| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 140/2019/00512/И |
| Дугаар | 205/МА2020/00026 |
| Огноо | 2020-10-22 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 205/МА2020/00026
Ю.Рэгзэнбүжидийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүх
хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч: Ж.Баттогтох Б.Ариунбаяр
Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр
Бусад оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгчийн өмгөөлөгч: В.Содномцэрэн
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаар шийдвэртэй Ю.Рэгзэнбүжидийн нэхэмжлэлтэй С.Төмөрийн төрсөн охин болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жавзансүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Рэгзэнбүжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1934 онд Самбуугийн Төмөрийн 1-р охин болж төрсөн. Одоо 85 настай тэр үед миний аав Төмөр нь цуурхал тараасан хэргээр хэлмэгдэн баривчлагдаж байсан учир намайг хэлмэгдэлтэнд өртөж магадгүй хэмээн төрсөн дүү Самбуугийн Юнрэнгээр овоглосон гэдэг. Ингээд 1937 онд эсэргүү гэгдэн баривчлагдан хороогдсон учир өсгөсөн аав маань Самбуугийн Юнрэн мөн давхар хэлмэгдэлтүүдээс айж миний нэрийг Рэгзэнбүжид болгон өөрчилсөн. Одоо миний бичиг баримт Юнрэнгийн Рэгзэнбүжид нэрээр явдаг. Харин өргөж авсан аавын өөрийнх нь төрсөн охин Лхагважав /Лхагваа/ мөн надтай чацуу 1934 онд төрсөн. Гахай жилтэй билээ. Иймд намайг Самбуугийн Төмөрийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жавзансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Рэгзэнбүжидийн аав болох Төмөр нь 1937 онд эсэргүү гэгдэн баривчлагдаж хороогдож байсан. Тэр үед цуурхал тараасан хэргээр баривчлагдаж байсан иргэдийг цаазаар авдаг байсан учир хэлмэгдэлтэд өртөж магадгүй хэмээн төрсөн дүү Юнрэнгээр овоглосон гэдэг. Өсгөсөн аав Юнрэн давхар хэлмэгдэхээс айж Бүжид гэсэн нэрийг нь Рэгзэнбүжид гэж өөрчилсөн гэдэг. Өргөж авсан аавынх нь Рэгзэнбүжидтэй чацуу Лхажав гэдэг охинтой байсан. Тийм учраас Рэгзэнбүжидийг Төмөрийн төрсөн охин болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Юнрэнгийн Рэгзэнбүжид ИЮ34041202 гэсэн регистрийн дугаартай Завхан аймгийн Улиастай сумын харьяатай. Рэгзэнбүжид нь улсын бүртгэлд Төмөр гэсэн нэрээр овоглогдож байсан болон нэр сольж байсан, үрчлэлт хийгдэж байсан гэх бүртгэл байхгүй. 1934 онд төрсөн боловч Бүжид болон Рэгзэнбүжид гэсэн нэрээр Төмөрөөр овоглож байсан баримт байхгүй. Яагаад гэвэл Монгол улсын хэмжээнд төрсний бүртгэл 1954 онд анх хийгдэж байсан. Рэгзэнбүжидийг Төмөрийн хүүхэд гэдгийг нотлох ямар баримт байна вэ гэхээр улсын бүртгэлийн ерөнхий газрын кадр 41-р маягт, мөн регистрийн дугаар олгож байсан баримт, иргэний үнэмлэх олгож байсан баримтууд нь байна. Мөн 2000, 2010 онуудад олгож байсан иргэний үнэмлэхийн баримтууд нь байна. Архивын баримтуудаас үзэхэд Рэгзэнбүжидийг Завхан аймгийн Яруу сум төрсөн гэж бичигдсэн байна. 1988 онд регистрийн дугаар олгож байсан бүртгэл дээр эцэг Самбуугийн Юнрэн, эх Ядамын Бадамхүү гэж бичигдсэн байна. Мөн эцэг эхийг нь бүртгэхдээ нас барсан гэж бүртгэсэн байна. Рэгзэнбүжидэд өөр ямар нэгэн баримт бичиг байхгүй. Эдгээр бүртгэлүүдийг юун дээр тулгуурлаж бичиж байсан бэ гэхээр 1980 онд иргэний үнэмлэх олгож байсан kадр дээр үндэслэж бичиж байсан. Мөн Юнрэн гэдэг охины талаар мэдээллийг авч үзэхэд Юнрэнгийн Лхагва гэдэг нэртэй ИХ34100109 гэсэн регистрийн дугаартай Завхан аймгийн Яруу сумын харьяатай хүн байж байгаад 2015 онд нас барсан байна. Энэ хүнд төрсний бүртгэл гэж байхгүй. 1988 оны kадр маягт дээр эцэг Самбуугийн Юнрэн, эх Ядамын Бадамхүү гэж бичигдсэн. Мөн эцэг эх нь нас барсан гэж бичигдсэн. 1980, 1981 онуудад явагдсан бүртгэл дээр Эрдэнэхайрхан сумд төрсөн, 2000, 2010 онд төрсөн бүртгэл дээр Яруу сумд төрсөн гэж бүртгэгдсэн бүртгэл байна гэжээ.
Анхан шатны шүүх:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Ю.Рэгзэнбүжидийн нэхэмжлэлтэй өөрийгөө хэлмэгдэгч Самбуугийн Төмөрийн төрсөн охин мөн болохоо тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жавзансүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаар шийдвэрийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргах нь:
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг авч хэлэлцэхдээ хэргийн бодит байдалд үндэслэн шийдвэрлээгүй гэж үзэж байгаа учир нь Шүүх Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 08/2109 тоот лавлагааг үндэслэж С.Төмөрийн охин болох Бүжид/ Рэгзэнбүжид/ -ийг С.Төмөрийн хүүхэд биш гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Бүжид, Лхагва нар нь 1934 онд нэг эхээс гарсан байх боломжгүй байхад Бүжид/Рэгзэнбүжид/, Лхагва нарыг хэн нь хэний хүүхэд болохыг эргэлзээтэйгээр шийдвэрлэсэн.
Тухайн үед улс төрийн хэлмэгдэлтэйн үе байсан учир эхнэр хэн байсныг тодорхой мэдүүлээгүй зөвхөн охин Бүжидийг дүүгийнхээ ам бүлд хамааруулсан байна гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Бүжид буюу Рэгзэнбүжид нь хэлмэгдэгч С.Төмөрийн охин болохыг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаартай шийдвэрээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэрэгт ач холбогдол бүхий үнэн бодит байдлаас нь дүгнээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар дүгнээгүй гэж үзэж байна. Тухайн Төмөр гэх хүн нь лам хүн байж байгаад улс төрийн хилс хэрэгт холбогдож цаазлуулсан. 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дээд шүүхийн тогтоол, 114 дүгээр магадлалаар Төмөр гэх хүнийг цагаатгасан. Тухайн Төмөр гэх хүн нь өөрийн төрсөн дүү Юнрэнгийн хамт амьдарч байсан талаар нотлох баримт гарч ирж байдаг. Тухайн үед байсан эсэх талаар бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас авч үзэхэд Төмөр нь хэлмэгдэж байх үедээ Юнрэн, Бадам, Лхажав, Бүжид гэсэн 5 хүн хамт амьдарч байсан байдаг. Тухайн үед хүүхэд нь болох Бүжидийг улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж байсан учраас Юнрэнгээр овоглож байсан бөгөөд, Юнрэнгийнх тухайн үед Лхажав гэх нэртэй хүүхдээ Лхагважав болгож өөрчлөсөн байдаг. Төмөр нь хэлмэгдэж байх үедээ өгсөн мэдүүлэгт 48 настай, Бүжид болон Лхажав гэх хүмүүс нь Юнрэнгийн хүүхэд байх боломжгүй бөгөөд тухайн үед төрсний гэрчилгээ болон бүртгэл хийж байгаа байдаг. Хүн амын тооллого дээр 1934 оны 04 дүгээр сарын 12-нд төрсөн, Юнрэнгийн Лхажав 1934 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн талаар тухайн үеийн тооллогоор гарч ирж байгаа. Төмөр гэх хүн тухайн үед хилс хэрэгт шалгагдаж байхдаа бүх эд хөрөнгөө хураалгасан байдаг. 1944 онд хүн амын тооллогоор Юнрэн гэх айлын Рэгзэнбүжид гэдэг хүүхэд байхгүй гэж байдаг. Энэ юу вэ гэхээр тухайн үед өөр айлд очиж бүртгэгдэж явсан байгаа. Энэ нөхцөл байдалд Гүнжмаа гэх хүнтэй хамт амьдарч байсан талаар асуудал яригддаг. Гэрч Пэлжидмаа, Намнан нарын өгсөн мэдүүлэгт тухайн үеийн хүмүүсийн нөхцөл байдлыг мэдэх боломжгүй өөрийнхөө мэдэж сонсож байсан зүйлсээ ярьж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх үрчлүүлсэн талаар нотлох баримт байхгүй байгаа талаар тайлбарласан байдаг. Тухайн үеийн Монгол улсын хэмжээнд үрчлүүлэгчийн үйл ажиллагаа яаж явж байсан болон төрийн байгууллагын нотлох баримтууд Улсын төв архив, Тагнуулын ерөнхий газрын архив зэргээс энэ нөхцөл байдал харагдахгүй байна. Төмөр нь өөрийн төрсөн дүү Юнрэн гэх айлд Рэгзэнбүжидийг өргүүлж төрсөн дүүгээр овоглуулж явсан байдаг. Тийм учраас Бүжид буюу Рэгзэнбүжидийг Төмөрийн хүүхэд мөн гэж үзэх байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Рэгзэнбүжид нь хэлмэгдэгч С.Төмөртэй садан төрлийн холбоотой буюу түүний төрсөн охин нь мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх Ю.Рэгзэнбүжид нь хэлмэгдэгч С.Төмөрийн төрсөн охин болох нь хангалттай нотлогдохгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтуудыг хэрэгжүүлсэн байна.
Хэрэгт авагдсан Улсын аюулгүй байдлын архивын лавлагаанаас харахад /1937 оны байдлаар/ хэлмэгдэгч С.Төмөр нь лам хүн байсан бөгөөд ам бүл 5, дүү Юнрэгсүрэн, түүний эхнэр Бадам, хүүхэд Бүжид, Лхажав нартайгаа амьдарч байсан байх ба С.Төмөрийн охин Рэгзэнбүжид гэж ойлгох нөхцөл байдал тогтоогдохгүй. нэхэмжлэгчийн тайлбараас агуулга болон нэрийн зөрүүтэй байна.
Мөн Үндэсний төв архивын лавлагаанаас харахад 1944 он, 1956 оны оны тооллогод Самбуугийн Юнрэгдоржийн ам бүлд Бүжид буюу /Рэгзэнжид/ тоологдоогүй байх бөгөөд уг баримт нь С.Төмөрийн охин Рэгзэнбүжид гэж үзэх баримт биш байна.
Хэрэгт авагдсан М.Пэлзэдмаа, Д.Намнан нарын мэдүүлэг, бусад баримтууд нь нэхэмжлэгч Ю.Рэгзэнбүжид нь хэлмэгдэгч С.Төмөрийн охин болохыг хангалттай нотолж чадахгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 519 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Жавзансүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ю.Рэгзэнбүжид нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ
Б.АРИУНБАЯР