2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/03428

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 23

191/ШШ2025/03428

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух, У овогт М-гийн М******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, , нд байрлах, Ж, /РД:/-т холбогдох,

Ж, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын даргын 2024.11.12-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил болох Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Ч.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.М*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.М******* нь 2021.01.08-ны өдөр Нийслэлийн Ж, үйлчилгээг дэмжих төвийн Сургалт хариуцсан мэргэжилтнээр анх ажилд орсон. Ингээд 2021.07.09-ний өдөр тухайн төвийн Төсөл хөтөлбөр, инновацын хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн. Энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг авч үзвэл, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулах, төслийн нэгжтэй хамтран ажиллах, хэрэгжилтийг тайлагнах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, хэлтсийн үйл ажиллагааг удирдаж, мэргэжил арга зүйгээр хангах гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Нэхэмжлэгч нь ажилд орсон, хэлтсийн даргаар томилогдсон хугацаанаасаа хойш тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлж байсан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээсэн зүйл байдаггүй. Нийслэлийн Жлэл, үйлчилгээг дэмжих төвийн даргаар Х.О нь 2024 оны 01 дүгээр сард томилогдсоноос хойш өөрийн багаа бүрдүүлэх зорилгоор албан болон албан бус байдлаар нэхэмжлэгчид ажлаас гарах талаар шахалт дарамтыг удаа дараа үзүүлж байсан.

Гэвч нэхэмжлэгч тухайн үед маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан учраас энэхүү ажлын үр дүнд хүргэхийн тулд тухайн шахалт, дарамтыг үл тоон ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. Гэтэл 2024.11.13-ны өдөр нэхэмжлэгчийг ажилдаа очих үед нь түүнийг ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан гээд 2024.11.12-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг танилцуулсан байдаг.

Энэхүү тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 79.3.-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцалсан, энэ хуулийн 79.2.-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдах хугацааг ажилтан, ажил олгогчтой тохиролцсон гэсэн үндэслэл заасан байдаг.

Гэвч бодит байдалд нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн ажлаасаа гарах талаар өргөдөл, хүсэлтийг ажил олгогчид гаргасан зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах харилцааг зохицуулсан бөгөөд 79.2.-т зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаа өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй гэсэн. Мөн Нийслэлийн Жлэл, үйлчилгээг дэмжих төвийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.2 дахь хэсэгт энэ харилцааг зохицуулсан байдаг.

Тус заалтад ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд энэ талаарх өргөдлөө ажил олгогчид өгснөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй гэж заасан. Үүнээс харвал, нэхэмжлэгчийн зүгээс ажлаас гарах санаа зорилго байгаагүй, энэ талаар хүсэлт өргөдлөө ажил олгогчид уламжилж байгаагүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн ажил, хөдөлмөр чөлөөтэй эрхлэх эрхийг зөрчсөн үйл явдал болсон.

Хариуцагч талын тайлбарлаад байгаа нэхэмжлэгч ажилдаа ирдэггүй, ажлаа тасалдаг гэх нөхцөл байдлыг тодруулж хэлэхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Х, Х.О нар нь тухайн ажилтны цалинг олгохдоо ажлын гүйцэтгэлийг үндэслэж олгодог гэсэн. Өөрөөр хэлбэл, ажлын гүйцэтгэл нь ажлаа хийж гүйцэтгэсэн байдал, ажлын цагтаа ажлаа хийж байсан нөхцөл байдлыг ойлгодог. Нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэл дээр үндэслээд цалинг нь олгож байгаа юм бол нэхэмжлэгч 95 хувиас дээш хувьтай гүйцэтгэдэг, цалингаа бүрэн авдаг нөхцөл байдал харагдаад байгаа юм. Тийм учраас хариуцагч талын нэхэмжлэгч ажилдаа хойрго ханддаг, ажилдаа ирдэггүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн тушаалын үндэслэл хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М.М*******ыг урьд эрхэлж байсан урьд эрхэлж байсан ажил болох Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулж, 2024.11.12-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Жлэл, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ гэсэн статустай, төсөл хөтөлбөр, жлэлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг чиг үүрэгтэй байгууллага байгаа. Энэ байгууллагын үйл ажиллагааны дүрмийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баталж, үүний дагуу Нийслэлийн Засаг дарга үйлдвэрийн газрын даргыг томилдог. Байгууллагын дотоод журмыг тухайн байгууллага батлаад явуулж байгаа. Хөдөлмөрийн дотоод журмыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын цаг, ажлын сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг тухайлан зохицуулаад явж байгаа байгууллага юм.

