Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 425

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт А-ийн Гэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805005330111 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

А.Г 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байранд байрлах иргэн Ж.Б-н эзэмшлийн складанд хууль бусаар нэвтэрч Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн 80 ширхэг будаг шингэлэгчийг хууль бусаар авч 200.000  төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны 4 дүгээр гудамжны 32 тоотод оршин суух иргэн Т.Уын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч Панасоник маркийн 43 инчийн телевизорыг хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би хулгайн гэмт хэрэг хийхдээ хэн нэгэнтэй хамт үйлдээгүй. Ганцаараа үйлдсэн гэв.  

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.У мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 11.00 цагийн үед найз Сүхдоржийн хамт гэрээсээ гарсан юм. Намайг гэрээсээ гарахад манай “Панасоник” маркийн 43 инчийн саарал хүрээтэй хар өнгийн зурагт байсан юм. Гэтэл тэр өдөр буюу 2018 оны 01-р сарын 20-ны өдөр гэртээ 16:00 цагийн үед иртэл манай 5 ханатай  гэрийн цоожыг эвдэлсэн, үүдний амбаар гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би гайхаад гэртээ ортол манай зурагт алга болчихсон байсан. Харин дидиш төхөөрөмж алга болсон гэж бодож байсан чинь гэрийн зурагтны тавиурын ар талаас сүүлд гарч ирсэн. Би зурагтаа 2016 оны 12 дугаар сарын 5-нд BSB –ээс 1500000 төгрөгөөр авч байсан. Манай гэрээс өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд:...Би 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед ... хөргөгчөө 60.000 төгрөгний барьцаанд тавьчихаад 10 орчим минутын дараа нөгөө ломбарднаас гартал нөгөө зурагт тэвэрч орж ирсэн хоёр залуу зурагтаа газар тавьчихсан “Бүх цахилгаан бараа 1200” гэсэн нэртэй дэлгүүрийн өмнө зогсож байсан. Тэгээд би нөгөө хоёр залуугаас наад зурагт чинь яасан юм гэж асуутал та 10.000 төгрөгөөр авчих заръя гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за тэгвэл авъя гээд тэр хоёр залуугаас 10.000 төгрөгөөр худалдаж авсан /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,  

 

Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтанд: 2017 оны 8 дугаар сарын 28-ны орой 19 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хороо 69 дүгээр байрны гадна талын барилгын материалын складнаас өндөр залуу, складны хаалгыг эвдэж онгойлгоод хайрцагтай будаг шингэлэгч зөөж байхад нь миний хүү Б.Ананд найзын хамт явж байгаад хараад очсон. Тэгээд та юу хийж байгаа юм бэ гэхэд ээж чинь аваад ир гэсэн гэж хариулсан байдаг, Миний хүү Ананд битгий худлаа ярь миний ээж байхгүй юманд явсан байгаа гэхэд худлаа худлаа аав чинь аваад ир гэж хариулсан байсан. Тэгэхэд нь миний хүү та битгий худлаа ярь таныг цагдаад хэлнэ шүү гэхэд нь та нарт ямар хамаатай юм бааснууд” гээд хөөхөд манай хүү найзтайгаа зугатаасан, тэр эрэгтэй доголон байсан болохоор хөөгөөд гүйцээгүй, тэгээд гэртээ ороод над руу утсаар залгасан. Би хүү Анандад байрны жижүүр Пүүжээ ахдаа хэл гэж хэлээд би Пүүжээ рүү залгаад цагдаад хэл гэж хэлсэн. Би 21 цаг өнгөрч байхад очиход цагдаа ирсэн байсан. Миний бие цагдаагийн дэслэгч Очир-Эрдэнэтэй хамт хажуу дэлгүүрийн хяналтын камер шүүхээр орсон тэгэхэд миний хүү Ананд “ааваа нөгөө хулгай хийсэн хүн чинь хоёр болцон байрны урд явж байна” гэж хэлсэн. Ингээд цагдаатай гарч нөгөө 2 архи уусан хүнийг барьж авсан...нийт 4 хайрцаг буюу 80 ширхэг будаг шингэлэгч нэг ширхэг нь 2500 төгрөгний үнэтэй нийт 200.000 төгрөг болж байна. /хх-ийн 82/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр А.Г мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14-15 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Туулын 1 дүгээр гудамжны 9 тоот ээжийнхээ гэрээс гараад Бөмбөгөр тал руугаа явсан. Би тэр үедээ халамцуу явж байсан. Тэгээд ганцаараа явж байгаад бүдэг ногоон өнгийн төмөр хаалгатай хашаанд орсон. Тэр хашаанд ороход цэнхэр өнгийн үүдний амбаартай 5 ханатай гэр бас нэг өвлийн байшин байсан. Тэгээд би гэрийнх нь цоожыг нь эвдэлж ороод гэрийнх нь хойморт байсан саарал өнгийн хүрээтэй 43 инчийн зурагтыг авч гарсан. Тухайн үед би согтуу байсан болохоор зурагтны маркийг сайн анзаараагүй. Би тэр айлаас авсан зурагтаа Хархорин захад ломбарданд тавих гэтэл авахгүй байсан. Тэгэхээр нь явуулын хүнд 10.000 төгрөгөөр зарсан.  /хх-ийн 25/  гэх мэдүүлэг,

“...Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь сауны хажуу талын 69 дүгээр байрны шатан доор байрдаг барилгын материал гэсэн хаягтай складаас ОХУ үйлдвэрлэгдсэн будаг шингэлэгчээс 80 ширхэгийг авсан...” / хх-ийн 116/  гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12, 79/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121/, хэргийн газрын  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 122-124/,

 

Шүүгдэгч А.Гийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.Г  2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байранд байрлах иргэн Ж.Бын эзэмшлийн складанд хууль бусаар нэвтэрч Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн 80 ширхэг будаг шингэлэгчийг хууль бусаар авч 200.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхоны 4 дүгээр гудамжны 32 тоотод оршин суух иргэн Т.Уын гэрт хууль бусаар нэвтэрч Панасоник маркийн 43 инчийн телевизорыг хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Бын”...барилгын материалын складнаас өндөр залуу, складны хаалгыг эвдэж онгойлгоод хайрцагтай будаг шингэлэгч зөөж байхад нь миний хүү Б.Ананд найзын хамт явж байгаад хараад очсон...миний хүү Ананд ааваа нөгөө хулгай хийсэн хүн чинь хоёр болчихсон байрны урд явж байна  гэж хэлсэн...” /хх-ийн 82/, хохирогч Т.Уын”... гэртээ 16.00 цагийн үед иртэл манай 5 ханатай гэрийн цоожыг эвдэлсэн...байсан. Тэгэхээр нь би гайхаад гэртээ ортол манай зурагт алга болчихсон байсан...” /хх-ийн 16/, гэрч Б.Бат-Эрдэнийн”... би нөгөө хоёр залуугаас наад зурагт чинь яасан юм бэ гэж асуутал та 10.000 төгрөгөөр авчих заръя гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за тэгвэл авъя гээд тэр хоёр залуугаас 10.000 төгрөгөөр худалдаж авсан...” /хх-ийн 17/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12, 79/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 121/, хэргийн газрын  нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 122-124/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч А.Г мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...барилгын материал гэсэн хаягтай складаас ОХУ үйлдвэрлэгдсэн будаг шингэлэгчээс 80 ширхэг буюу авсан...” /хх-ийн 116/,

“...би гэрийнх нь цоожыг нь эвдэлж ороод гэрийнх нь хойморт байсан саарал өнгийн хүрээтэй 43 инчийн зурагтыг авч гарсан...” /хх-ийн 25/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдсан байна. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Гэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх боловч яллах дүгнэлтэнд түүний холбогдсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хуулийн үг хэллэгээр бичилгүйгээр зөвхөн үйлдлээр нь бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

 

Энэ байдлыг шүүх зөвтгөж шүүгдэгч Боржигон овогт Алтантуяагийн Гийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.   

 

Шүүгдэгч А.Гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Т.У эд зүйлээ буцаан биет байдлаар авсан, хохирогч Ж.Б гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Гийг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Гийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан...ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж байна.