2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/03429

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 23

191/ШШ2025/03429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, Ц овогт С-ийн А******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, *******, од оршин суух, А овогт Д-ийн А /РД: /-д холбогдох,

Хохиролд 92 247 784 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч Д.А,

Иргэдийн төлөөлөгч Н.Б, Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.А*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014.04.04-ний өдөр С.А*******гийн байрыг хариуцагч нь А ББСБ ХХК-ийн барьцаанд тавиулж зээл авхуулсан. Ингэхдээ 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр авч хоорондоо тохиролцоод , , хаягт байрлах 1 өрөө, 18 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьсан. Хариуцагч Д.А нь тухайн үед зээлийг би төлнө, чи байраа барьцаанд тавьчих гэж хоорондоо тохиролцсон байдаг. Гэтэл төлбөр төлөхгүй явсаар байгаад А ББСБ ХХК нь шүүхэд 66 202 600 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байдаг. Нийт энэ нь 22 648 336 төгрөг шүүхийн шийдвэр гарахаас өмнө нэхэмжлэгч төлсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 60 000 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 457 650 төгрөгийг нэхэмжлэгч төлж шилжүүлсэн. Хариуцагч үүнийг би төлнө гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тайлбарыг өгсөн боловч төлөхгүй явсаар, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тухайн орон сууцыг дуудлага худалдаанд оруулах гэсэн боловч байрныхаа нэрийг шилжүүлчих буцаагаад энэ байрыг чинь худалдаад аваад өгье гэсэн байдлаар хариуцагч Д.А санал болгосон. Үүний дагуу нэхэмжлэгч нь А ББСБ ХХК-д байрны нэрээ шилжүүлж өгсөн байдаг. 60 457 950 төгрөгөөр тооцож авсан байдаг. Тухайн үед 2002 оны Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ажиллагаа хийхэд урамшууллын төлбөр төлдөг байсан. Түүний дагуу 60 457 950 төгрөгийн урамшуулалд 3 106 500 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад С.А******* нь төлсөн, хэрэгт нотлох баримт байна. Өнөөдрийн байдлаар тухайн үед нэр шилжүүлсэн орон сууцтай дүйцэхүйц хэмжээний хэмжээтэй, байршил бүхий байр 100 000 000 гаран төгрөг болсон байгаа. Тухайн үед энэ мөнгийг авч ашигласан хүн нь Д.А юм. Төлнө гэдгээ илэрхийлдэг байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаад удаа дараа холбогдоход удахгүй миний ажил бүтнэ, санаа зовсны хэрэггүй, байрны мөнгийг дээрээс нэмээд өгнө гэж хэлдэг байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Тиймээс баримтаар нотлогдож байгаа хохиролд Иргэний хуульд зааснаар хохирлоо буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй учир 92 247 784 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч нь 40 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, шүүхийн маргааны үед байрыг шилжүүлбэл дараа нь байр аваад өгье гэж хэлж байсан учраас нэхэмжлэгч түүнд нь итгээд байраа өгсөн байсан. Тухайн үедээ талууд мөнгө авч, хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэрээр зээл авч ашиглаад хариуцлагыг нь би өөрөө хүлээнэ гээд аман гэрээ хийсэн. Гэтэл нэхэмжлэгч С.А*******гийн хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдсан. Үүнд нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар санал гомдол гаргаагүй, гэтэл үүнээс хойш төлбөрөө төлөхгүй нэхэмжлэгчийг хохироогоод байна. С.А******* 100 000 000 төгрөг авна гэдэг зүйл яригдаагүй, харин хариуцагч 100 000 000 төгрөг гэж ярьсан юм шиг байна, ашиг олбол тодорхой хэмжээний хувь өгье эхний ээлжинд хөрөнгө оруулаад өг гэж хэлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс, хариуцагч нь зээл авч ашигласнаас үүссэн хохирол нь хариуцагчаас шалтгаалж гарсан хохирол гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн мөнгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д.Ааас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд С.А******* бид нар бизнес хийе, үүнд хувь оруулаад ашиг хүртье гэдэг байдлаар анх хамтран ажилласан. Тэгээд 2 жил хамт ажилласан. Тухайн үед би хувиараа алтны уурхай ажиллуулдаг байсан. С.А*******гийн байрыг 40 000 000 төгрөгийн зээлд барьцаанд тавиад зээл аваад ашгаа 100 000 000 төгрөг болгож ашиг олно гэсэн аман тохиролцоо хийж С.А******* зөвшөөрсөн. Намайг хамтран зээлдэгчээр оруулсан. Үүнээс хойш миний биеийн эрүүл мэндийн байдал муудаж, би үйл ажиллагаа явуулж чадахгүй болоод энэ зээл төлөгдөхгүй удсан. Миний зүгээс хариуцлагаас зугтсан зүйл байхгүй, С.Алтантуяатай байнга л харилцаатай байсан. Би С.Алтантуяаг мөнгө нэхэх бүрт нь бэлэн болон бэлэн бусаар төлдөг байсан. Уурхай дээр ажиллаж байгаад А ББСБ ХХК-ийн хүү төлнө гэж надад хэлэхэд би 1 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг зэргээр хүү гээд бэлнээр төлж байсан. Өгч, авсан мөнгөө тэмдэглээгүй учраас баримтгүй байна. Ер нь бол 2018.04.03-наас 2018.09.11-ний хооронд би ХААН банк болон Хны дансуудад С.А*******гийн төл гээд хэлсний дагуу олон удаа хэлсэн данс руу нь мөнгө шилжүүлдэг. Би 30 000 000-40 000 000 төгрөг төлчихсөн гэж бодож байна. Баримттай байгаа төлсөн мөнгөнүүд бол А ББСБ ХХК-ийн захирал гэх Бат-Эрдэнийн дансанд 4 700 000 төгрөг шилжүүлсэн, энэ нь мөн гээд баримттай болсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 3 340 000 төгрөг төлсөн, нэхэмжлэгчийн хувийн данс руу 9 935 000 төгрөг нийт баримттайгаар 17 975 000 төгрөг шилжүүлсэн байгаа. Би одоо нэхэмжлэлийн шаардлагаас 45 000 000 төгрөгийг С.Алтантуяа өөрийнхөө байрыг алдаж хохирсон гэж үзэж хохиролд төлөх байр суурьтай байгаа. Үүнээс бусад шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А*******гаас авсан зээлийн 40 000 000 төгрөг бол тухайн үедээ шатахуун түлшинд л зарцуулагдсан, би өөрөө газар, техник, ажлын хөлс, ажилчдын цалин зэрэг зардлыг нь төлсөн. Тиймээс би одоо 45 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Б, Т.О нараас гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Д.А нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 92 247 784 төгрөгөөс зээлийн гэрээний хамтрагч гэдэг утгаар зээлийг хуваан төлөх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн төлбөр болон зээлийн төлбөрт өгсөн баримттай төлбөрөө хасуулан үлдэх төлбөр мөнгийг бүрэн барагдуулах ёстой гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.05-ны өдрийн 120 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2017.08.11-ний өдрийн 10680 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж А ББСБ ХХК, С.А******* нарын хооронд байгуулсан 2017.09.15-ны өдрийн 29 тоот С овогтой А*******тай хийх хэлцэл, А ББСБ ХХК-ийн мөн өдрийн 30 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 201.09.18-ны өдрийн 1/22594 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичиг, Д.А-аас шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлт, 2017.08.09-ний өдрийн 17251051 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэх байгууллага болон А ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан 2017.08.29-ний өдрийн 17/8130 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ, 2017.09.19-ний өдрийн 17/754 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, С.А*******гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай,18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны гэрчилгээ, А ББСБ ХХК болон С.А*******, Д.А нарын байгуулсан 2014.04.04-ний өдрийн ЗГ000000003 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл төлөлтийн график, С.А*******гийн Голомт банк дахь  тоот дансны хуулга, ХААН банкны 3 106 500 төгрөгийн дүн бүхий мөнгөн шилжүүлэг, А ББСБ ХХК-ийн 2014.12.31-ний өдрийн 12 400 000 төгрөгийн, 2015.12.31-ний өдрийн 4 670 000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгөний орлогын баримтууд /1 хх-ийн 4-33, 40/ зэргийг,

5.Хариуцагчаас нотлох баримтаар, ХААН банк дахь Д.Аын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, мөнгө шилжүүлсэн тухай тооцоолол /1 хх-ийн 66-72, 74-140/ зэргийг тус тус гаргасан.

