Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/05679

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/05679

                      Улаанбаатар хот

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            нэхэмжлэгч********* нэхэмжлэлтэй,

            хариуцагч:******* ХХК-д холбогдох,

нэхэмжлэлийн шаардлага: түр суурьшуулах төлбөр буюу түрээсийн зардал болох 9 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч****

нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан түр суурьшуулах төлбөр буюу түрээсийн зардал болох 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...****** ХХК-тай байгуулсан түр суурьшуулах төлбөр буюу талуудын нэрлэснээр түрээсийн зардлыг нэхэмжилж байгаа. Талуудын хооронд хэд хэдэн гэрээ байгуулагдсан. Огнооны дарааллаар 2015 онд талуудын хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 талт гэрээ байгуулсан. Хоёр талт гэрээний 2 дугаар зүйлд нэхэмжлэгч Ц.********** өөрийн өмчилж буй газар болон үл хөдлөх хөрөнгийг орон сууцаар солино, харин ****** ХХК 2016 оны 02 дугаар сард Ц.**********т орон сууц хүлээлгэж өгнө гэсэн тохиролцоотой хийгдсэн. Уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Дэнж 11 гудамж, ************ тоотод байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрыг 64.31 м.кв талбай бүхий орон сууцаар солихоор тохиролцсон. Гэрээний үнэлгээ 102,000,000 төгрөг байсан. Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа уг харилцаанд гуравдагч этгээд буюу гэр хорооллын хөгжлийн газар орж ирээд гурван талт гэрээ гэж байгуулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 дах хэсэгт зааснаар төсөл хэрэгжүүлэгч буюу ****** ХХК нь уг төслийг хэрэгжүүлэх хугацаанд нэхэмжлэгч иргэний түр суурьшуулах зардлыг хариуцна гэсэн байгаа. Гурав дах гэрээ нь 2015 оны 00415 дугаартай гэрээг талуудын хооронд байгуулсан. Уг гэрээний 1.3 дугаар зүйлд 2016 оны 2 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөөгүй тохиолдолд 1 сарын түрээсийн төлбөрт 450,000 төгрөг төлнө гэж заасан. Үүний дараа 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр талуудын хооронд 0************6 дугаартай гэрээ байгуулаад, уг гэрээний 1.3 дугаар зүйлд түрээсийн төлбөрийг 1 сарын 500,000 төгрөг болгон өөрчлөлт оруулан харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Үүний дараа 2017 оны 06817 дугаартай гэрээ байгуулагдсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлд компанийн барилга барих ажил удаашралттай байгаа тул гэрээний хугацааг сунгах, 1.2 дугаар зүйлд нэхэмжлэгч Ц.********** өөрийн газрыг чөлөөлж, үүргээ биелүүлсэн болохыг баталж, 1.6 дугаар зүйлд ****** ХХК нь Ц.**********т түр оршин суух түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, талууд харилцан тохиролцсон. Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 20/1 дугаартай гэрээг мөн талуудын хооронд байгуулагдсан. Уг гэрээний 1.3 дугаар зүйлд түрээсийн төлбөрийг 600,000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Тэгэхээр нэхэмжлэгч Ц.********** нь хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу газраа чөлөөлөөд, өөрөө түрээсийн байраар амьдраад явж байгаа. ****** ХХК гэрээний дагуу түрээсийн төлбөр төлөх үүргийнхээ дагуу 450,000 төгрөгөөс 1,500,000 төгрөг хүртэл хэмжээгээр төлөөд явж байсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. 2024 оны 2, 3, 4, 5, 6, 7 дугаар сард ногдох, нэг сарын түрээсийн төлбөрийг 1,500,000 төгрөгөөр тохирсон тул нийт 9,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.   ****** ХХК нь 1,500,000 төгрөгөөр тохиролцоогүй тайлбар гаргадаг. Талууд энэ тохиолдолд гэрээ байгуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрчийн мэдүүлгээр гэрээ байгуулаагүй, гэхдээ 1,500,000 төгрөгөөр тохиролцсон гэдэг. ****** ХХК-ийн төлөөлөгч нартай утсаар холбогдоод, биечлэн уулзаад түрээсэлж байгаа баримт нотолгоогоо үзүүлээд мөнгөө авдаг байсан гэдэг. Нөгөө талаас хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хаан банкны дансны хуулгаар ****** ХХК-аас 2023 оны 10, 11 дүгээр сарын төлбөрийг 1,500,000 төгрөг “түрээсийн төлбөр” гээд хүлээн зөвшөөрч шилжүүлж байсан гэдэг үйл баримт нотлогдож байгаа. 2024 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь төсөл хэрэгжүүлэх гэрээний эрхийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгоод Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан. Уг нөхцөл байдал дээр хэн аль нь маргахгүй байгаа. Тийм учраас 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 07 дугаар хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа... гэв.

