Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 30

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

           Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгч Ж.Н, А.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Н, А.М  нарт холбогдох 1840000000030 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Ж.Н.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, А.М.

              Шүүгдэгч Ж.Н, А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт  хэрэгт  холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 04 сарын 24-ний өдөр 19 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг “Геологи”-ийн байранд байх  “хүүхдийн тоглоом”-ын талбай дээр А.М гэгчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.М нь 2018 оны 04 сарын 24-ний өдөр 19 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг “Геологи”-ийн байранд байх  “хүүхдийн тоглоом”-ын талбай дээр Ж.Н гэгчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад Т О Д О Р Х О Й Л О Х нь:    

Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 04 сарын 24-ний өдөр 19 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг “Геологи”-ийн байранд байх  “хүүхдийн тоглоом”-ын талбай дээр хохирогч А.М-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.М нь 2018 оны 04 сарын 24-ний өдөр 19 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг “Геологи”-ийн байранд байх  “хүүхдийн тоглоом”-ын талбай дээр хохирогч  Ж.Н-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

1.Хохирогч А.М-ийн 2018 оны 04 сарын 26-ны өдөр хохирогчоор өгсөн: “Би 2018 оны 04 сарын 24-ний өдөр гэртээ эхнэр М, хадам Ц нарын хамтаар байж байтал оройн 19 цагийн үед манай хамаатан охин болох 3 дугаар ангийн хүүхэд гэрт орж ирээд танай хүүхдийг хажуу айлын чинь эгч болох Л эгч чихнээс нь зулгаагаад шалбалчихлаа, одоо танай хүү Х тоглоомын талбай дээр уйлаад сууж байна гэхээр нь би гэрээс гараад тоглоомын талбай дээр очиход манай хүү уг тоглоомын талбайн хашааны баруун хойд талын буланд зүүн чихээ барьчихсан уйлчихсан сууж байсан. Харин манай хажуу айлын эгч болох Л нь тоглоомын талбай дотор байх сааданд сууж байсан. Тэгэхээр нь би хүүгээсээ юу болсон талаар асуухад Л эгч миний чихнээс зулгаасан гээд уйлаад байсан. Тэгэхээр нь хүүдийнхээ чихийг харахад чих нь улайж хавдсан байдалтай болчихсон байхаар нь би Л эгч дээр очиж "Та яагаад манай хүүхдийг зодож байгаа юм, өөрийнхөө ач нарыг зоддогтойгоо адилхан манай хүүхдийг зодно гэж санаа юу гэж хэлээд зүгээр айлгах гэж баруун гараа далайгаад эргээд хүүхэд дээрээ очих гээд эргэтэл Л эгч миний хойноос "танай хүүхдийг зодсон ч яадгийн" гэсэн. Ингээ л бид хоёрын хооронд маргаан болсон. Тэгсэн гэнэт хажууд саарал өнгийн подвалтой залуу болон хар бараан өнгийн цамцтай 2 халамцуухан залуу ирээд миний хажуугаас хар бараан өнгийн цамцтай залуу нь намайг татсан. Тэгэхээр нь би "Та нарт хамаагүй, та нар юуг нь ч мэдэхгүй байж, явцгаа" гэж хэлэхэд хар бараан өнгийн цамцтай залуу нь намайг зодох гээд байгаа бололтой миний хувцас хунараас зулгааж "Чи настай хүнтэй хэрэлдэж маргалдлаа" гээд л надтай маргалдаж бид 2 бие бийнээсээ барьцалдаж авсан. Тэгсэн хажууд зогсож байсан саарал өнгийн подвалтой залуу нь хажуугаас намайг хавсарч газар унагасан. Тэгсэн намайг газар унахад хар бараан өнгийн цамцтай залуу нь миний нүүр лүү өшиглөсөн. Тэгэхээр нь би газраас босоход нөгөө залуу дахин миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохих гэтэл саарал подвалтой залуу нь намайг хойш нь татаж цохиулахгүй байсан. Би тухайн үед уг хар бараан өнгийн цамцтай залууг цохиж чадаагүй. Энэ үед манай хадмын найз болох С  гэх эгч таарч намайг тэдгээр залуучуудаас салгасан. Би тухайн үед зүгээр байж байгаад 2 жаахан залууд зодуулсан болохоор тухайн үед уур хүрч газраас чулуу авч айлгаад буцаагаад газар хаясан. Гэхдээ чулуутай гараараа далайж айлгасан зүйл байхгүй. Тухайн үед манай эхнэр хажууд ирчихсэн байсан. Тэгээд тэдгээр залуучуудтай маргалдаж байхдаа манай эхнэр цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгсөн. Намайг Л эгчтэй маргалдлаа гэж л тэр 2 залуу надтай маргалдсан. Би тэр 2 залуугийн биед халдаагүй. Би тэр 2-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Энэ талаар тэнд байсан Л болон манай хадам ээжийн найз С  гэх эгч мэдэж байгаа. Миний нүдэнд учирсан гэмтлийг хар бараан өнгийн цамцтай залуу нь учруулсан. Тэр залуу л намайг өшиглөж, цохисон. Харин саарал өнгийн подвалтой залуу нь миний биед халдаагүй, харин намайг газар хавирч унагасан. Тэрнээс өөр миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Миний баруун талын нүдний доод хэсэгт жаахан язарч, улайж хавдсан. Өөр надад учирсан гэмтэл шарх байхгүй. Би эмнэлэгт очиж эмчид үзүүлэхэд эмч нь миний нүдэнд учирсан гэмтлийг үзээд манайд нүдэнд оёдол тавих эмч байхгүй учир, та наад нүдний шархыг дээш сойж боож байгаад эдгээх хэрэгтэй гэж хэлсэн. Би уг хар бараан өнгийн цамцтай залууг цохиж зодсон зүйл байхгүй, энэ талаар тэнд байсан гэрчүүд мэдэж байгаа. Би гомдолтой байна, зүгээр байж байгаад танихгүй 2 хүнд зодуулсан. Би өмнө нь энэ 2-ыг харж байгаагүй, бидэнд ямар нэгэн муудах шалтгаан байгаагүй байсан. Гэтэл намайг Л эгчтэй маргалдаж байхад хажуугаас орж ирж намайг зодсон. Иймд намайг зодсон залууд хууль ёсны зохих арга хэмжээ авхуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

2.Хохирогч Ж.Н гийн 2018 оны 04 сарын 30-ны өдөр хохирогчоор өгсөн: “Би 2018 оны 04 сарын 24-ний өдөр Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Геологи хороололд байх хүүхдийн тоглоомын талбай дээр байх сагсан бөмбөгийн талбай дээр найз болох С, М болон сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан жаахан хүүхдүүдтэй хамт сагс тоглож байсан юм. Ингээд сагс тоглоод байж байхад нэг ногоон цамцтай ах нэг настай эгчийг зодох гээд байгаа бололтой хэл амаар доромжилж, дайрч давшлан гараа далайж байсан. Тэгэхээр нь би эхэлж гүйж очиж нөгөө ахыг боль гэж хэлээд татахад нөгөө ногоон цамцтай ах эргэж хараад миний нүүр лүү цохисон, тухайн үед юу гэж хэлээд цохисныг одоо би санахгүй байна. Тэр ногоон цамцтай ах намайг цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь цохисон. Ингээд бид 2 хоорондоо зодолдож эхэлсэн. Тэр үед манай найзууд болон тэнд байсан хүүхдүүд салгах гэтэл нөгөө ах манай найз С ыг цохих гээд дайраад байсан. Гэхдээ тухайн үед дахин зодоон цохион болоогүй. Тэр үед нөгөө ахын эхнэр нь дүү нь ирчихсэн бид нар луу мөн л дайраад байсан. Ингээд л цагдаагийн байгууллагаас цагдаа ирж бид нарыг аваад явсан. Би М-ийг танихгүй өмнө нь харж ч байгаагүй Харин сүүлд л М гэдэг нэртэй болохыг мэдсэн. Тухайн үед М нь хүүхдийнхээ хамт байсан. Тэр үед М бид хоёр л хоорондоо зодолдсон. М нь өөр хүнтэй хэрэлдэж маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Би Мийн биед учирсан гэмтлийг би учруулсан. М архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин би хэрэглэсэн байсан. Би найзуудтайгаа Т гэх найзындаа 0.5 литрийн савлагаатай “Ерөөл” гэх архийг С тай хувааж уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

