөгч Р.М нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож, давж заалдах журмаар гомдол гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг ноцтой зөрчжээ. Гуравдагч этгээдийн зүгээс өөрсдийн таамаг, хоосон хардлагаар давж заалдах гомдлоо гаргасан бол харин нэхэмжлэгчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргахдаа хэргийн бодит үйл баримт, хэрэгт авагдан бичгийн нотлох баримт, хуульд тухайлан заасан асуудлын хүрээнд гомдлын үндэслэлээ тодорхойлж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна. Гуравдагч этгээд "Монголианстар мелшерс" ХХК, “С” ХХК, “УБ с” ХХК-иудын газар эзэмших эрх хууль бус тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг нь давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13.  Тодруулбал, маргаан бүхий газрыг эзэмших эрхийг шилжүүлэх асуудал нь анх 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “УБ п” ХХК буюу нэхэмжлэгч “УБ п” ХХК болон “Н х” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс эхэлсэн байна. Тус гэрээгээр “УБ п” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Спорт цогцолбор”-ын дуусаагүй барилгын зүүн хойд талд байрлах соёл урлаг, спорт, үйлчилгээний зориулалттай 1944 м.кв дуусаагүйбарилгыг худалдах, барилгын хамт орчмын 4200 м.кв талбай бүхий газрын эзэмшлийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний үүрэг биелэгдсэнээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь “Н х” ХХК-д шилжсэн байна.

14. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч “УБ п” ХХК нь гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгө, түүний доорх болон ойр орчмын газрыг шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн байх бөгөөд уг гэрээ болон түүнийг дагалдан гарсан өмчлөх эрхийн гэрчилгээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр буюу тэдгээрийг хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, мөн тухайн гэрээ хууль ёсны эсэхийг захиргааны хэргийн шүүх хянахгүй тул нэгэнт хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээг захиргааны шүүх үнэлэхгүй гэж үзэхгүй.

15. Иймд, “маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг хууль бусгэж үзэн маргаж байгаа, давж заалдах шатны шүүх илэрхий хууль бусакт, бүртгэлийг үндэслэж хэргийг дүгнэсэн, 2011 онд “М м” ХХК-д газар эзэмших эрх шинээр үүсэж байхад 2003 оноос хойш үйл баримтыг дүгнэж хэргийг шийдвэрлэсэн, тухайн үл хөдлөх хөрөнгө нь 2014 оныг хүртэл хэзээ ч хувь иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаагүй бөгөөд тусобъект бүхэлдээ нийслэлийн өмчид бүртгэлтэй байсан, улмаар “УБ п” ХХК нь тодорхой үнийг төлөн цогцолборыг бүхэлд нь өмчилж авсан байдаг, гэтэл давж заалдах шатны шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэрхэн шилжсэн талаар, ийнхүү шилжсэн нь хууль ёсны байсан гэж дүгнэж үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодорхойлох хэсгийн 3-5, 8/ хангах боломжгүй.

16. Дээр дурдсан /Хянавал хэсгийн 13-д/ гэрээний дагуу “Н х” ХХК нь өмчлөх эрхийг шилжүүлэн авснаасаа хойш тухайн хөрөнгөө бусдад /иргэн Ч.О-т/ шилжүүлсэн бөгөөд улмаар тухайн хөрөнгө нь хэд хэдэн өмчлөгчийг дамжин 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “М м” ХХК-ийн өмчлөх эрхэд шилжсэн байна.  

17. Ийнхүү “М м” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах үедээ тухайн үед газар эзэмшигч байсан “Ү т-д” ХХК-тай[1] харилцан тохиролцож “Нийслэлийн өмчийн харилцааны газраас “УБ п”цогцолбор барилгыг “Ү т-д” ХХК-д хувьчилсан тохиолдолд эрх шилжүүлэн авагч “М м” ХХК-ийн худалдан авсан объектод ногдох 3600 м.кв газрын газар эзэмших эрхийг гэрчилгээг үнэ төлбөргүй, үл маргах журмаар шилжүүлэх” нөхцөлөөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулснаас гадна 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “УБ п” ХХК[2]-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан, уг гэрээний дагуу талууд газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтүүдийг /2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “УБ п”ХХК-ийн Нийслэлийн газрын албанд “өөрийн эзэмшлийн 28119 м.кв газраас хэсэгчлэн “М м” ХХК-д 2789 м.кв газрыг шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тусад нь гаргуулах” тухай хүсэлт, мөн өдрийн “М м” ХХК-ийн газар эзэмших эрх шилжүүлэн авах тухай хүсэлт/ гаргасан байх тул тэдгээрт үндэслэсэн гэж үзэхүйц Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн улмаас /Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3064 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар “М м” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн/ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

18. Хэдийгээр дээрх газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, хүсэлт, захирамжид заасан газрын хэмжээ нь тодорхой хэмжээний зөрүүтэй боловч /3600 м.кв, 2789 м.кв, 3064 м.кв/ маргаан бүхий газар нь 2003 онд байгуулагдсан /Хянавал хэсгийн 13-д заасан/ үл хөдлөх хөрөнгийн доорх болон орчмын газар гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул “маргаан бүхий газрын байршил огт тодорхойгүй, шинжээч томилох ёстой байсан” гэсэн /Тодорхойлох хэсгийн 10-11/ хяналтын гомдол үндэслэлгүй.