 

3.Хариуцагч бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: .. ****** ХХК-ийн захирал Т.************* нь 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчээр тогтоогдон ажиллаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2 талт гэрээ байгуулагдсан, 08 дугаар сард нь 3 талт гэрээ байгуулагдсан. 2018 онд хариуцагч байгууллагаас Ц.**********ын нэр дээр хоёр өрөө орон сууцыг шилжүүлж өгсөн гэж тайлбарладаг. Хүлээлцэж өгсөн акт байхгүй, 2 зураг аваад мэйлээр “2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ү-220105************89 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 21-р хороолол, 22Б байрны 7 тоот, 42.79 м.кв талбай бүхий орон сууцыг иргэний өмчид бүртгэв” гэсэн зураг явуулсан. Энэ байр нь *********** групп ХХК-аас ****** ХХК бартераар авсан буюу үүнийг Ц.********** болон түүний эхнэрийн нэр дээр шилжүүлж өгсөн. Хуучин ажиллаж байсан хүмүүс нь акт хүлээлцсэн зүйл байхгүй, 2, 3 удаа нүүгээд явсан тул нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байгаа. Арилжааны гэрээ нь дуусгавар болсон. 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3-р хорооллын Ард Аюушын өргөн чөлөө гудамж, 38Б байранд хүн шууд амьдрах зориулалттай 68 м.кв талбай бүхий байрыг нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байрнаас албадан гаргасан. Учир нь ****** ХХК-ийн маргаантай байсан байр, шүүхийн шийдвэр гараад хураагдсан. 2019 оны 9 дүгээр сараас нүүх зардал болох 400,000 төгрөгийг нэхэмжлэгч тал руу шилжүүлсэн, дансны хуулгаар харагдаж байгаа. Мөн 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрийг 1 сарын 1,500,000 төгрөгөөр бодож шилжүүлсэн. Нэхэмжлэл гаргасныг мэдсэнээс хойш Т.************* захирал судлаад үзэхэд энэ хүмүүст байр хүлээлгээд өгсөн байсан. Тэрийг мэдэхгүй амьдруулаад, түрээсийн төлбөр гэж өгөөд байсан гэдгийг мэдсэн. Хуучин ажиллаж байсан хүмүүсээсээ баримт нотолгоо шаардаад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хэргийн 3 дугаар тал/

2015.01.12-ны өдрийн №070/15 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ /хэргийн 4-5 дугаар тал/

            нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 6 дугаар тал/

            газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 7 дугаар тал/

            2015.08.27, №070/15 Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ /хэргийн 8-13 дугаар тал/

            ****** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 14 дүгээр тал/

            2015.03.28-ны өдрийн №004/15 тоот Газар чөлөөлөх, орон сууцжуулах тухай гэрээ /хэргийн 15-19 дүгээр тал /

            2015.05.30-ний өдрийн №005/16 тоот Газар чөлөөлөх, орон сууцжуулах тухай гэрээ /хэргийн 19-21 дүгээр тал /

            2017.12.04-ний өдрийн 068/17 дугаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ /хэргийн 22-24 дүгээр тал/

            2020.11.08-ны өдрийн №20/01 тоот Гурван талт гэрээний хэрэгжилтийг биелүүлэх компани ба иргэд хоорондын нэмэлт гэрээ /хэргийн 24-26 дугаар тал/

            2020.09.15, №20/26 тоот ****** ХХК-ийн тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 27 дугаар тал/

            2020.10.25, №20/32 тоот ****** ХХК-ийн тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 28 дугаар тал/

            ХУД 8 хорооны иргэдээс ****** ХХК-ийн*****гаргасан хариу мэдэгдэл /хэргийн 29-30 дугаар тал/

            Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 31 дүгээр тал/

            Ц.**********, Л.*****нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 42 дугаар тал/

           ***** иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 43 дугаар тал/

            Хаан банкны дансны хуулга /хэргийн 44-46 дугаар тал/

            Ц.**********аас ***** олгосон итгэмжлэл /хэргийн 54 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

5. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

****** ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 37 дугаар тал/

Т.************* иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 38 дугаар тал/

хариу тайлбар /хэргийн 47 дугаар тал/

хариуцагчаас***********олгосон итгэмжлэл /хэргийн 64 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

6.Шүүхээс бүрдүүлсэн

2024.11.21-ний өдөр авсан*********** гэрчийн мэдүүлэг /хэргийн 58-62 дугаар тал/ зэрэг баримтуудыг нэг бүрчлэн уншиж сонсгож, шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.     Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

2.Нэхэмжлэгч ...суурьшлын төлбөр буюу орон сууцны хөлс 9000 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хоёр талт гэрээний үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний үүрэгт орон сууц шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж маргав.

