2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01179

 

 

 

 

   

    2025          02            11                                         192/ШШ2025/01179         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн  шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            нэхэмжлэгч: ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            хариуцагч:********д холбогдох,

            1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

            шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгчийн төлөөлөгч ***************,

            хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* нар оролцож,

            шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан дэнчин 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн үндэслэл шаардлага дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд: ... манайх Б.*****************тай түрээсийн гэрээ байгуулж, байгууллагын гадаад ажилчид болох инженер механикуудыг амьдруулахаар гэрээ байгуулсан. Анх байр очиж үзэхэд Б.***************** өөрөө байсан, манай ажлын байрны хажууд болохоор тэр байрыг шууд сонгож, орохоор тохиролцсон. Хүлээн авах актад гарын үсэг зурахад би өөрөө орж амжихгүй байсан тул н.Баяраа гээд ажилтнаа явуулсан. Гэрээнд би өөрөө гарын үсгээ зурж, албан ёсоор байгуулсан. Гэрээний хугацаа дуусахын өмнө Б.***************** өөрөө гэнэт залгаад “ахиж гэрээгээ сунгахгүй” гэхэд нь би болих гээд байж байтал өөрөө буцаж залгаад “гэрээгээ сунгая” гээд гэрээгээ сунгасан. Гэрээний хугацаа сунгатал манай гадаад ажилчид дахин Монголд ирэх хэрэгцээгүй болсон тул би Б.*****************д гэрээний хугацаа дуусахаас өмнө 10 хоногийн өмнө ахиж гэрээгээ сунгахгүй, түрээслэхгүй тухай мэдэгдсэн. Байр хүлээлгэж өгөх үед Б.***************** байрныхаа бүх зүйлийг шалгасан. Ганц болохгүй байсан нь хөргөгч эвдэрсэн байна гэхээр нь шалгахад залгуур нь массалсан байсан.  Угаалтуурын доор ус алдсан байна гэхэд нь би очиж шалгасан, ус алдсан зүйл байгаагүй. Ус асуудлыг би тоогоогүй. Хөргөгчийн залгуур эвдэрсэн байвал би залгуурыг нь сольж өгье гээд актаа зуруулах гэтэл Б.***************** “чи надад цаг тулгаж хэлсэн тул би барьцаа мөнгийг чинь өгөхгүй” гэсэн. Ярилцаж ойлголцох гэсэн боловч ойлголцоогүй. Иймд хариуцагч Б.*****************гаас түрээсийн барьцаа мөнгө болох 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэв.

3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...талууд орон сууц хөлслөх гэрээний 3, 4 дүгээр зүйлд зааснаар хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор гэрээгээр тохирсны дагуу 1,500,000 төгрөгийг аливаа хохирол төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна гэж заасан. Мөн гэрээний 4.7 дах хэсэгт зааснаар хөлслүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 4 сарын өмнө хөлслөгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Энэ гэрээний заалтын дагуу хөлслөгч тал гэрээнд заасан хугацааны дагуу мэдэгдээгүйн улмаас хөлслүүлэгч тал дараагийн хөлслөгчийг олох, мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаандаа тулгаж мэдэгдсэний улмаас хөлслүүлэгчид хохирол учруулсан тул гэрээнд заасны дагуу дэнчинг хугацаанд төлөх хууль зүйн үндэслэлгүй. Талууд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн тооллогын бүртгэлд дурдсан жагсаалтын дагуу орон сууцыг хүлээлгэн өгсөн. Харин хөлслөгч тал 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдөр эд хөрөнгийн тооллогыг хүлээлцэх акт үйлдэж хүлээлцээгүй, хуралтай байна гээд яараад явсан. Орон сууц дах эд хөрөнгө нь дутуу, чанар муудсан зэрэг асуудлууд байсан тул дэнчинг буцааж өгөхгүй, тооцож суутгана гэж хариуцагч мэдэгдсэн. Ийм учраас талууд үл ойлголцож, шүүхэд хандсан. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

2023.10.27-ны өдрийн БД:1271 тоот, Орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ************* ГХОХХК улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.02.21-ний өдрийн Нэмэлт гэрээ /хэргийн 4-7 дугаар тал/

2023.10.27, Эд хөрөнгийн тооллогын бүртгэл /хэргийн 40 дүгээр тал/

Тайлбар /хэргийн 73-74 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариуцагчийн иргэний үнэмлэх /хэргийн 13 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 18 дугаар тал/

Хариуцагчаас Д.****************д олгосон итгэмжлэл /хэргийн 19 дүгээр тал/

2023.10.27, Эд хөрөнгийн тооллогын бүртгэл /хэргийн 20 дугаар тал/

2024.05.01 Эд хөрөнгийн тооллогын хүлээлцэх акт /хэргийн 21 дүгээр тал/

2024.06.10, ЭТ/24-326 Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд зуучлах гэрээ /хэргийн 22-26 дугаар тал/

2024.04.15, Хаан банкны зээлийн гэрээ, зураг /хэргийн 28-35 дугаар тал/

Тайлбар /хэргийн 71-72 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч ...орон сууц хөлслөх гэрээний дэнчинд байршуулсан 1 500 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...орон сууц хөрөнгийг буцаан хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн учир дэнчинд байршуулсан мөнгөө буцаан шаардаж байна... гэж тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч ...гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийн акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй, орон сууц дахь эд хөрөнгө дутуу, чанар муудсан зэрэг нөхцөл байдлын улмаас дэнчинг хохиролд суутгах үндэслэлтэй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байна.

