Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0901

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн 2 дугаар тахимд нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.П

Хариуцагч: Зам тээврийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б, Д.Х,

Маргааны төрөл: Б.Б*******ийг Автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх олгуулахаас татгалзсан албан бичиг хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Х, нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Монгол Улсын Зам тээврийн сайдад холбогдуулан Зам тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Улсын байцаагчийн эрх олгохоос татгалзах тухай 11/2733 дугаар албан бичиг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, Зам тээврийн сайдад улсын байцаагчийн эрх олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
  2. Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын даргын 225 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б дугаар тушаалаар Б.Б*******ийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Автотээврийн хяналтын улсын байцаагчаар томилжээ.
  3. Нийтийн тээврийн бодлогын газраас 2025 оны 05 дугаар 13-ны 0 дугаар албан бичгээр Б.Б*******ийг Автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх олгуулахаар хүсэлт гаргасан байна.
  4. Улмаар Монгол Улсын Зам тээврийн яамнаас 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11/2733 дугаар албан бичгээр Автотээврийн хяналтын улсын байцаагчаар томилогдсон Б.Б******* нь Монгол Улсын засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.1.2 (тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангасан байх) шаардлагыг хангахгүй тул байцаагчийн эрх олгох боломжгүй тухай мэдэгджээ.
  5. Монгол улсын Зам, тээврийн яамнаас 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаар албан бичгээр Автотээврийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ...менежмент ба удирдахуй /0*******/, /0... мөн Засгийн газрын 2023 оны Журам, загвар батлах тухай 06 тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан заалтад нийцэж байгаа... талаар тодруулахаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Н*******т хандсан байна.
  6. Боловсролын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1******* дугаар албан бичгээр Зам, тээврийн яамны төрийн захиргааны удирдлагын газарт ...төрийн захиргааны менежментийн магистрын зэрэг нь Автотээврийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг индексийн хувьд тохирч байгаа ч боловсролын түвшний хувьд нийцэхгүй байна. гэх хариу өгчээ.
  7. Улмаар Монгол Улсын Зам, Тээврийн яамнаас 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар албан бичгээр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байр 29 тоотод оргин суугч иргэн Б.Б*******т Боловсролын ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1******* дугаар албан бичгээр ирүүлсэн тодруулгаар магистрын зэрэг нь мэргэжилд тооцогдохгүй харин мэргэшилд тооцогдох тул танд Автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх олгох боломжгүйг үүгээр дахин мэдэгдэж байна. гэж хариу өгсөн байна.
  8. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 6171 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
  9. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие нь Б.Б******* нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын дагуу нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар тус газрын Хяналт шалгалтын хэлтэст Автотээврийн хяналтын улсын байцаагч Т3-7 ангиллын албан тушаалд шилжүүлэн томилогдсон. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0 дугаартай албан бичгээр Улсын байцаагчийн эрх олгох тухай хүсэлтийг Зам тээврийн яаманд хүргүүлсэн боловч Монгол Улсын засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.1.2 албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангасан байх заалтын шаардлага хангаагүй, мөн Боловсролын яамны харьяа агентлаг Боловсролын Ерөнхий газраас 2025 оны 1******* дүгээр албан бичгээр ирүүлсэн тодруулгаар магистрын зэрэг нь мэргэжилд тооцогдохгүй харин мэргэшилд тооцогдох тул Автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх олгох боломжгүй тухай тус тус хариу албан бичиг ирүүлж шийдвэрлэсэн байна. Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журмыг Монгол Улсын засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан байх ба тус журмын 1.2 дахь хэсэгт Хяналтын улсын байцаагчийн эрхийг эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарч байгаа Засгийн газрын гишүүн олгоно гэж тодорхойлсон. Үүнээс үзвэл тус журмын 1.3, 3.2, 4.2, 4.3 дахь хэсэгт заасны дагуу Зам тээврийн яамны Салбарын хяналтын газрын дарга буюу салбарын улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор Зам тээврийн яамны сайдын тушаал шийдвэрээр Автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх олгох зохицуулалттай байна. Дээрх асуудлыг миний бие нягтлан үзэхэд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хууль болон холбогдох бусад захиргааны хэм хэм хэмжээний актад магистрын зэрэг