Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 337

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт Д-ийн М-д холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өглөө Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн суудлын вагонд хамт зорчиж явсан Ц.Эын ХААН банкны картыг хулгайлан авч, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын билетийн касс дотор байрлах Голомт банкны АТМ-ээс 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ:

“...Бид нар вагон дотор явж байхад Эрдэнэбаатарт О 300.000 төгрөг өгөхөд болно гэхээр нь би Эрдэнэбаатарт бид гурав 100.000 төгрөг нэмээд өгчих тус бүр 30.000 төгрөгөөр нь хувааж авч болох уу гэхэд болно гэж хэлсэн. Тэгээд бид нар Вагон дотор архи уугаад байж байхад Эрдэнэбаатар банкны картаа унагахаар нь хэлэлгүй авсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Мы өгсөн:

            “...2017 оны 12 сарын 01-ний шөнө Зүүн хараагаас 04:10 цагт Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд суугаад 07 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотын вокзал дээр буусан, вагон дотор Э, О, Т, Х, Б нарын хамт нийтийн вагонд явж байхад хаана явж байсныг мэдэхгүй, тухайн үед Э бие засах газар руу босож явахад орон дээр нь улаан хавтастай карт унахаар нь би хэлэлгүй авсан. Бид нар Зүүн хараагаас суухаас өмнө зочид буудалд 13-14 хүмүүс нийлээд 500 граммын Хараа архи 13 шил орчим хувааж уугаад вагонд суусан. Галт тэрэгнээс буугаад би Тт Эын унасан картыг өгөөд АТМ-с байгаа мөнгийг нь аваад ир гээд өгч явуулсан, тэгээд Т 400,000 төгрөг авч ирэхээр нь тэндээс 3-н такси бариад Э, О. Т, Х, Б болон нэрийг нь сайн мэдэхгүй хоёр эрэгтэйн хамт Баянхошуунд Хын гэрт очсон, тэндээ 750 граммын Улаанбаатар архи хувааж уугаад Э, О, Т, Б бид нар такси бариад Драгон төв дээр очсон, тэндээсээ салаад Дархан явахад автомашинд О. Э суугаад харьсан, би согтуу байсан болохоор нэг мэдэхэд гэртээ ирээд унтсан байсан.

Эыг 2017 оны 9 сараас хойш танина, Шарын гол гэх газарт ногоо хураалтын ажилд явж байгаад танилцсан. Зүгээр найзууд. 2017 оны 11 сарын 10-ны орой Эын хамт самаранд явах гээд байж байхад би Эын карт руу ах Ундрахдалайгаас мөнгө шилжүүлж би картнаас мөнгөө авч байсан, тэгэхэд надад нууц дугаараа 0506 гэж хэлж байсан. Т таныг Эын картыг хэлэлгүй авсан талаар мэдээгүй, намайг карт өгч явуулахад Эын картаар яах гэж байгаа юм гэхээр нь 100,000 төгрөгийг би авах гэж байгаа юм, үлдсэн 300,000 төгрөгийг нь карттай нь ээжид өгнө гэж хэлсэн, Эын ээж нь Дархан-Уул аймагт манай гэрийн хажуу талд амьдардаг Дархан Уул аймаг Дарханы булгийн 2-21 тоот гэж манай хаягтай хамт явдаг Цэвээн гэдэг, би тэгээд гэртээ маргааш нь ороод гарсан тэгээд шууд буцаад Улаанбаатар хот руу ирсэн тэгээд мөнгийг нь өгч чадаагүй. 2017 оны 11 сарын 05-нд Дархан-Уул аймгаас эхнэр Т, Э, О нарын хамт Зүүн хараад самранд явсан, явахдаа зар тавиад 21 хүний хамт явсан, би тэр хүмүүсийг бол танихгүй. 2017 оны 11 сарын 31-нд самарнаас ирээд Зүүн хараагийн вокзал дээрээс хамт самранд яваад ирсэн.

Би 2017 оны 01 сарын 04-нд Эад хохирлын 400,000 төгрөгийг нь хүлээлгэж өгсөн. Тухайн үед согтуудаа картыг нь хэлэлгүй авсан миний буруу уг нь ээжид нь үлдсэн мөнгийг нь өгье гэж бодсон ч чадаагүй, Эыг ажил муу хийсэн гээд 100,000 төгрөгийг нь би авсан юм миний буруу, дахиж ийм үйлдэл гаргахгүй. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Эын өгсөн:

