Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/46 

 

Д.*******д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: Д.******* /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Цэнгэнбаяр /цахим/

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч З.Ууганбаяр, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ******* овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “*******” ХХК-ийн уурхайн кемп дээр иргэн Д.*******той маргалдан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь Д.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.*******д 3 жил 4  сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож,

          Хохирогч Д.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өмнөговь аймгийн ******* сумын 5 дугаар багийн ******* овоо хэмээх газарт ЕАИ ХХК-ийн уурхайд кемп менежерээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эхнэр маань утсаар ярьж миний бие их өвдөөд тариагаа дийлэхгүй байна. Би ер нь үхмээр байна гэж уйлаад ярьснаас хойш сэтгэл санаа тавгүй болж, ******* сум руу материал авахаар явахдаа нэг шил 0.75 грамтай архи авч ирээд талыг нь уугаад орой нь буюу 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед автобусаар дараагийн солигдох ээлжийн ажилчид ирж хүнсний бараа материал буулгах авах гэтэл багажны хаалга нь онгойхгүй байхаар нь автобусны жолооч *******ыг люкнүүдээ онгойлго гэж хэлснээс болж маргалдаж бие биенээ элдэв үгээр хэлэх болсон. Уг нь *******той урьд нь танилцаж байх үед ааш зан сайтай залуу байсан боловч энэ үед маш муухай зан гаргаж “Хөгшин банди минь сувай судрага эмээ харж байхгүй энд хэнхэг хийгээд явж байгаа юм” гэсэн эвгүй үг хэлснээр миний дотор бачимдаж өрөөндөө байсан үлдсэн архиа уугаад буцаж очоод *******той муудалцаж байснаас хойших үйлдлүүдээ санахгүй биеэ барих ухаангүй болсон юм шиг. Өглөө гэгээ орох үед хажууд байсан залуу та жолоочийг хутгалсан гэж хэлэхэд л маш муухай зүйл хийснээ мэдэж ухаарсан.

Энэ хийсэн хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний эхнэр Ж.Ганчимэг нь 1997 оны 2 дугаар сард баруун хөхний хорт хавдар тусч хөхөө хоёр өнгөвчтэй авхуулах хагалгаанд орсон. Мөн 2022 оны 8 дугаар сард дахин хөхний хорт хавдар тусч зүүн хөх, саваа авхуулах хагалгаанд орсноосоо хойш химийн тариа, туяа эмчилгээ, байн эмчилгээг 21 хоног тутам хийлгэж эмчийн хяналтад байгаа. Би эхнэрийнхээ эмчилгээний зардалд жаахан ч гэсэн нэмэр болох болов уу гээд уурхайд ахиухан цалин авахын тулд илүү хоногоор ажиллаж байсан юм. Гэвч өөрийн болчимгүй үйлдлээс болж гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Эрхэм шүүгчид та бүгдээс миний эхнэрийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хийсэн хэргийг зүйлчлэл ялыг минь хөнгөн зүйлчлэлээр өөрчилж шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.*******ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.*******, У.******* нарын мэдүүлгүүдээс Д.*******ын сэтгэл санаа тогтворгүй байсан нь тогтоогдсон гэж үзэж байна.

Мөн хохирогч Д.******* шүүгдэгчийн хувьд маш эмзэг сэдэв болох эхнэрийнх нь биеийн байдлын талаар хэл амаар доромжилсон үйл явдал, нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Энэхүү нөхцөл байдлуудад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.*******д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилж шийдвэрлэж өгнө үү.

          Хяналтын прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.*******д холбогдох хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна. Мөн өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийн талаар тодорхой хэллээ. Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол, санаатай учрал байгаа. 2.4-д тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг нь хутга нь зэвсэгт орж байгаа. Зэвсгийн чанартай, тусгайлан бэлтгэсэн гэдэг нь урдаас бэлдэж очсон биш зэвсэг болгож ашигласан эд зүйлийг хэлнэ. Тухайн үед зэвсгийг хэрэглэж хохирогч хэвлийн хөндийд 3 удаа хутгалагдсан шарх авсан. Энэ нь чээжний хэвлийн хөндийд учирсан хүнд гэмтэл байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тухайн гэмтлийн зэрэгтэй шүүгдэгчийн өмгөөлөгч маргахгүй гэж байна. Хэрэгт авагдсан үйл баримт дээр тухайн болсон үйл явдлыг гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Үүнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа цочрон давчидсан нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогддоггүй. Зүйлчлэлийн хувьд үндэслэлтэй байна, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Д.******* болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж, ялыг багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч, хохирогч нарын хооронд ажил төрлөөс болж маргаан явагдсан. Тухайлбал машиныхаа багажийн хаалгыг онгойлгож өгөөч гэж Д.******* хэлсэн. Хохирогч ******* нээж өгөхгүй маргасан. Маргахдаа хохирогч зүй бус үг хэлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамрагдаж байгаа хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Үүний талаар шүүгдэгч өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Тухайн үед шүүгдэгчийн эхнэрийнх нь бие муу байсан. Шүүгдэгч 29-ний өдөр эхнэртэйгээ ярихад би химийн тариа тариулж байна. Миний бие дийлэхгүй нь би үхмээр байна гэж хэлэхэд шүүгдэгч сэтгэл санааны хүнд байдалд орсон байхад нь хохирогч сувай суварга эмэгтэйгээ харахгүй энд юу хийж байгаа юм бэ гэхэд нь маш их эмзэглэсэн. Зэвсгийн чанартай зүйл гэж яриад байгаа нь биш ахуйн чанартай талх хэрчиж байсан өөрийнх нь тонгорог хутгаар хутгалсан. Энэ нь урдаас хэрэглэсэн зэвсгийн чанартай зүйл биш. Анхан шатны шүүхээс сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийдвэрлэсэн. Хэргийн зүйчлэлийг үндэслэлтэй болсон гэдэг. Хүндрүүлж битгий өгөөч. Хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагын нөхцөл байдлыг зөөлрүүлж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэж байгаа. Үүн дээр хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Мөн хуулийн 1.4-т яллагдагчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлнэ гэсэн хуулийн тусгай заалтууд байгаа. Энэ заалтуудыг үндэслээд Д.*******д холбогдох хэргийг хөнгөрүүлж өгнө үү. Урдаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглээгүй. Тохиолдлын чанартай зүйл болсон. Хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн. Хохирогч ямар ч гомдол саналгүй гээд шүүх хуралдаанд оролцохгүй яваад өгсөн. Д.*******ын хувийн байдлын хувьд эхнэр хүнд өвчтэй. 2017 онд хөхөө авхуулж байсан. Мөн 2022 онд өвчин нь дахин сэдэрсэн. Хүүхэд гаргах боломжгүй. Хохирогчийн хувьд таван хүүхэдтэй. Урьд Д.******* хохирогчтой ярилцаж байхад таван хүүхэдтэй гэж сонсоод ямар гоё юм бэ гэж байсан. Д.*******ын хувьд ийм амьдрал байхгүй. Сэтгэл санаа нь тогтворгүй, хүний үгэнд амархан гомддог. Хүн чанарын хувьд их сайн хүн шулуун шударга, ажил хөдөлмөрийн төлөө явдаг. Ажил хийх гэж явсан шалтгаан нь эхнэрийгээ өвчтэй үед нь мөнгөн тусламж үзүүлэх гэж явсан. Иймд Д.*******д холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гээд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулж өгнө үү гэв.

          Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар болон нотлох баримт гаргаагүй болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1.Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын ******* овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “*******” ХХК-ийн уурхайн кемп дээр иргэн Д.*******той маргалдан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.*******ын: “...Тухайн гэрт ороод амрах гээд ороо засаад хэвтэж байхад ******* нь орж ирээд ачаагаа буулга гэсэн шаардлага тавихад нь наана чинь зөндөө хүмүүс байна наад хүмүүсээрээ буулгуулаад авчих гэхэд ******* нь уурлаад “чи авчирсан хүн, чи буулгах ёстой” гээд маргалдаж эхэлсэн ба би орноосоо боссон. Манай баз ******* би очоод ачааг нь буулгаад өгье гээд *******тай гэрээс гарсан. Удалгүй 2-3 минутын дараа ******* нь намайг чи ямар том пизда вэ гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би та ямар сонин юм бэ. Өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй болчихоод байж байхад энд архи уугаад агсан тавиад байж байх юм гэхэд ******* гэрээс гараад явсан. Тэгээд бас дахиад буцаад гэрт ороод ирэхээр нь би та одоо яах гээд байгаа юм гээд очих гэтэл оператор нэг залуу дундуур орж ирээд ******* ахыг гараач гээд түлхээд дундуур орж ирээд байж байхад ******* тухайн залуугийн суга доогуур нь орж ирээд миний зүүн гарын доод хэсэгт их хурдан 3 удаа цохих шиг болсон нь 3 удаа хутгалсан байсан. /хх-ийн 32-34 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.*******ын “...Хажууд нь ******* наадхаа онгойлго гээд орилоод, юу юм та нар хаана ирчихээд юу гээд байгаа юм та нар гэж чанга чанга хашхираад байсан. *******ын хажуунаас ******* согтуу толгой минь наадах чинь хөлдчихсөн байна шүү дээ гэсэн. Тэрнээс хойш ******* ******* нар хоорондоо маргалдаад зодолдчих гээд байсан. *******, *******ын гэр рүү шагайгаад та нар муусайнууд хаана ирчихээд юу гээд байгаа юм, хоолойг нь хэрчинэ гэж харааж занаад байсан. ******* гэрээс нэг удаа гарч ирж юу гээд байгаа хөгшин банди вэ гэж хэлэхэд гэр дотор байсан хүмүүс цааш нь татаад авсан. Би тэгээд *******ыг түлхсээр байгаад гэрийнх нь үүдэнд аваачаад тайвшруулаад байж байсан. *******ын гарт байсан отверкийг авсан. Би даараад байсан учраас *******г дуудаад чи *******ыг хэсэг хоргоож байтээд би гэррүүгээ дулаацах гээд орсон. Тэгээд тэд+1арын дуу чимээ намжчихсан. Удалгүй дахиад муудалцаад эхэлсэн. Би гараад хартал ******* *******ыг дарчихсан, ******* нь *******ыг өшиглөх, гартаа байсан гялгар төмрөөр цохих зэрэг үйлдлүүдийг хийж байсан. ******* энэ чинь хутгалчихлаа гарт нь хутга нь байна гэхээр нь би хартал *******ын баруун гарт нь улаан өнгийн эвхдэг тонгорог байсан. /хх-ийн 37-39 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.*******гийн "... 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө амарч байх үед гадаа хүмүүс бужигнаад орилолдоод байсан. Гараад хартал шинэ жолооч 2 хоорондоо маргалдаад зогсож байсан.Тэгээд хоёулаа гараад үзье гэхээр нь би ыг түлхээд гаргатал буцаж орж ирэх гээд тэр шинэ жолооч бас гарах гээд байхаар нь та хоёр боль гээд хэлтэл тэр хоёр хоорондоо цохилцох шиг болсон. Тэр хоёр хоёр тийшээ болоод би ыг аваад гараад хаалгыг нь таглаад зогссон. Тэгтэл дотроос хутгалчихлаа шүү дээ гээд орилохоор нь руу хартал гарт нь жижиг хутга байсан...” /хх-ийн 42-43 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.ын: 2022 оны 12 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн орчим намайг унтаж байхад хүмүүс орилолдоод эхэлсэн. Би тэгээд юу болчихсон юм гээд сэрээд хартал хутга шаачихлаа шүү дээ гээд орилолдоод байсан. Тэгээд хүмүүсээс юу болоод байгаа юм хэн нь хэнийгээ хутгалчихсан юм бэ гээд асуутал ах шинэ ирсэн автобусны жолоочийг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд ХАБ-н менежер эмч хоёр орж ирээд боолт хийгээд сумын эмнэлэг рүү аваад явсан. Би өөр юм бол сайн мэдэхгүй байна...” /хх 46-47 дахь тал/

Гэрч Б.гийн: “...Тэгээд ах автобусны жолоочтой энэ хаалгаа онгойлго доо гээд маргалдаад байсан. ...Би шинэ жолоочийг хаалганаас холдуулаад ******* гэх залуу ахыг цааш нь түлхээд холдуултал шинэ жолооч намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд цамцыг нь сөхөөд хартал зүүн суганы доод хэсэгт нэлээн цус гарчихсан байсан...” /хх 50-51 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч У.*******ын: “...Тэгэхэд ******* ах та одоо орж амар амар гээд түлхтэл шинэ жолооч *******ын зүүн суган доор сэжээд хаясан. Тэгээд ******* хутгалчихлаа шүү дээ намайг гэж орилоход ******* ыг түлхэж гаргаад хутгыг нь авах гээд дийлээгүй. Тэгэхээр нь би хогийн шүүрээр гар руу нь цохиж хутгыг нь салгах гэтэл салаагүй. ******* бид 2 дээрээс нь дараад хутгыг нь авах гээд дийлээгүй. Би хогийн шүүрээр дахиад гар руу нь цохьсон. Тэгж байтал ХАБ-н инженер ******* хүрч ирээд ахтай ноцолдоод үлдсэн. /хх-ийн 54-55 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.ийн: “...Тэгтэл хэсэг хугацааны дараа бид 2-н амрах гэж байсан гэрийн гадаа ирчихээд гараад ир гээд орилоод наад муу хоёрыг чинь шөнө унтаж байхад нь хоолойг нь хэрчинэ гээд орилсон. *******ыг хутгалсан залуу гэр рүү орж ирээд элдэв үгээр хэлээд байхаар нь бид 2 босоод уулзсан. Тэгээд манай найз ******* тэр хутгалсан залуу 2 гэрийн хаалганы наана цаанаас маргалдаад байж байхад дундуур нь нэг залуу орж ирээд салгаад зогсож байхад нөгөө хутгалсан залуу суган доогуур нь орж ирээд манай найзын суга руу цохих шиг болсон. Тэгээд нөгөө залуу хутгалсан залууг аваад гарсан. /хх-ийн 58-59 дэх тал/ гэх мэдүүлэг,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт “ Д.*******ын эрүүл мэндэд цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх, цээжний зүүн хананд хөндий рүү нэвтрээгүй 2 ширхэг, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтлүүд бүхий хүнд хохирол учирсан”  /хх-93-94 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.*******д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, нотлох баримтын шаардлагыг хангасан байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.*******ыг иргэн Д.*******той маргалдан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

4.Шүүгдэгч Д.******* болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нар нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар нийт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч “хэргийн зүйлчлэлийг өөрчлөх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг шүүгдэгч Д.*******ын хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хуульд заасан нөхцөл байдлуудыг бүрэн харгалзан үзэж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарын “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” -ээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч Д.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                 Г.БАЯРДАВАА