2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/01634

 

 

 

 

   

     2025          02            25                                           192/ШШ2025/01634

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***** нэхэмжлэлтэй,

хариуцагч:***** холбогдох

барилгын баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, нэмэлт ажлын гэрээний төлбөрт шилжүүлсэн 92 693 369 төгрөг буцаан гаргуулах, алданги 261 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үнийн өсөлтийн зөрүүд 1 372 599 941.26 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*****,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,

хариуцагчийн өмгөөлөгч *****,

гэрч ****** нар оролцож,

            шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан барилгын баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, нэмэлт ажлын гэрээний төлбөрт шилжүүлсэн 92 693 369 төгрөг буцаан гаргуулах, алданги 261 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний үнийн өсөлтийн зөрүүд 1 372 599 941.26 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ***** ХХК-аас анх 2022 оны 4 сарын 20-ны өдөр хариуцагч ************ ХХК-д холбогдуулаад Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлалтай ********* эмнэлгийн өргөтгөлийн шинэ барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, улсын комиссын акт болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тус гаргуулж, хүлээлгэн өгөхийг даалгах шаардлага. Хоёрдугаарт нь алданги 261,500,000 төгрөг, гурав дахь шаардлага нь дулаан болон цахилгааны зардал 29,596,746 төгрөгийг гаргуулах үндсэн гурван шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид энэ нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, зарим шаардлагыг ихэсгэсэн. Тухайлбал өөрчилсөн шаардлага нь тодорхой ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгч, улсын комиссын акт болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тус гаргуулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх гэсэн шаардлагыг бүхэлд нь өөрчилсөн. Яаж өөрчилсөн бэ гэхээр 2019 оны 5 сарын 20-ны өдрийн *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлыг гэрээний дагуу хариуцагч *********** ХХК гүйцэтгэхдээ Барилгын тухай хуульд заасан үйлдсэн баримт бичгүүдийг гаргуулъя гэдэг ийм шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл барилгын баримт бичгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох ийм шаардлагаар өөрчилчихсөн. Хоёр дахь нь алданги бол хэвээрээ. Өөрөөр хэлбэл 261,500,000 төгрөгийг гаргуулах шаардлага хэвээрээ. Гурав дахь шаардлагыг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл цахилгаан болон дулааны зардал 29,596,746 төгрөг гаргуулах шаардлагыг өөрчлөөд 2021 оны 6 сарын 03-ны өдөр байгуулсан нэмэлт ажлын гэрээний төлбөрт шилжүүлсэн 92,693,369 төгрөгийг буцаан гаргуулах ийм нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байгаа. Энэ шаардлагуудын үндэслэлийг танилцуулаад эцэст нь нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулчихъя. Нэхэмжлэгч байгууллага 2019 оны 5 сарын 20-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг *********** ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэгч байгууллагын хувьд эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг ийм байгууллага. Ингээд өөрийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн үл хөдлөх хөрөнгө буюу Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай *********ийн эмнэлэг гэдэг нэртэй эмнэлгийн барилгад өргөтгөлийн ажил хийлгэх гээд 2019 оны 5 сарын 20-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч ************ ХХК-тай байгуулсан. Энэ барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр талууд тодорхой ажил гүйцэтгүүлэх нөхцөл журмыг хоорондоо тохиролцсон. Тухайлбал 2019 оны 5 сарын 20-ны өдрийн гэрээгээр энэ гэрээг байгуулснаас хойш буюу жилийн хугацаанд 2020 оны 5 сарын 31-ний дотор тав хүртэлх давхар, ингээд зургаан давхрын дээврийн дохиод ингээд ашиглах боломжтойгоор түлхүүр гардуулах нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл энэ гэрээ олон улсын гэрээгээр ч гэдэг юм уу, иймэрхүү гэрээний загвар гэрээ хийх гэж талууд оролдсон байна. Өөрөөр хэлбэл Солонгосын хөрөнгө оруулалттай компаниуд барилгын ажил буюу захиалагчийн чиг үүргийг бараг шилжүүлчихсэн. Хавтаст хэрэг судлуул захиалагчийн чиг үүргийг шилжүүлсэн. Энэ нь юу гээд байгаа юм бэ гэхээр барилгын ажлын зөвшөөрөл, ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бүхий л зөвшөөрлийг гүйцэтгэгч компани авах, үүнтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлэх. Ингээд жилийн хугацаанд буюу 2020 оны 5 сарын 31-ний дотор улсын комиссын акт гаргуулаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад түлхүүрийг нь хүлээлгэж өгөх ийм үндсэн зорилго агуулгыг гаргасан. Өөрөөр хэлэх юм бол ***** ХХК буюу захиалагчаас санхүүжилт төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх ийм л үүрэг хүлээсэн. Гэтэл барилгын ажлын гэрээ байгуулагдсаны дараагаар 2020 оны 4 сарын 23-ны өдөр гэрээгээ шинэчилсэн. Гэрээг шинэчлэхдээ барилгын нийт талбай 4686.66 м.кв байна, метр квадратын үнийг 940,000 төгрөгөөр үнэлсэн. 2019 оны 5 сарын 20-ны гэрээгээр 850,000 төгрөгөөр метр квадратыг нь үнэлсэн. Гэрээнд 4,412,000,000 төгрөгийн нийт барилгын санхүүжилт, үнэ төлбөр байхаар тусгасан. Гэрээний дагуу бүх санхүүжилтийг захиалагчаас шилжүүлсэн. Захиалагчийн зүгээс гэрээний дагуу нийт 5,405,766,303 төгрөгийг, өөрөөр хэлбэл 5 давхар эмнэлгийн өргөтгөлийн барилгад санхүүжилт төлбөр шилжүүлсэн. Энэ гэрээний төлбөр дутуу шилжсэн, төлбөрийн үлдэгдэлтэй талаар маргаж байгаагүй. Хариуцагч тал үнийн дүн бага байсан гэж сөрөг нэхэмжлэл гаргадаг. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу 4,412,000,000 төгрөг гэж гэрээнд тусгасан боловч яг бодит байдал дээр 5,405,766,300 төгрөгийг 5 давхар барилгын ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн байдаг. Гэрээнд зааснаар 2020 оны 5 сарын 31-ний өдөр барилгын ажлыг хүлээлгэж өгөх ёстой байсан боловч энэ хугацаа тодорхойгүй байдлаар сунгагдсан. Сунгагдсан гэхээс илүү барилгын ажил удааширсан. Энэ удааширсан нөхцөл байдал талуудын хэн алинаас нь болсон ч гэсэн үүнд гол төлөв хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тухайлбал гурав дахь гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл гурав дахь гэрээ нь 2021 оны 06 сарын 03-ны өдөр байгуулагдсан. Энэ нь эмнэлгийн барилгад агааржуулалтын тодорхой тусгай тоног төхөөрөмжтэй систем суурилуулах шаардлагатай, үүнийг гэрээний дагуу мэс заслын 3 өрөөнд суурилуулах ёстой байсан. Энэ гэрээг 2021 оны 6 сарын 3-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч талууд байгуулаад, гэрээний төлбөрт нийт 92,693,369 төгрөг шилжүүлсэн. Гэтэл энэ гэрээний дагуу төлбөр хүлээж аваад хариуцагч байгууллагаас ажил хийгээгүй. Ажил хийгээгүй шалтгаанаа К1, К2, К3 гэсэн ийм агааржуулалтын системийг Бүгд найрамдах Хятад ард улс руу захиалаад тээвэрлэлтийн явцад тодорхой хил гаалиас шалтгааллаа гээд тодорхой тайлбарууд хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл энэ систем суурилуулаагүй угсрагдаагүй. Бид 92,000,000 төгрөгийн төлбөрөө төлчихсөн. Энэ төлбөрт ажил гүйцэтгэх гэрээний хөлс, тухайн бараа бүтээгдэхүүн буюу агааржуулалтын системийн үнэ зэрэг бүгд багтсан. Ингээд энэ гэрээ хүртэл зөрчигдөөд 2022 он гарсан. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч байгууллагын хувьд барилгаа ашиглалтад оруулж чадаагүй, улсын комисст хүлээлгэж өгч чадаагүй. Бид гэрээний үүрэг зөрчсөн гэдэг үндэслэл гаргаагүй. Үүнтэй холбоотой шаардлага гаргаагүй. Гагцхүү үндсэн 3 гэрээ байна. Тэр дундаа 2019 оны 5 сарын 19-ний өдөр байгуулагдсан барилгын ажлын өргөтгөлийн гэрээний дагуу Барилгын тухай хуульд зааснаар үйлдсэн. Энэ гүйцэтгэгч компани нь өөрөө хариуцагчийн үйлдсэн баримт бичгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгөөч гэдэг энэ шаардлагыг гаргаж байгаа юм. Засгийн газрын 2021 оны 212 дугаартай тогтоол байдаг. Үүний хавсралтаар аливаа барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэж өгөх, үүнтэй холбоотой тодорхой харилцааг зохицуулсан. Энэ дүрмийн 2.3-т барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж хавсаргаарай гэсэн дүрмийн заалттай. Барилгын тухай хуулиараа тодорхой барилгын үйл ажиллагаа эрхлэх барилгын ажил гүйцэтгэх, үүнд хяналт тавих, үүнтэй холбоотой гол харилцааг Барилгын тухай хуулиараа зохицуулдаг. Энэ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар барилгын ажил гүйцэтгэгч дараах чиг үүрэгтэйгээр, өөрөөр хэлбэл барилгын ажил гүйцэтгэгчийн үүргийг тодорхойлж өгсөн. Энэ хуулийн 40.1.1-40.1.24 дүгээр зүйлд заасан үүргийг хүлээсэн. Тухайлбал энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т барилгын ажлын ил далд ажлын актыг баталгаажуулах үе шатыг ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх энэ үүргийг барилгын ажил гүйцэтгэгч хүлээсэн байдаг. Тэгэхээр барилгын ажлыг хариуцагч компани гүйцэтгэхдээ энэ хуульд заасан ил далд ажлын акт үе шатын тэмдэглэл гэдэг ийм баримт бичиг үйлдэхээр хуульд заасан. Энэ үйлдсэн баримт бичиг нь өөрөө захиалагчийн өөрчлөлтийг буюу захиалагч барилгын тухай хуулийн 48.5-т зааснаар улсын комисст хүлээлгэж өгөхдөө энэ хэд зайлшгүй байх ёстой баримт бичиг юм. Тэгэхээр үүнийг өнөөдрийг хүртэл олгохгүй байгаа, өгөхөөс татгалзаж байгаа энэ үйлдэл өөрөө хууль бус гэж үзэж байгаа. Барилгын тухай хуулийн 48.5.1.1-48.5.7-д яг энэ улсын комисст барилгыг ашиглалтад оруулахдаа хүлээлгэж өгөх баримт бичгийн жагсаалтыг нэг бүрчлэн дурдсан. Энэ заалтад дурдсан жагсаалтыг хариуцагч компани үйлдчихсэн байгаа. Гагцхүү яагаад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа, өгөхөөс татгалзаж байгаа нь ойлгомжгүй. Өгөхөөс татгалзах үндэслэл байхгүй. Тэгэхээр Барилгын тухай хуулийн 40.1.1, 48.5-д заасныг үндэслэн *********ийн эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу 2019 оны 5 сарын 20-ны өдрөөс 2021 оныг дуустал хугацаанд ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой баримт бичгийг гаргуулъя. Баримт бичгийн тухай тодорхой сүүлд тайлбарлаад явчихъя. Ямар ямар баримт бичгийг гаргуулах гээд байгаа юм гэдэг. Хоёр дахь шаардлага бол барилгын ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйтэй холбоотой гэрээний хариуцлага шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл алданги 261,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж бид үзэж байгаа. Үндэслэл нь энэ 2019 оны 5 сарын 19-ний өдөр гэрээ байгуулаад, дараа нь дахиж гэрээгээ шинэчлээд 2020 оны 04 сарын  23-ны өдрийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр барилгыг хүлээлгэж өгөх хугацааг 2020 оны 7 сарын 15-ны өдөр гэж байгаа юм. Улсын комисст оруулах хугацааг 10 хоногоор буюу 7 сарын 25-ны өдөр барьсан барилгыг улсын комисст хүлээлгэж өгье. 8 сарын 31-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаад, эцэст нь буюу 9 сарын 15-ны өдөр гэхэд энэ барилгатай холбоотой шаардлагатай бүхий л баримт бичгийг гүйцэтгэгчээс захиалагчид хүлээлгэж өгнө гэдэг энэ үүргийг хүлээсэн. Нэгэнтээ энэ хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ч байхгүй, барилга ашиглалтад хүлээлгэж өгсөн комиссын акт ч байхгүй. Энэ бол төрийн байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг л дээ. Ялангуяа улсын комисст хүлээлгэж өгөхтэй холбоотой харилцаа. Гэхдээ барилгын ажлыг гүйцэтгэгч, захиалагч нарын хооронд хүлээлцсэн акт бол байхгүй. Хуулиараа ч гэдэг юм уу, гэрээгээрээ энэ барилгаа дуусгачихсан бол ажлыг актаар хүлээлгэж өгөх ёстой. Гэтэл хүлээлгэж өгсөн акт баримт байхгүй. Өөрөөр хэлбэл 2020 оны 9 сарын 15-ны өдрөөр эцсийн хугацаа өнгөрсөн. Сүүлд 2021 оны 6 сард байгуулагдсан гэрээтэй холбоотой бид шаардлагыг гаргаж байсан. Өөрөөр хэлбэл энэ ажлыг хэзээ гүйцэтгэх юм бэ, энэ барилгын материалууд хэзээ хийдэг юм бэ ч гэдэг юм уу энэ шаардлагыг талууд хоорондоо албан бичгээ солилцоод явж байсан. Явц дунд хариуцагч буюу ************ ХХК-аас барилгын ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хоног тутамд 500,000 төгрөгийн алданги төлнө гэдэг үүргийг хүлээхээр амласан. Баталгааны бичгийг захиалагчдад тухай бүрд нь хүргүүлж байсан, удаа дараа 2, 3 удаагийн албан бичгээр хүргүүлж байсан. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар байгаа. Тухайлбал огноо нь 2020 оны 7 сарын 24-ний өдрийн нэг албан бичиг байгаа. Мөн оны 10 сарын 30-ны өдрийн албан бичгээр 500,000 төгрөгийн алдангийг төлье, өөрөөр хэлбэл бид барилгыг хугацаандаа гүйцэтгэж дуусаагүй учраас энэ хариуцлагыг хүлээхэд бэлэн байна гэдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтыг тэр дундаа 2019 оны 5 сарын 19-ний өдрийн гэрээний 2.3 дахь заалт дээр хэрвээ барилгын ажил хойшлогдвол хойшлогдсон өдрийг жилд 18 хувийн хүүтэйгээр ажил хийснээр тооцож, мөн хувийн хүү шаардах эрхийн талаар гэрээний хариуцлага болгож зохицуулсан. Гэхдээ явц дунд энэ 18 хувийн хүүг Иргэний хуулийн 232-т зааснаар алданги төлөх үүргээ солиод уг хариуцлагын хоорондоо тохиролцсон шинжтэй. Тэгэхээр энэ харилцааг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, гүйцэтгэгчээс 500,000 төгрөг төлье гэдэг. Захиалагч ч гэсэн үүнийг төлөхийг зөвшөөрсөн. Мөн сүүлд энэ 500,000 төгрөгтэй холбоотой хоног тутмын алданги ийм дүнгээр нэмэгдэж байна шүү гэдэг шаардлагыг гаргасан. Бид алдангийг нь хэзээнээс тооцсон бэ гэхээр 2020 оны 10 сарын 30-ны өдөр буюу өөрөөр хэлбэл гүйцэтгэгчийн ажлаа хүлээлгэж өгнө гэдэг өдөр нь 2020 оны 10 сарын 30-ны өдөр, энэ хугацаанд үүргээ зөрчсөн бол 500,000 төгрөгийн алдангийг төлье гэдэг. Энэ хугацаанаас хойш анх нэхэмжлэгч компани нь 2020 оны 4 сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Энэ хүртэлх хугацааны 523 хоногийн алданги, хоногийн 500,000 төгрөгөөр тооцоход 261,500,000 төгрөгийн алданги болж байгаа. Тэгэхээр энэ нь ажлаа хугацаанд нь гүйцэтгэхтэй холбоотой гэрээний хариуцлага гэж үзээд хоёр дахь шаардлагаар нэхэмжилж байгаа. Гурав дахь шаардлагын үндэслэл нь 2021 оны 6 сарын 23-ны өдөр байгуулагдсан нэмэлт ажлын гэрээ буюу К1, К2, К3 агааржуулалтын систем нийлүүлж угсрах гэрээ байгуулагдаад төлбөрийн сүлжээнд огт үүргээ гүйцэтгээгүй. Тэгэхээр ажил гүйцэтгэгчийн буруугаас болж өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгээгүй. Нэгэнтээ энэ үүрэг биелэгдэх боломжгүй, гэрээнд заасан агааржуулалтын системд суурилагдах боломжгүй гэж үзээд гэрээгээ цуцлах мэдэгдлийг хариуцагч буюу ажил гүйцэтгэгчид хорин 2023 оны 4 сарын 14-ний өдрийн 54 тоот бичгээр мэдэгдсэн. Уг бичигтээ бид гэрээгээ цуцалж байна, шилжүүлсэн ажлын хөлс 92,693,369 төгрөгийг гаргуулан өгөөрэй гэдэг албан тоот явуулсан боловч бас өгөөгүй. Тэгэхээр бид үүнийг шүүхэд хандаж шаардах үндэслэлтэй байна гээд гурван шаардлага гаргасан. Гурван шаардлагаа нэгтгэвэл *********ийн эмнэлгийн өргөтгөлийн 4,686.66 м.кв хэмжээтэй нэгээс таван давхар барилгын ажлыг гүйцэтгэх явцад үйлдсэн барилгын баримт бичгийг нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгөхийг ************ ХХК-д даалгаж өгнө үү гэдэг шаардлага. Хоёр дахь шаардлага нь 2021 оны 6 сарын 3-ны өдөр нэмэлт ажлын гэрээний төлбөрт шилжүүлсэн 92,693,369 төгрөгийг буцаан гаргуулъя. Гурав дахь нь үндсэн гэрээний дагуу хугацаандаа ажлыг гүйцэтгээгүй хариуцлага алданги 261,500,000 төгрөгийг гаргуулъя. 523 хоногийн алданги байгаа. Сүүлд нь хэлэхэд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалтаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж байгаа. Өөрөөр хэлбэл барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой баримт бичиг хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх гэж эс үгүй бол тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл энэ заалтад хууль буюу гэрээ гэж байгаа. Тэгэхээр хууль гэдэг нь юуг ойлгоод байна вэ гэхээр Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хуулиар хүлээсэн үүрэг байна. Гүйцэтгэгч буюу ************ ХХК барилгын баримт бичгийг үйлдээд захиалагчийн өмч шилжүүлэх энэ үүргийг гүйцэтгээч гээд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа. Гэрээ гэдэг нь өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 3 гэрээ байгаа. 2019 оны 5 сарын 19-ний өдрийн эхний гэрээгээр үндсэндээ улсын комисст хүлээлгэж өгсөн акт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, барилгатай холбоотой бүхий л баримт бичгийг захиалагч буюу нэхэмжлэгч ***** ХХК-д хүлээлгэж өгөх гэрээний үүргийг хүлээсэн учраас үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгч буюу захиалагчаас ажил гүйцэтгэгчид шаардлага тавих хууль зүйн үндэслэлтэй. Тэгэхээр эдгээр үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа...гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...Дулаан цахилгааны төлбөрийг манайхыг төлнө гээд ярьж байна. Ерөнхийдөө Барилгын хуульдаа захиалагч тал бүгдийг хийдэг байгаа. Захиалагч тал барилгын эхлэх зөвшөөрөл хүртэлх бүх бичиг баримтуудыг нь бүрдүүлж өгөөд бид түүнийх нь дагуу гүйцэтгэх байгаа. 2018 онд ************* гээд ерөнхий захирал эмчтэй би уулзаж, иймэрхүү барилга байгууламж баримаар байна яах вэ гээд хайж байгаад бид 2 га газрыг 2018 онд авсан. 2018 оны сүүлээр энэ барилга баригдсан байгаа. ***** ХХК-ийн түрээсэлдэг байсан олон улсын хэлний төвийн байрны яг ард талд нь залгаа газрыг худалдаж аваад 2019 оны 1 сард тэнд байсан барилгыг нураах, зураг төсөл боловсруулах гэх мэтчилэн ажлууд дээр оролцсон. Эмнэлгийн барилгын зургийг сайн хийж чаддаг зургийн компани Монголд байна уу гэхээр туслан гүйцэтгэгч байсан зургийн компанийг анх танилцуулаад, тэд хоорондоо гэрээгээ 2 сард байгуулаад зунаас эхэлж барилгаа барилгын ажил эхэлнэ, аль болохоор эртхэн эхэлмээр байна гэсэн. Тэгээд 5 сар өнгөрөхөд ************* эмч дуудаад “одоо ажлаа эхлэхгүй бол оройтлоо” гэсэн. Зураг батлагдвал бид тохирохгүй хэцүү байна гэхэд “одоо барилгын өртөг хэд байгаа юм” гэхээр нь би тухайн үед яармагийн орон сууцын барилга дээр ажиллаж байсан учраас барилгын өртөг ойролцоогоор 850 байгаа, зураг гараагүй учраас би танд тэд гэж хэлж чадахгүй гэсэн чинь тэгвэл 850-аараа тохиръё, ажлаа эхлүүлье гэсэн. Зураг батлагдаагүй байхад зүгээр үү? гэхээр “зүгээр тэгэхгүй бол одоо 2020 он боллоо” гэсэн. Тэгээд холбоотой асуудлуудыг намайг хариуцаад явчих гэсэн. 5 сарын 20-ны өдөр гэрээ байгуулах болоод эхний ээлжид 700,000,000 төгрөгийг шилжүүлье гэсэн чинь хамт байсан нэг Солонгос Хан багш “гэрээ байгуулаагүй бол мөнгө шилжүүлэхэд хэцүү, чи ******* зөв ойлгоорой ямар ч байсан нэг гэрээ байгуулъя” гээд нэг урьдчилсан гэрээ байгуулчихъя гэдгээр энэ анхны гэрээ байгуулагдсан. Тэр гэрээг яг үнэндээ зураг батлагдаагүй, эхлэх зөвшөөрөл бүх юм гараагүй, түр зуурынх юм чинь зүгээр эхний ээлжид мөнгө шилжүүлэх журмын дагуу л хийгдэж байгаа гэсэн. 850-г яагаад би зөвшөөрсөн шалтгаан нь 2 га газрыг 2018 онд би худалдаад авчихсан 2 га газар дээрээс нийтдээ 60,000,000 долларын хөрөнгө оруулалт орж ирнэ, тийм болохоор тэндээс чи ашигтай ажил. Үүнийг барилгыг өртөг үнээр нь бариад өгчих, яагаад гэхээр сүмийн шугамаар хандиваар босож байгаа. Манай барилгын салбар бол бөөрний асуудал их, *********** эмчид би итгэх болсон шалтгаан нь Монголд хамгийн анх бөөр шилжүүлэн суулгахыг нэгдүгээр эмнэлгийн эмч нарт зааж өгсөн хүн. Би 2004 оноос хойш *********** эмчийг мэддэг болохоор зөвшөөрөөд, манайд хэрэгтэй юм байна гээд би яг үнэндээ өөрөөсөө ч гэсэн мөнгө хандивлаж байгаад босгоно доо гэдэг сэтгэл зүйгээр анхны гэрээ байгуулагдсан. Тэгээд барилгын ажил явагдаад 9 сарын 2-нд нээлтийн шав тавих ёслол буюу каркас нь босчихсон, нэг давхрын өрлөг нь явчихсан Солонгосчууд ирээд нээлтийн ажил явуулсан Түүний дараа зураг батлагдаж байгаа. Зураг батлагдангуут нь бид тооцоогоо хийгээд жинхэнэ үнэ дээрээ бодит гэрээгээ байгуулах уу гэж ярьж хойшилсоор байгаад 3 сар хүрсэн. Шалтгаан нь Хан багш хяналтын инженерээр ажиллаж байсан, *********** гэдэг инженер 1 сард ирээд энэ барилгын зураг жоохон алдаатай байна. Алдаатай гэдэг нь хуулийн дагуу биш, мэс засал хийж байгаа хүн тонгойход нурууны өвчтэй болдог учраас 3, 4 дүгээр давхрыг өөрчилмөөр байна, өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн. Тэр үед каркас нь босчихсон, өрлөгүүд нь явчихсан нэлээн ажлууд явчихсан учраас бид хуралдаж байгаад энэ ажлыг түр зогсоож байгаад зургаа өөрчилье гээд зургийн компанийг дуудаж байгаад бид хуралдаад инженерчлэл бүх юм солигдох учраас дахин зураг шинэчлэхээр болоод, өөрчлөгдсөн зураг нь 2020 оны 3 сард батлагдаж гарч ирж байгаа. Дөрөвдүгээр давхарт мэс заслын өрөө, гуравдугаар давхарт хэвтэн эмчлүүлэх байсан бол солиод гурав дээр мэс заслын өрөө, дөрөв дээр хэвтэн эмчлүүлэх болсон. Үүнтэй холбогдуулан өөрчлөлт дээр гэрээгээ шинэчлэхгүй бол болохгүй нь гэсэн чинь гэрээгээ шинэчилье гээд бид тухайн үед үндсэн гэрээ 850 байж байхад метр квадратаа сая гаруй төгрөг буюу нийт 5,400,000,000 төгрөгөөр хийх нь гээд *********** эмч рүү орсон боловч “чи мэдэж байгаа биз дээ, хандив тусламжаар хийж байгаа. Энэ 6 зургаан сараас 2 га дээрх барилгын ажил 60,000,000 долларын хөрөнгө оруулалтаар эхэлнэ. Би 2019 оны 6 сарын 12-нд Америк яваад санамж бичиг дээр гарын үсэг зурчихсан, танайх ерөнхий гүйцэтгэгчээр орох юм чинь энэ дээр ямар нэгэн байдлаар дуусга, тэндээс ашгаа хүрт” гээд дахиад хэлэхээр нь тэгвэл одоо энэ өөрчлөлттэй холбоотой нэмэлт байна гэсэн чинь эхний хийсэн гэрээ дээр 5 хувиас дээш нэмэгдүүлж болохгүй гэдэг заалт оруулчихсаныг нь би уншаагүй тухайн үед гарын үсэг зураад баталчихсан. Тийм учраас одоо 5 хувиас дээш болохгүй гээд би *********** эмчид энэ яагаад ч болохгүй, ядаж 10 болгож болохгүй юу гээд 10 хувь болгосон боловч 10 нь 4 тэрбум 430 хэдэн сая болсон. Хан багштай ярилцаж байгаад 2020 оны 4 сард 4,412,000,000 төгрөгөөр гэрээ хийгээд бид ажлаа үргэлжлүүлж явсан. Бид 6 сард ашиглалтад өгч чадахгүй шүү, намраас наашгүй гэхэд хамаагүй 9 сардаа л багтаж байвал гэсэн. Ажил явагдаж байх үед энэ мөнгө нь хүрэлцэхгүй байсан. Дараагийн 2 га дээрх ажил нь 6 сард эхлэх байсан. Манай ах “******* болохгүй ээ, мөнгө нь хүрэхгүй байхад зогсоож байгаад мөнгөө авч байж хий, дараагийн ажил дараагаараа болно” гэхээр нь үгүй гэсэн. Би яагаад *********** эмчид 100 хувь итгэсэн бэ гэхээр 2 газрынх нь 51 хувийг нь *********** эмчтэй ярилцаж байгаад хадам эгчдээ шилжүүлээд өгчихсөн. 51 хувийг нь манай хадам эгч хариуцдаг, 49 хувийг нь ***** ХХК руу шилжүүлчихсэн. Тухайн үед энэ мөнгө нь *********** эмчийн хувийн мөнгө байсан, хадам эгчид 51 хувь байгаа юм чинь энэ ажил эхэлнэ, битгий санаа зов. Бид итгэгч хүмүүс, би 2004 оноос хойш энэ хүнийг мэднэ гээд ятгасаар байгаад хаан банкнаас зээл авъя, тэгэхгүй бол мөнгө хүрэлцэхгүй юм чинь гээд хаан банкнаас бид зээл аваад энэ барилгыг дөхүүлж байгаа юм. Хоног тутамд 500,000 төгрөг гээд яригдсан. Үүн дээр үгүйсгэж байгаа нь барилга дууссаны дараа 10 хувийг авна гэж ярьсан боловч мөнгө хүрэлцэхгүй, барилгын өртөг үнээр босож байгаа хүрэхгүй байна гэсэн чинь Хан багш инээж байгаад “******* юун сүртэй юм, тэгвэл 500,000 төгрөг гэсэн бичиг хийгээд өгчих үнэхээр л дуусгах юм бол” гэхээр нь угаасаа дуусах л юм чинь гэдгээр нь би шууд бичээд тухайн үед өгсөн юм. Тэр нь хүчээр хийлгэж байгаа юм. Яг үнэндээ тэр үед би миний ажил яах вэ зогсдогоороо зогсоно биз, захиалагч өөрсдөө санаа зовохгүй байгаа бол гээд ахынхаа үгэнд ороод зогсоосон бол одоо ийм асуудалд хүрэхгүй байх байсан. Нөгөө 2 га газрынх нь ажлыг хураагдчихсан байх үед нь Нийслэлтэй яриад, зориулалт нь зочид буудал гэж байхыг нь эмнэлэг гэж солиод, А даалгаврыг нь сольчихсон, зураг дээр явж байсан учраас намайг хулхидахгүй л гэдгээр явсаар байгаад 9 сар дууссан. 9 сарын 15-ны өдөр бид ажлаа дуусгаж амжаагүй, 10 сар өнгөрөөгөөд бид ажлаа дуусгасан юм. Үүний өмнө 8 сарын сүүлээр *********** эмч “би Солонгос руу 1 сарын хугацаатай яваад ирье, барилгаа дуусгаад улсын комисст гаргах бичиг баримтуудаа бүгдийг нь бүрдүүлээд бэлэн байж байгаарай, би ирээд оруулна” гэхээр нь дуусгаад 10 сард ойр зуурын ажлуудаа хийж байсан. *********** эмч ирэхгүй байж байхад 11 сард хатуу хөл хорио тогтоочихсон. Одоо хариуцаж байгаа Пэк захиралтай ярилцаад одоо яах вэ гэсэн чинь нэгэнт л хатуу хөл хорио тогтоочихсон, байж бай гээд 2021 оны 1 сард бид улсын комисст бичиг баримтуудыг бүрдүүлж байгаад 4 сард улсын комисст оруулах хүсэлтээ Хан-Уул руу өгсөн байгаа. Тэгээд эхлэх зөвшөөрөл чинь байхгүй байна шүү дээ гэсэн бид торгуулиа төлчихсөн. Яагаад гэхээр эхлэх зөвшөөрөлгүйгээр ерөнхий гүйцэтгэгч барилга эхлүүлбэл ерөнхий гүйцэтгэгч өөрсдөө торгуульд ордог. Тэр бүгдийг нь барилга хөгжлийн төв, мэргэжлийн хяналт дээр арван хэдэн сая төгрөгийн торгуулиа өгөөд дуусчихсан. 2021 оны 6 сард урьдчилсан комиссынхон ирээд манай бичиг баримтуудтай танилцаад, барилгатай чинь танилцъя гээд цаг тохироод ирсэн чинь ***** ХХК-иас хүмүүс гарч ирээд улсын комисст оруулахгүй гээд татгалзсан. Улсын комиссын ахлах, удирдаж байсан хүнд нь би загнуулж байгаа юм. 2021 оны 8 сард Пэк захиралтай уулзахад *********** захирал ирэхгүй, асуудалтай Солонгос удирдах зөвлөл ирүүлэхгүй, чи 2 га газрыг нь худалдаад авчих юм уу гэсэн тэр үед надад 1.4 тэрбум төгрөг байгаагүй учраас шууд өгөх боломжгүй, би энэ барилга дээрээс өчнөөн алдагдалтай, банканд өчнөөн өрөнд орчихсон, би үнэхээр чадахгүй. Би зарахад нь тусалъя, харин надад энэ хохирлыг барагдуулж өгөх үү гэсэн чинь би яг сайн мэдэхгүй *********** эмчийн хувийнх нь газар учраас гэж ярьж байгаад авахааргүй болж байгаа юм. 2022 оны 2 сард Чинзо менежмент буюу 2 га газрыг зарна гээд шуум гараад би Пэк захиралтай уулзсан чинь өөр арга байхгүй, би сайн мэдэхгүй чи *********** эмчтэйгээ л учраа ол, энэ бол аж ахуйн нэгж гэсэн. Барилгын түлхүүрүүд нь эд нарт байсан учраас бүх голуудаа солиод бид нарыг оруулахгүй, дотор нь байсан багаж, бараа материал 6, 7 сая төгрөгийн юмнууд алга болчихсон юм. Тэгэхээр нь ийм юм алга болчихлоо гээд Хан-Уул дээр мэдэгдсэн, араас нь залилангийн процесс болчихлоо гээд цагдаад мэдэгдээд явсаар байгаад одоог хүртэл явж байна. *********** эмч бид хоёр 2018 онд энэ газрыг худалдаж авахад *********** эмч 1997 онд миний ээж надад авч өгч байсан газрыг нь зараад, одоо 700 сая вон болчихсон би энийг одоо 1.4 тэрбум төгрөгөөр худалдаж авч байгаа юм. Энэ дээр гоё бүтээн байгуулалт болно, ах нь Монголд 60 хүртлээ амьдарна. 10 жилийн хугацаанд энэ төслийг хэрэгжүүлээд сайн эмч нарыг  бий болгочхоод явна, тэр хүртэл чи хамт байх уу, хамт байна гээд аман тохироо явчихсан. *********** эмч явсан ч гэсэн надтай холбоотой байдаг байсан, сүүлийн 2 жил огт холбоогүй болчихсон. Тэр Чинзо менежментийн 2 га газар одоо зарагдаад явчихсан. 1,5 төгрөгийг шилжүүлчихсэн, гэрээнээс давуулаад мөнгө шилжүүлсэн гэдэг нь бид гэрээгээ 4,412,000,000 төгрөгөөр хийсэн. Барилгаас тусдаа эмнэлэгт хэрэглэгдэх тоног төхөөрөмж хүчилтөрөгч, эйр кондишн зэргийг Солонгосоос авчирч байгаад энэ компани өөрсдөө гэрээлж байгаа юм. Манайх ерөнхий гүйцэтгэгч учраас манай дансаар шилжүүлье, яагаад гэхээр бид нөат төлөгч биш учраас гээд явж байгаа. Тэгэхээр нь хамаагүй ээ, манай данс руу хийчих бид гэрээнийх нь дагуу та хэдийн тохирсны дагуу гэрээг нь байгуулаад, хяналтаа тавиад хийлгэчихье гэдгээр нь гадна цахилгаан, мэс заслын өрөө, эйр кондишн, хүчилтөрөгч гэх мэтчилэн юмнууд нь бараг тэрбум төгрөг болчхож байгаа. Тэр ажлуудыг хийсэн үнийг нийлүүлээд байх шиг байгаа юм. Бид тэр компаниудыг олоогүй, тэр компаниудтай тохироо ч хийгээгүй. Тийм болохоор бид нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт нь 500,000 төгрөгийг хоног тутамд авна гээд бичиг хүчээр хийлгэсэн. Би яах гэж хийсэн гэхээр 10 хувийг үлдээчихсэн байгаа, өгөхгүй бол болохгүй нь, цалин мөнгө болохгүй байна гэдэг үүднээс тэрийг авахын тулд хүчээр хийж өгсөн гэсэн үг. Хүлээн зөвшөөрөх зүйл нь К1, К2, К3 гээд эмнэлгийн агааржуулалтын системийн үнэ 92,000,000 төгрөгийн гэрээтэй боловч ***** ХХК-аас манайх руу 67 сая гаран төгрөгийг шилжүүлсэн, үлдсэн 20,30-аад сая төгрөгийг нь манай компани өөрсдөө хариуцъя. Яагаад гэхээр анхны 4,412,000,000 төгрөг гэсэн гэрээнд орчихсон байгаа гэдгээр хийсэн. Тэгэхээр К1, К2, К3 нь 92,000,000 төгрөг биш 67,000,000 төгрөгөөр бид хүлээн зөвшөөрөөд, нийлүүлээд хийх ёстой ажил мөн гэж байгаа. Улсын комисст орох бичиг баримтуудыг өгөхгүй байна гэдэг юмнууд ярьсан. Бид нар 2021 онд улсын комисст өгөх хүсэлтүүдээ өгчихсөн. Нийслэлийн хот төлөвлөлт барилга байгуулалтын хэлтэс дээр ч гэсэн байгаа. ***** ХХК өөрсдөө татгалзсан. 2022 оны 3 сард иймэрхүү маргаан үүсээд эхэлсэн чинь “наад бичиг баримтуудаа өг, өгөхгүй бол маргааш 12 цагт юу болохыг хараарай” гэж Солонгосын атаман гэж байгаа нэг хүн, Монгол бөхчүүдийг дагуулж ирээд миний өрөөнд намайг дарамталсан. Нэгэнт бид өргөдөл өгчихсөн юм чинь шүүхийн асуудлууд дууссаны дараа болъё доо гэдгээр ингээд гурав дахь жил өнгөрч байна. Хадам эгчдээ би 51 хувийг шилжүүлчихсэн юм чинь чинзо менежмент 2 га газар зарагдахгүй гэж бодсон, итгэсэн. Манай эгч пастер учраас нэгэнт би энийг үнэгүй авчихсан, тийм болохоор зүгээр бүх юмыг нь өгөөд шүүхээр шийдчих гээд ***** ХХК энэ газрыг зарна гэхэд нь манай эгч шууд гарын үсэг зураад зарчихсан байсан, би хувьдаа зөвшөөрөөгүй... гэв.

