Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/05449

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/05449

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Г.Ариунаа, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            нэхэмжлэгч: ***** суух хаягтай, рд:*****, ****

            нэхэмжлэгч: ***** нарын нэхэмжлэлтэй,  

            хариуцагч: **** холбогдох,

нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 32,027,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч***,

иргэдийн төлөөлөгч *** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Оюунсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нараас хариуцагчид холбогдуулан гэм хорын хохиролд 32,027,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ***** аймгийн ***** сумын *** говийн *** гэх газарт ***мал аж ахуй эрхлэн амьдардаг байсан. 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр *****ын харьяа ***** тасгийн ажилчид төмөр зам дээр галын аюулаас хамгаалах зорилготойгоор замаа татаж орчин тойрных нь өвсийг цэвэрлэх шатаах үйл ажиллагаа хийж яваад түймэр алдсан. Уг түймэрт ***** сум ***** сум, **** сум, ****т сумын айл өрхүүдийн мал, эд хөрөнгө, хашаа хороо, саравч эд хөрөнгө мөнгө нь шатсан ба энэ айл ***** сум өөрөөр хэлэх юм бол яг энэ түймэр гарсан сумын нутаг дэвсгэр дээр байсан түймэр гарсан газраас зүүн тийшээ 200 гаруй метрийн зайнд байдаг нуурын эрэг дээр байдаг айлууд байсан. Энэ хоёр айл шатсан байгаа. Цагдаагийн газар энэ хэргийг шалгаж хохирлын асуудал, нөхцөл байдал түймэр гарсан шалтгаан, хохирогч нарын хохирол төлбөрийг бүхэлд нь шалгаж олон айлуудыг шалгаж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хариуцлага татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2017 онд хэрэгсэхгүй болгосон. Үүний үндсэн дээр иргэд өөрсдийнхөө хохирлыг иргэний журмаар ингээд нэхэмжилж байгаа. Энэ түймэрт *****ийнх нийтдээ мал хөрөнгө, гэр бараа, гэрийн доторх эд хогшил бүхий л зүйлээ алдсан. Өөрөөр хэлэх юм бол нуурын эрэг дээр нэг хэсэг төллөх малуудаа хашаа саравчиндаа ялгаж үлдээгээд, төллөсөн малуудаа бүгдийг нь нуурын эрэг доор авч байсан. Тэгэхээр нуурын эрэг дээр нь байсан хашаа саравчинд байсан бүхий л жижиг төллөх малууд нь шатсан. Үүнээс үндэслээд ***** нь ам бүл ганцаараа тусдаа амьдардаг хүү нь эхнэртэйгээ, хүүхдүүдтэйгээ тус тусдаа гэр оронтой амьдардаг байсан *****ийнх нийт 33,260,000 төгрөгийн хохирол учирсан гэж тооцсон байсан. н.****** /Б.*****ых/ тооцооны алдаа гарсан байсан. 4,979,000 төгрөгийн хохирол учирсан гээд нэхэмжлэлийн шаардлага дээрээ тооцооны алдаа гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагын жагсаалт дотор малын хашаа саравч байсан. *****ийнхаас малын хашаа саравчийг хасаад тооцсон чинь 4,979,000 төгрөг гарсан. Бусад үлдсэн эд хөрөнгө нь хөрөнгийн үнэлгээгээр үнэлэгдээд яг нэг бүрчлэн таарч байгаа. Тэгсэн хөрөнгийн үнэлгээ хасаж хэдийгээр үндэслэсэн ч гэсэн 6,985,900 төгрөгийн хөрөнгө шатсан байна гэсэн үнэлгээ гаргасан байгаа. *****ийнх хөрөнгийн үнэлгээний байгууллага 25,042,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг 38,249,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байсан. Хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлсэн үнэлгээний хэмжээн дээр хоёр айл нийлээд 32,027,900 төгрөг болж байна. Энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. 6,211,100 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. 32,027,900 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна...гэв.