2021.07.08-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 545 дугаар захирамжаар 4 хэлтэстэй байхаар бүтцийг нь тогтоож баталсан. Үүний дагуу Төсөл хөтөлбөр, инновацын хэлтсийн даргаар М.М******* томилогдсон байдаг. Ийнхүү түүнийг ажиллаж байхад Х.О дарга томилогдон ирж өөрийн багийг ямар нэгэн байдлаар бүрдүүлэх зорилгоор нэхэмжлэгчид шахалт дарамт үзүүлсэн гэдэг нь нотлогдохгүй буюу хэрэгт энэ талаар баримт байхгүй.

Мөн нэхэмжлэгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх талаар хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй, ажлаасаа чөлөөлөгдөх санаа зорилго байгаагүй талаар нэхэмжлэгч тал хэлж байна. Энэ талаар гэрч тухайн үед газрын даргаар ажиллаж байсан Х.О, ерөнхий менежер Д.Х нар маш тодорхой тайлбар мэдүүлэг өгсөн. Гэрч нар тушаал гарсан үндэслэл, шалтгааны талаар тухайн үед ажиллаж байсан дарга, тушаалын төсөл боловсруулсан ажилтан нар гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг.

Энэхүү маргаан бүхий тушаал гарах болсон үндэслэл нь хууль зүйн хувьд алдаатай шийдвэр гарсан ч энэ тушаал гарах Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1.-т заасныг барьж буюу ажилтны санаачилгын дагуу гарсан тушаал гэж үзэж байгаа.

Ажилтан ажлаас чөлөөлөгдөх тухайгаа хэд хэдэн удаа санаачилсан, илэрхийлсэн байдаг юм байна лээ. өргөдлөө өгөх, боломж олгох, сонгуулийн дараа ажлаа өгнө гэх байдлаар хувь хүнийхээ зүгээс амаар илэрхийлсэн байдаг.

Хэргийн материалд нэхэмжлэгчийн ажлын цаг бүртгэлтэй холбоотой баримтыг хавсаргасан байгаа. Хэдийгээр маргаан бүхий тушаалын үндэслэлд хамаарахгүй ч нэхэмжлэгч нь 6 дугаар сарын хугацаанд цагийн бүртгэлээ дутуу бүртгүүлсэн, ажлаа таслах, ажилдаа хоцрох зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйн хувьд шаардлага хангадаггүй гэх мэт нөхцөл байдалтай байгаа. Нэхэмжлэгч нь ажлаа өглөө гээд өөрөө алга болсон байдаг. Маргаан бүхий тушаал яагаад гарах болсон бэ гэхээр тухайн үед удирдлагаар ажиллаж байсан Х.О нэхэмжлэгч залуу хүн учраас түүний цаашдын нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ тушаалыг гаргасан гэж хэлдэг. Гэрч нар мэдүүлэгтээ алдаа хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна гэж ойлгосон.

Нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох буюу чөлөөлөгдөх хүсэлтээ тухайн үед ажиллаж байсан дарга, менежер нарт аман хэлбэрээр нэгээс дээш удаа илэрхийлж байсан гэдгийг мэдүүлсэн гэрч нарын мэдүүлсэн. Тийм учраас тус тушаалд ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийг цуцлах хууль зүйн үндэслэлийг баримталсан нь тушаал үндэслэлтэй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн лавлагаа, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Нийслэлийн Ж, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ыг даргын 2024.11.12-ны өдрийн Б/28 тоот М.М*******ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал, ажил олгогч болон М.М******* нарын хооронд байгуулсан 2021.07.09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, төрийн мэдээллийн сангаас гаргасан М.М*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, 2023.10.18-ны өдрийн 24/77 дугаартай Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх-ийн 5-19 / зэргийг,

 

4. Хариуцагч талаас нотлох баримтаар, регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл, М.М*******ын цагийн бүртгэлийн түүвэр, Ээлжийн амралтын хуудас, Ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр / хх-ийн 24, 32, 34-41, 65-66/, Нийслэлийн Засаг даргын 2025.01.047-ны өдрийн Б/02 тоот Д.Ундармааг албан тушаалд томилох тухай тушаал, Тэсэл хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт зэргийг,

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр, шүүгчийн 2025.02.19-ний өдрийн 8823 дугаар захирамжийн дагуу М.М*******ын цалингийн картын тодорхойлолт /хх-ийн 67/,

Шүүгчийн 2025.04.11-ний өдрийн 16061 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Ж, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ыг даргын 2022.06.20-ны өдрийн А/27 тоот тушаалаар батлагдсан Байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021.02.09-ний өдрийн 13 тоот тогтоолоор баталсан Ж, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дүрэм зэрэг шүүхийн журмаар бүрдүүлж, шүүхэд мэдүүлсэн гэрч Х.О, Д.Х нарын мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.М******* хариуцагч байгууллагад холбогдуулан ажил олгогчийн 2024.11.12-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч байгууллага нь уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдоос гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын ажилдаа эгүүлэн тогтоолгох, түүнтэй холбоотой шаардлагуудыг хангаж, ажил олгогчийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргаар 2021.07.09-нд томилогдон ажилласнаас хойш ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, дарга Х.Оаас албан болон албан бус байдлаар шахалт үзүүлж ажлаа өгөхийг шаардаж байсныг үл тоон өөрийн үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэж байсан, 2024.11.13-нд ажилдаа очиход намайг ажлаас чөлөөлсөн Б/28 тоот тушаалыг танилцуулсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 79.2.-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачлан цуцалсан, 79.2.-т заасан хугацаанаас өмнө ажилтан, ажил олгогчтой тохиролцон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж заасан. Гэвч миний бие өөрийн хөө хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгч байгаагүй байхад миний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтой зөрчин ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж тайлбарлан мэтгэлцсэн.

