Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

И.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/134 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, яллагдагч И.Х-, С.Б- нарт холбогдох эрүүгийн 2313000920167 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Дорждэрэм, яллагдагч И.Х-, С.Б-, яллагдагчийн өмгөөлөгч С.Алтай, С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн ****суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, **** ажилтай, ам бүл ** хүнтэй, **** хамт Баян-Өлгий аймгийн **** багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт И-ийн Х-, /РД:**********/.

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, ****мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл ** хүнтэй, ***** хамт Баян-Өлгий аймгийн ***** багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Н овогт С.Б- /РД:БЛ88082910/.

 

3. Шүүгдэгч И.Х-, С.Б- нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Г-ын мод тээвэрлэн явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

4. Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн 128/а дугаар яллах дүгнэлтээр И.Х-, С.Б- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай   ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн  2024/ШЗ/134 дүгээр шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,  3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч И.Х-, С.Б- нарт холбогдох эрүүгийн 2313000920167 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр дараах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:  

5.1. Тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/297 дугаар “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид заасан ажиллагаа, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 224/ДШМ/09 дугаар магадлалд заасан ажиллагааг гүйцэтгэж ирүүлэх шаардлагатай байна.

 

6. Прокурорын эсэргүүцэлд:

6.1. Анхан шатны шүүхээс дээрх хэрэгт яллагдагч И.Х-, С.Б- болон тэдгээрийн өмгөөлөгч С.Нургайыпаас гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай 2023/ШЗ/384 дугаартай захирамж гаргасан.

Улмаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 2023/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буюу уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ДШМ/09 дугаартай магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

6.2. Гэтэл анхан шатны шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дахин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тус аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх хэргийг гомдлын дагуу хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/228 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд харин шүүгчийн 2023/ШЗ/384 дугаартай захирамжийг хүчингүй болгоогүй нь хүчин төгөлдөр юм. Өөрөөр хэлбэл шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/384 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллагдагч И.Х-, С.Б- нарыг шүүхэд шилжүүлчихсэн байхад дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа нь процессын зөрчил юм.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг зөрчиж байх тул шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж байна.

6.3. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь заалтад зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа болно.

6.4. Иймд шүүгчийн 2024/ШЗ/134 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

7. Яллагдагчийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүйд тооцохдоо захирамжид дурдсан зарим ажиллагаанууд хийгдээгүй цагаатгах, яллах талын нотлох баримтуудыг хамтад нь шалгах ёстой гэж дүгнэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцааж шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд болохыг дурдсан. Прокурорын эсэргүүцэлд дурдсан хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

8. Яллагдагчийн өмгөөлөгч С.Нургайыпын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаануудыг нэмж хийлгүүлэхээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан.

8.2. Прокуророос давж заалдах шатны шүүхээс гарсан шийдвэрийн биелэлтийг хангуулахаар нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамж нь хуульд нийцээгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болсон болохоос биш шүүгчийн захирамж хүчингүй болоогүй. Цагаатгах талын нотлох баримт цуглуулах үүргээ прокурор мөрдөн байцаалтын шатанд биелүүлээгүй гэж үзэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн. Цагаатгах талын нотлох баримт цуглуулах ажиллагаануудыг, гэрч асуух, тайлан мэдээг хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаахгүйгээр шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Урьд гэрчээр мэдүүлэг өгөөгүй хүнээс шүүхийн шатанд шинэчлэн гэрчийн мэдүүлэг авах боломжгүй. Цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулаагүй учраас давж заалдах шатны шүүхэд дурдсан нэмэлт ажиллагаануудыг хийх шаардлагатай тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг нэмэлт ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

9. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

 

10. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/297 дугаар “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид заасан ажиллагаа, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ДШМ/09 дугаар магадлалд заасан ажиллагааг гүйцэтгэж ирүүлэх шаардлагатай” гэж хэргийг прокурорт буцаасан бол үүнээс өмнө Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ДШМ/09 дугаар магадлалаар “...хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид тусгагдсан нөхцөл байдлын талаар мөрдөгч, прокуророос мөрдөн шалгаж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх боломжтой байсан, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчим алдагдах нөхцөл, шалтгаан болсон...” гэж тус тус дүгнэж, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байжээ.

 

11. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЗ/124 дугаар “Урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай” захирамж гаргаж,  2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн  2024/ШЗ/134 дүгээр шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэмээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,  3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч И.Х-, С.Б- нарт холбогдох эрүүгийн 2313000920167 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг гүйцэтгүүлэхээр гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно” гэж давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх хууль зүйн үндэслэлийг хуульчилсан бөгөөд хэдийгээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЗ/384 дүгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж хүчингүй болоогүй ч тус захирамжийг үндэслэн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж хүчингүй болгосон учраас;

мөн тус хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ДШМ/09 дугаар магадлалын үндэслэлд заасан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан буюу мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх заалтад тус тус заасан аль нэг үндэслэлд хамааралгүй учраас “яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учраас хэргийг хянан хэлэлцэх хугацааг нэг удаа хуульд зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулах байсан” гэсэн агуулгатай прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, 6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж хуульчилсан.

 

14. Энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, үүнтэй холбогдуулан шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх заалтад заасан “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” зэргийг шийдвэрлэх  мөрдөн шалгах ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан тодорхой хугацаагаар хойшлуулахтай холбоотой зохицуулалт юм.

Гэтэл Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ДШМ/09 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан гэх үндэслэлүүд нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх заалтад хамааралгүй үндэслэлүүд учраас И.Х- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр прокурорт буцаасан шүүхийн үйл ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг алдагдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

 15. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/134 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/134 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

            

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