 

3.Хариуцагч бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: .. Иргэн *****, Ц.****** нарын нэхэмжлэлтэй, "*****" ХНН-т холбогдуулан гэм хорын хохиролд 38.239.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 2012 оны 4 дүгээр сард ***** аймгийн зарим сумд тал хээрийн түймэртэй байсан ба 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус аймгийн **** сумаас эхтэй тал хээрийн түймэр гарсан байдаг. Уг түймэр *****, ****, *****, ***** сумдуудыг хамарсан бөгөөд ***** тасгийн ажилчид төмөр замын дэр мод, төмөр зам, холбооны шугамаа түймрийн галаас хамгаалж цурав тавих ажиллагаа хийсэн. Энэхүү хээрийн түймрийн эзэн холбогдогчоор иргэн Д.****г мөрдөн байцаалтаар тогтоож ***** аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Сум дундын шүүхээр хянан хэлэлцэгдэж, хээрийн түймэр тавьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар хорих ялаар шийтгэгдсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан гэм хорын хохиролд нийт 194.031.040 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн байдаг. Харин ******-ын ***** тасгийг дээрх хээрийн түймэрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор гал тавьсан эзэн этгээд тодорхойгүй, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэх, шинжилгээ гаргах эрх бүхий шинжээч нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэхүү шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад ***** тасгийн ажилчид цурав тавьж байгаад гал алдсан гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Уг тал хээрийн түймрийн эхэлсэн цэг нь *****, **** сумдын нутаг дэвсгэрт иргэн Д.****гийн тавьсан түймрээс эхтэй ба *****, *****, ****, ****т сумдын нутаг дэвсгэрийг хамарсан байдаг. Энэхүү нутаг дэвсгэрээр ******-ын 239 км урт зам нэвтрэн өнгөрдөг бөгөөд ой Хээрийн түймрээс төмөр замын дэр мод, холбооны шонгийн модоо хамгаалах Үүднээс ***** тасгийн ажилчид цурав тавьж хамгаалах зурвас татаж авсан. Энэ талаар галын дүгнэлт, нотломж гаргахдаа 2012 оны 04 дүгээр сарын 18-19-нийхооронд *****, **** суманд гарсан хээрийн түймрийг шинжлэн судлалгүйгээр зөвхөн ***** тасгийн ажилтнууд гал алдсан гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Гэм хорын улмаас учруулсан хохирлыг шаардах тухайд: Шүүхээс Иргэний хуулийн гэм хорын талаарх эрх зүйн ерөнхий болон тусгай зохицуулалтын хүрээнд хуульд заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөлүүд хангагдсан эсэхэд хуулийг тайлбарлан хэрэглэж дүгнэлт өгч шийдвэрлэх учиртай. Иргэний хуулийн гэм хорын зохицуулалт буюу гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь "бусдад гэм хор учруулсан этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд уг этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, нөгөө талд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх зарчим" юм. Гэм буруугүй бол хариуцлага хүлээхгүй байх зарчимтай. Гэм буруутай эсэхийг шалгаж тогтоогоогүй учраас хариуцлага хүлээх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гаргана. Иргэний хуулийн 497.1-д "Бусдын эрх..... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэсэн. Үүнд санаатай, болгоомжгүй гэдэг нь гэм буруугийн шинжийг, үйлдэл /эс үйлдэхүй/-гэм хор учруулсан гэсэн агуулгын хүрээнд буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон гэм хорын шалтгаант холбоо, хууль бусаар гэдгийг тодорхойлоход тухайн үйлдэл нь хуулиар хориглосон байх шинжийг /хуулийн заалт/ илэрхийлнэ. Хэргийн үйл баримтын хувьд гэм буруугийн шинж, гэм буруутай үйлдэл, хуулиар хориглосон ямар заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхой биш байна. Нэхэмжлэгч нарын хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт нь 2012 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийн материалаас бүрдсэн байх ба хэргийг шалгах явцад гэм буруутайг тогтоосон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Улсын дээд шүүхийн 2009 оны 15 дугаартай тогтоолд "... хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг хариуцан арилгахыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж хэлнэ. Иргэний хуулийн 497-514 дугаар зүйлд зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагын талаар тусгасан байх ба зөрчлөөс үүдэн хохирол бий болохыг гэм хор учруулах хэмээн нэрлэдэг байна... Гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ энэхүү Үндсэн зохицуулалтыг эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах болон хуулийн бусад тусгайлан заасан зохицуулалтуудтай хамтатган хэрэглэнэ" гэсэн. Тэгэхээр гэм буруутай болохыг нотолсон байхыг шаардана. Нөгөө талаас Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн 497-514 дүгээр зүйлд байгаль орчинд учруулсан гэм хорын асуудал буюу нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зохицуулалт байхгүй байна. Эрүүгийн хэрэг нээн шалгаад гэм буруутай этгээдийг тодорхой болгоогүй, гэмт хэрэг үйлдсэн нь эцэслэн тогтоогдоогүйн улмаас хэргийг хаасан, хариуцагч “******” ХНН-ийг яллагдагчаар татаагүй, яллагдагчаар татсантогтоол гараагүй, түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгээгүй, шалгаагүй. Өөрөөр хэлбэл, 2012 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа сэжигтнээр н.*****, н. ****** нарыг тооцон татаж холбогдох ажиллагааг явуулсан.