нь мэргэжилд тооцогдохгүй харин мэргэшилд тооцогдоно гэж тухайлан заасан тодорхой ямар ч үг, өгүүлбэр байхгүй байх бөгөөд миний шилжүүлэн томилогдсон Автотээврийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 365 дугаар тогтоолын 28 дугаар хавсралтаар хянан зөвшөөрч, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга баталсан. Уг албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагад Авто инженерчлэл /0*******, Механик инженерчлэл /0*******, Менежмент ба удирдахуй /0*******/, /041305- 041308/, эрх зүй 1042/ индекс бүхий мэргэжилтэй байхыг тус тус заасан. Миний бие нь бакалаврын зэргээ ХААИС-д Газрын кадастр инженер мэргэжлээр, магистрын зэргийг Удирдлагын академид Төрийн захиргааны менежментээр тус тус хамгаалсан бөгөөд төрийн Захиргааны менежментийн магистрын зэрэг нь дээрх албан тушаалын тодорхойлолтын менежмент ба удирдахуй /041307/ индексээр бүрэн нийцэж байна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн А******* дугаар Мэргэжлийн чиглэл хөтөлбөрийн нэр, индекс, шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад /041307/ дугаартай Төрийн захиргааны магистрын зэргийг боловсролын түвшин хэсэгт тусгаж баталсан. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 1а/1764 дугаартай албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандаж бакалавр, магистр, докторын дипломын аль аль нь тухайн иргэний эзэмшсэн мэргэжлийг гэрчилж буй албан ёсны боловсролын баримт бичиг мөн болох талаар тайлбар, шаардлага хүргүүлжээ. Гэтэл Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын дээрх албан ёсны тушаал шийдвэр болон албан бичгийг тус яамны харьяа агентлаг болох Боловсролын ерөнхий газар үгүйсгэж, тодруулга дүгнэлт гаргаж, Зам тээврийн яамны эрх бүхий албан тушаалтан уг тодруулгыг үндэслэж улсын байцаагчийн эрх олгохгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж төрийн яам бодлогоо тодорхойлдог уу? аль эсхүл Агентлаг нь Төрийн захиргааны төв байгууллага болон Төрийн албаны зөвлөлөөс илүү эрх хэмжээ, чиг үүрэгтэй юу гэдэг ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Монгол Улсын яам захиргааны шийдвэр гаргахдаа, өөр яамны харьяа байгууллага буюу доод шатны нэгж болох Агентлагаас хуулийн талаар тодруулга, тайлбар албан бичгээр авч түүнийг үндэслэн шийдвэр гаргах нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байх бөгөөд Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна гэх зарчмыг гажуудуулж байна гэж үзэж байна. Тодруулбал Яамны сайдын тушаал шийдвэр, албан бичгийг түүний харьяа доод шатны захиргааны байгууллага үгүйсгэх, тайлбарлах, эсэргүүцэх нь төрийн эрх мэдэл төвлөрсөн, хууль бүх нутаг дэвсгэрт адилхан буюу нэг мөр хэрэгждэг, нэгэн бүхэл улс гэсэн утгыг гажуудуулж байна. Үндсэн хуулийн тавь дугаар зүйлийн 1.4-т Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах: эрхийг зөвхөн дээд шүүхэд олгосон байдаг. Асуудлыг дэлгэрүүлбэл Яамны эрх зүйн байдлын тухай хууль болон Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд тэдгээрийн чиг үүргийг тодорхойлсон байх ба хуулийг тайлбарлах болон Төрийн албаны төв байгууллагын эрхлэн шийдвэрлэх чиг үүргийн асуудлыг өмнөөс нь шийдвэрлэх талаар ямар ч тодорхойлсон зүйл, заалт байхгүй байна. 2025 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 1 дугаартай албан бичгээр өмнөх үндэслэлээр улсын байцаагчийн эрх олгохоос татгалзсан хариу ирүүлсэн. Ийнхүү улсын байцаагчийн эрх олгохгүй байгаагаас шалтгаалж Төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомж, норм, дүрэм, стандартыг харьяа нутаг дэвсгэр болох Багахангай дүүргийн хэмжээнд эрхлэн хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлын зарчим алдагдаж, Төрийн жинхэнэ албан хаагч болох миний эрх зүйн байдал доорх хэлбэрээр дордож байна. Үүнд: Төрийн жинхэнэ албан хаагчийн хагас жилийн гүйцэтгэлийн үр дүнгийн урамшуулал аваагүй бөгөөд 2025 оны 07 дугаар сард ээлжийн амралт авах өмнөх байгууллагын хуваарь хойшилж, шилжиж томилогдсон байгууллагаас 2025 оны 11 дүгээр сард ээлжийн амралт авах болсон. Мөн Улсын байцаагчийн эрх шийдвэрлэгдэхгүй байгаагаас шалтгаалж ТҮ ангилалд шилжүүлэн ажиллуулах тухай байгууллагын зүгээс мэдэгдсэн, уг асуудлыг миний хувьд ямар ч нөхцөлд зөвшөөрөхгүй болохоо хариу илэрхийлээд байна. гэжээ.
  10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Автотээврийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 365 дугаар тогтоолын 28 дугаар хавсралтаар хянан зөвшөөрч, Нийтийн тээврийн бодлогын газрын дарга баталсан. Уг албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагад Авто инженерчлэл /071601/, Механик инженерчлэл /0*******/, Менежмент ба удирдахуй 10*******/, /0/, Эрх зүй /042/ индекс бүхий мэргэжилтэй байхыг тус тус заасан. Миний бие нь бакалаврын зэргээ ХААИС-д Газрын кадастр инженер мэргэжлээр, Магистрын зэргийг Удирдлагын академид Төрийн захиргааны менежментээр тус тус хамгаалсан бөгөөд төрийн Захиргааны менежментийн магистрын зэрэг нь дээрх албан тушаалын тодорхойлолтын менежмент ба удирдахуй /041307/ индексээр бүрэн нийцэж байна... гэжээ.