3.Гэрч Б.М ын 2018 оны 04 сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “Би 2018 оны 04 сарын 24-ний орой 19 цаг 30 минутын үед гэртээ төрсөн ээж Ц-гийн хамтаар байж байтал ээжийн найз болох Ц гэгч нь ээжийн утасруу залгаж "танай хүргэн М нь хүүхдийн тоглоомын талбай дээр хүмүүстэй муудаж, зодолдоод байна" гэхээр нь би ээжийн хамтаар гэрээс гарч хүүхдийн тоглоомын талбай буюу Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Геологи хороололд байх тоглоомын талбай дээр орилоод гүйгээд очиход манай нөхөр хар бараан өнгийн куртиктэй залуутай барьцалдсан зогсож байсан, тэр хоёрын хажууд мөн саарал өнгийн подвальктай залуу зогсож байсан. Тэгсэн намайг очих гэсээр байтал хар бараан өнгийн куртиктэй залуу болон саарал өнгийн подвальктай залуу манай нөхрийг газар унагачихсан өөрсдөө цаашаа болоод зогчихсон байсан. Намайг очих үед манай нөхөр газраас босч ирсэн. Энэ үед манай нөхрийн баруун талын нүднээс нь цус гарчихсан, бага зэрэг хавдчихсан, өмсөж явсан цамц нь баруун хэсгээрээ нилдээ урагдчихсан байсан. Тэгээд манай нөхрийг газраас босоход саарал подвальктай залуу нь "Чи наад хогоо бариад намайг цохьчихооч, ямар тавьчихсан ах вэ?" гэх мэтээр үгээр идэж байгаад дахин манай нөхөртэй барьцалдаад авсан. Гэхдээ энэ 2 зодолдоогүй, учир нь би дундуур нь орж салгасан. Ингээд би юу болсон талаар асуухад манай нөхөр хэлэхдээ "Би хүүхдээсээ болж хашаанд хамт амьдардаг хүүхэнтэй тоглоомын талбай дээр тааралдаж маргалдаж байтал, энэ хоёр согтуу залуу гарч ирээд тэр эмэгтэй өмөөрч намайг барьж аваад зодчихлоо" гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөгөө 2 залууд хандаж "Та 2 яасан гэж хүн бүлэглэж зодож байгаа юм" гэхэд нөгөө хоёр залуу "Танай нөхөр хөгшин хүний өмнөөс гар далайгаад байсан юм" гэж хэлсэн. Ингээд бид нарын дунд маргаан үргэжилсэн. Үүнээс хойш тэнд дахин зодоон цохион болоогүй, хоорондоо зөвхөн хэрэлдэж маргалдсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандах нь зөв гэж бодоод Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтэс рүү мэдэгдсэн. Тухайн үед тоглоомын талбай дээр тоглож байсан хүүхдүүд байсан. Мөн манай нөхөртэй анх хэрэлдсэн гэх манай хажуу айлын эгч байсан. Тэр эгч манай нөхрийг зодуулж байхад салгахгүй хажуунаас нь хараад байсан гэж тэр хавьд тоглож байсан хүүхдүүд хэлсэн. Мөн манай нөхөртэй муудалцсан 2 залуу л байсан. Би тэр 2 залууг танихгүй, нэрийг нь мэдэхгүй. Гэхдээ өмнө нь зүс харж байсан. Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологи хороололд байх тоглоомын талбай дээр байнга л архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн согтуу байдалтай байдаг, зарим тохиолдолд бүр уугаад сууж байдаг. Намайг очиход манай нөхрийн баруун талын нүдэнд гэмтэл учирсан байсан. Гэхдээ манай нөхөр саарал өнгийн подвальктай залуу болон хар бараан өнгийн куртиктэй залуучуудтай зодолдсон болохоор тэр 2-ын аль нэг нь манай нөхрийн нүдэнд гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Манай нөхөр 19 цаг 20 минутын үед гэрээсээ гарч хүүхдийн тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдээ авахаар явахад биед нь ил харагдах гэмтэл шарх болон нүдэнд нь ямар нэгэн гэмтэл учраагүй, эрүүл саруул гарсан. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин саарал подвальктай залуу болон хар бараан өнгийн куртиктэй залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан. Би нөхрөөсөө энэ талаар асуухад хажуу талд амьдардаг эмэгтэйтэй хэрэлдэж маргалдсанаас өөр биед нь халдаагүй гэж байсан. Мөн энэ талаар нөгөө эгч ч халдаж цохиж зодоогүй гэдгийг мэдэж байгаа. Харин уурандаа зүгээр гар далайсан нь үнэн гэсэн. Манай нөхөр тэр эмэгтэйтээ хүүхдээсээ болж муудалцсан байсан. Учир нь манай зургаан настай хүү тэр эмэгтэйгийн ач болох мөн 6 настай хүүхдийг тоглож байгаад түлхэж унагаасан чинь нөгөө хүүхэд нь уйлж эмээдээ хэлэхэд эмээ нь буюу нөгөө хажуу айлын эгч манай хүүгийн чихнээс нь барьж байгаа мушигсан юм билээ, тэгэхдээ манай хүүгийн чихийг хумсаараа урчихсан байсан. Үүнээс болж л энэ 2 хоорондоо муудалцсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

4.Гэрч Л.С-ын 2018 оны 04 сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр оройн 19 цагийн үед гэрээсээ гарч Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологи хороололд айлын хашаанд амьдардаг төрсөн эгч Н гэр лүү очихоор нэг өндөр настай эмэгтэйгийн хамтаар явж байгаад Гоелоги хороололд байх тоглоомын талбайн дэргэдүүр өнгөрөх гэж байтал манай найз Ц гийн хүргэн хүү М нь машинаасаа буугаад тоглоомын талбай руу орж яваа харагдсан. Энэ үед Мийн 2 хүү нь уг тоглоомын талбайн хойд талын буланд уйлаад сууж байсан. Тэгсэн М 2 хүүхэд дээрээ оччихоод тоглоомын талбай дотор байх саадан дээр сууж байсан Л гэж миний үеийн эмэгтэй дээр очиход нөгөө эмэгтэй нь өмнөөс янз бүрээр загнаад байгаа бололтой орилж чарлаад эхэлсэн. Би тухайн үед учрыг нь олоогүй, Л-ийг юу гэж байгааг ч сонсож чадаагүй. Ингээд би тэд нар дээр очиж Мийн 2 хүүхдийг нь авч машинд нь суулгахаар авч байхад М нь Л-т хандаж "Та нэг хашааны хүн байж энд хүүхдүүд уйлуулж байхын оронд гэртээ очоод хэлчихгүй яасан юм" гэж байсан. Тэгсэн намайг 2 хүүхдийг нь машинд нь суулгах гээд явж байтал гэнэт хойно хүмүүс маргалдах шиг болохоор нь эргээд хартал М газар дөрвөн хөлөлчихсөн, хажууд нь хар бараан өнгийн цамцтай залуу, мөн саарал өнгийн подвалктай залуу, мөн саравчтай малгайтай жижиг биетэй хүүхэд, өндөр ногоон өнгийн куртиктэй залуу тойроод зогсож байсан. Тэгэхээр нь би "Хүүе юу болж байгаан бэ" гээд гүйж очоод саравчтай малгайтай жижиг биетэй хүүхдийг хацарлуу нь алгадаж "Та нар хүний олон хүнээ барьдаггүй юм" гэж хэлээд татаж холдуулахад Мийн нүүрэн тус газар хар бараан өнгийн цамцтай залуу нь өшиглөсөн. Тэгэхээр нь би очиж М-ийг босгоход Мийн баруун талын нүднээс нь цус гоожиж эхэлсэн. Би тухайн үед М-ийг тэдгээр залуучуудтай муудалцуулахгүй гээд хашаанд тулгаж тэврээд зогсоход нөгөө нүүрлүү өшиглөдөг хар бараан өнгийн цамцтай залуу болон саарал өнгийн подвалктай залуу ирээд дахин М-ийг зодох гээд дайрч миний хажуугаар тэр 2-ын нэг нь цохих шиг болсон. Энэ үеэр Мийн эхнэр гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би М-ийн эхнэр М-д хандаж "Наадах чинь Л-ээс боллоо" гэдгийг хэлсэн. Ингээд би М-ийн гэрийнхэн ирэхээр нь ажилтай байсан болохоор тэд нарыг орхиод явсан. Үүнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй. Би өмнө нь харж байсан. Гэхдээ нэрийг мэдэхгүй. Өмнө нь би саарал өнгийн подвалктай залууг зүс танина. Их л дуугүй, томоотой залуу шиг харагддаг байсан. Газар унахынхаа өмнө цохиж зодсон эсэхийг мэдэхгүй, Намайг ямар ч байсан эргэж хараад тэд нараас холдуулж хашаанд шахаж тэврээд зогсох хүртэл М нь миний нүд нь дээр тэдгээр залуудад гар хүрсэн зүйл байхгүй. Энэ талаар би хараагүй. М-ийг тэвэрч зогсож байхад амнаас нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Тэгэхээр М нь хэрэглээгүй байх. Харин М-ийг зодсон залуучуудаас үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

5.Гэрч Б.С ын 2018 оны 04 сарын 26-ны өдөр гэрчээр өгсөн: “Би 2018 оны 04 сарын 24-ний өдөр оройн 16 цагийн үед найзууд болох Н, У нарын хамтаар Т гэх найзындаа 0.5 литрийн савлагаатай Ерөөл архи нэг шилийг хувааж уугаад Бор-Өндөр сум 4 дүгээр баг Геологи хороололд байх хүүхдийн тоглоомын талбай дээр тоглох гэж 18 цаг өнгөрч байхад очсон. Ингээд тоглоомын талбай дээр тоглоод байж байтал тэнд нэг ах нэг эгч рүү уурлаж дайрч давшилж байгаад гараа далайсан. Тэгсэн манай найз Н тэр залуу дээр очиж "Та болиоч" гээд бариад авахад нөгөө залуу нь эргэж хараад Нтэй муудалцаж тэр 2 бие биеийнхээ хувцасны энгэрээс нь зуурч мөргөлдөж зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг зодолдуулж муудалцуулах гээд очиж салгасан. Би салгахдаа уг залуугийн араас нь татахад нөгөө залуу миний хөлд тээглээд газар хойшоо унасан. Тэр залууг газар унаад бос ч ирэхэд баруун нүднээс нь цус гарч байсан. Энэ үед хажуугаас нэг настай эгч орж ирээд нөгөө ахыг цааш нь аваад явсан. Харин би Н-г аваад явсан. Мөн тэр үед нөгөө ахын эхнэр нь бас ирчихсэн байсан. Түүнээс хойш дахин зодоон цохион болоогүй. Н тэр ахтай зодолдсон болохоор Н учруулсан. Гэхдээ яаж учруулсныг нь би мэдэхгүй. Тэр ахын баруун талын нүднээс нь цус гарч хавдаж улайсан байсан. Н нь нэг эгчийг өмөөрснөөс л болж л энэ 2 хоорондоо хэрэлдэж маргалдан улмаар зодолдох болсон. Тэрнээс өөр шалтаг шалтгаан байгаагүй. Өмнө нь энэ 2 хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Н-гийн биед учирсан гэмтлийг Н-тэй муудалцаж зодолдсон ах л учруулсан байх. Тэр 2-оос өөр хоорондоо зодолдсон хүн тэнд байгаагүй. Н-гийн духны баруун хэсэгт нь хавдаж шалбарсан, мөн нүднийх нь доод хэсэгт, мөн баруун хацар хэсэгт шалбарсан байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

6.Гэрч С.Мөнх-Эрдэнийн 2018 оны 04 сарын 30-ны өдөр гэрчээр өгсөн: “Би 2018 оны 04 сарын 24-ний өдөр өглөө 10 цагийн үед сагс тоглохоор тоглоомын талбай дээр очсон. Ингээд би тоглоомын талбай дээр тэр хавийн хүүхдүүдийн хамтаар сагс тоглоод байж байтал манай найзууд болох Н, С  болон Улаанбаатар хотын Налайх дүүргээс ирсэн Гэсэрбаатар нар 14-15 цагийн үед ирсэн. Тухайн үед Н, С  2-оос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, гэхдээ тийм их согтуу биш байсан. Ингээд бид нар нэлээд сагс тоглож байтал тоглоомын талбай дээр мэг ногоон цамцтай ах нэг настай эгчтэй маргалдаж гараа далайхад нөгөө эгч хажуу тийш ээ далжийж байгаа байсан. Тэгсэн энэ үеэр Н тэр 2 дээр очсон. Ингээд тэр 2 юунаас болсныг мэдэхгүй хоорондоо зодолдож бие биеэ цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би С ын хамтаар салгах гээд очиход нэг эгч өөдөөс чи яах гээд байгаа гээд намайг алгадсан. Тэгэхээр нь би дахин зодолдож байгаа 2 луу ойртоогүй. Ингээд Н болон ногоон цамцтай ах 2 зодолдож байгаад болих үед нь цагдаа нар ирээд аваад явсан. Тухайн үед ийм зүйл хоромхон хугацаанд болж өнгөрсөн. Тэр үед Нгийн биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх учраагүй байсан. ... Би Н-г тэр ахыг өшиглөхийг хараагүй, харин хоорондоо зодолдож бие биеэ цохиж байхыг харсан. Тэр 2 бие биеийнхээ нүүр лүү багцаагаар 3-4 удаа цохиж байх шиг байсан. Н дээгүүрээ хар бараан өнгийм цамцтай, доогуураа цэнхэр өмтэй, хар саарал өнгийн пүүзтэй явж байсан, харин Г ногоон  өнгийн  нимгэн  куртиктэй,  цайвар  ногоон  өнгийн  өмдтэй,  харин С  саарал өнгийн подвалтой, хар өнгийн өмдтэй, улаан өнгийн гуталтай явж байсан. Н-тэй зодолдсон гэх залуугийн нүдэнд учирсан гэмтлийг Н л учруулсан байх. Газраас босож ирэхдээ нүднийх нь доороос цус гарч байсан. Н нь тэр нэг эгчийг өмөөрснөөс л болж л энэ 2 хоорондоо хэрэлдэж маргалдан улмаар зодолдох болсон. Тэрнээс өөр шалтаг шалтгаан байгаагүй. Өмнө нь энэ 2 хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Тэр 2 бие биеэ адилхан цохиж байсан. Тухайн үед Н-гийн нүүрэнд зулгарсан шарх хамар болон нүдний хэсэгт үүсэж, баруун нүд нь улайж хавдсан байсан шиг санагдаж байна. Н-гийн биед учирсан гэмтлийг Нтэй муудалцаж зодолдсон ах л учруулсан байх. Тэр 2-оос өөр хоорондоо зодолдсон хүн тэнд байгаагүй. Өөр гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 26-ны өдрийн № 188 тоот:

1.А.М-ийн биед зулайд шарх, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний зовхинуудад цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,

8.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 26-ны өдрийн № 191 тоот:

1.Ж.Н-гийн биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,

9.Шүүгдэгч Ж.Н-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 04 сарын 24-ний өдөр 19 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг “Геологи”-ийн байранд байх  “хүүхдийн тоглоом”-ын талбай дээр А.М-ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үнэн. Цагдаагийн байгууллагад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би торгуулийн ялыг 3 сард багтаагаад төлнө. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

10.Шүүгдэгч А.М-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 04 сарын 24-ний өдөр 19 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг “Геологи”-ийн байранд байх  “хүүхдийн тоглоом”-ын талбай дээр Ж.Н-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үнэн. Цагдаагийн байгууллагад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би торгуулийн ялыг 3 сард багтаагаад төлнө. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Ж.Н, А.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Н, А.М нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Н, А.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

  Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Н, А.М нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, А.М нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Хохирогч Ж.Н нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч А.М нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хохирогч А.М нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Ж.Н нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Ж.Н, А.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Н, А.М нар нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.8,

 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х НЬ:

 

              1.Шүүгдэгч Ж.Н, А.М  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, А.М нарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, А.М нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Н, А.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             5.Шүүгдэгч Ж.Н, А.М нар нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, А.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.ЭНХМАНДАХ