Нэхэмжлэлийн шаардлагын тухай: Нэхэмжлэгч ***** нь нэхэмжлэлдээ 30 төрлийн эд зүйлийг нэрлэн нийт хохирлоо 33.260.000 төгрөгөөр үнэлэн шаарджээ. Гэвч тухайн хээрийн түймэрт нэхэмжлэгч *****ийн шатсан гэх хашаа саравчийн модон материалууд нь нэхэмжлэлдээ нэрлэн заасан төрлөөр барах босгон ашиглаж байсан нь баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, барьж саравч нь 70 ширхахдаа 24х24 харьцаатай 2 машин шургааг, шопол 170 ширхэг байсан гэдгийг юугаар баталж байгаа нь тодорхойгүй байна. Мөн 30 төрлийн эд зүйлээ үнэлсэн 33.260.000 төгрөгийг ямар тоо баримт, үнийн эх сурвалжийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байх ба дээрх үнэ өртгөөр шатсан гэх хашаа саравчийн материал, бусад эд зүйлсээ худалдан авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч Ц.****** нь нэхэмжлэлдээ 57 төрлийн эд зүйлийг нэрлэн нийт хохирлоо 4.979.000 төгрөгөөр үнэлэн шаарджээ. Нэхэмжлэгч Ц.******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох хэд хэдэн үндэслэл байна. Тухайлбал нэхэмжлэлийг эрх бүхий этгээд гаргасан эсэхийг анхаарах шаардлагатай. 2012 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан баримтад хохирогчоор Ц.****** нь тогтоогдоогүй. Иймээс гэм хорын улмаас учирсан хохирлыг шаардах эрхгүй этгээд болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5-д заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж мөн хуулийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн 56 төрлийн эд зүйлээ үнэлсэн 4.979.000 төгрөгийг ямар тоо баримт, үнийн эх сурвалжийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байх ба дээрх үнэ өртгөөр шатсан гэх малын хашаа саравчийн материал, бусад эд зүйлээ худалдан авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь 250.000 төгрөгийн үнэ бүхий хөнжил, 70 амперийн аккумулятортой байсан гэдгийг яаж нотлоод байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай байна. Иймд *****, Ц.****** нарын нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “*****” нийгэмлэгт холбогдох гэм хорын хохиролд 38.239.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

2022.04.21-ны өдрийн БД0080 тоот нэхэмжлэгчээс****д олгосон итгэмжлэл  /хэргийн 4 дүгээр тал/

2022.04.21-ны өдрийн БД0019 тоот нэхэмжлэгчээс ***д олгосон итгэмжлэл  /хэргийн 5 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 6 дугаар тал/

Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилох тогтоолууд, хохирогчийн биеийн байцаалтууд /хэргийн 7-21 дүгээр тал/

№2 Ой хээрийн түймрийн хохирлын акт /хэргийн 22-35 дугаар тал/

2012.07.06-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 36 дугаар тал/

2012.04.24 Хэрэг учралын газрын тэмдэглэл /хэргийн 37 дугаар тал/

2012.04.25-ны өдрийн Хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай танилцуулга /хэргийн 38-41 дүгээр тал/

2014.06.09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 42-43 дугаар тал/

2013.06.17-ны өдрийн гэрчийг байцаасан тэмдэглэлүүд /хэргийн 44-52 дугаар тал/

2013.03.05-ны өдрийн Яллагдагчаар татах тогтоол /хэргийн 53-54 дүгээр тал/

2012.04.04-ний өдрийн №А-16 тоот *****ын ***** тасгийн даргын тушаал /хэргийн 55 дугаар тал/

2012.04.17, №87/52 Зөвшөөрөл хүсэх тухай албан тоот /хэргийн 56 дугаар тал/

2012.04.19-ний өдрийн Галын аюултай ажил явуулахад олгох зөвшөөрлийн хуудас /хэргийн 57 дугаар тал/

2012.05.29, №87/65 Хээрийн түймрийн тухай албан тоот /хэргийн 58 дугаар тал/

2015.04.20, Иргэний хариуцагчаар татах тогтоол /хэргийн 59 дүгээр тал/

2015.05.07, №10/615 ******г *****аас О.******д олгосон итгэмжлэл /хэргийн 60 дугаар тал/

