Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/46 

 

Д.Батпаламд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Мөнхдөл,

Шүүгдэгч: Д.Батпалам /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Цэнгэнбаяр /цахим/

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч З.Ууганбаяр, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Батпалам, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Батпаламд холбогдох 2328000230099 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч Д.Батпалам нь 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “EAИ” ХХК-ийн уурхайн кемп дээр иргэн Д.Чинболдтой маргалдан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь Д.Батпаламын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Шүүгдэгч Д.Батпаламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Батпаламд 3 жил 4  сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батпаламд оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож,

          Хохирогч Д.Чинболд хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батпаламд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Батпалам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн Бага овоо хэмээх газарт ЕАИ ХХК-ийн уурхайд кемп менежерээр ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эхнэр маань утсаар ярьж миний бие их өвдөөд тариагаа дийлэхгүй байна. Би ер нь үхмээр байна гэж уйлаад ярьснаас хойш сэтгэл санаа тавгүй болж, Гурвантэс сум руу материал авахаар явахдаа нэг шил 0.75 грамтай архи авч ирээд талыг нь уугаад орой нь буюу 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед автобусаар дараагийн солигдох ээлжийн ажилчид ирж хүнсний бараа материал буулгах авах гэтэл багажны хаалга нь онгойхгүй байхаар нь автобусны жолооч Чинболдыг люкнүүдээ онгойлго гэж хэлснээс болж маргалдаж бие биенээ элдэв үгээр хэлэх болсон. Уг нь Чинболдтой урьд нь танилцаж байх үед ааш зан сайтай залуу байсан боловч энэ үед маш муухай зан гаргаж “Хөгшин банди минь сувай судрага эмээ харж байхгүй энд хэнхэг хийгээд явж байгаа юм” гэсэн эвгүй үг хэлснээр миний дотор бачимдаж өрөөндөө байсан үлдсэн архиа уугаад буцаж очоод Чинболдтой муудалцаж байснаас хойших үйлдлүүдээ санахгүй биеэ барих ухаангүй болсон юм шиг. Өглөө гэгээ орох үед хажууд байсан залуу та жолоочийг хутгалсан гэж хэлэхэд л маш муухай зүйл хийснээ мэдэж ухаарсан.

Энэ хийсэн хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний эхнэр Ж.Ганчимэг нь 1997 оны 2 дугаар сард баруун хөхний хорт хавдар тусч хөхөө хоёр өнгөвчтэй авхуулах хагалгаанд орсон. Мөн 2022 оны 8 дугаар сард дахин хөхний хорт хавдар тусч зүүн хөх, саваа авхуулах хагалгаанд орсноосоо хойш химийн тариа, туяа эмчилгээ, байн эмчилгээг 21 хоног тутам хийлгэж эмчийн хяналтад байгаа. Би эхнэрийнхээ эмчилгээний зардалд жаахан ч гэсэн нэмэр болох болов уу гээд уурхайд ахиухан цалин авахын тулд илүү хоногоор ажиллаж байсан юм. Гэвч өөрийн болчимгүй үйлдлээс болж гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Эрхэм шүүгчид та бүгдээс миний эхнэрийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хийсэн хэргийг зүйлчлэл ялыг минь хөнгөн зүйлчлэлээр өөрчилж шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Батпаламын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.Баатар, У.Уламбаяр нарын мэдүүлгүүдээс Д.Батпаламын сэтгэл санаа тогтворгүй байсан нь тогтоогдсон гэж үзэж байна.

Мөн хохирогч Д.Чинболд шүүгдэгчийн хувьд маш эмзэг сэдэв болох эхнэрийнх нь биеийн байдлын талаар хэл амаар доромжилсон үйл явдал, нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Энэхүү нөхцөл байдлуудад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.Батпаламд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилж шийдвэрлэж өгнө үү.

          Хяналтын прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Батпаламд холбогдох хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна. Мөн өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийн талаар тодорхой хэллээ. Зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол, санаатай учрал байгаа. 2.4-д тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг нь хутга нь зэвсэгт орж байгаа. Зэвсгийн чанартай, тусгайлан бэлтгэсэн гэдэг нь урдаас бэлдэж очсон биш зэвсэг болгож ашигласан эд зүйлийг хэлнэ. Тухайн үед зэвсгийг хэрэглэж хохирогч хэвлийн хөндийд 3 удаа хутгалагдсан шарх авсан. Энэ нь чээжний хэвлийн хөндийд учирсан хүнд гэмтэл байгаа. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тухайн гэмтлийн зэрэгтэй шүүгдэгчийн өмгөөлөгч маргахгүй гэж байна. Хэрэгт авагдсан үйл баримт дээр тухайн болсон үйл явдлыг гэрчүүд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Үүнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа цочрон давчидсан нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогддоггүй. Зүйлчлэлийн хувьд үндэслэлтэй байна, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Д.Батпалам болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж, ялыг багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч, хохирогч нарын хооронд ажил төрлөөс болж маргаан явагдсан. Тухайлбал машиныхаа багажийн хаалгыг онгойлгож өгөөч гэж Д.Батпалам хэлсэн. Хохирогч Чинболд нээж өгөхгүй маргасан. Маргахдаа хохирогч зүй бус үг хэлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамрагдаж байгаа хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Үүний талаар шүүгдэгч өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Тухайн үед шүүгдэгчийн эхнэрийнх нь бие муу байсан. Шүүгдэгч 29-ний өдөр эхнэртэйгээ ярихад би химийн тариа тариулж байна. Миний бие дийлэхгүй нь би үхмээр байна гэж хэлэхэд шүүгдэгч сэтгэл санааны хүнд байдалд орсон байхад нь хохирогч сувай суварга эмэгтэйгээ харахгүй энд юу хийж байгаа юм бэ гэхэд нь маш их эмзэглэсэн. Зэвсгийн чанартай зүйл гэж яриад байгаа нь биш ахуйн чанартай талх хэрчиж байсан өөрийнх нь тонгорог хутгаар хутгалсан. Энэ нь урдаас хэрэглэсэн зэвсгийн чанартай зүйл биш. Анхан шатны шүүхээс сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийдвэрлэсэн. Хэргийн зүйчлэлийг үндэслэлтэй болсон гэдэг. Хүндрүүлж битгий өгөөч. Хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагын нөхцөл байдлыг зөөлрүүлж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэж байгаа. Үүн дээр хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Мөн хуулийн 1.4-т яллагдагчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлнэ гэсэн хуулийн тусгай заалтууд байгаа. Энэ заалтуудыг үндэслээд Д.Батпаламд холбогдох хэргийг хөнгөрүүлж өгнө үү. Урдаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглээгүй. Тохиолдлын чанартай зүйл болсон. Хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн. Хохирогч ямар ч гомдол саналгүй гээд шүүх хуралдаанд оролцохгүй яваад өгсөн. Д.Батпаламын хувийн байдлын хувьд эхнэр хүнд өвчтэй. 2017 онд хөхөө авхуулж байсан. Мөн 2022 онд өвчин нь дахин сэдэрсэн. Хүүхэд гаргах боломжгүй. Хохирогчийн хувьд таван хүүхэдтэй. Урьд Д.Батпалам хохирогчтой ярилцаж байхад таван хүүхэдтэй гэж сонсоод ямар гоё юм бэ гэж байсан. Д.Батпаламын хувьд ийм амьдрал байхгүй. Сэтгэл санаа нь тогтворгүй, хүний үгэнд амархан гомддог. Хүн чанарын хувьд их сайн хүн шулуун шударга, ажил хөдөлмөрийн төлөө явдаг. Ажил хийх гэж явсан шалтгаан нь эхнэрийгээ өвчтэй үед нь мөнгөн тусламж үзүүлэх гэж явсан. Иймд Д.Батпаламд холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гээд Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулж өгнө үү гэв.

          Шүүгдэгч Д.Батпалам давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар болон нотлох баримт гаргаагүй болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Д.Батпаламд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1.Шүүгдэгч Д.Батпалам нь 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага овоо 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “EAИ” ХХК-ийн уурхайн кемп дээр иргэн Д.Чинболдтой маргалдан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Чинболдын: “...Тухайн гэрт ороод амрах гээд ороо засаад хэвтэж байхад Батпалам нь орж ирээд ачаагаа буулга гэсэн шаардлага тавихад нь наана чинь зөндөө хүмүүс байна наад хүмүүсээрээ буулгуулаад авчих гэхэд Батпалам нь уурлаад “чи авчирсан хүн, чи буулгах ёстой” гээд маргалдаж эхэлсэн ба би орноосоо боссон. Манай баз Уламбаяр би очоод ачааг нь буулгаад өгье гээд Батпаламтай гэрээс гарсан. Удалгүй 2-3 минутын дараа Батпалам нь намайг чи ямар том пизда вэ гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би та ямар сонин юм бэ. Өвчтэй зовлонтой эхнэрээ өнөө маргаашгүй болчихоод байж байхад энд архи уугаад агсан тавиад байж байх юм гэхэд Батпалам гэрээс гараад явсан. Тэгээд бас дахиад буцаад гэрт ороод ирэхээр нь би та одоо яах гээд байгаа юм гээд очих гэтэл оператор нэг залуу дундуур орж ирээд Батпалам ахыг гараач гээд түлхээд дундуур орж ирээд байж байхад Батпалам тухайн залуугийн суга доогуур нь орж ирээд миний зүүн гарын доод хэсэгт их хурдан 3 удаа цохих шиг болсон нь 3 удаа хутгалсан байсан. /хх-ийн 32-34 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Баатарын “...Хажууд нь Батпалам наадхаа онгойлго гээд орилоод, юу юм та нар хаана ирчихээд юу гээд байгаа юм та нар гэж чанга чанга хашхираад байсан. Батпаламын хажуунаас Уламбаяр согтуу толгой минь наадах чинь хөлдчихсөн байна шүү дээ гэсэн. Тэрнээс хойш Батпалам Уламбаяр нар хоорондоо маргалдаад зодолдчих гээд байсан. Батпалам, Уламбаярын гэр рүү шагайгаад та нар муусайнууд хаана ирчихээд юу гээд байгаа юм, хоолойг нь хэрчинэ гэж харааж занаад байсан. Чинболд гэрээс нэг удаа гарч ирж юу гээд байгаа хөгшин банди вэ гэж хэлэхэд гэр дотор байсан хүмүүс цааш нь татаад авсан. Би тэгээд Батпаламыг түлхсээр байгаад гэрийнх нь үүдэнд аваачаад тайвшруулаад байж байсан. Батпаламын гарт байсан отверкийг авсан. Би даараад байсан учраас Энхтүвшинг дуудаад чи Батпаламыг хэсэг хоргоож байтээд би гэррүүгээ дулаацах гээд орсон. Тэгээд тэд+1арын дуу чимээ намжчихсан. Удалгүй дахиад муудалцаад эхэлсэн. Би гараад хартал Энхтүвшин Батпаламыг дарчихсан, Уламбаяр нь Батпаламыг өшиглөх, гартаа байсан гялгар төмрөөр цохих зэрэг үйлдлүүдийг хийж байсан. Энхтүвшин энэ чинь хутгалчихлаа гарт нь хутга нь байна гэхээр нь би хартал Батпаламын баруун гарт нь улаан өнгийн эвхдэг тонгорог байсан. /хх-ийн 37-39 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.Энхтүвшингийн "... 2022 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө амарч байх үед гадаа хүмүүс бужигнаад орилолдоод байсан. Гараад хартал шинэ жолооч Палам 2 хоорондоо маргалдаад зогсож байсан.Тэгээд Палам хоёулаа гараад үзье гэхээр нь би Паламыг түлхээд гаргатал буцаж орж ирэх гээд тэр шинэ жолооч бас гарах гээд байхаар нь та хоёр боль гээд хэлтэл тэр хоёр хоорондоо цохилцох шиг болсон. Тэр хоёр хоёр тийшээ болоод би Паламыг аваад гараад хаалгыг нь таглаад зогссон. Тэгтэл дотроос хутгалчихлаа шүү дээ гээд орилохоор нь Палам руу хартал гарт нь жижиг хутга байсан...” /хх-ийн 42-43 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.Дамдинбазарын: 2022 оны 12 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн орчим намайг унтаж байхад хүмүүс орилолдоод эхэлсэн. Би тэгээд юу болчихсон юм гээд сэрээд хартал хутга шаачихлаа шүү дээ гээд орилолдоод байсан. Тэгээд хүмүүсээс юу болоод байгаа юм хэн нь хэнийгээ хутгалчихсан юм бэ гээд асуутал Палам ах шинэ ирсэн автобусны жолоочийг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд ХАБ-н менежер эмч хоёр орж ирээд боолт хийгээд сумын эмнэлэг рүү аваад явсан. Би өөр юм бол сайн мэдэхгүй байна...” /хх 46-47 дахь тал/

Гэрч Б.Өлзийнарангийн: “...Тэгээд Палам ах автобусны жолоочтой энэ хаалгаа онгойлго доо гээд маргалдаад байсан. ...Би шинэ жолоочийг хаалганаас холдуулаад Энхтүвшин гэх залуу Палам ахыг цааш нь түлхээд холдуултал шинэ жолооч намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд цамцыг нь сөхөөд хартал зүүн суганы доод хэсэгт нэлээн цус гарчихсан байсан...” /хх 50-51 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч У.Уламбаярын: “...Тэгэхэд Энхтүвшин Палам ах та одоо орж амар амар гээд түлхтэл шинэ жолооч Чинболдын зүүн суган доор сэжээд хаясан. Тэгээд Чинболд хутгалчихлаа шүү дээ намайг гэж орилоход Энхтүвшин Паламыг түлхэж гаргаад хутгыг нь авах гээд дийлээгүй. Тэгэхээр нь би хогийн шүүрээр гар руу нь цохиж хутгыг нь салгах гэтэл салаагүй. Чинболд бид 2 дээрээс нь дараад хутгыг нь авах гээд дийлээгүй. Би хогийн шүүрээр дахиад гар руу нь цохьсон. Тэгж байтал ХАБ-н инженер Баатар хүрч ирээд Палам ахтай ноцолдоод үлдсэн. /хх-ийн 54-55 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Балдандоржийн: “...Тэгтэл хэсэг хугацааны дараа бид 2-н амрах гэж байсан гэрийн гадаа ирчихээд гараад ир гээд орилоод наад муу хоёрыг чинь шөнө унтаж байхад нь хоолойг нь хэрчинэ гээд орилсон. Чинболдыг хутгалсан залуу гэр рүү орж ирээд элдэв үгээр хэлээд байхаар нь бид 2 босоод уулзсан. Тэгээд манай найз Чинболд тэр хутгалсан залуу 2 гэрийн хаалганы наана цаанаас маргалдаад байж байхад дундуур нь нэг залуу орж ирээд салгаад зогсож байхад нөгөө хутгалсан залуу суган доогуур нь орж ирээд манай найзын суга руу цохих шиг болсон. Тэгээд нөгөө залуу хутгалсан залууг аваад гарсан. /хх-ийн 58-59 дэх тал/ гэх мэдүүлэг,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт “ Д.Чинболдын эрүүл мэндэд цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх, цээжний зүүн хананд хөндий рүү нэвтрээгүй 2 ширхэг, зүүн бугалганы зүсэгдсэн шарх гэмтлүүд бүхий хүнд хохирол учирсан”  /хх-93-94 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Батпаламд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, нотлох баримтын шаардлагыг хангасан байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Батпаламыг иргэн Д.Чинболдтой маргалдан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

4.Шүүгдэгч Д.Батпалам болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нар нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл, хэсэгт зааснаар нийт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч “хэргийн зүйлчлэлийг өөрчлөх” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Батпаламд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4  сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт учир шүүх тухайн зохицуулалтыг шүүгдэгч Д.Батпаламын хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ хуульд заасан нөхцөл байдлуудыг бүрэн харгалзан үзэж, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батпалам, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарын “хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” -ээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч Д.Батпаламд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Батпалам, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батпаламын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                 Г.БАЯРДАВАА