19. Хэрэгт авагдсан “УБ п” ХХК болон “М м” ХХК-иудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон хүсэлтүүд нь нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд тэдгээрийг үгүйсгэхүйц нотлох баримт байхгүй байхад шүүхээс “гэрээ хийгдээгүй, талууд үүнтэй холбоотой хүсэлтээ илэрхийлээгүй гэж дүгнэх нь зүйтэй, хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөг, гуравдагч этгээд “М м” ХХК нь мөн үүнийг үгүйсгэдэггүй, хэдийгээр бичгээр гэрээ хийгдэж, газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой талууд албан бичгээ Нийслэлийн Газрын албанд хүргүүлдэг боловч гэрээ бүрэн хэрэгжээгүй, газар эзэмших эрхийг шилжүүлэх хэмжээнд үр дагавар үүсгээгүй” гэж дүгнэх боломжгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-7-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

20. Мөн ийнхүү нэхэмжлэгчээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хүсэлтээ гаргасан байх тул “маргаан бүхий акт болох 2011 оны 676 дугаар захирамжаар “М м” ХХК-д анх удаа газар эзэмших эрх үүссэн, гэтэл дуудлага худалдаа явуулаагүй, төсөл шалгаруулаагүй, бусдын эзэмшил газартай давхцуулсан, “Ү т-д” ХХК-ийн эзэмшил газраас үндэслэлгүйгээр буюу эрх бүхий этгээдийн захирамж, шийдвэргүйгээр багасгаж, хассан, хассан газраа нийтийн эдэлбэрийн зам талбайд шилжүүлсэн” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй. Хэдийгээр хариуцагч нийслэлийн Засаг дарга нь холбогдох гэрээ, хүсэлтүүдийг үндэслэн газар эзэмших эрхийг нэхэмжлэгчээс “М м” ХХК-д шилжүүлэх ёстой байтал маргаан бүхий актыг /2011 оны 676 дугаар захирамж/ гаргахдаа тускомпанид газар эзэмших эрхийг анх удаа олгосон агуулгатайгаар гаргасан ч тухайн алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

 21. Түүнчлэн, “Ү т-д” ХХК-иас шилжүүлэн авсан нэхэмжлэгчийн эзэмшлийн 28,119 м.кв газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, газар эзэмших гэрээнд газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зурагт 28119 м.кв талбайтайгаар тусгасан, уг гэрээг нэхэмжлэгч компанийн ерөнхий захирал Б.С-н байгуулсан зэргээс үзэхэд “нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газраас нь маргаан бүхий газар хасагдаж, нийтийн эзэмшлийн зам, талбай орсон байсан гэдгийг огт мэдээгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйгээс гадна бодит байдал дээр 2008 оны 461 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид олгосон газрын хэмжээ өөрчлөгдөөгүй учир “хэрэв гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон юм бол манай газрын хэмжээ өөрчлөгдөх байсан, иймд газар шилжүүлэх гэрээ, хүсэлтүүд хэрэгжээгүй гэж үзнэ” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 5, 6, 9-д заасан хяналтын гомдол үндэслэлгүй.  

22. Гуравдагч этгээд “УБ с” ХХК нь өмгөөлөгчөөрөө Р.М-ыг оруулах хүсэлтийг гаргасан байх бөгөөд өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг гуравдагч этгээдийн зүгээс үгүйсгээгүй тул “гомдол гаргах эрхгүй өмгөөлөгч гомдол гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон” гэх гомдлыг /Тодорхойлох хэсгийн 11-д/ хангах боломжгүй.

23. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2019/0271 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ

 

[1] “Ү т” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Б нь “УБ пл” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд “УБ п” ХХК нь “УБ п” ХХК /нэхэмжлэгч/ болж нэр нь солигдсон, О.Б нь өөрийн хувьцаагаа 2006 онд одоогийн “УБ п”  ХХК-ийн ерөнхий захирал О.С-д шилжүүлсэн.

[2] Нэхэмжлэгч “УБ п”  ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 461 дүгээр захирамжаар “Ү т” ХХК-иас 28.119 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байсан тул.