            “...2017 оны 11 сарын 05-нд Зүүн хараагаас 21 иргэдийн хамт самранд явсан, М, О, Т нарыг танина бусдыг нь танихгүй. 2017 оны 12 сарын 01-ний 04:30 цагийн Зүүн Хараа Улаанбаатар чиглэлийн вагонд Зүүн хараагаас суугаад 07 цаг 45 минутын үед Улаанбаатар хотын вокзал дээр буугаад вокзалын ард талын автобусны буудал дээр энгэрийн халаасанд байсан хэтэвчээ тэмтэрч үзэхэд байсан. Тэгээд тэндээс М, Оыг, Т болон танихгүй гурван эрэгтэйтэй 3-н таксинд суугаад Баянхошууны эцсийн буудал дээр очоод нэг эрэгтэй болох Хишигээгийн гэрт нь очоод 750 граммын Соёмбо 1 ширхэг, Ерөөл 1 ширхэг архи авч хувааж уусан. Тэндээс гараад М, Оыг, Т нарын хамт такси бариад Драгон ороод Дарханы таксинд суух гээд картнаас мөнгө авах гэхэд карт байхгүй байхаар нь М болон түүний эхнэр Буяндэлгэр хоёрыг миний картыг өг, та хоёроос гарцаа байхгүй гэхэд би яаж мэдэх юм гээд байхаар нь Драгон худалдааны төв орж хүний утсаар Хаан банкруу залгаж картаа хаалгачихаад гараад ирэхэд О ганцаараа байсан, тэр хоёр хаяад явсан байсан. ...би өөрийн алдсан 400.000 төгрөгийг бүрэн бүтэн хүлээн авсан, одоо ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-н 23-26/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Тийн өгсөн:

            “...Тухайн өглөө Улаанбаатар хотод вагоноос буугаад замын хойд талын автобусны буудал дээр М, Э, О, Хишигээ болон самранд хамт яваад ирсэн 3-4 эрэгтэй, 2 эмэгтэйн хамт зогсож байгаад ганц юм уумаар байна гэхэд М намайг хоёулаа хамт архинд яваад ирье гэсэн. Тэгээд дэлгүүрийн үүдэнд очиход М надад Хаан банкны карт өгөөд нууц кодыг нь хэлсэн би одоо кодыг нь санахгүй байна. Надад Э бид хоёр цуг Дархан явах юм, картнаас нь 400,000 төгрөгийг аваад өг гэсэн. Би тэгээд ороход Хаан банкны АТМ олон хүнтэй байсан болохоор хамгийн захад байсан АТМ-с 400,000 төгрөг аваад Мд картын хамт өгсөн. Э нилээд согтуу байсан, надаас асуугаагүй болохоор би Эыг мэдэж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

 

Шүүгдэгч Д.Мы хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16, 54/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 55/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 51/,

- Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 44-48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өглөө Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн суудлын вагонд хамт зорчиж явсан Ц.Эын ХААН банкны картыг хулгайлан авч, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудлын билетийн касс дотор байрлах Голомт банкны АТМ-ээс 400.000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийг авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч Ц.Эын “...Тэндээс гараад М, О, Т нарын хамт такси бариад Драгон ороод Дарханы таксинд суух гээд картнаас мөнгө авах гэхэд карт байхгүй байхаар нь М болон түүний эхнэр Буяндэлгэр хоёрыг миний картыг өг, та хоёроос гарцаа байхгүй гэхэд би яаж мэдэх юм гээд байхаар нь Драгон худалдааны төв орж хүний утсаар Хаан банкруу залгаж картаа хаалгачихаад гараад ирэхэд О ганцаараа байсан, тэр хоёр хаяад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-26/, гэрч Б.Тийн “...М надад Хаан банкны карт өгөөд нууц кодыг нь хэлсэн би одоо кодыг нь санахгүй байна. Надад Э бид хоёр цуг Дархан явах юм, картнаас нь 400,000 төгрөгийг аваад өг гэсэн. Би тэгээд ороход Хаан банкны АТМ олон хүнтэй байсан болохоор хамгийн захад байсан АТМ-с 400,000 төгрөг аваад Мд картын хамт өгсөн. Э нилээд согтуу байсан, надаас асуугаагүй болохоор би Эыг мэдэж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/, шүүгдэгч Д.Мы “...Э бие засах газар руу босож явахад орон дээр нь улаан хавтастай карт унахаар нь би хэлэлгүй авсан...” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас Д.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Ц.Э нь мөрдөн байцаалтын шатанд “...би өөрийн алдсан 400.000 төгрөгийг бүрэн бүтэн хүлээн авсан, одоо ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-н 23-26/ өгсөн байх тул шүүгдэгч Д.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Д.Мы хувийн байдал зэргийг харгалзан түүнд 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __ овогт Д-н М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