| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/06641/И |
| Дугаар | 192/ШШ2025/06681 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/06681
2025 09 01 192/ШШ2025/06681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: ***************нэхэмжлэлтэй,
хариуцагч: ********холбогдох,
худалдах, худалдан авах хэлцлийн дагуу 33 110 000 төгрөг гаргуулах, хохирол 15 607 888 төгрөг нийт 48 717 888 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгч *************,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *************,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн а нар оролцож,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах хэлцлийн дагуу 33 110 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: …2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би машин авах гэж байгаагаа М.**************т мэдэгдэж байсан. Энийг би шууд машин авлаа гээд шийдчихээгүй. Би М.**************т чамд би машинаа зарсан нь үнэн, чи авсан нь үнэн. Тэгвэл би хүүхдээ зөөх учраас надаа нэн яаралтай машин хэрэг болно гээд, өөрөө хүлээн зөвшөөрөөд, чи тэгвэл боломжоороо машинаа авчих гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулаад, би машинаа авчихлаа шүү гэж хэлж байсан. Өдөр болгон өөрөө над руу холбогддог байсан. Яагаад гэвэл тухайн ажилчид ямар ажиллаж байна, ямар зарлага гарсан гэдгийг надаас байнгын асуудаг учраас би тухайн гэрээгээ үзүүлж байсан. Энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн. Чи ямар өнгийн машин авсан юм гээд, миний машиныг харж байсан хүн байхгүй юу, тэгээд одоо болохоор огт мэдэхгүй, үзээгүй, ямар машин авсан юм гээд огт мэдэхгүй юм шиг мэдэн будилаад байгааг нь би гайхаж байна. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Tucson загварын солонгос машиныг би авч байсан. Энэ машинаа би унаад явж байсан. М.************** 2023 оны 10 дугаар сард Монгол улсад ирчихсэн. Үйл ажиллагаагаа Монгол улсад өргөжүүлэх гээд ирчихсэн байсан. Миний машинд өөрөө сууж явж байсан хүн. Миний машинаар гэр орондоо хүргүүлээд, нааш цаашаа ажилдаа дөхүүлж явж байсан, өвөл байсан. Яагаад энэ машиныг зарах болсон гэвэл уг машин маань зүүн гартаа үрүүлтэй машин байсан. Тэгээд би ерөнхийдөө машинаа зарах бодолтой байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд 02 сарын дараа өөрөө явчихсан. Тэгээд оны дараа 2024 оны 01 дүгээр сард налтай холбогдоод чи машинаа зарна гэдэг хэвээрээ юу гэхэд нь би 45,000,000 төгрөгөөр зарна гэж анх ярьж байсан. Гэтэл надад 40,000,000 төгрөгөөр өгчих өө, 45,000,000 төгрөг арай үнэтэй байна. Миний каргоны мөнгө нэхэгдээд байна гээд, нэг ёсондоо хамаатан садан учраас би чамд итгээд өглөө шүү, гэдгээ тухайн нэр шилжүүлэх явцдаа ч ярьж байсан. Өмнө нь ч гэсэн ярьж байсан. Ийм л процессууд болж байсан. Энэ бол миний нэр дээрх машин шүү гэдгийг тухайн үедээ хэлж байсан. Тийм учраас тухайн хүн рүү машиныг шилжүүлж өгч байсан. Ямар өрөнд яаж очиж байсныг нь би үнэхээр мэдэхгүй байна. Анх надад өрөнд өгч байгаа гэж хэлж байсан. Өөрийнх нь хүсэлтээр би машинаа өгсөн. Хэрвээ тийм биш байсан бол би хувь хүнд зар тавиад зарчих байсан. Гэтэл одоо болохоор огт мэдэхгүй, би хараагүй, сууж ч үзээгүй гэж яриад байна. Миний машин ямар нэгэн эвдрэл гэмтэл юу ч байхгүй. 2023 оны 07 дугаар сард машинаа худалдаж аваад, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр М.**************ийн хүсэлтийн дагуу шилжүүлсэн байдаг. 40,000,000 төгрөг гэж харилцан тохиролцсон. Уг 40,000,000 төгрөгөөсөө тухайн үед Ж.**********д болон Э.************* хоёулаа М.**************т ажиллаж байсан. Тэгээд Ж.**********дын дансанд 13,930,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэрнээс 5,000,000 төгрөг нь авто машины төлбөрт шилжүүлсэн байдаг. Бусдыг нь ажилчдын цалин болон үйл ажиллагааны зардалд шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 33,110,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гутал болон оймс аваад 1,825,000 төгрөгийг өр зээлтэй байсан. Тэр зээлээ суутгаж авсан... гэв.
3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Хюьндай үйлдвэрийн цагаан өнгийн Tucson загварын 2883 УАН улсын дугаартай өөрийн өмчлөлийн энэхүү машиныг худалдах хүсэлтэй байсан гэж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө худалдах хүсэлттэй байсан байна. Тэгэхээр энэ М.**************тэй хэзээ, хэдэн онд, яаж Худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм. Энэ хэлцэл, гэрээний дагуу хэнд ямар машин өгсөн юм. Авсан талаар мэдээлэл хэрэг дотор алга байна. М.**************ийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг компанид өртэй байсан гэж байгаа юм. Хаана, хэнд ямар өртэй байж байгаад өгсөн юм. Энэ нь тодорхойгүй байгаа. Нөхрийн хамаатан байсан учраас Худалдах, худалдан авах гэрээ хийлгүй, түүний хэлсэн үнэ 40,000,000 төгрөгөөр тохирч түүний хэлсний дагуу өөрийн өмчлөлийн машинаа тухайн хүний нэр рүү шилжүүлж өгсөн гэж байгаа. Энэ дээр хэн, хэдэн төгрөгөөр, ямар машин яаж зарсан юм. М.************** шилжүүлээд өг гэсний дагуу хүнд өгчихсөн байна шүү дээ. Тэр хүн нь хэн юм авсан юм. Хэдэн төгрөгөөр авсан юм. Эсхүл аваагүй юм уу ийм л юм яваад байна. Тэгэхээр М.************** тайлбартаа би Э.*************аас машин тэрэг худалдаж авсан юм байхгүй. Тухайн үед би Турк улсад байсан. Намайг Турк улсад байх хугацаанд би өр зээлд орчихлоо гэхээр нь би та нар өөрсдөө мэдээ гээд хэлсэн. Тэгээд *р**********болохоор энэ хоёр ярьж байгаад машинаа өгөхөөр болчихлоо шүү. Машин өгөхөд машин бол эвдэрхий байсан. Тэгээд энэ хоёр тохиролцоод компани өртэй байсан учраас мөн нягтлан байсан учраас 15,000,000 төгрөгийг өгсөн гэдэг ийм л тайлбарыг тавьдаг. Түүнээс биш нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг каргоныхоо өрөнд өгөөд, машиныг нь худалдаж авсан асуудал байхгүй. Мөн нотлох баримтаар ч тогтоогдохгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хувьд хэнээс хэн хохирчхоод байгаа юм, хэдэн төгрөгөөр хохирчхоод байгаа гэдэг нь нотлох баримт нь тодорхойгүй учраас хоёуланг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 5 дугаар тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 6 дугаар тал/
Гаалийн бичиг /хэргийн 7 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 13 дугаар тал/
Тайлбар /хэргийн 40-41 дугаар тал/
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, түүнд хавсаргасан баримтууд /хэргийн 95-108 дугаар тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 19 дүгээр тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 20 дугаар тал/
Хариуцагчаас *************************** олгосон итгэмжлэл /хэргийн 34 дүгээр тал/
2024.04.30 Машины зардал гэх баримт /хэргийн 38 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 39 дүгээр тал/ зэрэг баримтууд,
6. Шүүхээс бүрдүүлсэн
Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа /хэргийн 25-27 дугаар тал/
СХД-ийн 43 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хэргийн 62 дугаар тал/
2025.04.30-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 83-91 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ...33 110 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... хариуцагчид өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг худалдсанаас төлөгдөөгүй үлдсэн мөнгийг гаргуулахаар шаардсан... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, манай дэлгүүрт их хэмжээний өр төлбөртэй байсан учир машинаа зарж хагас өр төлбөрийг дарж дуусгасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргав.
2. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 2023 оны 03 сард худалдан авсан өөрийн эзэмшлийн 28 83 УАН улсын дугаартай tuscon маркийн тээврийн хэрэгслийг худалдах хүсэлтэй байгаагаа хариуцагчид хэлж байсан, хариуцагчийн санал болгосноор нэхэмжлэгч дээрх тээврийн хэрэгсэл хөрөнгийг хариуцагчийн бусдад төлөх төлбөрт тооцож гуравдагч этгээдэд шилжүүлэх, хариуцагч нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийн үнэд 40 000 000 төгрөг төлөхөөр амаар тохиролцсон нь нэхэмжлэгчийн ... миний нөхрийн хамаатан учир түүнд итгэж бичгээр хэлцэл байгуулаагүй, хариуцагчийн “энэ хүнд машиныхаа нэрийг шилжүүлчих” гэж хэлсний дагуу машинаа нэр шилжүүлэн өгсөн... гэх тайлбар,
...2024.05.29-ний өдрийн 8:43 минутад: машины мөнгөний асуудлаа нэг тийш нь шийдвэрлэе гэж бодож бна. 35 саяас бид хоёрын авсан бараа гутлын мөнгө болон бусад суутгалын мөнгөө хасаад 28 сая төгрөгийг даруй шийдвэрлээд өгөөч..., 2024.06.13-ний өдрийн 12:13 минутад: ...мөнгө шилжүүлж нэг тус болооч гуйж байна..., 2024.06.15-ны өдрийн 10:45 минутад: ...бага ч гэсэн хамаагүй хэдэн төгрөг шилжүүлж тус болооч гуйж байна... гэх зэрэг нэхэмжлэгчийн хариуцагчтай цахимаар харилцаж байсан захидалд үзлэг хийсэн тэмдэглэл,
2024.04.30-ны өдрийн 2024.01 шилжүүлэх дүн 40 000 000, 2024.03.30 **********д машины төлбөр, шилжүүлэх дүн-5000 000; 2024.04.30 **********д 02 сард авсан барааны төлбөр, 1000 0000; 2024.04.30 **********д машины төлбөр 9000 000; шилжүүлгийн дүн 15 000 000, үлдэгдэл дүн 25 000 000 төгрөг гэх бичгийн баримтууд авагдсан байна.
3. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 28 83 УАН улсын дугаартай tuscon маркийн тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан нь тогтоогдож байна.
4. Мөн хариуцагчийн “худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй” гэх тайлбар татгалзал дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.
5. Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.
6. Талуудын тохиролцоо гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч биет байдлын болон эрхийн доголдолгүй тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч тээврийн хэрэгслийн үнэ 40 000 000 төгрөгийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.
7. Нэхэмжлэгч хариуцагчийн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгсэл хөрөнгийг 2024 оны 01 сарын 29-ний өдөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа баримтаар тогтоогдож байна. Хариуцагч худалдсан хөрөнгөө хүлээн аваагүй, биет байдлын болон эрхийн зөрчилтэй доголдолтой талаар маргаагүй учир нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн гэж үзнэ.
8. Хариуцагч тээврийн хэрэгслийн үнэ 40 000 000 төгрөгөөс 15 000 000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 25 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн 38 дугаар талд авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын гарын үсгээ зурж баталгаажуулсан 2024.04.30-ны өдрийн “Машины зардал” гэх бичгийн баримтаар нотлогдож байна.
9. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй учир хариуцагчаас 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 717 888 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
10. Хариуцагчийн төлөх үлдэгдэл төлбөрийн хэмжээг талуудын хооронд бичгээр хийгдсэн 2024.04.30-ны өдрийн бичгийн баримтыг үндэслэн тогтоов.
11. Нэхэмжлэгч “хариуцагч тээврийн хэрэгслийн үнийг 2024 оны 04 сарын сүүлчээр барагдуулж дуусгана” гэж тохиролцсон үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирол буюу Нэт капитал ББСБ ХХК-аас авсан зээлийн хүүнд төлсөн 15 607 888 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ шаардлагын үндэслэлээ ...худалдах худалдан авах гэрээний хэлцлийн дагуу хугацаандаа машины төлбөрийг төлсөн бол банкны хүүгийн төлбөрт хохирохгүй байсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 227 дугаар зүйлийн 227.3, 227.4,, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар хохирлоо нэхэмжилнэ... гэжээ.
12. Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүргээс татгалзаагүй, олох байсан орлого нэхэмжлээгүй, харин гэрээний үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирлоо шаардах эрхтэй.
13. Шүүхээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
14. Тодруулбал 2024.02.28-ны өдөр хариуцагч буюу зээлдэгч Э.*************, зээлдүүлэгч Баянзүрх салбарын Неткапитал мобайл ХХК нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, Э.************* 40 000 000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар, жилийн 37.2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлдсэн нь зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь баримтаар тогтоогдож байна. дээрх гэрээний үүрэгт 2025 оны 04 сарын 21-ний өдрийн байдлаар хариуцагч үндсэн зээл 6 920 478.96 төгрөг, хүү 15 607 888.92 төгрөг төлсөн үлдэгдэл төлбөр 33 335 334.45 төгрөг байгаа нь Нэткапитал мобайл ХХК-ийн тодорхойлолт баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа болоогүй байхад өөр этгээдтэй сайн дурын үндсэн дээр байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээ хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчийн ... “хүүдээ зөөх учраас надаа нэн яаралтай машин хэрэг болно” гэхэд хариуцагч зөвшөөрөөд “чи тэгвэл боломжоороо машинаа авчих” гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулаад, “би машинаа авчихлаа шүү” гэж хэлж байсан... гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй, үгүйсгэж маргаж байгаа ба нэхэмжлэгч өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй.
15. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг тайлбарлах нь зүйтэй..
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 500 төгрөг, 235 989 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.**************ээс худалдах худалдан авах гэрээний үүрэг 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23 717 888 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 500 төгрөг, 235 989 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