6. Тус шүүхийн 2024.12.02-ны өдрийн 377 дугаар тогтоолын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.12.18-ны өдрийн 9/16198 тоот албан бичгээр ирүүлсэн А ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, ТЗ101/340 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /1 хх-ийн 169-185/,

ХААН банк ХК-ийн 2024.12.25-ны өдрийн 29/14592 тоот албан бичгээр ирүүлсэн тус банк дахь Б.Б-ийн эзэмшлийн  тоот дансны дэлгэрэнгүй хуулга / 1 хх-ийн 186-188/,

Х ХК-ийн 2024.12.19-ний өдрийн 6/14641 тоот албан бичгээр ирүүлсэн тус банк дахь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  тоот дансны хуулга /1хх-ийн 189-250, 2 хх-ийн 1-2/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.01.27-ны өдрийн 04-142/2587 албан бичгээр ирүүлсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.05-ны өдрийн 120 дугаартай Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 2017.08.11-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 01010 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, 2017.08.29-ний өдрийн 17251051 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 17/8130 тоот Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, Арижихкапитал ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компани болон С.А*******, Д.А нарын хооронд байгуулсан 2014.04.04-ний өдрийн БГ000000003 тоот Барьцааны гэрээ, барьцаалбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, Д.Аын бичсэн Баталгаа, Д.Ааас 2017.09.09-нд 450 000 төгрөг, 2017.09.09-нд 150 000 төгрөг, 2017.09.15-нд 2 200 000 төгрөг урамшуулалд төлсөн гэх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын санхүүгийн тэмдэг бүхий тодорхойлолтууд, 2017.09.15-ны өдрийн С.А*******гаас шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлт, 2017.09.15-ны өдрийн А ББСБ ХХК-иас шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, орон сууцны гэрчилгээ, 2017.09.19-ний өдрийн 17/754 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, А ББСБ ХХК, С.А******* нарын хооронд байгуулсан 2017.09.15-ны өдрийн 29 тоот С овогтой А*******тай хийх хэлцэл, Урамшуулалд тодорхойлох тухай тооцооны хуудас, 2017.09.29-ний өдрийн Д.А, С.А******* нараас шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн 540 000 төгрөг, 90 000 төгрөгийн дүн бүхий тодорхойлолтууд, 2017.10.02-ны өдрийн 630 000 төгрөг буцаан шилжүүлж авах тухай С.А*******гийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлт, мөн өдрийн 630 000 төгрөгийг С.А*******гийн эзэмшлийн ХААН банк дахь  тоот дансанд шилжүүлсэн тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан санхүүгийн баримт /2 хх-ийн 4-39/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.04.16-ны өдрийн 5/533 тоот албан бичгээр ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөл шилжиж бүртгэгдсэн талаарх хувийн хэргийн баримтууд / 2 хх-ийн 65- 86/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох бармитууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А******* нь хариуцагч Д.Ад холбогдуулан, гэм хорын хохиролд нийт 92 247 784 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.Ааас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөх үндэслэлгүй гэж эс зөвшөөрөн маргасан байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлөхөөр зөвшөөрсөн 45 000 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч С.А******* нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч Д.Аын хүсэлтээр өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан А ББСБ ХХК-иас 2014-нд 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр аваад зээлийн мөнгийг бүгдийг нь авч хэрэглэсэн. Д.А зээлийн төлөхгүй байсан тул банк бус санхүүгийн байгууллага зээлийн гэрээний үүрэгт 66 202 600 төгрөг нэхэмжилснээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.05-ны өдрийн 120 дугаартай захирамжаар шийдвэрлэж 60 000 000 төгрөг төлөхөөр шийдсэн, гэвч төлбөрийг Д.А төлөөгүй бөгөөд чи байрны нэрээ шилжүүлчих, би байрыг чинь худалдаад авч өгнө, хохирлыг төлнө гэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр авагчид орон сууцаа шүүхийн шийдвэрээр төлөх 60 457 950 төгрөгт тооцон шилжүүлж хохирсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардалд 3 106 500 төгрөгийг төлж хохирсон, зээл, зээлийн хүүд 22 648 336 төгрөгийг төлж хохирсон тул нийт гэм хорын хохиролд 92 247 784 төгрөгийг буруутай этгээд болох хариуцагч төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцэв.

 

2. Хариуцагч Д.Ааас дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзсан үндэслэлээ, миний бие хувиараа алтны уурхай ажиллуулдаг байсан бөгөөд 2014 онд С.А******* бид нар хамт бизнес хийхээр тохирч би өөрийн тоног төхөөрөмжөөр алтны уурхай ажиллуулах, А******* барьцаанд өөрийн орон сууцаа барьцаалж 40 000 000 төгрөгийн зээл авч хөрөнгө оруулалт хийхээр болоод хамт ажиллаж 100 000 000 төгрөгийн ашиг олох, ашгаа хуваахаар 2 жил ажилласан боловч үр дүнд хүрээгүй. Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлж чадахгүй удсан. Миний зүгээс 2015-2016 оны үед уурхай дээрээс С.А*******г мөнгө төл гээд шаардах бүрт нь байнга мөнгө өгч байсан, баримтгүйгээр 13 000 000-15 000 000 орчим төгрөг өгсөн, шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед 4 700 000 төгрөгийг А ББСБ ХХК-ийн захирал Бат-Эрдэнийн дансанд төлсөн, шийдвэр гүйцэтгэх газарт 3 340 000 төгрөг төлсөн, С.А*******гийн дансанд 9 935 000 төгрөг төлсөн, эдгээр нь 17 975 000 төгрөг болсон бөгөөд бүгд баримттай байхад үүнийг хасч тооцохгүй байгаа нь үндэслэлгүй, би бүх мөнгийг С.А*******гийн хэлсэн дансад шилжүүлдэг, бэлнээр авна гэхээр нь өгчихдөг байсан. Гэвч би одоо 45 000 000 төгрөгийг хохиролд төлнө, бусад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1.Нэхэмжлэгч С.А*******, хариуцагч Д.А нар хариуцагчийн ажиллуулж байсан алтны уурхайд хамтран ажиллаж, нэхэмжлэгч С.А******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас 40 000 000 төгрөгийн зээл авч хөрөнгө оруулах, хариуцагч Д.А нь өөрийн тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагааг явуулж, авсан зээлийг 100 000 000 төгрөг болгон өсгөж ашиг олон хувааж авахаар амаар харилцан тохиролцсон байна.

Үүний дагуу талууд 2014.04.04-ний өдөр А ББСБ ХХК-иас 6 сарын хугацаатай сард 3,5 хувийн хүүтэйгээр 40 000 000 төгрөгийг зээлсэн байх ба зээлийн барьцаанд С.А*******гийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь 2014.04.04-ний өдрийн ЗГ000000003 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл төлөлтийн график, С.А*******гийн Голомт банк дахь  тоот дансны хуулга зэргээр нотлогдсон.

Дээр дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1., 477.2.-т зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн хэлбэрээр, хариуцагч нь үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хамтран ажиллах гэрээний хураамжийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3.2.Зохигчид болон А ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан 2014.04.04-ний өдөр ЗГ000000003 тоот Зээлийн гэрээ-ний үүргийг биелүүлээгүйгээс тус компани нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээний талууд болох зээлдүүлэгч нь 6 222 600 төгрөгийг шаардлагаас татгалзаж, зээлдэгч нар 60 000 000 төгрөгийг, төлбөрийг барагдуулалгүй шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн зардал, урамшууллын төлбөрийг тус тус А ББСБ ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.05-ны өдрийн 120 дугаартай Зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нотлогдсон бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

3.3.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас А ББСБ ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж, 2017.08.09-ний өдрийн 17251051 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол-р шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байх ба энэ ажиллагааны явцад барьцааны зүйл болох нэхэмжлэгч С.А*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг нийт төлбөрийн дүнд тооцон төлбөр авагч А ББСБ ХХК шилжүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

Энэ үйл баримт нь 2017.09.15-ны өдрийн 17/754 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол болон шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан баримтуудаар нотлогдсон.

 

3.4.Хэрэгт авагдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.04.16-ны өдрийн 5/533 тоот албан бичгээр ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, тоот, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөл шилжиж бүртгэгдсэн талаарх хувийн хэргийн баримтуудаар дээрх орон сууц нь С.А*******гийн өмчлөлөөс 2017.10.06-ны өдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн А ББСБХХК-ийн өмчлөлд, 2021.08.17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу А ББСБХХК-ийн өмчлөлөөс иргэн Ч.Нарантуяагийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.

 

3.5. Нэхэмжлэгч С.А*******гаас 2014.12.30-наас 2017.01.01-ний өдрийн хооронд 17 070 000 төгрөгийг А ББСБ ХХК-д төлсөн, 2017.03.06-нд 3 106 500 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

хариуцагч Д.Ааас 2017.09.08-наас 2017.09.24-ний өдрийн хооронд 3 540 000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Х ХК дахь  дугаартай дансанд,

ХААН банк ХК дахь Б.Б-ийн эзэмшлийн дугаартай дансанд 2018.04.03-наас 2018.09.11-ний өдрийг хүртэл хугацаанд 4 700 000 төгрөгийг,

нэхэмжлэгч С.А*******гийн эзэмшлийн ХААН банк ХК дахь  дугаартай дансанд 9 935 000 төгрөгийг,

С.А*******гаас 2015.11.23-наас 2016.06.26-ны өдрийн хооронд 5 174 999 төгрөгийг А*******гаас орлого 88101715, А... гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан С.А*******гийн Голомт банк ХК дахь  тоот дансны хуулга, ХААН банк ХК-ийн 3 106 500 төгрөгийн дүн бүхий мөнгөн шилжүүлэг, А ББСБ ХХК-ийн 2014.12.31-ний өдрийн 12 400 000 төгрөгийн, 2015.12.31-ний өдрийн 4 670 000 төгрөгийн дүн бүхий бэлэн мөнгөний орлогын баримтууд, ХААН банк ХК дахь Д.Аын эзэмшлийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд зэргээр нотлогдсон.

 

4.Зохигчдын тайлбараас үзэхэд, талууд банк бус санхүүгийн байгууллагаас 40 000 000 төгрөгийн зээл авч хариуцагчийн ажиллуулж байсан гэх уурхайд алт олборлож борлуулснаар зээлийн 40 000 000 төгрөгийг 100 000 000 төгрөг болгон өсгөж ашиг олох, ашгийг хуваан авахаар амаар тохиролцохдоо ямар нэгэн хугацаа тодорхойлоогүй байх бөгөөд тэрээр хамтын үйл ажиллагаа нь амжилтгүй болж зорилгодоо хүрээгүй байна.

Улмаар А ББСБ ХХК-ийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөнөөс шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөг төлөх үүрэг үүсч, хамтран ажиллах гэрээний талууд алдагдалтай байсан болох нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

5.Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.-д Хамтран ажиллах гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно... гэж, 480.1.4.-д хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон... гэж заасны дагуу талуудын хамтын ажиллагаа анх хэлэлцэн тохиролцсоны дагуу амжилттай хэрэгжээгүй бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.01.05-ны өдрийн 120 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар зохигчид А ББСБ ХХК-д төлбөрт 60 457 950 төгрөгийг төлөх үүрэг үүссэнээр талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11.-д зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах үүрэгтэй.

 

6.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэнэ гэж, 242.11.-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлэх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж, 242.12.-т Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг хүлээгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрээр ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.А*******, хариуцагч Д.А нар нь шүүхийн шийдвэрт зааснаар төлөх төлбөрт 60 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад гарсан урамшууллын зардалд 3 106 500 төгрөг, нийт 63 564 450 төгрөгийн үүргийг хувааж, шүүхийн шийдвэрийн дагуу тус бүр 31 782 225 төгрөгийг хариуцах үүрэгтэй гэж үзнэ.

 

7.Хэрэгт авагдсан, А ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ХААН банк ХК-ийн 2024.12.25-ны өдрийн 29/14592 тоот албан бичгээр ирүүлсэн тус банк дахь Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн  тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр А ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг болох Б.Бат-Эрдэнийн эзэмшлийн 5163148264 дугаартай дансанд 2018.04.03-наас 2018.09.11-ний өдрийг хүртэл хугацаанд 4 700 000 төгрөгийг хариуцагч Д.Ааас шилжүүлсэн байх боловч уг төлбөрийг А ББСБ ХХК-ийн зээлийн төлбөрт болон нэхэмжлэгч С.А*******д төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч Д.Ааас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болохоос өмнө төлсөн буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 3 540 000 төгрөг, нэхэмжлэгч С.А*******гийн дансанд 2016.06.05-наас 2016.11.07-ны өдрийн хооронд төлсөн 2 585 000 төгрөг, 2017.06.17-ноос 2017.09.29-нийг хүртэл хугацаанд төлсөн 2 800 000 төгрөг зэрэг нь зээлийн гэрээний үүрэгт болон шүүхийн шийдвэрийн дагуух үүргийн хүрээнд төлөгдсөн байна.

Мөн хариуцагч Д.А шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан урамшууллын зардлыг төлсөн гэж тайлбарлаж байх боловч ХААН банк ХХК-ийн 2017.03.06-ны өдрийн мөнгөн шилжүүлэг болон нэхэмжлэгч талын тайлбараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2017.08.29-ний өдрийн 17/8130 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ-ний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд нэхэмжлэгч С.А*******гаас 3 106 500 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн байна.

 

8.Харин хариуцагчаас нэхэмжлэгч С.А*******гийн дансанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсноос хойш буюу 2017.10.25-наас 2017.12.21-нийг хүртэл хугацаанд 1 645 000 төгрөг, 2018.01.02-ноос 2019.12.20-ныг хүртэл хугацаанд 2 600 000 төгрөг, 2020.01.16-наас 2020.12.25-ныг хүртэл хугацаанд 375 000 төгрөг, 2021.08.29-нөөс 2021.11.14-нийг хүртэл хугацаанд 330 000 төгрөг, нийт 4 950 000 төгрөг төлөгдсөн байх ба энэ төлбөрийг хариуцагч Д.Аын хариуцан төлөх ёстой төлбөр болох 31 782 225 төгрөгөөс хасч тооцоход 26 832 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

9.Нэхэмжлэгч С.А******* нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт өөрийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлж хохирсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 3 106 500 төгрөг төлсөн, зээл, зээлийн хүүд 22 648 336 төгрөг зэргийг тус тус хариуцагчийн хууль бус буруутай үйлдлийн улмаас төлж нийт 92 247 784 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэж үзэн нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхбуюу учирсан хохирлын мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар гэм буруутай этгээдийн хууль бус, эрх зөрчсөн үйлдэл, эрхийн зөрчил бий болсныг тогтоосон байх, уг үйлдэл нь бодитоор учирсан хохиролтой уялдаатай буюу шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

 

10.Талууд хамтран ажиллах гэрээний дагуу хамтын ажиллагаа хэрэгжээгүйтэй холбоотойгоор бусдын өмнө хүлээсэн зээлийн үүрэг зөрчигдөж, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргийг биелүүлэхдээ барьцааны зүйл болох орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлсэн байна.

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.А******* нь шүүхийн шийдвэрт заасан төлбөр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардалд нийт 63 564 450 төгрөгийн төлбөрийн дийлэнх хэсгийг буюу дээр дурдсан хариуцагч Д.Аын хариуцан төлөх хэсгийн хамт өөрийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлж өр төлбөрийг барагдуулснаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар С.А*******д эд хөрөнгийн хохирол учирсан байна.

Нэхэмжлэгч С.А*******д учирсан эд хөрөнгийн хохирол нь хариуцагч Д.Аын Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2.-т заасан шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

11.Иймд хариуцагч Д.А нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Үүний дагуу гэм хорын хохиролд хариуцагч Д.А нь 26 832 000 төгрөг төлөх үүрэгтэй байх боловч тэрээр 45 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул талуудын зарчмыг харгалзан үзэж түүний зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас хангах үндэслэлтэй байна.

Энэ талаарх шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Б, Т.О нарын, хариуцагч Д.А нь зээлийг хуваан төлөх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн төлбөр болон зээлийн төлбөрт өгсөн баримттай төлбөрийг хасч үлдэх төлбөрийг хариуцах үүрэгтэй гэх дүгнэлтийг үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

12.Дээр дурдсан нөхцөл байдлууд, үндэслэлүүдээс дүгнэн хариуцагчаас 45 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 47 247 784 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 189 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 447 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Ааас 45 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 47 247 784 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 189 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 447 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3.-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.20-ны өдрийн 19947 дугаартай захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасны дагуу шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үйлчлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

 

ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

Т.ЭНХТУЯА