 

2.Дээрх нэхэмжлэлийг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ, ажилтан М.М******* нь 2024 оны 04 дүгээр сард газрын дарга Х.Од би ажлаа өгнө гэж, 9, 10 дугаар сард ерөнхий менежер Д.Хт Сонгуулийн дараа ажлаа өгнө гэж хэлж байсан, сүүлийн 6 сарын хугацаанд ажилдаа ирэхгүй болох, байнга ажилдаа хоцорч ирэх зэрэг үйлдэл гаргахад нь хэлэхэд дараагийн ажлын асуудлаар явж байна гэх мэтээр хэлдэг байсан атлаа надтай тохиролцоогүй ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэл гаргасан ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна, нэхэмжлэгч өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж байсан нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, иймд газрын даргын Б/28 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргасан.

 

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

3.1.Нэхэмжлэгч М.М******* нь 2021.01.08-ны өдрөөс эхлэн Жийг дэмжих төв-д сургалт хариуцсан мэргэжилтнээр, 2021.07.08-ны өдрөөс Ж, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Төсөл, хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2024.11.12-ны өдрөөр тасалбар болгон ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Энэ үйл баримт нь талуудын хооронд байгуулсан ажил олгогч болон М.М******* нарын хооронд байгуулсан 2024.12.16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, төрийн мэдээллийн сангаас гаргасан М.М*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, хариуцагч байгууллагын даргын 2024.11.1-ны өдрийн Б/28 тоот тушаал, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

3.2. Нийслэлийн Жийг дэмжих төв нь Ж, гэсэн нэртэй болж өөрчлөгдсөн болох нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021.02.09-ний өдрийн 13 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралтаар батлагдсан Ж, үйлчилгээг дэмжих төв Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм зэргээр нотлогдсон.

 

3.3. Нэхэмжлэгч М.М*******ыг ажлаас чөлөөлсөн дээрх Б/28 тоот тушаалд ...Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн дарга М.М*******ын өөрийнх нь хүсэлтийн дагуу 2024.11.12-ны тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэсэн байх бөгөөд М.М*******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5., Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9., 79 дүгээр зүйлийн 79.1., 79.3., 83 дугаар зүйлийн 83.2., Ж үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дүрмийн 3.7.1, 3.7.4-т заасныг тус тус үндэслэсэн байна.

 

3.4. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан 2024.12.16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 1.1-д Ажлын байрны буюу албан тушаалын нэр: Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн дарга..., 1.4-т Ажлын байрны нөхцөл: Хэвийн, 1.6-д Хөдөлмөрийн гэрээний хугацаа: Хугацаагүй, 1.7-д Үндсэн цалин, нэмэгдэл: ТҮ-6 шатлал... гэж заан, талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9., 43 дугаар зүйлийн 43.2.2., 47 дугаар зүйлийн 47.1., 49 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг харилцан тохиролцож, М.М******* нь байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төслийн нэгжтэй хамтран ажиллах, хэрэгжилтийг тайлагнах, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, хэлтсийн үйл ажиллагааг удирдаж, мэргэжил, арга зүйгээр хангах ажил үүргийг хүлээн ажиллаж байсан байна.

 

3.5. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам буюу Ж, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын даргын 2022.06.20-ны өдрийн А/27 тоот тушаалаар батлагдсан Байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ-ний 4.3.1-д Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгож, 79-81 дүгээр зүйлд заасан үндэслэлээр цуцална гэж, 4.3.2-т Ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд энэ тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг уг хугацаанаас өмнө цуцалж болно гэж тус тус ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заажээ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4.1-д Хөдөлмөрийн гэрээг сунгах, цуцлахтай холбоотой санал хүсэлт гаргахдаа газрын Хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөх, ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд 30 хоногийн дотор хүсэлтээ бичгээр өгөх үүрэгтэй гэж, 4.2-т Гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн үндэслэн ажилтан, ажил олгогчийн санаачилгаар цуцална, 4.3-т ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болно гэж, 4.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-40.1.6.-д заасан үндэслэлүүдээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор, 4.5-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчил-д 9 үндэслэлийг талууд тохиролцон нарийвчлан тодорхойлж заасан байна.