2015.05.20, Иргэний хариуцагчаар татах тогтоол /хэргийн 61 дүгээр тал/

2012.05.02-ний өдрийн ******-ын даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хэргийн 62 дугаар тал/

2017.05.05-ны өдрийн №05/91 ***** аймгийн Прокурорын газрын тогтоол /хэргийн 63-64 дүгээр тал/

2017.06.22-ний өдрийн №5/35 дугаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай тогтоол /хэргийн 65-66 дугаар тал/

2017.06.22, №5107 дугаар ***** аймгийн Прокурорын газрын гомдол шийдвэрлэсэн талаарх хариу мэдэгдэх хуудас /хэргийн 67-70 дугаар тал/

2022.04.21, №42 дугаар ***** аймгийн ***** сумын 4 багийн засаг даргын тодорхойлолт, 2022.04.22-ны өдрийн малчин даатгуулагчид олгосон лавлагаа /хэргийн 107-109 дүгээр тал/

2012.10.15, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хэргийн 110 дугаар тал/

2012.10.20 Галын шинжээчийн дүгнэлт /хэргийн 111-112 дугаар тал/

2013.03.25-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хэргийн 113 дугаар тал/

2013.04.01, Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт /хэргийн 114-121 дүгээр тал/

Тайлбар /хэргийн 141-142 дугаар тал/

2013.02.28-ны өдрийн 09 дугаар Шийтгэх тогтоол /хэргийн 143-149 дүгээр тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 154 дүгээр тал/

Нас барсны гэрчилгээ /хэргийн 135 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

5. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

2022.05.10, №10/1666 тоот *****аас Х.****д олгосон итгэмжлэл /хэргийн 72 дугаар тал/

Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 73 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 72-79 дүгээр тал/

2024.09.25, №10/3863 тоот ******-аас Х.Энхсүхэд олгосон итгэмжлэл /хэргийн 68 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

6.Шүүхээс бүрдүүлсэн

2022.10.05-ны өдрийн №475 тоот ******* ХХК-ийн үнэлгээ /хэргийн 86-105 дугаар тал/

2023.06.23-ны өдрийн Б.Батсэнгээ, 2023.06.26 Ц.*****, 2023.9.11 Н.Наран-Эрдэнэ, 2023.09.15 Ү.Бөхчулуун нараас авсан гэрчийн мэдүүлгүүд /хэргийн 128-135 дугаар тал/ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгож, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

2. Нэхэмжлэгч нар анх 38,239,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган, Ц.****** 6 985 900  төгрөг, ***** 25 042 000 төгрөг болгон багасгаж, нийт 32 027 900 төгрөг болгож шаардсан байна.

 

3.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллагын ажилтнуудын буруутай үйлдлийн улмаас гал алдаж, гал түймэрт эд хөрөнгө, малаа алдаж хохирсон... гэж тайлбарласныг,

 

Хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...тухайн гал түймрийг тавьсан гэм буруутай этгээдийг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгч нар гал түймэрт алдсан гэх эд хөрөнгийг эзэмшдэг эсэх, үнэлгээ тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан бичмэл баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

 

4.1. Хариуцагч ********г *****ын ***** тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ***** аймгийн ***** сумын *** булгийн нутаг дэвсгэрт байрлах *****ын ***** тасгийн ****** өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуут шонгийн орчмоос цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр алдаж *****, *****, ****, ****т сумдын нутаг дэвсгэрт экологийн 80,478,078 төгрөгийн хохирол, мөн сумдын иргэдэд 680,502,470 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулан, тэдэнд холбогдуулан Эрүүгийн 201211000253 дугаартай хэрэг үүсгэн шалгасан байна.

            4.2. Дээрх эрүүгийн хэрэгт “******” ХНН нь иргэний хариуцагчаар, нэхэмжлэгч *****, талийгаач Б.***** нь хохирогчоор тогтоогдсон байх бөгөөд ***** аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 05/91 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

            4.3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М****гаргасан гомдлын дагуу ***** аймгийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5/107 дугаар хариу мэдэгдэх хуудсаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” дээрх прокурорын тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан учир гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдсэн байна.

4.4. “******” ХНН-ийн даргын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-2-64 тоот тушаалаар Хэрлэн-****** зөрлөгийн хоорондын зам түймрээс хамгаалах зурвас газрын өвс шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж ажил удирдах ажилтныг томилоогүй, ажилтнуудад зааварчилгаа өгөөгүй, техникийн болон багаж хэрэгслийн бэлтгэлийг бүрэн хангаагүйгээр ажиллуулж гал алдаж хариуцлагагүй ажилласан ***** тасгийн дарга Л.******од үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, орлогч дарга С.*******т үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, Цэрэгжүүлсэн хамгаалах тасгийн дарга ****х, барилга орон сууцны хэсгийн дарга Ш.*****, Замын 5 дугаар хэсгийн мастер **** нарт үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан байна.

4.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед *****, Б.***** нарыг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан, хохирогч нар мал, хашаа саравч, амьдарч байсан гэр сууц, гэрийн эд хогшил хөрөнгөө гал түймэрт алдаж хохирсон талаар тайлбарласан, түймэрт шатсан эд хөрөнгийн жагсаалтаа гаргаж өгсөн,  2012 оны 08 сарын 10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ баримтаар *****ийн 56 нэр бүхий мал хашаа саравч эд хөрөнгөд нийт 33 260 000 төгрөгийн, Б.*****ы эд хөрөнгөд 4 979 400 төгрөгийн хохирол тус тус учирсан болохыг тогтоосон байна.

4.6. 2017 оны 05 сарын 05-ны өдрийн ***** аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолын Олсон нь ... *****ын ***** тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ***** аймгийн ***** сумын *** булгийн нутаг дэвсгэрт байрлах *****ын ***** тасгийн ****** өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуут шонгийн орчмоос цурав тавьж байгаад галтай болгоомжгүй харьцсаны улмаас гал түймэр алдаж *****, *****, ****, ****т сумдын нутаг дэвсгэрт экологийн 80,478,078 төгрөгийн хохирол, мөн сумдын иргэдэд 680,502,470 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан... гэх баримт, 2012.04.25-ны өдрийн ***** аймгийн ***** сумын Энгэршанд баг Хавиргэ гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай танилцуулга баримтын ...Түймэр гарсан шалтгаан нөхцөл, эзэн холбогдогч ...*****ын ***** тасгийн ажилчид төмөр замыг түймрээс хамгаалах зорилгоор цурав тавьж байгаад цуравнаас оч хийсч гал түймэр үүсвэрлэн гарсан байна... гэх баримт, 2014.06.09-ны өдрийн дугаар 09 Шинжээчийн дүгнэлт Хариулт3 ...салхины хүч тогтмол үед цуравдах, салхи 5м/с-ээс их үеп цурав тавихгүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь гал гарахад хүргэсэн байна... гэх дүгнэлт, 2012.10.20-ны өдрийн Галын шинжээчийн дүгнэлт ...Гал гарсан шалтгаан юу бэ Харилулт: *****ын ***** тасгийн ****** өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км –ийн 7 дугаар зуут шонгийн хойд талаар ***** тасгийн ажилчид цурав тавьсан байсан ба цухаваас оч үсэрч гал үүсвэрлэн гарсан байна... гэх дүгнэлт тус тус гарчээ. 

5.Хариуцагчийн ...эрүүгийн хэрэг нээн шалгаад гэм буруутай этгээдийг тодорхой болгоогүй, ...****** ХНН-ийг яллагдагчаар татаагүй, яллагдагчаар татах тогтоол гаргаагүй, түүнд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй... гэх тайлбар, татгалзал нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

6.Хариуцагч тухайн гал алдсан үйлдэлд гэм буруугүй болох өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн тайлбар түүний шүүхэд ирүүлсэн дээрх баримтуудыг үгүйсгэж баримтаар няцаагаагүй. 

 

7.Иймд хариуцагч ********г *****ын ***** тасгийн ажилчид 2012 оны 04 сарын 22-ны өдөр цурав тавьж байхдаа тухайн галыг цааш алдахгүй байх, тархаахгүй байх урьдчилсан нөхцлийг хангаж анхаарч ажиллах үүргээ биелүүлээгүй хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруутай гэж үзнэ.

 

8. Хариуцагч байгууллагын ажилтнуудын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын мал хашаа саравч эд хөрөнгө гал түймэрт өртөн шатаж хохирсон учир нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу эд хөрөнгөд учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргасан хүсэлтээр “*******” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч *****ийн мал, хашаа хороо, эд хөрөнгө буюу 56 нэр бүхий хөрөнгөд нийт 25 042 000 төгрөгийн, нэхэмжлэгч Ц.******ы /талийгаач Б.*****ы эхнэр/ 53 ширхэг нэр бүхий эд хөрөнгөд нийт 6 985 900 төгрөгийг хохирол тус тус учирсныг үнэлэн, дүгнэлт гаргаж, нэхэмжлэгч нар уг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нийт 32 027 900   төгрөгийг шаардсан.