 

3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2015 оны 01 сарын 12-ны өдөр 1070/15 тоот Гэр хороололын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг нэг талаас нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэх байршил дахь газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч эзэмшигч Ц.**********, нөгөө талаас хариуцагч буюу ГХДТ 2014/3 багцын дугаар бүхий байршилд бүхэлд нь эсхүл А хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан 9011484020 улсын бүртгэлийн дугаартай, 3183777 тоот регистэртэй,************ байгуулж, ****** ХХК Хан-Уул дүүргийн 8 хорооны Дэнж 10, 11, 12, Сонсголонгийн 22-р гудамжны нутаг дэвсгэрт А блокт гэр хороололын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч 192 айлын Алтан гэрэгэ орон сууцны хороолол төслийг хэрэгжүүлж, орон сууц барилгыг 2016 оны 02 улиралд багтаан ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид  тухайн барилга орон сууцны Г корпус 2 давхарт 64.31м кв талбайтай 3 өрөө орон сууц хөрөнгийг 102 896 000 төгрөгт тооцож хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 8 хороо, Дэнжийн 11-************ тоот хаягт байршилтай, нэгж талбарын *********** дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м кв газар үл хөдлөх хөрөнгийг хариуцагч талд 2015 оны 04 сарын 10-ны дотор чөлөөлж шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байна. 

 

Энэхүү гэрээний 2.5-д “газар үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцаар солихоор тохиролцсон тохиолдолд түр суурьшуулах асуудлыг талууд дор дурдснаар харилцан тохиролцов. –Төсөл хэрэгжүүлэгч тал: 2015 оны 04 сарын 01-ээс 2015 оны 11 сарын 30 хүртэл 1 сарын 450 000 төгрөг байхаар нийт 8 сарын 3600 000 төгрөгийг 2015 оны 04 сарын 1-д төлсөн Орон сууц ашиглалтад орох хүртэлх түр суурьшуулах хөлсийг 1 сарын 450 000 төгрөг байхаар тооцон 2015 оны 12 сарын 1-нд үргэлжлүүлэн 3 сараар төлнө. –Иргэн түр суурьших газраа өөрсдөө хариуцна” гэж тохиролцжээ.

 

2015 оны 08 сарын 27-ны өдөр №070/15 тоот Гэр хороололын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг нэг талаас  нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэх байршил дахь газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч эзэмшигч Цэндийн **********, нөгөө талаас хариуцагч буюу ГХДТ 2014/3 багцын дугаар бүхий байршилд бүхэлд нь эсхүл А хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан 9011484020 улсын бүртгэлийн дугаартай, 3183777 тоот регистэртэй, **** ХХК, гуравдагч тал Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулж, гуравдагч тал төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролсон байна.

 

Хариуцагч ****** ХХК, нэхэмжлэгч Ц.********** нар Хоёр талт гэрээнд дараах байдлаар нэмэлт өөрчлөлт оруулж байсан байна. Үүнд:

 

-2015 оны 03 сарын 28-ны өдөр №004/15 тоот Газар чөлөөлөх, орон сууцжуулах тухай гэрээ байгуулж, №070/15 тоот гэрээний 2.4-т ...1.1 компани 2015 оны 04 сарын 01-аас 2015 оны 11 сарын 20-н хүртэл иргэдийг түр оршин суурьшуулах 30 000 000 төгрөгийг 2015 оны 04 сарын 01-ний дотор төлнө, 1.2 иргэд 2015 оны 04 сарын 20-ны дотор ХУД-н 8 хорооны Дэнж ...11-************... тоотод орших 3400м кв газраа чөлөөлнө, 1.3 компани 1.1-д заасан хугацаандаа игэдийг Хоёр талт гэрээний 2.2.1 дэх заалтын дагуу орон сууцанд оруулж чадаагүй тохиолдолд сунгасан түр оршин суурьшуулах сар бүрийн түрээсийг нэг өрхөд 450 000 төгрөг нийт өрхөд тооцон төлнө... гэж,

 

-2016 оны 05 сарын 30-ны өдөр 1005/16 тоот Орон сууцжуулах хугацаа сунгалтын гэрээг байгуулж, мөн ...1.1 компани 2016 оны 06 сарын 01-аас 2016 оны 12 сарын 31-н хүртэл иргэдийг түр оршин суурьшуулах 28 000 000 төгрөгийг 2016 оны 05 сарын 25-ны дотор төлнө, 1.3 компани игэдийг Хоёр талт гэрээний 2.2.1 дэх заалтын дагуу орон сууцанд оруулж чадаагүй тохиолдолд сунгасан түр оршин суурьшуулах сар бүрийн түрээсийг нэг өрхөд 500 000 төгрөг нийт өрхөд тооцон төлнө... гэж,

 

-2017 оны 12 сарын 04-ний өдөр 068/17 тоот Орон сууцжуулах хугацаа сунгалтын гэрээг байгуулж, мөн ...1.2 иргэд 2015 оны 04 сарын 20-ны дотор ХУД-н 8 хорооны Дэнж 11-************ тоотод оршин газрыг чөлөөлсөн бөгөөд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа болно, 1.3 компани өмнөх хугацаан дах түрээсийн төлбөрүүд болон одоогийн 2017 оны 07 сарын 01-ээс 2017 оны 12 сарын 31 хүртэл иргэдийг түр оршин суурьшуулах 24 000 000 төгрөгийг төлсөн.. гэж нэмэлт,

 

-2020 оны 11 сарын 08-ны өдөр №20/01 Гурван талт гэрээний хэрэгжилтийг биелүүлэх компани ба иргэд хоорондын нэмэлт гэрээ байгуулж ...1.3 компани нь өмнөх хугацаан дах түрээсийн төлбөрүүдийг төлсөн бөгөөд түрээсийн төлбөрийг 2020 оны 12 сараас эхлэн 1 айлд 600 000 төгрөг байхаар тооцов. Компани түрээсийн төлбөрийг хамгийн багадаа 2 сар болон түүнээс дээш сараар урьдчилан төлнө...гэж тус тус нэмэлт оруулсан байна.

 

4. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, бичгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

5. Гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.

 

6. Талуудын тохиролцоо, хууль болон гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 8 хороо, Дэнжийн 11-************ тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18633305940724 дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700м кв газар үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна.

 

7. Харин хариуцагч хариу үүрэг буюу Алтан гэрэгэ орон сууцны хороолол төслийн орон сууц барилгыг 2020 оны 11 сарын 08-ны өдрийн нэмэлт гэрээгээр тохиролцсны дагуу нэхэмжлэгчид Г корпус 2 давхарт 64.31м кв талбайтай 3 өрөө орон сууц хөрөнгийг 2021 оны 06 сарын 30-ны өдөр ордержуулан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн, түүнчлэн хариуцагчийн орон сууц барилга барих төсөл хэрэгжүүлэх эрхийг 2024 оны 07 сарын 29-ны өдөр Нийслэлийн Засаг дарга цуцалж шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаанд орон сууц хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууц хөлслөн амьдарч байгаа, мөн 2024 оны 01 сар хүртэлх хугацааны орон сууц хөлслөх зардал төлбөрт нэг сарын 1500 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлж байсан нь нэхэмжлэгчийн эхнэр гэр бүлийн гишүүн Л.Лхамсүрэнгийн Хаан банкны дансны хуулга баримт, гэрчийн мэдүүлэг, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.  Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

 Тодруулбал хариуцагч нэхэмжлэгчийг өнөөдөр хүртэл хугацаанд орон сууц хөлсөн амьдарч байгаа, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 сарын 12-ны өдрийн №070/15 тоот Хоёр талт гэрээний 2.4, нэмэлт гэрээнүүдэд заасны дагуу нэхэмжлэгчийн түр суурьших орон сууцны хөлс 2024 оны 01 сарыг дуустал хугацаанд сарын 1500 000 төгрөг төлж байсан, 2024 оны 02 сараас төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдах хүртэлх хугацааны хөлс төлөөгүй талаар маргаагүй.

 

9. Хариуцагч гэрээний үүрэг буюу төсөл хэрэгжүүлж орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн түр суурьших орон сууцны хөлс 2024 оны 02 сараас төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаан үндэслэлээ ...нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц шилжүүлсэн... гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй, энэ талаар хэрэгт нотлох баримт ирүүлээгүй тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

10. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

 

Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1, 222.3-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцах үүрэгтэй байна.

 

11. Хариуцагч талуудын хооронд байгуулсан 070/15 тоот гэрээний 2.4-т заасан орон сууц барилга ашиглалтад орох хүртэл хугацааны түр суурьших орон сууцны хөлс төлөх үүргээ 2024 оны 02 сараас 2024 оны 07 сар дуустал буюу төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдах хүртэл хугацааны орон сууцны хөлс нэг сарын 1500 000 төгрөг нийт 9000 000 төгрөг төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзнэ.

 

12. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас түр суурьших орон сууцны хөлс 9000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 8950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 158 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч ****** ХХК-аас гэрээний үүрэг 9000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.**********т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 8950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 158 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