 

3.6. Дээрх 2021.07.09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 1.6-д зааснаар уг гэрээ нь хугацаагүй байгуулагдсан бөгөөд 2021.07.02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдан, 2022.01.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор талууд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж зааснаар талууд харилцан тохиролцон дээрх Хөдөлмөрийн гэрээ-г үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хүчин төгөлдөр хэрэгжүүлж байсан байна.

 

4.Хөдөлмөрийн тухай 2021 оны хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9.-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргах эрхтэй бөгөөд 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож цуцлах эрхтэй.

Хэргийн баримтаас үзэхэд хаиуцагч байгууллагад Төсөл хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М.М******* нь ажил олгогчтой байгуулсан 2021.07.09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-г өөрийн санаачилгаар буюу өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр цуцлах тухай хүсэлтээ бичгээр гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай 2021 оны хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан тооцно гэж заасан болон түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 4.1, Байгууллагын дотоод хэм хэмжээ-ний 4.3.2-т заасан ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж дуусгавар болох үндэслэлийг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагч талын нэхэмжлэгч өөрөө ажлаа өгнө, сонгуулийн дараа ажлаа өгнө гэж амаар хэлж байсан гэх тайлбар, гэрч Х.О, Д.Х нарын ажилтан М.М******* 2024 оны 05, 09, 10 дугаар саруудад сонгуулийн дараа ажлаа өгнө гэж хэлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ амаар дахин дахин хэлж байсан гэсэн агуулга бүхий мэдүүлгүүд ажилтан М.М*******ыг сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлах хүсэлтээ илэрхийлж, хуульд заасны дагуу бичгээр гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

5.Хариуцагч талаас нэхэмжлэгч нь ажлаа таслах, ажилдаа хоцорч ирэх, удирдлагад ажлаа танилцуулахгүй гадаад улс явах, төрийн албан хаагчийн ёс зүйн хувьд шаардлага хангадаггүй талаар тайлбарлаж байх боловч ажилтан М.М*******ын сахилгын зөрчил гаргасан талаар хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар шалгаж тогтоосон баримтгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4., 80.1.5.-д заасан ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүйн дээр М.М*******ыг ажлаас чөлөөлсөн газрын даргын Б/28 тоот тушаалд ч энэ үндэслэлийг заагаагүй байна.

 

6.Дээр дурдсанаас үзэхэд ажилтан М.М******* нь өөрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар хүсэл зоригоо илэрхийлэн хүсэлт гаргаагүй, нөгөө талаар түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх хууль зүйн боломжгүй тул ажил олгогчийн Б/28 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 80 дугаар зүйлийн 80.1.4.-т заасан ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалттай нийцэхгүй байна.

 

7.Иймд хариуцагч байгууллага нь ажилтан М.М*******ыг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж үзэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байх тул нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй.

8.Хэрэгт авагдсан М.М*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлснөөс тооцон 1 сарын дундаж цалин хөлсийг 2 201 963 төгрөгөөр тодорхойлж, ажилгүй байсан 2024.11.12-ноос 2025.04.23-ныг хүртэл ажлын 110 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 11 425 260 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

9.Нэхэмжлэгч М.М******* хариуцагч газрын даргын 2024.11.12-ний өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан боловч энэ нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагын үндэслэл бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул ажил олгогчийн уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй юм.

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны олговроос холбогдох шимтгэл, татвар, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон...тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... ажилтан шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2024.11.12-ны өдрийн Б/28 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1.-д заасны дагуу 2024.11.20-нд хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргасныг хянаж Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.12.16-ны өдрийн 24/77 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5.-д заасны дагуу Ажил олгогч талаас тохиролцох санал гаргасан боловч тохиролцох боломжгүй гэсэн тул М.М*******ын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгов гэж шийдвэрлэжээ.

Энэ нь нэхэмжлэгчээс хуульд заасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзэх бөгөөд дээрх Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024.12.16-ны өдрийн 24/77 дугаартай шийдвэрт, уг шийдвэрийг гомдол гаргагч М.М******* 2024.12.23-нд хүлээн авсан тухай тэмдэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8., 158 дугаар зүйлийн 158.2.2.-т заасны дагуу нэхэмжлэгчээс 2024.12.24-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчөөгүй байна.

 

12. Дээрх нөхцөл байдлуудаас, нэхэмжлэгч М.М*******ын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул түүнийг урьд эрхэлж байсан Ж, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Төсөл, хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргын ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж олгон, нэхэмжлэлээс ажил олгогчийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 197 480 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар нэхэмжлэгч М.М*******ыг Ж, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Төсөл, хөтөлбөр, инновацийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 425 260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс тус газрын даргын 2024.11.12-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/‑ийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар нэхэмжлэгчийн дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч М.М*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 197 480 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА