| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/05393/И |
| Дугаар | 192/ШШ2025/01389 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/01389
2025 02 18 192/ШШ2025/01389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч:**************** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *************,
хариуцагч: ************холбогдох,
83 207 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, дундын данснаас 85 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд
нэхэмжлэгч***********,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************,
хариуцагч ***********,
хариуцагч нарын өмгөөлөгч*********** нар оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 83 207 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан дундын данснаас 85 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нэхэмжлэгч Г.***** миний бие эхнэр Ц.*****гийн эх нэгтэй төрсөн дүү болох Г.*****д түүний эхнэр Н.******* нарт 110,000,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлсэн. Би уг зээлийг эхнэр Ц.*****гийн Голомт банкин дахь *************** тоот данснаас хариуцагч Н.*******ы Голомт банкин дахь **********6 тоот данс руу 2022 оны 7 сарын 20-ны өдрөөс 08 сарын 10-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Би үндсэн зээл, зээлийн хүүгээ Г.*****д, Н.******* нараас удаа дараа шаардаж нэхсэн боловч үнэн худал нь мэдэгдэхгүй шалтаг тоочсоор надад зээлийн хүү болон үндсэн зээлийг одоо болтол өгч байгаагүй. Мөн үүнээс өмнө хариуцагч нар надаас авсан төлөгдөөгүй зээлийн асуудлууд ч байдаг. Харин 2024 оны 02 сарын 09-ний өдөр миний Голомт банкны *********** тоот хадгаламжийн дансанд Н.******* 80,000,000 төгрөг хийж нөхөр Г.*****дыг хамтран эзэмшигчээр нэмж хамтдаа гарын үсэг зурж банканд биечлэн ирж зарлага хийж цаашид 80,000,000 төгрөгийг зээлдээ суутгуулахаар тохиролцсон. Би энэхүү тохиролцооны дагуу Г.*****дыг өөрийн тухайн хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигчээр нэмсэн. Үүний шалтгаан нь өмнөх зээлээсээ тодорхой хэмжээнд төлсөн тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлэхгүй байх, цаашид зээлээ бага багаар төлж дуусгах санал хариуцагч нар надад тавьж тодорхой аман тохиролцоо хийсэн байсан. Гэвч Н.*******, Г.*****д нар нь надтай тохиролцсоны дагуу надад төлөх зээлийн үүргээ огт биелүүлэхгүй, утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй, ямар ч холбогдох боломжгүй болоод нэлээдгүй хугацаа өнгөрч намайг маш их хохироож байсан. Өнөөдрийн байдлаар Г.*****д бид нарын хамтран эзэмшдэг Голомт банкны тоот дансанд үлдэгдэл нь 83.2 сая төгрөг байна. Голомт банктай байгуулсан энгийн хугацаатай хадгаламжийн гэрээний 12.2.2-т хоёр ба түүнээс дээш харилцагчтай бол тэдгээрийг хамтран өмчлөгч гэж тооцох бөгөөд данстай холбоотой эрхийг хамтран эдэлж үүргийг хамтран хүлээнэ гэж заасан байдаг. Г.***** миний бие 80 сая төгрөгийг өөрийн голомт банкны тоот хадгаламжийн дансаар хариуцагч нараас авсан мэт харагдаж байгаа боловч би ганцаараа тухайн мөнгийг захиран зарцуулах ямар ч эрхгүй, зээлээ авсан хэмээн тооцож болохгүй байгаа тул Н.*******, Г.*****д нарт зээлдүүлсэн 110 сая төгрөгөөс өнөөдрийн байдлаар үлдэгдэл 83.2 сая төгрөг болон шийдвэр гаргах үед хуримтлагдсан байх хүүг тухайн данснаас гаргуулан авч зээлдээ суутган төлөх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэгч миний болон хариуцагч Г.*****д нарын хамтын эзэмшлийн голомт банкны тоот дундын данснаас 83.2 сая төгрөгийг хуримтлагдсан хүүгийн хамт гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч Н.*******, Г.*****д нар нь одоогоор үндсэн зээл 110,000,000 төгрөг, түүний хүүг надад төлөөгүй байгаа тул 110,000,000 төгрөгийн үлдэгдэл зээл болон зээлийн хүүг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Энэ тайлбараа би 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарын гуравдугаар хэсгээс унших нь зүйтэй байх гэж бодож байна. Шүүхийн үйл ажиллагааны алдаанаас ирсэн 2020 оны 8, 9 сарын нийт дансны хуулганаас нийт 411,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Иймээс ямар нэгэн өр төлбөргүй, харин ч илүү төлөлт хийсэн байна гэж мэдүүлсэн. 2022 оны 07 сард зээлдүүлсэн мөнгийг 2020 оны 8, 9 сард төлсөн байх үндэслэл байхгүй. Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт нь тайлбар ярьж байна. Миний нэхэмжилж байгаа 110,000,000 төгрөг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр хийгдсэн. Н.*******ы бичгээр гаргасан тайлбараар 2020 оны 8, 9 сарын гүйлгээгээр төлөгдсөн байх боломжгүй. Иймд шүүхийн үйл ажиллагааны алдаанаас шалтгаалан ирсэн 2020 оны 8, 9 дүгээр сарын дансны хуулгыг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Н.*******ы тайлбарласан 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр хүртэл 16 удаагийн гүйлгээгээр 295,000,000 төгрөгийг буцаан төлсөн, ямар ч өглөг авлага байхгүй гэж байна. Нэхэмжлэгч миний зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад Н.*******аас нийт 6 удаагийн гүйлгээгээр 247.6 сая төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. Эдгээр гүйлгээ нь нэхэмжлэлд тусгагдсан зээлтэй хамааралгүй, бусдаас авч Н.*******д зээлдүүлж байсан зээл, хүүгийн төлбөрт буцаан шилжүүлж байсан төлбөрүүд гэдгийг нарийвчилсан баримтаар нотолсон байгаа. Н.*******ы яриад байгаа 16 удаагийн гүйлгээний 9 нь түүнээс биш Ц.************ гэж хүнээс авч байсан төлбөрүүд юм. Үүнийг өөрөө төлсөн мэт ярьж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна. Хариуцагч нарын зүгээс шүүхэд гаргаж буй баримт нь шударга ёсонд үл нийцсэн, ямар нэгэн нотолгоогүй шинжтэй байна гэж үзэж байна... гэв.
4. Хариуцагч хариу тайлбартаа: ... Г.*****ын нэхэмжлэлийн дагуу 110,000,000 төгрөг миний бие Н.******* авсан нь үнэн, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 295,770,000 төгрөгийг би буцаан төлсөн. Үүнийг яаж төлсөн бэ гэдгийг задаргаагаар хэлэхэд эхнэр болох Ц.*****гийн 3300003350 тоот данс руу би төлсөн. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 40,000,000 төгрөг, утга нь орлого гэж хийсэн байгаа. Дандаа ер нь утгуудыг нь орлого гээд хийчихсэн байгаа. Яагаад орлого гэж хийсэн бэ гэхээр үндсэн мөнгөө би хүүтэй нь төлж байна гэж үзээд орлого гэж хийсэн. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөн 5,000,000 төгрөг, 3,500,000 төгрөг гээд нийт 3 удаагийн гүйлгээгээр 48,500,000 төгрөг хийсэн. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 40,820,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 42,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 2,820,000 төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 49,820,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 40,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 4,830,000 төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 49,830,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 40,900,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, нийт 53,900,000 төгрөг, хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 43,900,000 төгрөг шилжүүлж, нийт 295,770,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Тэгэхээр би энэ хүнд 110,000,000 төгрөгийг нь өөрийнх нь нэхэмжлэл дээр бичсэнчлэн хүүтэй нь өгсөн гэж үзэж байна. Өөрийнхөө хадгаламжийн дансыг дундын данс гэж хэлээд байгаа. Энэ бол ямар ч өөрийнх нь хэрэглэж байсан данс биш, 2022 оны 02 сарын 09-ний өдөр өөрийнх нь саналын дагуу шинээр нээсэн Г.*****, Г.*****д хоёрын хэн нь ч давуу эрх эдлэхгүй, тийм данс нээлгээд бид хоёр бизнесийн урьдчилгаа төлбөр болох 80,000,000 төгрөгөө хийсэн. Тийм болохоор үүнийг би өгөх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: ...Стадион гарден гээд миний нэр дээрх байрныхаа зээлийг төлж чадахгүй байсан болохоор банктай тохиролцоод эвлэрлийн гэрээ хийгээд банканд хураалгасан. Тэрнээс зөрүү мөнгө болох 426,000,000 төгрөгийг авсан. Үүнээс Г.*****ын дахиад шинээр бизнес эхэлье гэсэн санал тавьсны дагуу 100, 100 сая төгрөг уг нь дундаасаа гаргах ёстой байсан. Гэвч энэ хүн бол гаргаагүй, манайх дундын данс шинээр нээгээд бизнесийн эхлэлийн хөрөнгө гээд 80,000,000 төгрөг хийсэн. Энэ хүн болохоор дундын дансанд байгаа 83.2 сая төгрөгийг өр зээлдээ авна гэж үзэж байна. Би бол энэ өр зээлийг нь төлчихсөн гэж үзэж байгаа, ямар нэгэн бид хоёрын дунд ийм өр зээлийн авлага байхгүй. Голомт банкны ************** дугаартай дундын данснаас 83,207,000 төгрөгийг Г.*****дод гаргуулан өгөх зөвшөөрөл олгохыг Г.*****т даалгаж, гаргуулж өгнө үү гэж хүсэж байна... гэв.
5.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 5 дугаар тал/
Г.*****, Г.*****д нарын энгийн хугацаатай хадгаламжийн гэрээ /хэргийн 6-7 дугаар тал/
Г.*****, Г.*****д нарын Голомт банкинд гаргасан хүсэлт /хэргийн 8 дугаар тал/
Хамтран өмчлөх хадгаламжийг захиран зарцуулах зөвшөөрөл /хэргийн 9 дүгээр тал/
Голомт банкинд гаргасан хүсэлт /хэргийн 10 дугаар тал/
Голомт банкны дансны хуулга /хэргийн 11-17 дугаар тал/
2024.07.31-ний өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан захирамж /хэргийн 18-20 дугаар тал/
Г.*****, Ц.***** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 21 дүгээр тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 36-37 дугаар тал/
Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /хэргийн 77 дугаар тал/
Нэмэлт тайлбар /хэргийн 74-83 дугаар тал/
Голомт банкны дансны хуулга / хэргийн 97-99 дүгээр тал/
Нэмэлт тайлбар /хэргийн 103-105, 107-110 дугаар тал/
Голомт банкны дансны хуулга /хэргийн 111-120 дугаар тал/
Ц.*****гийн тайлбар /хэргийн 121 дүгээр тал/ зэрэг баримтууд,
6.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар тал/
Хариуцагч Г.*****доос Н.*******д олгосон итгэмжлэл /хэргийн 27 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 32 дугаар тал/
Нэмэлт хариу тайлбар /хэргийн 42-43 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 44-45 дугаар тал/
Хариуцагч Г.*****дын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 54 дүгээр тал/
2024.10.07, №18/01/0649 Голомт банкны хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 55 дугаар тал/
Голомт банкны гүйлгээний баримт /хэргийн 57 дугаар тал/
Сөрөг нэхэмжлэл /хэргийн 74-75 дугаар тал/
2025.01.28, №30и-15/573 Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хэргийн 91 дүгээр тал/
Нэмэлт тайлбар /хэргийн 92-93 дугаар тал/ зэрэг баримтууд,
7. Шүүхээс бүрдүүлсэн
Голомт банкны дансны хуулгууд /хэргийн 63-66, 69-73 тал / зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
2. Нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулан ...83 207 000 төгрөгийг хуримтлагдсан хүүгийн хамт гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласаныг,
хариуцагч нар эс зөвшөөрч ...110 000 000 төгрөг авсан нь үнэн гэхдээ дээрх мөнгийг бүрэн төлж барагдуулсан өр төлбөр байхгүй, ...харин нэхэмжлэгчийн гаргасан саналын дагуу хамтарч бизнес хийхээр 80 000 000 төгрөгийг дундын дансанд шилжүүлсэн ч нэхэмжлэгч мөнгөө шилжүүлээгүй учир 85 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж сөрөг шаардлага гаргаж... маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1 Нэхэмжлэгч өөрийн эхнэр Ц.*****гийн Голомт банкны дансаар дамжуулан хариуцагч Н.*******д 2022 оны 07 сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, 2022 оны 07 сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөг, 2022 оны 08 сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2022 оны 08 сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөг, 2022 оны 08 сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөг нийт 110 000 000 төгрөг зээлдүүлсэн нь банкны дансны хуулга, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.
4.2 Дээрх мөнгийг хариуцагч хүлээн авч 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны хооронд нийт 6 удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчийн эхнэр Ц.*****гийн дансанд нийт 247 620 000 төгрөгөөр буцаан шилжүүлсэн нь Ц.*****гийн дансны хуулга баримтаар тогтоогдож байна.
4.3 Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
4.4 Зохигч талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хүү, хугацаа тохиролцоогүй боловч хариуцагч нэхэмжлэгчийн зээлсэн гэх 110 000 000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй учир зохигч талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэв.
4.5 Гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч мөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч шилжүүлэн авсан мөнгийг нэхэмжлэгчийн шаардсан хугацаанд буцаан шилжүүлэх үүрэгтэй.
4.6 Нэхэмжлэгч 110 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээн авч буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.
Тодруулбал нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ...миний хувь 2022.07.20-2022.08.10-ны хооронд 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 110 000 000 төгрөг, ...банкнаас ирүүлсэн хуулганаас харахад 2022.08.01-2022.09.30-ны хооронд Н.*******аас 247 620 000 төгрөгийг эхнэр Ц.*****гийн Голомт банкны дансаар авсан... гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн ...2022.07.10-аас 8.20-ыг хүртэл нийт 7-8 дугаарын гүйлгээгээр 110 000 000 төгрөгийг Н.******* миний данс руу шилжүүлсэн бөгөөд Н.******* миний бие бүрэн төлж барагдуулсан... гэх тайлбар, банкны дансны хуулга баримтаар нэхэмжлэгчийн зээлдүүлсэн мөнгийг хариуцагч төлж барагдуулсан нь нотлогдож байна.
4.7 ...Хариуцагчийн буцаан шилжүүлсэн 247 620 000 төгрөгийн гүйлгээнүүд нэхэмжлэхэд тусгасан зээлтэй хамааралгүй, өмнө нь бусдаас авч Н.*******д дамжуулан зээлдүүлж байсан төлбөрт тооцсон төлбөрүүд... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаар нотлоогүй хариуцагчийн тайлбар, дансны хуулга баримтуудаар үгүйсгэгдэж байна.
4.8 Нэхэмжлэгч 110 000 000 төгрөг зээлдүүлж 247 620 000 төгрөг буцаан шилжүүлэн авсан атал одоо 110 000 000 төгрөгөөс хичнээн төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байгаа талаар тодорхой тайлбарлаагүй, нотлоогүй атлаа хадгаламжийн дансанд байгаа гэх 85 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт суутган тооцож авахаар нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
4.9 Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч зээлийн гэрээний үргийг зохих ёсоор гүйцэтгэж талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон учир нэхэмжлэгч нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн хариуцагч нар холбогдуулан гаргасан 110 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт хамтран өмчлөх хадгаламжийн данс дахь 83 207 000 төгрөгийг суутган төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд
5.1 2024 оны 02 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г.***** Голомт банк ХХК-д бичгээр хүсэлт гаргаж өөрийн эзэмшдэг 210 519 9267 тоот дансыг хамтран эзэмшигчээр хариуцагч Г.*****дыг нэмэх, дансыг хамтран эзэмших хүсэлт гаргаснаар Голомт банк ХХК, Г.*****, Г.*****д нарын хооронд 2024.02.09-ний өдөр Энгийн хугацаатай хадгаламжийн гэрээ, Хадгаламжийн гэрээний нэмэлт гэрээ тус бүр 1 сарын хугацаатай байгуулагдаж, хадгалуулах мөнгөн дүн 10000.00 төгрөг, 2105199267 тоот энгийн хугацаатай хадгаламжийн дансыг хамтран эзэмшихээр тохиролцсон байна. Эдгээр үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.
5.2 Дээрх хамтран эзэмших дундын дансанд хариуцагч А.******* 2024.02.09-ний өдөр 80 000 000 төгрөг шилжүүлсэн байна. хэргийн 97 дугаар тал/
5.3 Хариуцагч ... хамтран өмчлөх дундын дансанд байршуулсан 80 000 000 төгрөгийг Г.*****дод гаргуулан өгөх зөвшөөрөл олгохыг Г.*****т даалгаж, гаргуулан авах... сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хоёр талын гэр бүлээс тус бүр 100 000 000 төгрөг гаргаж хамтран бизнес эхлүүлье гэх Г.*****ын саналыг зөвшөөрч шинээр данс нээж 80 000 000 төгрөг шилжүүлсэн боловч нэхэмжлэгч хөрөнгө оруулалт мөнгөн хөрөнгөө шилжүүлээгүй, бидний дунд ямар нэг өр төлбөр зээлийн үлдэгдэл байхгүй... гэж,
5.4 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... 80 000 000 төгрөгийг зээлдээ суутгуулахаар тохиролцсон. Би энэхүү тохиролцооны дагуу Г.*****дыг өөрийн тухайн хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигчээр нэмсэн. Үүний шалтгаан нь өмнөх зээлээсээ тодорхой хэмжээнд төлсөн тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлэхгүй байх, цаашид зээлээ бага багаар төлж дуусгах санал хариуцагч нар надад тавьж тодорхой аман тохиролцоо хийсэн байсан. Гэвч Н.*******, Г.*****д нар нь надтай тохиролцсоны дагуу надад төлөх зээлийн үүргээ огт биелүүлэхгүй, утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй, ямар ч холбогдох боломжгүй болоод нэлээдгүй хугацаа өнгөрч намайг маш их хохироож байсан... гэж маргаж байна.
5.5 Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж буй тохиолдолд хариуцагч өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох үүрэгтэй.
5.6 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тайлбар нотлогдохгүй байна гэж шүүхээс дүгнэв.
5.7 Учир нь 2024.02.09-ний өдрийн Энгийн хугацаатай хадгаламжийн гэрээ, Хадгаламжийн гэрээний нэмэлт гэрээнүүд R270002553, R150005436 тоот гэрээний хавсралт нэмэлт гэрээ гэх бөгөөд үндсэн гэрээ хэрэгт авагдаагүй, мөн тухайн гэрээнүүд тус бүр 1 сарын хугацаатай байгуулагдсан гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх, R270002553, R150005436 тоот гэрээ хэрэгт авагдаагүй, хугацаа дуусан эсэх хүчин төгөлдөр эсэх нь баримтаар нотлогдохгүй байна. Түүнчлэн хамтран өмчлөх дундын дансанд өнөөдрийн байдлаар тухайн мөнгөн хөрөнгө бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй энэ талаар баримт авагдаагүй байна.
5.8 Нэхэмжлэгч хариуцагч нар Энгийн хугацаатай хадгаламжийн гэрээ, Хадгаламжийн гэрээний нэмэлт гэрээ баримтаар энгийн хугацаатай хадгаламжийн 2105199267 тоот дансыг хамтран эзэмших, хадгаламж мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахдаа харилцан зөвшөөрөл авахаар тохиролцсон байх боловч тухайн данс, түүнд байршуулах мөнгөн хөрөнгийг ямар зорилгоор нээсэн, юунд захиран зарцуулагдах, нэхэмжлэгч хариуцагч нарын ямар хэрэгцээ шаардлага, хүсэл зоригийн илэрхийлэл байсан, талуудын хооронд дээрх данс мөнгөн хөрөнгийн талаар ямар гэрээ болон үүргийн харилцаа, тохиролцоо үүссэнийг хариуцагч нотлоогүй.
5.9 Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар шүүхээс талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэлцлийн агуулгыг тодорхойлж хууль ёсны, үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 985 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Г.*****д, Н.******* нарт холбогдуулан гаргасан 110 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт хамтран өмчлөх хадгаламжийн данс дахь 83 207 000 төгрөгийг суутган төлүүлэх нэхэмжлэгч Г.*****ын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Г.*****т холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын дансанд байршуулсан 80 000 000 төгрөгийг Г.*****дод гаргуулан өгөх зөвшөөрөл олгохыг Г.*****т даалгаж, гаргуулан авах тухай хариуцагч Г.*****д, Н.******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 985 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 582 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