Засгийн газрын 2023 оны 06 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам-ын 2.1-т Хяналтын улсын байцаагчийн эрх авах албан хаагчид дараахь шаардлага тавигдана гэсний 2.1.2-т тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангасан байх гэж тус тус заасан.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Төрийн захиргааны албаны гүйцэтгэх албан тушаал, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага-д Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын дэс түшмэл, түүнтэй адилтгах гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг дараах байдлаар заасан байна.

Боловсрол -Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил -Албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй байх

Гэтэл нэхэмжлэгч өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан Авто инженерчлэл/0716001/, Механик инженерчлэл/0*******, Менежмент ба удирдахуй 10*******/, /0/, Эрх зүй /042/ индекс бүхий мэргэжилтэй байх шаардлагатай бөгөөд эдгээр албан тушаалд Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байхыг заасан байтал нэхэмжлэгч нь бакалаврын зэргээ ХААИС-д Газрын кадастр инженер мэргэжлээр төгссөн нь Албан тушаалын тодорхойлолтод заасан Мэргэжил, боловсролын шаардлагыг хангахгүй байгааг өөрөө нэхэмжлэлд дурдсанаар болон түүний Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын зэргийг илтгэх 5******* дугаар дипломоор нотлогдож байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...Боловсролын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын дээрх албан ёсны тушаал шийдвэр болон албан бичгийг тус яамны харьяа агентлаг болох Боловсролын ерөнхий газар үгүйсгэж, тодруулга дүгнэлт гаргаж, Зам, тээврийн яамны эрх бүхий албан тушаалтан уг тодруулгыг үндэслэж улсын байцаагчийн эрх олгохгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна... гэжээ.

Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.7-д зааснаар мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын мэргэжлийн чиглэл, индексийг батлах бүрэн эрх нь Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний чиг үүрэгт хамаарч байна.

Харин Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах болон Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.12-т зааснаар хуульд заасан бусад бүрэн эрх-ийн хүрээнд хэрэгжилтийг хангаж ажиллах Боловсролын ерөнхий газрын чиг үүрэгт хамаарч байх тул хуульд заасан чиг үүргийн хэрэгжилтийг Засгийн газрын тухай хуулиар төрийн захиргааны байгууллагуудын уялдааг хангаж ажиллах нь эрх зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б******* нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг холбогдох дүрэм журмаар шаардлага хангахгүй бөгөөд тус яамны Салбарын хяналтын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Улсын байцаагчийн эрх олгохоос татгалзах тухай 11/2733, 2025 оны 08 Дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар тус тус албан бичиг нь хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгчээс ... албан тушаалын тодорхойлолтын 3 дахь хэсэгт заасан албан тушаалд тавигдах тусгай шаардлагад Авто инженерчлэл /0716001/,Механик инженерчлэл /0*******, Менежмент ба удирдахуй /0*******/, /041305- 041308/, эрх зүй /042/ индекс бүхий мэргэжилтэй байхыг тус тус заасан. Миний бие нь бакалаврын зэргээ ХААИС-д Газрын кадастр инженер мэргэжлээр, магистрын зэргийг Удирдлагын академид Төрийн захиргааны менежментээр тус тус хамгаалсан бөгөөд төрийн Захиргааны менежментийн магистрын зэрэг нь дээрх албан тушаалын тодорхойлолтын менежмент ба удирдахуй /041307/ индексээр бүрэн нийцэж байна. гэж маргажээ.

2. Боловсролын ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1******* дугаар албан бичгээр Зам, тээврийн яамны төрийн захиргааны удирдлагын газарт ...төрийн захиргааны менежментийн магистрын зэрэг нь Автотээврийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг индексийн хувьд тохирч байгаа ч боловсролын түвшний хувьд нийцэхгүй байна. гэж хариу өгчээ.

Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6. Дээд боловсролын түвшин нь багц цагаар хэмжигдэх дэд бакалаврын, бакалаврын, магистрын, докторын зэрэгтэй байна. 20.7-д Багц цагийн хэмжээ нь дэд бакалаврын зэрэгт 90 багц цагаас доошгүй, бакалаврын зэрэгт 120 багц цагаас доошгүй, магистрын зэрэгт 30 багц цагаас доошгүй, докторын зэрэгт 60 багц цагаас доошгүй байна гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч Б.Б******* нь 2015 онд ХААИС-д Газрын кадастр, зураглал мэргэжил суралцаж, D******* дугаар бакалаврын, 2023 онд Удирдлагын академийн Төрийн захиргааны менежментийн хөтөлбөрийн магистрын түвшиний сургалтад хамрагдаж, нийт 32 кредит судалж, Е20231977 дугаартай магистрын зэрэг тус тус эзэмшжээ.

4. Энэ нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийг эзэмшсэн гэж үзэхээргүй байна.

5. Учир нь ажлын байрны тодорхойлолтод Авто инженерчлэл /0716001/, Механик инженерчлэл /0*******, Менежмент ба удирдахуй /0*******/, /041305- 041308/, эрх зүй /042/ индекс бүхий мэргэжилтэй байхыг тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн мэргэжлүүдээр 120 багц цагаас доошгүй суралцаж, бакалаврын мэргэжил эзэмшсэн байх ёстой байжээ.

6. Гэтэл нэхэмжлэгч нь Газрын кадастр, зураглал мэргэжлээр 120 багц цаг суралцсан байх бөгөөд Төрийн захиргааны менежментийн хөтөлбөрийн магистрын түвшинд нийт 32 кредит судалжээ.

7. Дээрх Төрийн захиргааны менежментийн хөтөлбөрийн магистрын зэрэгт суралцсан нь индексийн хувьд нийцэж байгаа хэдий ч багц цаг буюу боловсролын зэргийн хувьд нийцэхгүй байна.

8. Иймд нэхэмжлэгчид Автотээврийн улсын байцаагчийн эрх олгохоос татгалзсан Монгол улсын Зам, тээврийн яамны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 11/2733, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 11/3884 дугаар албан бичгүүд үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Дээд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, 20.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Зам тээврийн сайдад холбогдох Зам тээврийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Улсын байцаагчийн эрх олгохоос татгалзах тухай 11/2733 дугаар албан бичиг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаар албан бичгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, Зам тээврийн сайдад улсын байцаагчийн эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