3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2023 оны 10 сарын 27-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 3 хороо, үйлдвэрийн гудамж ********* байр ************* тоот хаягтай, 46.18м кв талбайтай 2 өрөө орон сууц хөрөнгийг хариуцагч дөрвөн сарын хугацаатай хөлслөх, нэг сарын хөлс 1500 000 төгрөг төлөхөөр хөлслүүлэгч орон сууц хөрөнгийг 2023 оны 11 сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

2024 оны 02 сарын 21-ний өдөр гэрээний талууд гэрээний хугацааг 02 сараар буюу 2024 оны 03 сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан нь гэрээ, талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

4. Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

5. Гэрээ байгуулагдсан эсэх хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.

6. Гэрээний дагуу хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч сууцны зориулалттай орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.

7. Нэхэмжлэгч орон сууцыг гэрээний дагуу хүлээн авч эзэмшиж ашиглаж байсан, хөлсийг бүрэн төлсөн, гэрээний хугацаа дуусаж хариуцагч орон сууц хөрөнгийн түлхүүрийг хүлээн авсан, орон сууц хөрөнгө хариуцагчийн эзэмшил ашиглалтад байгаа зэрэг үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

8. Нэхэмжлэгч анх орон сууц хөрөнгийг акт үйлдэж хүлээн авсан ба орон сууцны хөлс гэрээний дэнчинд 7500 000 төгрөг шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан ба энэ талаар маргаагүй.

9. Нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусаж орон сууц хөрөнгийг хүлээлгэн өгсөн учир дэнчинд байршуулсан 1500 000 төгрөгөө буцаан шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй, ...гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол 4 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс хөлслүүлэгч дараагийн хөлслөгчийг олох, зээлийн эргэн төлөлтийн хугацааг тулгаж мэдэгдсний улмаас хохирол учирсан, орон сууц дахь эд хөрөнгө дутуу, чанар муудсан учир дэнчинг хохиролд тооцон суутгана... гэж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

10. Орон сууц хөлслөх гэрээний 4.7-д хөлслүүлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бол 4 сарын өмнө хөлслөгч талд мэдэгдэх үүрэгтэй гэжээ.

11. 2023 оны 10 сарын 27-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээний 3.1-д  гэрээний хугацаа 4 сар буюу 2023.11.1-2024.03.1 өдөр хүртэл, 2024 оны 02 сарын 21-ний өдрийн Нэмэлт гэрээний 1-д гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж 2024.03.01-ний өдрөөс 2024 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатайгаар сунгахаар тохиролцож байна гэжээ.

12. Нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээнээс татгалзах санал гаргаагүй, орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон учир   нэхэмжлэгч талаас хариуцагч талд гэрээний хугацааны талаар мэдэгдэх үүрэг үүсээгүй.

13. Гэрээний 3.4-т хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дэнчин болгож 1500 000 төгрөгийг 2023.10.27-ны өдөр хөлслөгч талд хөлслүүлэгчид өгнө. Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна. Үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол хөлслүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон буюу орон сууцыг хүлээн авсан өдөр хөлслөгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд уг дэнчинг 100 хувь хөлслөгч талд буцаан олгоно гэж тохиролцжээ.

14. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-т гэрээг цуцалсан, эсхүл дэнчинг тавигч тал нь үүргээ үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцаан өгнө, мөн хуулийн 233.3-т дэнчинг тавьсан этгээд үүргээ гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө оролцуулан тооцно гэжээ.

15. Талууд гэрээгээр дэнчин буюу 1500 000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлд оролцуулаагүй байхаар тохиролцсон байна.

16. 2023.10.27-ны өдрийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл баримтаар хариуцагч талаас 18 нэр  бүхий эд хогшил хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч чанар байдлын талаар заагаагүй байна.

17. Гэрээний 5.5-д хөлслөгч нь байрны тавилга эд хогшлыг ердийн болон хэвийн хэрэглээний элэгдлээс муутгахгүй байх үүргийг, 7.1-д хөлслүүлэгч тал үл хөдлөх хөрөнгийг хөлслөгч талд хүлээлгэн өгөхдөө тавилгатай бол хүлээлцэх акт үйлдэж гэрээнд хавсаргах үүрэг тус тус хүлээжээ.

18. Дээрхээс нэхэмжлэгч акт үйлдэж эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагчийн “...эд хөрөнгийн тооллогын акт үйлдэж хүлээлцээгүй...” гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

19. Хариуцагч ...орон сууц дах эд хөрөнгө нь дутуу, чанар муудсан, хохирол учирсан... гэж тайлбарлаж байгаа боловч ямар хөрөнгийн чанар байдал хэрхэн муудсан ашиглах боломжгүй болсон байдал, ямар хэмжээний хохирол гэм хор учирсныг хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлсэн цуглуулсан хангалттай баримтаар өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй.

Тодруулбал хариуцагчийн өөрийн тайлбар татгалзлаа нотолж ирүүлсэн өөрийн үйлдсэн 3 823 200 төгрөгийн зах зээлийн үнэ хохирол гэх 2024.05.01-ний өдрийн Эд хөрөнгийн тооллогын хүлээлцэх акт баримт, буйдан хөрөнгийн чанар байдлыг харуулсан 3ш гэрэл зураг баримтуудыг хуульд заасан арга хэрэгсэл хэлбэрээр бүрдүүлж бэхжүүлээгүй учир нотлох баримт гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

20. Нэхэмжлэгчийг хөлслөн авсан орон сууц дах тавилга эд хогшлыг ердийн болон хэвийн хэрэглээний элэгдлээс илүү муутгаж хариуцагчид хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байх тул дэнчин 1500 000 төгрөгийг хариуцагч талд үлдээх үндэслэлгүй.

21. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагчаас дэнчин 1500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Б.*****************гаас дэнчин 1500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************* ГХОХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                          Ш.ОЮУНТУУЛ