10. Хариуцагчийн ...нэхэмжлэгч нар нэхэмжлэлд заасан эд хөрөнгийг худалдан авсан, эзэмшиж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй... гэх тайлбар татгалзал дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.

11. Хээрийн гал түймэр гарахад нэхэмжлэгч ***** хүү Б.*****ы гэр бүлүүд ***** аймгийн ***** сумын Энгэршанд багийн *** гэх газарт мал маллан амьдардаг одоо ч амьдарч байгаа болох нь 2012 оны 07 сарын 06-ны өдрийн ***** сумын Энгэршанд багийн засаг даргын ...Ширчиндамбил овогтой Будрууш гэрийн дотор ам бүл-5. ***** сумын Энгэршанд багийн *** гэдэг газар амьдардаг. 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор үхэр 127, хонь 151, ямаа 905 бүгд 1183 толгой мал тоолуулсан болно... гэх тодорхойлолт,  2022.04.22-ны өдрийн ***** аймгийн Архивын тасгийн ...***** 2011 онд 1183 толгой мал, 2012 онд 456 толгой мал малын А дансанд бүртгэгдсэн... гэх лавлагаа, 2022.04.21-ний өдрийн ***** аймгийн ***** сумын 4 дүгээр багийн засаг даргын ...Ц.****** нь ам бүл 4, хүү *****ы Ба**** нарын хамт ***** сумын хөхнуур багийн нутагт оршин суудаг бөгөөд 2012 оны 04 сарын 22-ны өдөр ******г гэдэг газарт гарсан га түймэрт өртсөн нь үнэн болно... гэх тодорхойлолт, 2022.04.22-ны өдрийн ***** аймгийн Архивын тасгийн ...Ц.****** 2011 онд 918 толгой мал, 2012 онд 617 мал малын А дансанд бүртгэгдсэн... гэх лавлагаа баримтууд байна.

12. Нэхэмжлэгч ***** 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ***** аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож, галд шатаж хохирсон мал хашаа саравч эд хөрөнгөө нэрлэн зааж, түүний мал хашаа саравч эд хөрөнгийн талаар сумаас 33 660 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарласан, Б.***** 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ***** аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдож, галд шатаж хохирсон эд хөрөнгөө нэрлэн зааж, түүний эд хөрөнгийг сумаас 4 979 400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарлажээ.

13. Нэхэмжлэгч нар нь ***** аймгийн ***** суманд амьдардаг, мал, малын хашаа саравч, гэр гэрийн эд хогшил эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсан ба тэдний тайлбар түймэрт өртсөн айл өрхийн хохирол тогтоох ажлын хэсгийн акт, айл өрхийн хөрөнгийн жагсаалт, мал тооллогын баримтууд зэргээр нотлогдож байх тул түймэрт өртсөн эд хөрөнгийн хохирлоо нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байх тул хариуцагч “******” ХНН-ээс нийт хохирол 32 042 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

            14. Түүнчлэн, хариуцагч тал нэхэмжлэгч нарыг тухайн эд хөрөнгүүдийг эзэмших, өмчлөх эрхгүй гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтуудыг няцаах баримт гаргаагүй байна. 

            15. Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ш.***** хохирогчоор тогтоогдон оролцож байсан 2021.10.13-ны өдөр нас барсан, гэрлэсний бүртгэлийн лавлагаа баримтаар нэхэмжлэгч Ц.****** өөрийн гэр бүлийн эд хөрөнгөд учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

16. Иргэдийн төлөөлөгч: ... айлыг хохиролгүй болгох шаардлагатай гэж үзэж байна... гэж дүгнэсэн.

 

17. Хариуцагчид хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас тэмдэгтийн хураамжид төлсөн 419 663 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 419 663 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, хариуцагчаас 250 000 төгрөг гаргуулан шинжээч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******” ХНН-ээс 32 027 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****т 25 042 000 төгрөг, нэхэмжлэгч Ц.******д 6 985 900 төгрөг тус тус олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас тэмдэгтийн хураамжид төлсөн 419 663 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 419 663 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, хариуцагчаас 250 000 төгрөг гаргуулан шинжээч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ

             

                   ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА

                        

                         ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА