Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 205/МА2020/00030

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.******* Шүүгчид: Б.Ариунбаяр , Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:Б.*******

Хариуцагч: С.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

/Сэлэнгэ аймгийн Мандал сумаас онлайнаар/: Э.*******

Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 567 дугаартай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 25-нд С.*******тэй тохиролцоод байрны урьдчилаа мөнгөнд 35.000.000 төгрөг өгөөд байрандаа орсон. Байрандаа орсны дараа гэрээгээ хийх гэтэл тухайн байрны цонх нь цантаад асуудалтай байхаар нь цонхоо сольж өгснийх нь дараа гэрээгээ хийе гээд гэрээгээ хийгээгүй байсан. Мөн байрны үлдсэн мөнгөө ордер гарахаар өгнө гээд тохиролцсон байсан. Байрны ордер гарахыг хүлээсээр байтал нэг жил өнгөрсөн. Нэг жилийн дараа надад Улаанбаатар хотын Шинэ Монгол сургуулиас ажлын санал ирсэн. Тэгээд би Улаанбаатар хот явахаар боллоо энэ байраа авахаа болилоо өөр хүнд зарах боломж байна уу гэхэд манай байранд нэг өрөө байр авсан нэг айл манай авсан байрыг манай авсан үнээр худалдаж авсан. Тэгээд байр авсан айлын мөнгийг орж ирэхээр 35.000.000 төгрөгийг чинь буцааж өгнө гээд тохиролцоод байрнаасаа гарсан. Манайхыг гарсны дараа байр авсан айлын ипотекийн зээл гарахад С.******* манайд 30.000.000 төгрөг өгөөд үлдсэн 5.000.000 төгрөгийг дансандаа авч үлдчихээд танай нэг жилийн амьдарсан түрээс учраас танайхаас би 5.000.000 төгрөг авч байна гэж хэлсэн. Би тухайн байранд амьдарч байхдаа түрээсийг гэрээ хийгээгүй, байрны урьдчилгаа мөнгөө өгөөд ордер гарсны дараа үлдэгдэл мөнгөө өгнө гэж тохиролцсон учраас би С.*******ээс 5.000.000 төгрөгийг буцаан авах боломжтой гэж үзээд шүүхэд хандсан. Би 35.000.000 төгрөг бүрдүүлэхдээ өөрийн цалингийн зээл болон тэтгэврийн зээлийг авч бүрдүүлсэн. Уг зээлийг төлөхөд надад зээлийн хүүгийн 8.500.626 төгрөгийн хохирол учирсан учраас үүнийгээ нэмж нэхэмжилсэн. Би С.*******ээс нийт 13.500.626 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: С.******* нь 2014 онд 14 айлын орон сууц барьсан. Тухайн орон сууцны нэг давхарт 68.5 метр квадрат 2 өрөө байрыг нэхэмжлэгч Б.*******ийн нөхөр Д.******* худалдаж авахаар С.*******тэй амаар тохиролцож байсан бөгөөд 68.5 метр квадрат байр нь 82.000.000 төгрөг болж байсан. Д.******* нь С.*******тэй хэлцэл хийхдээ манайх мөнгөө бэлнээр өгөх учраас үнээ буулгаач гэж ярилцсаны үндсэн дээр 1 метр квадратыг 827.000 гаруй төгрөгөөр тооцож 68.5 метр квадрат байрыг нийт 57.500.000 төгрөгөөр худалдахаар амаар хэлцэл хийж тохиролцсон. Үүнээс байрны урьдчилгаанд Д.*******ийнх буюу Б.******* 35.000.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Б.*******ийнх байрандаа нүүж орсон. Үлдэгдэл 22.500.000 төгрөгийг байрны ордер гарах үед өгөхөөр тохиролцсон. Байрны ордер гарах юм бол үлдэгдэл мөнгөө боломжтой бол бэлнээр өгнө боломжгүй бол ипотекийн зээл гаргаж өгнө гэсэн зүйл ярилцаад үлдэгдлийг байрны ордер гарахаар тохиролцсон. Байранд орсноос хойш жил гаруй хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сард ордер гарахад бэлэн болсон. Үүний дараа 2020 оны 01 дүгээр сард ******* байрны ордер гарах гэж байна мөнгөө бэлдээрэй гэж хэлэхэд Б.******* нь манайх Улаанбаатар хот руу нүүлээ, ажилд орохоор болсон гээд гэрээнээс татгалзсан. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны үед Б.*******ийнх нүүсэн. Улаанбаатар хот руу нүүх гэж байгаа гээд С.*******ээр тохиролцооны гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Уг тохиролцооны гэрээ дээр гарын үсэг зурахдаа С.******* агуулгын нь сайн ойлгоогүй гэж хэлсэн. Б.*******ийн төлсөн 35.000.000 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг нь С.******* буцааж өгсөн, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл тухайн байранд үнэ төлбөргүй амьдарчхаад өөрсдөөс хамаарах шалтгаанаар гэрээнээс татгалзсан учраас С.******* нь Иргэний хуульд заасны дагуу гэрээ хэлцлээс нэг тал нь гэнэт татгалзсан учраас өөрт учирсан хохирлоо буюу тухайн нэг жилийн хугацаанд уг байраа өөр айлд түрээслүүлсэн бол нэг сарын 400.000 төгрөгөөр тооцож түрээслүүлэх байсан гээд өөрийн хохирлоо тооцож 5.000.000 төгрөгөө суутгаж авсан. Үүнийг би хуульд нийцсэн гэж үзэж байна. Яагаад вэ гэхээр анх хэлцэл буюу гэрээ хийсний дараа нэхэмжлэгч тал гэнэт татгалзсан нь хариуцагч С.*******д хохиролтой байсан. Өөрөөр хэлбэл хэлцэл хийгдсэнээс хойш Б.*******ийн нэг жилийн турш тухайн байранд үнэ төлбөргүй амьдарсан нь хариуцагч талд хохиролтой байсан. Ийм учраас 5.000.000 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдаад байгаа банкны зээлийн хүү нь банкнаас авсан зээлийн хүүгээ үлдэгдэл 5.000.000 төгрөг рүүгээ хамааруулаад 5.000.000 төгрөгийн хүү гэж нэхэмжилж байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой харагдахгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус зааснаар хариуцагч Ордос овгийн Сүрэнжавын ******* /РД:*******/-ээс 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бэгз ловон овгийн *******ийн ******* /РД:*******/-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.500.626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225.453 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 5.000.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******эд олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Б.*******ийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би тус хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 567 дугаартай шийдвэрийг гардан аваад эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, ...нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.*******д орон сууцны цонх цантаад сэрүүхэн байгаа талаараа мэдэгдэж байсан, хариуцагч С.******* орон сууцны цонхыг сольж өгнө гэж ярьсан талаар зохигчид тайлбарлаж байгаа тул нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзнэ... гэж дүгнээд хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан мэтээр дүгнэж 5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтууд зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээс харахад нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах болсон гол шалтгаан нь цонх солиогүй гэх шалтгаан бус харин нэхэмжлэгч өөрөө Улаанбаатар хот руу Шинэ- Монгол сургуульд багшлахаар явах болсон шалтгаан байдаг.

Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч тухайн үед Улаанбаатараас ажлын санал хүлээн авч гэрээрээ хот руу нүүх шийдвэр гаргасан буюу нүүсэн учраас тухайн 1 цонхыг сольсон, солиогүй гэрээнээс татгалзах үндсэн шалтгаан болж чадахгүй юм.

Эндээс үзвэл нэхэмжлэгч өөрөө гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээсээ гэнэт хувийн шалтгаанаар татгалзсан байхад шүүх хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоож өгөөд байхад гэрээний үүргээ биелүүлээгүй үүнээс шалтгаалан нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь худалдан авахаар тохирсон байрандаа 1 жил 1 сарын хугацаанд амьдарсныхаа дараа гэнэт хувийн шалтгаанаар гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж, гэрээнээс татгалзсан байдаг. Хариуцагч нь тухайн байрыг 1 жил 1 сарын хугацаанд зах зээлийн ханшаар /1 сарын 400.000- 500.000 төгрөг/ түрээслүүлсэн бол 5 сая орчим төгрөгийн орлого олох боломжтой байсан. Үүнийг хариуцагчид учирсан хохирол гэж үзэж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна. Мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь гэрээнээс гэнэт татгалзсанаас хариуцагчид учирсан хохирлыг төлөх хууль зүйн үндэслэлтэй учир шүүх байрны мөнгөний үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахгүйгээр харилцан үүргийг тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байсан.

Гэтэл анхан шатны шүүх нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон юм. Учир нь хоорондоо ах, дүү, садан төрлийн холбоогүй 1 хүн нөгөө хүнийхээ байранд 1 жил 1 сарын хугацаанд үнэгүй амьдраад гэнэт худалдан авахаар урьд шилжүүлсэн бүх мөнгөө буцааж аваад гэрээнээс татгалзаад гарах нь байрандаа зүгээр үнэгүй амьдруулсантай адил хохиролтой зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсанаас өөрт учирсан хохирлоо тооцож авах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан тохиролцооны гэрээг хийгээгүй гэж хариуцагч тал хариу тайлбартаа дурдсан байхад анхан шатны шүүх С.******* нь шүүх дээр өөрийн биеэр ирж нэхэмжлэлийн нэг хувийг гардаж авсан эрх зүйн чадамжтай иргэн учраас тохиролцооны гэрээний агуулгыг ойлгоогүй гэх үндэслэл байхгүй гэж хавтаст хэрэгт авагдаагүй, хариуцагчийн нэхэмжлэлийг гардан авах үеийн процесс буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг тухайн хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын хэмжээнд үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 567 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******/Сэлэнгэ аймгийн Мандал сумаас онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт: хариуцагч С.*******ийг цонх сольж өгөхийг нэхэмжлэгч шаардсан. Нэхэмжлэгч бол хариуцагчид зөрчлийг арилгах талаар мэдэгдээд үр дүн гараагүй учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байна гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт гэрээнээс татгалзах болсон нөхцөл нь цонх солиогүй асуудлаас болсон гэж байдаггүй. Өөр хэлбэл *******ийн гэрээнээс татгалзах болсон гол үндэслэл нь *******эд Улаанбаатар хотод ажиллах ажлын санал ирсэн байсан тул хариуцагч талаас цонхыг сольсон солиогүй Улаанбаатар хот руу нүүж явах шийдвэрээ энэ айл гаргачихсан байсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж гэдэгтээ хууль буруу хэрэглэж Иргэний хуулийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэдэг зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр нь үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Манай талаас 5 сая төгрөгийн хохирол хариуцагч талд учирсан гэж үзэж байна. 1 жил 1 сарын хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагчийн байранд үнэ төлбөргүй амьдарчихсан байдаг. Хэрэв хариуцагч нь өөр хүнд 1 жил 1 сарын хугацаатай түрээслүүлсэн бол 1 сард 500.000 төгрөгөөр түрээслүүлэх байсан байдаг. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна. Мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байдаг. Анхан шатны шүүхийн дүгнээд байгаа хариуцагчийн буруутайгаас болж гэрээнээс татгалзсан юм шиг дүгнээд байгааг манайх эсрэгээр нь тайлбарлаж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчээс шалтгаалж уг гэрээнээсээ захиалагч өөрөө татгалзсан байдаг. Хариуцагч өөрт учирсан хохирол буюу тухайн байрыг 1 жил 1 сарын хугацаатай өөр хүнд түрээсэлсэн бол надад ийм хэмжээний орлого орох байсан гэж хохирлоо харилцан тооцуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй юм. Өөрөөр хэлэх юм бол Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байдаг. Хэрэв энэ айл худалдаж аваагүй байсан бол түрээсийн төлбөр төлөөд амьдрахаар байсан байдаг. Тохиролцооны гэрээ гэж зүйл байгуулаагүй гэж хавтаст хэрэгт авагдсан тайлбар дээр дурдсан байдаг. Нотлох баримтыг үнэлэх тал дээр ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. С.******* нь шүүх дээр өөрийн биеэр ирж нэхэмжлэлийн нэг хувийг гардаж авсан эрх зүйн чадамжтай иргэн учраас тохиролцооны гэрээний агуулгыг ойлгоогүй гэх үндэслэл байхгүй гэж хавтаст хэрэгт авагдаагүй, хариуцагчийн нэхэмжлэлийг гардан авах үеийн процесс буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг тухайн хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын хэмжээнд үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 567 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд нэхэмжлэгчийн нөхөр болох *******той байраа зарах талаар тохиролцсон. 2019 оны 11 дүгээр сарын 20-н хавьцаа байрны гэрчилгээг гаргахаар байж байгаад эд нар өөрсдөө надад 2020 оны 01 дүгээр сард гэрчилгээг гаргаад өгөөч гэж санал тавьсан юм. Тэгээд би 13 сар манай байранд суусны төлбөр болгож 5.0 сая төгрөгийг авсан. Цонхны хувьд цантаад байна солиод өгөөч гэхээр нь би за сольж өгнөө л гэж тухайн үед нь хэлсэн. Тэгээд эднийх гарсны дараа дараачийн айл нь уг байранд ороход цонх нь цантахгүй л байсан. Эднийхийг байхад яагаад цантаад байсан нь гэвэл эднийх нялх хүүхэдтэй байнга юм угаадгаас болж чийгтэй болж цантаад байдаг байсан байх. Өөр тайлбаргүй гэв.

Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг байранд оронгуут эхнээсээ цонх нь цантаж байсан тул цонхыг солиулах талаар хүсэлт гаргасан. Тэгээд цонхоо солиулсны дараа байрны гэрчилгээг гараагүй байхад бүх мөнгөө өгөхөд хэцүү байсан. Надад 2019 оны 01 дүгээр сард ажлын санал ирсэн нь үнэн. Энэ байрыг зарагдахгүй бол нүүхгүй байж байя гэж байсан. Гэтэл тухайн байрны 1 давхарт байдаг залуу танай байрыг авъя С.******* ах орж ирээд танайхыг явна гэж байна. Танайхыг үзэх гэсэн юм гээд орж ирсэн. Тэгээд тэр залуу 1 нөхцөлтэй энэ байрыг авах санал байна. Тэр нь юу вэ гэвэл танай энэ байрны урьдчилгаанд өгсөн мөнгөн дээр үндэслэж ипотекийн зээл авна. Зээлийн мөнгө орж ирэхээр танай мөнгийг өгнө шүү гэж тэр залуу хэлсэн. Тэгээд тохиролцооны гэрээ хийе гэсэн чинь байр барьсан хариуцсан эзнийх нь дансанд мөнгө ордог юм байна гэхээр нь С.*******ийг дуудаж ирээд гурвалсан тохиролцооны гэрээг байгуулсан. Хэрэв миний хувийн шалтгаанаас болсон гэж байгаа бол уг барилга нь чанарын шаардлага хангасан байсан бол авах л байсан. Энэ байрыг авахдаа цалингийн зээлээс 22 сая төгрөг, хүүхдийн хадгаламжаас 3.380.000 төгрөг, хадам эгчийн тэтгэврийн зээлийг аваад нийт 35 сая төгрөгийг олж өгсөн. Манайх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уг байрнаас нүүж явсан. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хүүг бодохоор 8.500.626 төгрөг, өгөөгүй 5.0 сая дээр нэмээд 13.500.626 төгрөг нэхэмжилсэн. 7 сард манайхаас уг байрыг авсан айлын ипотекийн зээл гараад манайд 30 сая төгрөгийг өгөөд 5.0 сая төгрөгийг манай байранд 1 жил гаран байсны чинь төлбөрт авсан гэж хэлсэн. Иймд 13.500.626 төгрөгийг С.*******ээс гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 5.000.000 төгрөг, гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирол нийт 8.500.626 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч С.*******ээс 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгохоор тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.626 төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч зохигчийн хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. Энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч С.******* хариуцагч С.*******тэй 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт 14 айлын орон сууцны 2 өрөө байрыг 57.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр С.******* нь уг орон сууцыг С.*******эд хүлээлгэн өгч С.******* нь байрны урьдчилгаанд 35.000.000 төгрөгийг хариуцагч С.*******ийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талуудын хооронд амаар байгуулсан гэрээний нөхцөл, зорилго, үнэ тохирсон хэлбэрээс харахад зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр байгуулж болох бөгөөд зохигчдийн хооронд байгуулсан гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө байгааг анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй байна.

 

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулах боломжгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

 

Дээр дурдсанаас үзэхэд талуудын хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага байхад талууд амаар гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт ...хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг зохицуулахдаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байхаар зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар талууд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгсөн боловч хариуцагч С.******* нь 5000.000 төгрөгийг байрны түрээс гэж суутган авч үлдсэн нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэгэнт хэлцэл хүчин төгөлдөр бус учраас худалдах худалдан авах гэрээний эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, түүнтэй холбогдуулан хохирол учирсан гэж үзэх боломжгүй тул хохирол учирсан гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар аль аль нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, үүнд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон гэсэн нөхцөлийг хамааруулсан байна.

 

Иймд нэхэмжлэгч С.******* хэлцлээр шилжүүлсэн 5.000.000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй тул С.*******ээс мөнгийг нь гаргуулж нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 567 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх хэсгийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол улсын Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.453 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Ж.БАТТОГТОХ