 

            4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: ...************ ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 348,000,000 төгрөг гаргуулах тухай. Үүнд өргөтгөлийн барилга барихад илүү зарцуулсан мөнгөний зарим хэсэг, зөвхөн зарим хэсэг буюу зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь 5 тэрбум гаран төгрөгөөр босгох ёстой барилгыг 4 тэрбум төгрөгөөр босгоод тэрбум төгрөг нь хариуцагчийн өөрийн алдагдал болсон. Тэгэхээр ***** ХХК-тай *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барихаар ажилласан. Ингэж ажиллахдаа талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т тэрбум төгрөг гэж нэрлээд гарын үсэг зурсан. Гэхдээ нэмэлт өөрчлөлт хийхээр нээлттэй байгуулж байсан. Тэгсэн хэдий ч лифт, гадна цахилгаан хангамж, гадна тохижилт, рентген хагалгааны өрөө, хөргөлтийн систем гэх мэт 57 ажлыг нэмэлтээр хийлгэдэг. Анхнаасаа үндэслэлгүй үнийн дүн тавиад, түүн дээрээ нэмэлтээр ийм ажлууд хийлгээд ************ ХХК хохирдог. Гэрээ байгуулах үед барилгын зураг төсөл гараагүй байсан. Метр квадрат нь 850,000 гэж тогтоосон. Хариу тайлбарт дурдагдаад байгаа энэ үнийн дүнгээс шалтгаалаад энэ мөнгөнүүдийг авахын тулд зөвхөн 300 баримтаар байгаа бодитоор төлсөн мөнгө гэсэн үг. Тэгэхээр баримтаар бодитойгоор 348,000,000 төгрөгөө шаардаж байгаа юм. Хаан банкнаас 550,000,000 төгрөгийн зээл, Транс капитал банк бус санхүүгийн байгууллагаас 25,000,000 төгрөгийн зээл, Ахан дүүсийн этгээд банк бус санхүүгийн байгууллагаас 40,000,000 төгрөгийн зээл гэх мэтээр ингэж мөнгө аваад ***** ХХК-ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгад илүү зарцуулсан юм. Тийм учраас энэ 348,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. 2024 оны 10 сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлэх болсон шалтгаан нь ажил гүйцэтгэх гэрээний үнийн өсөлтийн зөрүү 1,372,599,926 төгрөг. Нэхэмжлэлийн үндэслэл нь ***** ХХК-ийн ************* захирал хүсэлт тавьсан. Энэ хүн бол тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байсан учраас ***** ХХК өөрсдөө хүсэлт тавьсан гэж үзэж байгаа. Түүний дагуу *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг гүйцэтгэхээр талууд харилцан тохирсон. Тэр хооронд барилгын ажлын ашиг шингээгээгүй, хамгийн бага зардлаар өөрөөсөө зарим санхүүжилтийн гаргаад барьсан. Ингэж барьсан тохиолдолд дараагийн ажил Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, спорт цогцолборын урд байрлах өөрийн охин компанийн эзэмшил 2 га газар дээр бүтээн байгуулалт хийлгэнэ, энд 60 нас хүртлээ энэ бүтээн байгуулалтыг хийнэ, энэ бүх ажлыг Б.******* захирлаар хийлгэнэ гэсэн ийм аман тохироогоор анх хийсэн. Америкийн нэгдсэн улсын хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэж тайлбарлаж байсан. Энэ бол үйлдлээрээ нотлогдож байсан. Өөрөөр хэлбэл барилгын зураг бүх юмаа үзүүлж байсан учраас итгэл үнэмшил төрсөн. Хоёрдугаарт нь итгэл төрөх асуудал нь христэд итгэдэг хүмүүсийг худлаа ярьж ашиг олоод дүрмийн бус үйл ажиллагаа, эмнэлэг байгуулаад тус болж байгаа юм шиг хэр нь цаагуураа ашиг олоод хүн залилаад явж байгаа гэдгийг мэдээгүй. Тэгэхээр ************ ХХК-ийн захирал Б.******* нь *********** захиралтай энэ тохиролцоог хийсэн. Эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлыг зөвхөн барилгын материал авах техник ажиллуулах ажилчдын хөлс төлөх гэх мэт зардлаар тооцоод метр квадрат төлбөрийг 850,000,000 төгрөг, энэ нь нөат орсон тогтоогоод 2019 оны 5 сарын 20-ны өдөр бичгээр гэрээ байгуулж, энэ 2 га газар дээр өөрсдөөсөө харуул хамгаалалт гаргаж, тог цахилгаан татсан ажилчдын цалинг өгсөн. Гэрчилгээнийх нь зориулалтыг өөрчилсөн, газар эзэмших гэрээг нь шинэчилж байгуулсан. Энэ болгон дээр ************ ХХК-аас мөнгө гарч байсан, ***** ХХК-аас юу ч гараагүй. Өөрөөр хэлбэл эфест зараад байгаа барилгын үнэ цэнэ өсөхөд ************ ХХК-ийн мөнгө орчихсон. Тэгэхээр энэ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал дээр дараа нь нэхэмжлэл гаргах болно. Өргөтгөлийн барилгын ажлын гэрээг бичгээр байгуулснаар гэрээт ажлыг гүйцэтгэж эхэлсэн боловч 2019 оны 9 сар гэхэд барилгын ажлын зураг нь экспертизээр батлагдаад, уг зургийн дагуу ажлыг хийж гүйцэтгэж байхад 2020 оны 3 сард зураг нь дахин өөрчлөгдөөд батлагдсан. Зураг өөрчлөгдөхөөр өөрчлөгдсөнтэй холбоотой төсөв, хийх ажил бүх юм өөрчлөгдөж байгаа. Зураг хожуу батлагдаад, батлагдсан зураг нь гэрээ байгуулснаас хойш 10 сарын дараа дахиад өөрчлөгдсөн барилгын ажлын гэрээ нь заасан 2020 оны 5 сарын 21-ний өдөр дуусах ямар ч боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл захиалагч анхнаасаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй, замбараагүй ажилласнаас болоод 2020 оны 5 сарын 21-ний өдөр ажил дуусах ямар ч боломжгүй болсон. Зураг нь ажлын явцад өөрчлөгдсөнөөс болоод 2 сарын дараа 2020 оны 5 сарын 6-ны өдөр барилгын ажлын өргөтгөлийн гэрээнд өөрчлөлт оруулсан, дахин захиалагчаас ажлыг 2020 оны 9 сарын 15-ны өдөр бүрэн дуусгахыг шаардсан. Ингээд нэмэлт ажил, өргөтгөлийн ажил гээд өөрчлөлт оруулна. Ингээд барилгын ажил удаашрахад зураг төслийн өөрчлөлтөөс гадна гэрээ байгуулах үед ковид цар тахал нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл Монгол улсын 2020 оны 2 сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хилийн боомтоо хаасан. Сөрөг нэхэмжлэлийн доор нь эшлэл аваад Засгийн газрын хэддүгээр тогтоолоор хаасныг бүгдийг нь тодотгочихсон байгааг шүүх анхааралдаа авна уу. 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал мөн сунгасан. Энэ хугацаа 2022 оны 3 сарын 31-ний өдрийг хүртэл мөн сунгагдсан. Ийнхүү сунгагдсаар 2023 оны 1 сарын 8-ны өдөр хүртэл хилийн боомт нээсэн байгаа. Өөрөөр хэлбэл 2020 оноос 2023 оны 1 сарын 8-ны өдөр хүртэл хилийн боомт иймэрхүү байдлаар ажиллаж байсан. Энэ цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 1 сарын 27-ноос 2021 оны 6 сарын 25-ны өдрийг хүртэл мөн энэ бэлэн байдлын зэрэгт шилжиж байсан. Гэсэн хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ ************ ХХК бүрэн биелүүлж байсан, шударгаар биелүүлж байсан гэж үзнэ. 2021 оны 6 сарыг хүртэл энэ гэрээний үүргээ маш сайн биелүүлж ирсэн. ************ ХХК-ийн хувьд гэрээ байгуулж амлалт өгсөн учраас энэ үүргээ ямар ч тохиолдолд биелүүлье, христэд итгэгчдээ итгэл байгаа л гэж цаанаа итгэж явсан. Энэ зураг төслийн дагуу барилгын ажлыг явуулсаар байхад 2020 оны 9 сарын 3-ны өдөр барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр ажил гүйцэтгэсэн гэдэг үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгуулсан. Өөрөөр хэлбэл энэ нь мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн 0006810 тоот мэдэгдэх хуудас байгаа. Үүн дээр захиалагч өөрөө үүргээ биелүүлээгүйгээс болоод хариуцагч 5,000,000 төгрөгөөр торгуулж байсан. Барилга байгууламжийн техникийн нөхцөл зураг төсөл боловсруулах барилгын ажлын зөвшөөрлийг Барилгын тухай хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу аваагүй, энэ нөхцөлөө биелүүлээгүй. Барилгын ажлыг ашиглалтад оруулах тухай зохиогчийн дүгнэлтэд 2021 оны 1 сарын 3-нд бүрэн дуусгаад хүлээлгэж өгсөн. Удаа дараа улсын комисс ажиллуулаач ээ гэдэг шаардлагыг тавихад ажиллуулаагүй. Тэгээд 2022 оны 1 сарын 25-ны өдөр ***** ХХК гадаад хөрөнгө оруулалтад зөвшөөрөл олгосон. Энэ хооронд ***** ХХК гадаад хөрөнгө оруулалттай компанийн *********** захирал нь өөрөө солигдсон. Өөрөөр хэлбэл хямд үнийн дүнгээр *********** захирал нь 2 га газар дээр барилга бариулна гэж хэлээд өөрсдөөсөө зардал гаргаад бүгдийг нь бариад дуусахад захирлаа сольчихож байгаа. Солонгос компани захирлаа солиод шинэ ирсэн захирал нь юу ч мэдэхгүй болоод л хувирчихсан. Ингээд 2022 оны 02 сарын 16-ны өдөр хохирлоо шаардаж, хамгийн анхны нэхэмжлэлээ өгсөн. Энэ хугацаанд дандаа алдагдалтай яваад байгаагаа удаа дараа бичгээр хэлж байсан. Нэмэлт ажлууд хийх ажлын төсөвтэй байна гээд бичээд өгөхөөр дандаа тал үнээр нь хийлгэж байсан гэдгийг нягтлан хэлж байна. Тэгэхээр 2020 оны 4 сарын 8-ны өдөр цагдаад гомдол гаргана гэтэл захиалагч өөрсдөө хохирсон мэтээр 2020 онд нэхэмжлэл гаргадаг. Бид нэхэмжлэлээ мэргэжлийн байгууллагын үнэлгээг үндэслэж гаргасан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд үнийн дүнгийн зөрүү гараад байдаг. Цагдаа дээр байх явцад энэ маргааныг таслах үүднээс мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан. 2020 оны 5 сарын 6-ны өдөр *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гэрээний 2.1-т зааснаар барилгын өртөг гэж байгаа юм. Зөвхөн өртгийг 4,412,000,000 төгрөг байхаар тохирсон. Үүнээс нөат хасагдаад, 4,376,139,999.73 төгрөгийг хариуцагчид 2019 оны 5 сарын 20-ноос 2019 оны 9 сарын 14-ний хооронд шилжүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлтээр 4,415,569,776 төгрөгөөр тусгагдсан. Тэгэхээр энэ 5 тэрбум гээд яриад байгаа нь үндэслэлгүй болохоор бид гаргаж ирээд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ нөат нь орчхоод 4тэрбум төгрөг, үндсэндээ 5,700,000,000 төгрөгөөр барих баригдчихсан гээд яриад байна лээ. 2021 оны 06 сарын 03-ны өдөр байгуулсан христийн эмнэлгийн К1, К2, К3 агааржуулалтын системийг нийлүүлэх угсрах ажлын хөлс нь 67,128,369 төгрөг болон бусад компаниар гүйцэтгүүлсэн ажил нь энд орсон гэдгийг дүгнэлтэд тусгасан байгаа. Христийн эмнэлгийн өргөтгөлийн барилгатай холбоотой мөнгөн орлогын дүн тайлбар гэсэн ********** компанийн дүгнэлтэд бид үндэслэж байгаа. Нэхэмжлэгч компани дээрх нэмэлт ажлууд болон өргөтгөлийн барилгын үндсэн гэрээт ажлын хөлсийг оруулаад нийтдээ 5 тэрбум 400 сая төгрөг гэсэн ийм үнийн дүн гаргаж ирээд байгаа юм. Энэ шилжүүлсэн үнийн дүнгээс бид нэмэлт ажлынхаа үнийн дүнг оруулсан дүн гаргаад байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага дээр бид ямар шалтгаанаар энэ үнийн дүн нэмэгдэх болсон бэ гэдэг дээр цар тахлын Засгийн газрын тогтоолтой холбоотой байсан гэдгийг нэхэмжлэлдээ тодорхой дурдаж өгсөн. Үнийн өсөлтийн зөрүү болох 1,372,599,340 төгрөгийн хууль зүйн үндэслэл нь барилгын каркас угсралтын 1 метр квадратын үнийг тооцож үзсэн үнэлгээ Засгийн газрын нийтэд илэрхий үйл баримтаар үнийн дүнгээ нэмэгдүүлснээ баталж байгаа. *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг бага үнээр байгуулах болсон үндэслэлээ 2 га газар гэж тайлбарлаж байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах болсон үндэслэл нөхцөл байдал гэрээ байгуулагдсаны дараа илтэд өөрчлөгдсөн болох нь 57 ажлыг хямд, тал үнээр хийснээр нотлогдож байгаа. Ажил гүйцэтгэх үнийн зөрүүг нь шаардах эрхтэй гэдэг үндэслэлээр гаргасан. Барилгын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд салбарын ажилчдын цалин хөлс, зам барилгын материал түүхий эдийн үнэ өссөн, машин механизм болон тээврийн зардал огцом хэмжээгээр нэмэгдсэн нийтэд илэрхий хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт, нийтэд илэрхий үйл баримт барилгын норм дүрэм батлах тухай Барилга хот байгуулалтын сайдын тушаалыг үндэслэг гаргасан 1,372,599,340 төгрөгөө юугаар батлаад байна вэ гэхээр санхүүгийн тооцоолол нь ********** компанийн үнэлгээгээр гарч ирсэн үйл баримт нь 2 га газартай холбогдож байгуулсан гэдгээр гарч ирсэн. Манайх Иргэний хуулийн 209, 354 дүгээр зүйлд заасныг үндэслэн ***** гадаадын хөрөнгө оруулалттай компанид хүлээлгэн өгөхөөс татгалзсан. Шаардах эрхээ Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсгийг үндэслэл болгож шаардаж байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

           

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.***** сөрөг нэхэмжлэлд хариу тайлбартаа: ...Барилга эхлүүлэх гэрээ болон зураг төслийн ажил, нэмэлт ажил гээд олон асуудлуудыг ярьж байна. Гэрээнээс эхэлье, Б.******* захирлын хадам эгч ***** гэж хүний дундын зуучлалаар энэ гэрээг байгуулсан байдаг. Хэд хэдэн барилгын компанитай уулзсан ч гэсэн Б.*******гийн ************ ХХК-тай байгуулсан. Учир нь энэ бол миний хүргэн дүү, хэрвээ ямар нэгэн асуудал гарах юм бол би дунд нь энэ ажлыг ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр явуулж, дуусгаж чадна гэсэн ярианд үндэслэн онцгойлон ************ ХХК-ийг сонгоё гэсэн шийдвэрийн дагуу Солонгос захирлуудад ***** гэж хүн тайлбарлаж хамт уулзалт хийгээд ийнхүү барилгын компаниа сонгосон байгаа. Барилгын компанийн сонгосон шалтгааныг Б.******* захирал ч өөрөө тайлбарлаж байна. .Бие биедээ итгээд 2004 оноос хойш харилцаа холбоотой хүмүүс байсан. Хувь хүмүүс хоорондын итгэлцэл дээр мэдээж аль компаниар барилга бариулахыг сонгож шийдвэрлэсэн ч гэсэн энэ бүхнийг гэрээтэй хийхийн тулд гэрээ байгуулж байж мөнгө санхүү шилжинэ гэсэн. ***** гэдэг хүнд Чинзо менежмент гэдэг компанийн 51 хувийг хувийг эзэмшүүлсэн. Тэгж байж 2 га газар дээр бид барилга барих тухай итгэлцэл төрсөн гэж байна. Тэгж эзэмшүүлсэн болон тухайн 2 га газар дээр барилга бариулах барих талаар хоорондоо ярилцсан нь цэвэр хувь хүмүүс хоорондын өөрсдийнх нь аман яриа, тохиролцоо, цаашдын ашиг сонирхол үйл ажиллагаа хамтран ажиллах зүйл байсан байх. Энэ 2 га газар дээр ***** ХХК-аас ямар ч 2 га газар дээр барилга бариулна гэсэн гэрээ контракт, санамж бичиг үйлдээгүй. Мөн ***** 2 га газрыг зарах болсон тухай санхүү хариуцсан хүн нь тайлбарлахдаа юу гэж хэлж байна гэхээр би шавиараа дамжуулаад үүнийг мэдсэн гэж байгаа. Энэ бол үгүй. Би ***** гэж хүнээс энэ газрыг зарах тухай зар тавиулах, үнэ ханшийг судлуулах тухай өөрөөс нь сонсоод манай нөхөр тэр үед Ремакс гээд үл хөдлөх зуучлалын компанид ажилладаг байсан учраас ийм газар байгаа, энэ газрыг хэдэн төгрөгөөр заруулах вэ гэдгийг асуугаад өгөөч гэж асуулгасан. Ингэж асуулгасан талаар ***** маш сайн мэдэж байгаа. Дараа нь энэ бүх асуудал өрнөөд *****гаар хийлгэхгүй хууль ёсны хуульчийн хяналт дор хийнэ гэсэн учраас *****гийн 50 дээр Солонгос хуулийн фирм болон үл хөдлөх зуучлагч Монгол хүн болон Солонгос хүмүүстэй хамтраад ***** гэж хүн өөрөө ирээд энэ газрыг зарсан байгаа. Энэ газар 51 хувийг эзэмшиж байгаа ***** гарын үсэг зурахгүй бол зарах боломжгүй. Энэ зарах тухай хэзээ мэдсэнийг нь мэдэхгүй ч ***** зарахдаа ямар бичиг хийж өгөөд, ямар амлалт өгөөд энэ газрыг зарах болсон бэ гэх юм бол надад 320,000,000 төгрөг өг, надад ногдох 51 хувийн 20 хувийг өг, тэр мөнгөөр би Б.*******г аргална, Б.*******д энэ мөнгийг өгөөд энэ маргааныг дуусгана гээд тийнхүү өөрийн нэрийн дансанд 320 сая төгрөгийг авч үлдээд зөрүү мөнгийг өмнөх захирал *********** хван тэ гэж хүн рүү шилжүүлэхийн тулд манай байгууллагын данс руу шилжүүлээд, энэ нь Солонгос руу явсан байгаа. Энэ харилцаа нь цэвэр эдгээр хүмүүсийн өмнөх 2004 оноос хойших бие биеэ сайн мэддэг, итгэдэг гэсэн энэ итгэлцэл дээр үүсчихсэн харилцаа. Солонгос хүмүүс бүгдээрээ эмч хүн байсан. Барилгын чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн хүмүүс ерөөсөө мэдэхгүй. Энэ нь Б.******* болон ************ ХХК-д давуу тал болж байгаа. Бид Монгол улсын барилга байгууламж барих хууль дүрэм журам барилгыг эхлүүлэх болон үргэлжлэх тэр зүйлсийн талаар мэдэхгүй, Б.*******д мөн ялгаагүй 100 хувь итгэсэн. Барилга эхлүүлэх зөвшөөрөл авах тухай зөвшөөрөл аваагүй бол барилга баригдахгүй биз дээ гэдэг асуудал яригдсан. Тухайн үед бид барилгын яам хот байгуулалт барилгатай холбоотой ямар төв, улсын байгууллагууд байна тэр газарт танил тал их байгаа. Хоёрдугаарт сүүлд барилга барьж эхлэх үед ковид яг дэгдэж эхэлж байсан. Хотын захирагчийн шийдвэрээр барилгыг эхлүүлж болно. Дараа нь ************ ХХК-аас барилга эхлүүлэх зөвшөөрлийг авч болно гэдгийг тайлбарласан байгаа. Барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй бид нараар бариулснаас болоод 10,000,000 төгрөгийн торгууль төлсөн гэж ярьж байна. Дараа гарах асуудлуудыг бид бүгдийг нь зохицуулна гэсэн өөрсдийнх нь барилгын талаар огт мэдлэггүй, эмнэлгийн мэргэжилтэн гадаадын хүмүүсийг тийнхүү итгүүлж, ятгасан гэж хэлсэн зүйл байгаа. Гуравдугаарт Измон гэдэг компани Интермедийн туслан гүйцэтгэгч байсан гэдгийг өнөөдөр анх удаа сонслоо. Өмнө нь та нар бид зургийн компанийг мэдэхгүй гэсэн, мөн ************ ХХК бүх барилгатай хамааралтай инженер туслан гүйцэтгэх компаниудыг бид бүгдийг нь зохицуулна гэсэн. Түүний дагуу өмнө нь хамтран ажиллаж байсан Измон гэдэг компанийг дагуулж ирсэн. Энэ үедээ барилгын зураг дээр алдаа гарсан, зургийн дагуу алдаа гаргаад мэдэгдэхэд эмнэлгийн барилга барьж байсан туршлагагүй гэдгийг Батхүү инженер хүртэл надад хэлж байсан. Би орчуулга дээр өөрөө байсан учраас зургийн алдаа гарсан юм. Энэ тэгэхээр маш их эргэлзээ төрүүлж байна. Давхар сольсон тухай ярьсан. Нэг давхрыг нь хоёр давхар гэдэг тоогоор сольё гэж боломгүй, мэс засал эмнэлгийн барилга барих гэж байгаа бол эмнэлгийн барилга барих гэж байгаа компани өөрөө судлах хэрэгтэй. Хоёрдугаарт эмнэлгийн барилгын зураг гаргаж байгаа зургийн компани өөрсдөө мэс заслын өрөө хийх гэж байгаа байж өндрийг нь тооцоолохгүйгээр зүгээр энгийн барилгаар зураг зурна гэдэг бол тухайн ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын өөрсдийн өгөө хариуцлагагүй байдал. Давхар солихдоо мэс заслын өрөөний тааз өндөр байх ёстой, гэрэл бууж ирэх ёстой учраас энэ давхарт, нөгөө лаборатори шинжилгээний хэсэг байсан бол мэс заслын тасгийг 3 давхарт буюу өндөр таазтай хэсэгт суурилуулъя гэсэн харилцан ярилцаад тийнхүү энэ бүхнийг хийсэн байгаа. Нэмэлт ажлуудыг ярьж байна. Надад ************ ХХК-тай холбоотой бүх материалууд он сар өдрөөрөө архивлагдсан байгаа. Нэмэлт ажлын гэрээ хэлэлцээрүүд явагдаж байгаа, хэлэлцээр явагдсаны дараа манайхаас албан тоотууд явж хүзүүвч хоолойны тухай, хаалганы тухай зэрэг нэмэлт ажил яригдсан.. Энэ нэмэлт ажлын үнийн саналыг явуулж өгөөч ээ, өртгийг нь явуулж өгөөч ээ, хэзээ ямар хугацаанд хийж гүйцэтгэх вэ гэдгийг явуулж өгөөч ээ, энэ болгон дээр Батхүү инженер хариуцаад мэйлээр харилцаж байсан. Жишээ нь гэрээн дээр 21 сая ч юм уу, эсвэл тэдэн сая гэдэг төгрөг гарсан бол тэр мөнгөнүүдийг мөн шилжүүлсэн тухай баримтууд нь хавсрагдсан байгаа. Улсын комисст оруулъя гэдгийг хариуцагч талаас их хэлсэн, мэдээж энэ ажлыг гүйцэтгэж байж тухайн компанийн үйл ажиллагаа сайн амжилттай гэдэгт үнэлэгдэнэ. Мөн захиалагчийн хувьд манайхаас улсын комисст оруулаад дараа нь эмнэлгийн зориулалтаар ашиглах зориулалтад бэлдэх эмнэлгээ ашиглалтад оруулах нь нэн чухал. Гэвч улсын комисст оруулахаар дагуулж ирсэн хүн нь хувь харилцаатай хүн байх шиг байсан учир нь бид санхүүгийн тулгалт хийлгээд оффис руу нь явах үед тухайн барилгын улсын хянагч байцаагч хийж байгаа хүн нь ************ ХХК-ийн барилгаас гараад явж байхыг бид харсан. Хоёрдугаарт тухайн хүн нь хувь шинж чанартай биднийг сүрдүүлж айлгаж байгаа хэлбэртэйгээр тухайн үед ирсэн. Тэр үед ирэхэд манай захирал эхнэр нь хавдрын оноштой, хавдрын оношныхоо дараа 6 сар тутамд 1 удаа оношилгоонд явдаг талаар цагдаагийн газарт ч гэсэн мэдүүлсэн байдаг. Эзгүй байгаа учраас бид ямар ч байсан энэ барилгатай танилцана гэхэд нь манай нягтлан, барилга хариуцсан менежер бид гурав хамтдаа ороод барилгыг танилцуулсан. Тухайн хүн ямар зорилготой байсан нь илт ажиглагдсан. Өнөө маргаашгүй барилга орох боломжтой гэдэг зүйлийг бид нарт итгүүлж ойлгохын тулд өнгө аяс яриа нь тийм байсан. Барилга оруулах үндэслэл яагаад болохгүй вэ гэх юм бол агааржуулалтын систем хийгдээгүй тул энэ барилга гүйцэт болоогүй гэсэн үг. Мөн цахилгааны ажил хийгдээгүй. Би 2021 оны 9 сард анх ажилд ороод 9 сарын эхний 7 хоногт Б.******* захиралтай орчуулга дээр цахилгааны ажлын уулзалтад орж байсан. Хэрвээ 28,000,000 төгрөг өгчихвөл бид дараагийн долоо хоногт эхлээд цахилгааны ажлыг эхлүүлнэ гэсэн. Гэвч мөнгөө нэхэмжилж шаардахдаа 2 өдөр дараалж ирж мөнгийг нэхэмжилж авчхаад дараа нь барилгачдын баяр тэмдэглэх гээд ярьсан өдөр нь ирээгүй. Энэ мэт байдлаар ер нь  санхүүжилт хийж байгаа компанийн хувьд хэлсэн ярьсан тухайн цагууддаа ажлаа хийхгүй байгаа, хэзээ хийх вэ гэдэг орчуулгыг би маш их удаа хийсэн. Зургаадугаарт нь гэрээтэй хамааралтай нь 850,000 төгрөг үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Өөрийнхөө амаар 850,000 болно гэдэг. Энэ гэрээний үндэслэлийн анхны төлбөр болгоод гэрээнд заасан байна. Хоёрдугаарт нь гэрээнд 5 хувийн өртөг нэмэгдүүлнэ гэдгийг мөн гэрээнд заасныг өөрийн хариуцлагагүйгээс болоод уншаагүй байна. Гэрээний үнэ 940,000 төгрөг болсныг хангалтгүй гэж үзэж байна. Энэ нь өөрөө гэрээнийхээ үүргийг уншилгүйгээр гарын үсэг зурсан хүний хувьд хариуцлагагүй. Сүрдүүлгийн талаар дараа нь ярьж байна. Жон гэдэг солонгос хүн, Отгоо гэдэг орчуулагч, менежертэйгээ хамт ирж барилгын ажилд зарим нэг зүйлийг гүйцэтгэсэн. Энэ ямар үндэслэлтэй гүйцэтгэх болсон бэ гэх юм бол ************ ХХК 2022 оны 12 сараас хойш барилга дээр ирээгүй, үзэгдээгүй шууд барилгаа орхиод явсан. Энэ үед бид комисс оруулахаар бэлдэж, Солонгос хүнийг ажиллуулж байсан. Тэр хүн юу хийсэн бэ гэхээр яг энэ хананд байгаа голын уул шиг 1 давхрын хэсгийг тохижуулж байсан. Мөн барилгын ханыг буруу будгаар будсан байсан учраас тортог тогтоод байсныг нь тэр хүн дахиад бүгдийг нь лак өнгөгүй будгаар дахиж давхарлаж будах ийм хийж байсан. Энэ хүн ямар нөхцөл байдал болсон, ямар асуудлууд үүссэн бэ гэдгийг бүгдийг нь мэдсэн харсан учраас очиж уулзъя гэж хэлсэн байна. Гэр бүлийг сүрдүүлсэн гэдгийг өнөөдөр би анх удаа сонсож байна, өмнө нь нэг ч удаа ингэж хэлээгүй. Тэгэхээр Отгоо гэдэг хүн, Солонгос хүн тэнд очиж яаж сүрдүүлсэн гэдгийг нотлох хэрэгтэй байх. Манайхаас тэр хүн нь очиж уулзаад яагаад байгааг нь асууя гэсэн байсан. 2 га газартай холбоотой зүйл байна, 2 га газрын амлалт нь хувь хүн хоорондын өөрсдийнх нь ярьсан тохиролцоо *********** захирал ээжээсээ өвлөж авсан мөнгөөр газар авсан. Тэр газарт өөрийнхөө хүсэж мөрөөдөж байсан эмнэлэг, сургууль байгуулах, орон сууцын хотхон, дотуур байр байгуулах хүсэл мөрөөдөлтэй гэсэн үг. Түүнийг дэмжиж, хамтрахыг хүссэн нь ************ ХХК. Түүнийг баталгаажуулахын тулд ***** гэдэг хадам эгчээрээ дамжуулаад 51 хувийг нь эзэмшүүлсэн. Түүнийг зарсан ч гэсэн хүртэх ёстойгоо тухайн газарт хөрөнгө оруулсан гэж хүн газрыг зарсны дараа мөнгөө авсан гэж ойлгосон. Яагаад гэхээр тухайн хүн өөрийн ашиг сонирхлын хувьд компанийн нэр бариад тэр газрыг авсан нь христ итгэл үнэмшил гэж байна. Үүнийг би үгүйсгэхгүй, аль аль тал нь сайн сайхан юм барья гэж үзсэн байх. Гэхдээ христ сэтгэлтэй хүмүүс хуурч байна, мэхэлж байна гэвэл та бүхэн өөрсдийнхөө л дотрыг хараасай хэлмээр байна. Уучлаарай би мэргэжлийн хүн биш учраас ийм зүйлийг хэлэх ёстой үгүйг мэдэхгүй. Газрын зорилго, баримт бичгийн хувьд бүгдийг нь бид зохицуулна, та нар зүгээр л эмнэлгийнхээ үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл авах, газрын зорилго өөрчлөх бид зохицуулна. Манай барилгыг хариуцсан инженерийг хүртэл ************ ХХК-аас гаргаж байсан гэж би сонссон. Боомт хаасан нь К1, К2, К3-тай холбоотой тухай, мөн баримтууд нь бүгд байгаа. 2021 оны 6 сарын 4-нд гэрээ байгуулаад мөнгө шилжүүлсэн. 2021 оны 9 сарын 23-нд төхөөрөмж хаана байгаа вэ, хэзээ ирэх вэ, яагаад гэхээр гэрээн дээр сар гаран хугацаанд төхөөрөмж ирэхээр байсан. 2021 оны 9 сард хил дээр байна, 10 сард Эрээний хил дээр нэвтэрч орж ирж чадахгүй байна гэсэн зүйл нь 2022 оны зургаан сард үйлдвэрлэгдэж байна, үйлдвэрлэлийн өртөг өөрчлөгдсөн байна гэдэг албан тоотоор солигдож ирж байгаа юм. Энэ нь үндэслэлгүй, 15 хувийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ бол тийм биш, 2021 оны 9, 10 сард өөрсдөө хил дээр байгаа, хил хаагдсанаас болоод ажил удааширч байна гэсэн хэр нь 2022 он болохоор хэзээ хойно нь үйлдвэрлэгдээгүй байгаа, 2022 оны 6 сард хүртэл Эрээн хотод ирсэн, удирдлагын төхөөрөмжийг нь Хятадад үйлдвэрлэх шаардлагатай гэсэн байдаг. Үнийн дүнгийн хувьд нягтлан болон өмгөөлөгчөөс зөвлөгөө авч байж энэ талаар тайлбар хийх нь зүйтэй байх... гэв.

 

6.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5 дугаар тал/

Нэхэмжлэгчээс Э.*****т олгосон итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

***** ГХОХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 7-12 дугаар тал/

2019.05.20-ны өдрийн ***** ГХОХХК, ************ ХХК нарын хооронд байгуулсан “Агапе” Христийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гэрээ /хэргийн 13-20 дугаар тал/

2021.06.03-ны өдрийн ***** ГХОХХК, ************ ХХК нарын хооронд байгуулсан нэмэлт ажлын гэрээ /хэргийн 21-23 дугаар тал/

2021.07.21, №ACH20210720-01 Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 24-26 дугаар тал/

************ ХХК-аас ***** ГХОХХК-д явуулсан албан бичгүүд /хэргийн 27-33 дугаар тал/

***** ГХОХХК-аас ************ ХХК-д явуулсан албан бичиг, хүсэлт  /хэргийн 34-46 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 47-53 дугаар тал/

Дулааны төлбөр төлсөн тооцоо /2020-2022/ баримт /хэргийн 54 дүгээр тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 55-77 дугаар тал/

*********ийн Эмнэлгийн шинэ байрны барилгын хийгдэх ёстой дутуу ажлуудын зургууд /хэргийн 224-229 дүгээр тал/

***** ГХОХХК-аас ************ ХХК-д явуулсан албан бичиг, мэдэгдлүүд /хэргийн 230-247 дугаар тал/

Нэмэлт тайлбар /хэргийн 248-250 дугаар тал/

            Хоёрдугаар хавтаст хэрэгт

            Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /хэргийн 67 дугаар тал/

            Нэхэмжлэгчээс ****************** нарт олгосон итгэмжлэл /хэргийн 82-83, 85-86 дугаар тал/

            Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хэргийн 121-126 дугаар тал/

            Нэхэмжлэгчээс Э.*****, ***********нарт олгосон итгэмжлэл /хэргийн 127-128 дугаар тал/

            2021.06.03 ***** ГХОХХК, ************ ХХК нарын нэмэлт ажлын гэрээ /хэргийн 129-131 дүгээр тал/

            2023.01.27, ********* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 135-147 дугаар тал/

            ***** ГХОХХК-аас ************ ХХК-д гаргасан шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 148 дугаар тал/

            ************ ХХК-аас ***** ГХОХХК-д явуулсан албан бичиг /хэргийн 149 дүгээр тал/

            Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 150-159 дүгээр тал/

Гуравдугаар хавтаст хэрэгт

Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар /хэргийн 16-19 дүгээр тал/

***** ГХОХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 24 дүгээр тал/

2024.01.30 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 25-27 дугаар тал/

********* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 30-36 дугаар тал/

***** ГХОХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 49 дүгээр тал/

***** ГХОХХК-ийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 50 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 51-52 дугаар тал/

***** ГХОХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 53 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 54-58дугаар тал/  зэрэг баримтууд,

 

7.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

************ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 87-90 дүгээр тал/

Хариуцагчаас Б.Солонгод олгосон итгэмжлэл /хэргийн 91 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 93, 99-101 дүгээр тал/

ХУД-ын прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 103 дугаар тал/

Хан-Уул дүүргийн прокурорын газрын тогтоол /хэргийн 104-105 дугаар тал/

2021.01.14, 2021.05.25 ************ ХХК-аас Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт явуулсан албан бичгүүд /хэргийн 106-107 дугаар тал/

************ ХХК-аас ***** ГХОХХК-д явуулсан албан бичгүүд /хэргийн 108-110 дугаар тал/

2022.01.25, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /хэргийн 11 дүгээр тал/

************ ХХК-ийн албан бичгүүд /хэргийн 112-120 дугаар тал/

Хаан банкны дансны хуулга /хэргийн 124-125 дугаар тал/

************ ХХК-ийн Ажил гүйцэтгэх гэрээ /хэргийн 126-153 дугаар тал/

Нэмэлт хариу тайлбар /хэргийн 171-177 дугаар тал/

Хариуцагчаас Б.********* олгосон итгэмжлэл /хэргийн 178 дугаар тал/

2022.06.08, №1/516, 2022.07.01, №1/590 Хан-Уул дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хэргийн 181-182 дугаар тал/

2022.08.18, 9/4-4218/ Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны албан бичиг /хэргийн 183-184 дүгээр тал/

2022.03.21 ************ ХХК-аас Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан гомдол /хэргийн 185-186 дугаар тал/

2022.10.17, №6/8358 Цагдаагийн ерөнхий газраас ************ ХХК-ийн захиралд ирүүлсэн албан бичиг /хэргийн 223 дугаар тал/

Хоёрдугаар хавтаст хэрэгт

            Сөрөг нэхэмжлэл /хэргийн 30-33 дугаар тал/

            2021.06.04, Зээлийн гэрээ /хэргийн 36-45 дугаар тал/

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас ************ ХХК-д явуулсан албан бичиг /хэргийн 89 дүгээр тал/

            Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 171-173 дугаар тал/

            Хариу тайлбар /хэргийн 174-175 дугаар тал/

Гуравдугаар хавтаст хэрэгт

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 7-14 дүгээр тал/ зэрэг баримтууд,

 

8. Шүүхээс бүрдүүлсэн

Нэгдүгээр хавтаст хэрэгт

2022.09.20-ны өдрийн 9/4-4981 Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ирүүлсэн баримтууд /хэргийн 197-200 дугаар тал/

Хоёрдугаар хавтаст хэрэгт

            2023.10.20 Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтууд /хэргийн 110-111 дүгээр тал/

            2024.08.20 Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтууд /хэргийн 113-118 дугаар тал/

2024.10.28, №1/5055, Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтууд /хэргийн 180-250 дугаар тал/

Гуравдугаар хавтаст хэрэгт

2024.10.28, №1/5055, Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн баримтууд /хэргийн 1-5 дугаар тал/ зэрэг  баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгч ...барилгын баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, нэмэлт ажлын гэрээний төлбөрт шилжүүлсэн 92 693 369 төгрөг буцаан гаргуулах, алданги 261 500 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 заалтаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна ... гэж тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч ...ажил гүйцэтгэх гэрээний үнийн өсөлтийн зөрүүд 1 372 599 941.26 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж... гэж маргаж байна.

3. Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2019 оны 05 сарын 20-ны өдөр *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гэрээг нэг талаас нэхэмжлэгч буюу захиалагч ******** ХХК, нөгөө талаас хариуцагч буюу гүйцэтгэгч ************ ХХК нар байгуулж, хариуцагч эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил буюу зоорийн 1 давхар, дээшээ 1-5 давхар /дээврийн давхрыг ашиглахаар хам/ болон үндсэн барилгатай холбох ажлыг зураг төсөл болон техникийн тодорхойлолтын дагуу хийж гүйцэтгэн 2020 оны 05 сарын 31-ний өдөр эмнэлгийн байшинг улсын комисс хүлээн авсан гэрчилгээний хамт гардуулан өгөх, нэхэмжлэгч барилгын ажлын хөлс 1 м кв талбайг 850 000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохиролцжээ./1 дүгээр хавтас хэргийн 13-16 дугаар тал/

Дээрх гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарсан гэх үндэслэлээр гэрээний талууд 2020 оны 04 сарын 23-ны өдөр *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гэрээг шинэчлэн байгуулсан нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... барилгын ажлын гэрээ байгуулагдсаны дараагаар 2020 оны 4 сарын 23-ны өдөр гэрээгээ шинэчилсэн... гэх тайлбар, хариуцагчийн ...Хан багштай ярилцаж байгаад 2020 оны 4 сард 4,412,000,000 төгрөгөөр гэрээ хийгээд бид ажлаа үргэлжлүүлж явсан... гэх тайлбараар нотлогдож байна.

2020 оны 04 сарын 23-ны өдөр *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын шинэчилсэн гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч ************ ХХК *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барих буюу зоорийн давхраас 6 давхар хүртэл нийт 4 686.66м кв талбай бүхий эмнэлгийн өргөтгөлийн барилгыг 2020.06.30 барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, 2020.07.15 нүүж орох боломжоор хангах, 2020.07.25  улсын комиссын акт гаргуулаад үйл ажиллагаа эхлүүлэх боломжоор хангах өгөх/эмнэлгийн үйл ажиллагаа эхлэх/, 2020.08.31 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх, 2020.09.15 дотор бусад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч буюу захиалагч ***** ГХОХХК-д  хүлээлгэн өгөх, захиалагч ажлын хөлс 4 412 000 000 төгрөгийг гэрээний 2.1, 2.2-т заасан үе шаттайгаар шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.  /1 дүгээр хавтас хэргийн 17-20 дугаар тал/

2021 оны 06 сарын 03-ны өдөр гэрээний талууд Нэмэлт ажлын гэрээ байгуулан гүйцэтгэгч нь захиалагчийн захиалгын дагуу өөрийн материалаар *********ийн эмнэлгийн К1, К2, К3 агааржуулалтын системийг нийлүүлэх, угсрах ажлыг 2021.06.28-ны өдрөөс 2021.07.10-ны хооронд хийж гүйцэтгэх, захиалагч нэмэлт ажлын хөлсөнд 67 128 369 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1 дүгээр хавтас хэргийн 21-23 дугаар тал/

4. 2021 оны 06 сарын 03-ны өдрийн Нэмэлт ажлын гэрээний 8.3-т талуудын хооронд маргаан гарвал үл маргах журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүртэл аливаа маргаантай асуудлыг Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ гэж тохиролцжээ.

5. Нэхэмжлэгч 2021 оны 06 сарын 03-ны өдрийн Нэмэлт ажлын гэрээний дагуу хариуцагч талд ажлын хөлсөнд шилжүүлсэн 92 693 369 төгрөгийг буцаан гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /2 дугаар хавтас хэргийн 122-126 дугаар тал/

6. Шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

Тодруулбал талууд энэхүү гэрээний талаар маргаан гарвал арбитрийн шүүхээр шийдвэрлүүлэхээр гэрээгээр тохиролцон, хэргийн харъяалал зөрчсөн нь шүүх хуралдааны үед тогтоогдож байх учир хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

7. 2021 оны 07 сарын 21-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ талуудын хооронд байгуулагдаж, хариуцагч Хан-Уул дүүрэг, 10 хороонд байрлалтай нисэх 38 *********ийн эмнэлгийн өргөтгөлийн шинэ барилгыг барих явцад нэмэлт барилга угсралтын ажил буюу -хүзүүвч дотор засал,-6-р давхар техникийн 2 өрөө дотор заслын ажил, -шилэн хаалга, шүршүүрийн өрөөнд хатаасан шилэн хаалт ариун цэврийн өрөөний хаалт, -барилга руу тоног төхөөрөмж оруулах/ ст өрөөний ханыг нурааж төхөөрөмж оруулсны дараа буцааж өрч янзлах/, -3р давхарт бүсчлэл тусгаарлах хаалга нэмэлтээр гаргах ажил, -3-р давхарт байгаа 3 кондейшнийг 5-р давхарт шилжүүлэх, -хүзүүвч 1 давхарт 220В татах, -2-р давхарт UPS байрлах өрөөнд 380 татах, газардуулга хийх, -2-р давхарт сувилагчийн пост хаалт хаалга хийх, -техникийн давхарт цахилгааны ажил, -зоорийн давхарт /генераторын өрөө/ паар шилжүүлэх, -генераторын холболт, -агааржуулалтын хоолой дээш гаргах /генераторын өрөөнд агааржуулалтын хоолой/, -генераторын яндан далдлах, хамгаалалт хийх, -техникийн давхар амрах хэсгийн засал, -техникийн давхар ус зайлуулах хоолой байршуулах, -серверийн өрөөний ханыг нураах, агааржуулалтын байгууламж, -цэвэр усны хоолой өргөтгөх гэсэн ажлуудыг 2021.07.21-ээс 2021.10.15-ны өдрийн дотор нэмэлтээр хийж гүйцэтгэх, эдгээр ажлын хөлс 201 947 955 төгрөгийг гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч төлөх үүрэг хүлээсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 24-26 дугаар тал/

Эдгээрээс нэхэмжлэгч ***** ГХОХХК, хариуцагч ************  ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт заасан 2020 оны 04 сарын 23-ны өдөр *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын шинэчилсэн гэрээ, 2021 оны 07 сарын 21-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

8. Дээрхи 2 гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  талуудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

9. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзлээ.

        

 10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу хариуцагч захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.

 

11. 2020.04.23-ны өдрийн *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын шинэчилсэн гэрээний 2.1-т зааснаар ажлын хөлс 4 412 000 000 төгрөг, 2021 оны 06 сарын 03-ны өдрийн Нэмэлт ажлын гэрээний 2.1-т зааснаар ажлын хөлс 201 947 955 төгрөг байхаар тохиролцсон ба талууд гэрээгээр тохиролцсон ажлын хөлсний талаар ямар нэг шаардлага гаргаагүй.

 

12. 2020 оны 04 сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний 1.2.1-т цахилгаан дулаан усан хангамжийн зөвшөөрөл барилгын ажил нь гэрээний дагуу гүйцэтгэгч талд хамаарна. Гүйцэтгэгч тал нь цахилгаан усан хангамжийн зөвшөөрөл болон барилгын ажилд шаардагдах бичиг баримтыг хариуцна, / ар талд гараар нэмэлтээр оруулж гарын үсэг зурж баталгаажуулсан/ хариуцагч тал 2020.06.30 барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх, 2020.07.15 нүүж орох боломжоор хангах, 2020.07.25  улсын комиссын акт гаргуулаад үйл ажиллагаа эхлүүлэх боломжоор хангах өгөх/эмнэлгийн үйл ажиллагаа эхлэх/, 2020.08.31 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх, 2020.09.15 дотор бусад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч хүлээлгэн өгөх, 2021 оны 07 сарын 21-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагч тал 2021.07.21-ээс 2021.10.15 хооронд хийж гүйцэтгэн нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

13. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Барилгын ажлын захиалагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.1.барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3.барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 37.1.6.энэ хуулийн 48.1-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, 37.2.Захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно гэж заасан.

14. Талуудын тохиролцоо гэрээ баримтаар нэхэмжлэгч хуульд заасан дээрх үүргээ хариуцагчаар гүйцэтгүүлэхээр тохиролцсон гэж үзнэ.

Тодруулбал барилгын ажилтай холбоотой зөвшөөрөл баримт бичгийг бүрдүүлэх, улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг хуульд заасан захиалагчийн зарим чиг үүргээ хариуцагчаар төлөөлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

 

15. 2023 оны 05 сарын 29-ний өдрийн ********** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан баримт болон шүүх хуралдаанд өгсөн гэрч Түвшинцэнгэлийн мэдүүлэг баримтаар 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 сарын 30-ны өдрийн байдлаар хариуцагч ************ ХХК-аас *********ийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын бодит үнэлгээ 4 410 569 776 төгрөг, зах зээлийн үнэ цэнэ 5 748 739 937 төгрөг, гүйцэтгээгүй ажил 111 868 522 төгрөг болох нь тогтоогдож байна. /2 дугаар хавтас хэргийн 180-250, 3 дугаар хавтас хэргийн 1-5 дугаар тал/

16. Хариуцагчийн тайлбар, хэргийн 106, 107 дугаар талд авагдсан бичгийн баримтаар хариуцагч гэрээний үүргээ биелүүлж барилгыг ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах хүсэлтээ илэрхийлж байсан нь тогтоогдож байна.

17. Гэвч нэхэмжлэгч хариуцагч нар үл ойлголцож нэхэмжлэгч тал эмнэлгийн өргөтгөлийн барилгыг хариуцагч талд урьдчилан мэдэгдэхгүйгээр 2022 оны 1 сард өөрийн эзэмшил ашиглалтад авсан нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

18. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа, гэрээг дуусгавар болгож байгаа талаар хариуцагчид бичгээр мэдэгдээгүй, нэхэмжлэгч хариуцагчаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээж аваагүй, тухайн барилгад хариуцагчийг нэвтрэх боломжгүй болгож өөрийн эзэмшил ашиглалтад авсан үйлдлээрээ гэрээнээс татгалзаж буйгаа илэрхийлснийг хариуцагч хүлээн авсан гэж үзнэ. Учир нь хариуцагч гэрээнээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөөгүй ямар нэг хүсэлт гомдол гаргаагүй, маргаагүй.

19. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой ямар нэг үр дагавар, хохирол шаардаагүй, харин  2020.04.23-ны өдрийн ажлын гэрээний 1.2.5 /1 хавтас хэргийн 17 хуудас ар тал/ -д заасан шаардлагатай бусад бичиг баримт буюу Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилга угсралтын ил далд ажлын акт, зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл түүний дагуу гүйцэтгэснийг баталгаажуулсан тэмдэглэл, геодезийн компаниар батлуулсан улаан шугам тавьсан акт, баталгаажуулсан гүйцэтгэлийн зураг төсөл болон бусад барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах шаардлага гаргасан. /2 дугаар хавтас хэргийн 124 дүгээр тал нэмэгдүүлсэн шаардлага/

20. Дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардаж байна гэж тайлбарласан.

21. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэг үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.

22. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг тодорхойлон заасан ба үүнд /40.1.1-40.1.24-т/ барилгын үе шатны ажилтай холбоотой баримт бичгийг захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийн зохицуулалт байхгүй харин хуулийн 40.1.23-т гүйцэтгэгч барилгын ажлын захиалагчийн үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд энэ хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж тодорхойлсон.

23. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн чиг үүргийг тодорхойлсон бөгөөд талуудын гэрээ баримтаар барилгын ажилтай холбоотой зөвшөөрөл баримт бичгийг бүрдүүлэх, улсын комисст хүлээлгэн өгөх зэрэг хуульд заасан захиалагчийн зарим чиг үүргээ хариуцагчаар төлөөлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсныг дээр дурдсан.

24. Нэхэмжлэгч хариуцагчаар гүйцэтгүүлсэн эмнэлгийн өргөтгөл барилгыг улсын комисст хүлээн өгөхийг хариуцагчаас шаардаагүй, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч барилгын ажлын зөвшөөрөл бичиг баримтыг хариуцагчаас шаардах эрх үүсээгүй.

Харин талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 23-ны өдрийн гэрээний 1.2, 1.2.1-т зааснаар барилгын ажлыг улсын комисс хүлээн авсны дараа бичиг баримтуудыг хариуцагчаас нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

25. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

26. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 сарын 23-ны өдрийн, 2021 оны 07 сарын 21-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээнүүдээс нэхэмжлэгч татгалзаж гэрээ дуусгавар болсон учир нэхэмжлэгч хариуцагчаас хууль болон гэрээний үүрэг шаардах эрхгүй. Гэрээ дуусгавар болсон талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

27. Нэхэмжлэгчийн ...хариуцагч 2020.07.24, 2020.09.17-ны өдөр бичгээр ирүүлсэн албан бичиг баримтаар барилгыг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хоног тутам 500 000 төгрөгийн алданги төлөхөө амалж үүрэг хүлээсэн... үндэслэлээр ...алданги 261 500 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар хуулийн үндэслэлгүй.

28. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.7-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй гэжээ.

29. 2020 оны 04 сарын 23-ны өдрийн, 2021 оны 07 сарын 21-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээнүүдийг судлан үзэхэд гэрээний хариуцлага буюу алданги тооцох талаар талууд тохиролцоогүй, хариуцагчийн амлалт саналыг талууд гэрээндээ нэмэлтээр тусгаагүй, заагаагүй байх тул алданги шаардах эрх үүсээгүй.

30. Дээрхээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүрэг буюу эмнэлгийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд шаардлагатай баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх хууль болон гэрээний үүрэг шаардах эрхгүй, алданги төлөхөөр гэрээнүүдэд заагаагүй учир алданги шаардах эрхгүй байна.

31. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.7, 204.1, 205.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан  барилгын баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, алданги 261 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

32. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

33. Хариуцагч ...нэхэмжлэгчээс нийт ажлын хөлс 4 376 139 996.74 төгрөг шилжүүлсэн, уг ажлын зах зээлийн үнэлгээ 5 748 739 937 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний үнийн өсөлтийн зөрүү 1 372 599 941.26 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах...аар нэхэмжилснийг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.

34. Зохигч талуудын хооронд 2020 оны 04 сарын 23-ны өдөр байгуулагдсан Ажлын гэрээний 2.1, 2.2, 2021 оны 07 сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 2.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэгчээс ажлын хөлс төлөхийг шаардах эрхтэй.

35. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ ...захиалагчийн хувьд гэрээний дагуу санхүүжилтээ шилжүүлж байсан..., гэж тайлбарласан, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатаа ...барилгын өртгийг 4 412 00 000 төгрөг байхаар тохирсон ба уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс 4 376 139 996.74 төгрөгийг хариуцагчид /2019.05.20-2020.09.14 хооронд/ шилжүүлсэн... гэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 1 дүгээр тал, 3 дугаар хавтас хэргийн 10 дугаар тал/

36. 2023 оны 05 сарын 29-ний өдрийн ********** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан баримтаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт өртөг зардал 4 410 569 776 төгрөг, зах зээлийн үнэлгээгээр тухайн ажлын өртөг зардлыг 5 748 739 937 төгрөг  гэж тогтоож үнэлсэн, мөн дүгнэлтийн ***** ГХОХХК-аас гаргаж өгсөн асуулт; 1. ***** ГХОХХК-аас 2019 оны 05 сарын 20-оос 2021 оны 12 сарын 30-ны өдрийн хугацаанд *********** констаркшн ХХК-р хийлгэсэн ажлын хөлс зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх! –ажлын гүйцэтгэлийн зах зээлийн үнэлгээ нь нийт 5 748 739 937 төгрөг болно. Захиалагчаас гүйцэтгэгчид шилжүүлсэн барилгын ажил гүйцэтгэлтэй холбоотой санхүүжилтийн зориулалтыг нэмэлт шинжилгээгээр шинжээч томилж гаргах боломжтой байна гэжээ. //2 дугаар хавтас хэргийн 183, 192 дугаар тал/

37. Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ... тус шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргээс томилогдсон шинжээч томилох тогтоолын дагуу шинжээчид тавигдсан асуултын хүрээнд дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Тус тогтоолоор тухайн барилга баригдаж байсан он цагуудаар зах зээлийн үнэлгээ болоод, тус барилгад орсон бодит өртгийг тогтоох гэсэн хоёр тусдаа асуултыг үндэслэл болгож тавьсан. Үүний дагуу тухайн барилга баригдаж байх он сар болох 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зах зээлийн үнэлгээ 5,748,439,937 төгрөгөөр үнэлэгдэж гарсан,  ... тухайн барилгад гарсан бодит өртөг нь татвар, ашиг, шимтгэлүүдтэй холбоотой асуудлууд нь хасагдсан байдлаар зөвхөн орсон материал, ажилласан хүнд холбогдох тооцоолол нь 4,410,569,776 төгрөгөөр үнэлэгдсэн... гэж мэдүүлсэн.

38. Хариуцагчийн хүлээн авсан санхүүжилтийн 4 376 139 996.74 төгрөгийн зарцуулалт болон хариуцагчийн бодитоор гарсан зардал төлбөрийн тооцоолол, санхүүгийн тайлан баримт хэрэгт авагдаагүй.

39. Хариуцагч Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч 4 376 139 996.74 төгрөг ажлын хөлс шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан атлаа барилгын өргөтгөлийн зах зээлийн үнэ цэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн үнийн зөрүү 1.3 тэр бум төгрөг гэж нэхэмжилсэн, энэхүү зөрүү буюу үнийн өсөлт нь хариуцагчаас бодитоор гарсан зардал биш бөгөөд  олох байсан орлого эсхүл учирсан хохирол зардалд тооцож байгаа эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй учир дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэв.

40. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 067 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7 020 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан хариуцагч ************ ХХК-д холбогдуулан гаргасан ажлын хөлсөнд шилжүүлсэн 92 693 369 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч ***** ГХОХХК-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ************ ХХК-д холбогдуулан гаргасан барилгын баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах, алданги 261 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***** ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч ***** ГХОХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үнийн өсөлтийн зөрүү 1 372 599 941.26 төгрөг гаргуулах тухай хариуцагч ************ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 067 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7 020 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОЮУНТУУЛ