Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 341

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт Н-н Б-д холбогдох эрүүгийн __________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________

 

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Хан бүргэдэй” худалдааны төвийн урд талын зам дээр иргэн С.Этай маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

“...Асуудал энэ хүртэл явсанд туйлын харамсаж байна. Би өөрийн буруутай үйлдлийг өөрийнхөө хэмжээнд ойлгож хүлээж байгаа. Би анхны мэдүүлгээс эхлэн энэ тухайгаа хэлсэн. Мөрдөн байцаалтын явцад надад хүндрэлтэй олон асуудал гарсан. Нэгдүгээрт 2 дугаар сард болсон асуудал 5 сар хүртэл явж байна. Энэ хугацаанд дуудсан хугацаанд нь очиж байсан. Мөрдөгчид тухай бүрт нь мэдүүлэг өгч байсан. Хохирогч эмэгтэй мэдүүлэгтээ би хөхөрсөн гэж байгаа боловч би түүний хөхөрсөн болохыг хэзээ ч хараагүй. Би түүнийг хөхрүүлэх хэмжээнд цохиогүй. Би хохирогчтой эвгүй харьцсан буруугаа анхнаасаа хүлээсэн. Эхлээд надаас 700.000-800.000 төгрөг нэхэмжилсэн. Би эхнэртэйгээ хамт бүтэн сайн өдрийн 11 цагт ганцхан урсгалтай замаар явж байхад хохирогч эмэгтэй зам хааж зогсоод хажуу талаар гар гээд байсан. Би байцаагчид наад эмэгтэй чинь мөнгөнөөс болж та нарт хандаж байна гэж хэлсэн. Би хэлтсийн дарга дээр нь өргөдөл бичиж орсон. Надад хэрэг тулгаад байна, би хүнтэй буруу харьцсан буруутай гэдгээ хүлээн зөвшөөрнө. Дараа нь би прокурорын газар “надад хэрэг тулгаж байна, үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэж гомдол гаргасан. Ганцхан хүний амаар намайг яллаж болохгүй. Би тэтгэврийн насны хүн, хүнийг сургах гээд эвгүй харьцсаны төлөө ийм асуудалд оруулсан. Тэр эмэгтэй намайг элдэв янзаар доромжилсон. Намайг тийм байдалд ортол доромжилсон. Миний эхнэрийг доромжилж, манай машин руу гар утсаа хүртэл шидэж, өшиглөсөн. Намайг очиход үгийн зөрүүгүй “салгалсан өвгөн машин барьж чадахгүй байж зайлаад явахгүй юу, надад ямар хамаатай юм бэ” гэх зэргээр доромжилсон. Би биеэ барьж чадаагүй нь миний буруу. Надад энэ асуудал дарамттай хэцүү байна гэж олон удаа хэлж өргөдөл гомдол гаргасан. Би энэ хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Би проркурор болон мөрдөгч нарт хэлж байсан. Би хэрэг хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдалтай 3-4 сар явлаа. Тиймээс энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү. Би хохирогчийн хүссэн мөнгийг өгсөн учраас гомдолгүй гэж ойлгож байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Б-ын өгсөн:

            “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбүргэдэй худалдааны төвийн урд байрлах хороолол дундах замаар би өөрийн эзэмшлийн 96-00 УБЕ улсын дугаартай Тоёота Прадо маркын авто машинтайгаа эхнэр Ж.Майцэцэгийг эмнэлэгт үзүүлэх гээд жаахан яаралтай явж байсан. Тэгсэн зам түгжрээд 20 орчим минут болсон. Замын түгжирэл арай гайгүй болоод өөдөөс ирсэн машин зөрөөд явцгаасан. Тэгээд хөдөлсөн чинь миний урдаас дахин нэг машин ирсэн миний ард бас машин байсан болохоор ухрах боломжгүй байсан тэгээд би тэр эмэгтэйг жаахан хойшоо болоод өгчих би зөрөөд хажуугаар чинь гаръя гэж бууж очоод хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй би яахаараа зам тавьж өгдөг юм өөрөө учраа олохгүй юу гэсэн би учир байдлаа хэлсэн чинь уурлаад машин барьж чаддаггүй хөгшин өвгөн, өөрсдөө учраа ол би яахаараа зам тавьж өгдөг юм гэсэн. Би бухимдсандаа машиных нь зүүн талын урд хаалга руу нь өшиглөсөн, гэхдээ гэмтэл учруулж хонхойлгох хэмжээний өшиглөөгүй, тэгсэн нөгөө эмэгтэй машинаасаа бууж ирээд миний машины зүүн талын хаалга руу өшиглөсөн, тэгээд уурандаа өөрийнхөө барьж байсан гар утсаа надруу шидсэн намайг оноогүй, тэгсэн эхнэр цонхоо онгойлгоод чи болиоч гэхэд бас үхүүл таарна, эмгэн шулмас гэж хараасан. Ер нь огцом ааштай хүүхэн байсан тэгэхээр нь би тэр эмэгтэйг баруун гараараа хүзүүрүү нь түлхэх цохих хоёрын дундуур л цохисон тэгсэн хойшоогоо замын хажууд байсан хашлага даваад шатан дээр бөгсөөрөө суусан. Тэгээд босч ирээд та ингэж байгаа бол би шүүх цагдаагаар явна таны мууг үзнэ гээд заналхийлээд эхэлсэн тэгээд машинаасаа дахиж утас гаргаж ирээд миний машины дугаар болон машины зургийг авсан. Би тэр эмэгтэйд хандаад чи цагдаагаараа яв надруу залгах байлгүй би яарч байгаа болохоор явлаа гээд хөдлөөд явсан юм. 14 цагийн орчим цагдаагаас надруу залгаж дуудсан юм....” гэх мэдүүлэг /хх-н 28-30х/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч С.Э-гийн өгсөн:

            “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбүргэдэй” худалдааны төвийн урд талаар явсан хороолол дундах замаар баруунаас зүүн тийшээгээ би өөрийн эзэмшлийн 22-34 УБГ улсын дугаарттай Тоёота Аллион маркын автомашинтай явж байхад миний урдаас 96-00УБЕ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Прадо маркын авто машин ирээд тулаад зогссон. Тэр машин миний машины хажуугаар гарах зай хангалттай байхад тэр машины жолооч эрэгтэй намайг “ухарчих, би чигээрээ явах гэж байна” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “та хажуугаар гарчих багтах зай хангалттай байна би бас чигээрээ явах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгсэн тэр ах амандаа бувтнаад байсан. Тэгэхээр нь би “машин барьж чаддаггүй яасан балай өвгөн бэ” гэж хэлсэн чинь тэр машины жолооч бууж ирээд миний машины зүүн урд хаалгыг гадна талаас нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаас буугаад “та одоо яаж байгаа юм бэ” гэж хэлээд өөрийнх нь машины зүүн урд хаалгыг нь очоод өшиглөсөн. Тэгсэн тэр ах ирээд зүүн гараараа миний баруун хацар руу цохисон. Тэгээд миний баруун хацар, эрүү хөхөрч хавдсан. Би цохиулсан уурандаа өөрийнхөө хар өнгийн Айпоне-5 маркийн гар утсыг тэр ах руу шидэхэд тэр ахын энгэр хэсэгт оноод газар унасан. Тэр ах намайг дахиж цохих гээд гараа далайхад хажуугаар явж байсан танихгүй хүн “та одоо болиоч, эмэгтэй хүн зодоод” гэж хэлсэн чинь тэр ах намайг цохихоо болиод машиндаа суугаад хөдлөөд баруун тийшээ эргээд явсан.

Миний биед учирсан тархи доргилт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг миний өөдөөс машинтайгаа ирж зам тавьж өг гэсэн настай эрэгтэй хүн надад учруулсан. Шинжээчийн дүгнэлтээс санал хүсэлт байхгүй хүлээн зөвшөөрч байна. Миний зүүн нүд “Миопи” гэдэг оноштой нүдний цус харвалтаар групт байдаг эмнэлэгийн хяналтанд байдаг, энэ нүд маань бүрэлзээд байхаар нь очиж үзүүлсэн чинь гайгүй байна гэж хэлсэн, тархи доргилттой байна эмчилгээ хийлгэ гэсний дагуу эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээнд 500.000 төгрөг гарсан, машины хаалга хонхойлгосон хэсгийг үнэлүүлээд 135.000 төгрөг болсон нийт 635.000 төгрөгний хохирол гарсан үүнийг төлүүлээд авчихвал өөрөөр гомдол санал алга байна...” гэх мэдүүлэг  /хх-н 9-10/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 2216 тоот: 

1. С.Э-гийн биед тархи доргилт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь хамтдаа болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар тарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 16/,

 

Шүүгдэгч Н.Бын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 32, 35/,

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 33/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 61/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Хан бүргэдэй” худалдааны төвийн урд талын зам дээр иргэн С.Э-тай маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Бын өгсөн “...би тэр эмэгтэйг баруун гараараа хүзүүрүү нь түлхэх цохих хоёрын дундуур л цохисон тэгсэн хойшоогоо замын хажууд байсан хашлага даваад шатан дээр бөгсөөрөө суусан...” гэх мэдүүлэг /хх-н 28-30/,

хохирогч С.Э-гийн “...Тэгсэн тэр ах ирээд зүүн гараараа миний баруун хацар руу цохисон. Тэгээд миний баруун хацар, эрүү хөхөрч хавдсан. Би цохиулсан уурандаа өөрийнхөө хар өнгийн Айпоне-5 маркийн гар утсыг тэр ах руу шидэхэд тэр ахын энгэр хэсэгт оноод газар унасан. Тэр ах намайг дахиж цохих гээд гараа далайхад хажуугаар явж байсан танихгүй хүн “та одоо болиоч, эмэгтэй хүн зодоод” гэж хэлсэн чинь тэр ах намайг цохихоо болиод машиндаа суугаад хөдлөөд баруун тийшээ эргээд явсан...”мэдүүлэг/хх-н 9-10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 2216 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч С.Э нь “...Н.Бтой сайн дураар эвлэрсэн...” гэх хүсэлтийг /хх-н 56/ гаргасан байх тул шүүгдэгч Н.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Быг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Н.Быг хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___ овогт Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Бын торгох ялыг биелүүлэх хугацааг 6 /зургаа/ сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