Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 375

 

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтлөн

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн, Б.Наранцэцэг нарыг оролцуулан

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь Н.Даваадорж гэх иргэний нэр болон “Санкон констракшн” ХХК-ны барилгын инженер О.Гансүхийн 99129196 дугаар, өөрийн нөхөр болох “Чанар Үзэмж” ХХК-ний захирал Б.Гансүхийн нэр, тус байгууллагын тамга тэмдгийг ашиглан,  ...Н.Даваадорж болон “Чанар Үзэмж” ХХК-ний захирал, Б.Гансүх нар нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 400.000.000 төгрөгийн вакум цонх, валконы хаалт, коридорын цонх хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож 3 дугаартай гэрээг байгуулсан мэтээр тамга, тэмдэг, гарын үсэг бүхий хуурамч гэрээ үйлдэж, тухайн хуурамч гэрээг зээл хүссэн баримтын хамт гарган өгч, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эко Девелопмент Монголиа” банк бус санхүүгийн байгууллагаас 160.000.000 төгрөгийн зээлийг гаргуулан авч, хуурамч баримт бичиг ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Зээл авахын тулд гэрээ хийсэн нь миний буруу. Би хийсэн гэрээгээ хэзээ хаана хийснээ мэдэхгүй байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Я.Ц мөрдөн байцаалтанд: Манай “Эко девелопмент Монголиа” ББСБ нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо СТЕЛЛА гэх нэртэй газрын 401 тоотод Банк бус санхүүгийн чиглэлийн үйл ажиллагааг 2013 оноос эхэлж явуулж байгаа юм. Миний бие компанийн захиралын тушаалын дагуу энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа юм. Манай компанид намайг ажилд орохоос өмнө нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас гарсан байсан Мижигдоржийн Ганзориг нь ажиллаж байх хугацаандаа иргэн Б.Гансүх, Б.Б, Б.Отгонболд нарын зээл хүссэн өргөдлийн дагуу зээлийн судалгааг хийж зээл олголтыг хийж олгосон байдаг.  Энэ байдлыг судлаад үзэхэд нягтлан бодогч Ганзориг нь зээл хүссэн материал баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж, зээл авахад шаардагдах зээлийн мэдээллийн сангаас зээлдэгч тус бүр дээр зээлтэй эсэх талаарх лавлагааг аваагүй, зээл хүссэн өргөдөл дээр 100.000.000 төгрөг гэсэн байхад түүнийг нягталж үзэлгүй, 100.000.000 төгрөг гэдгийг мэдсээр байж зээлийн түвшинг давуулж 160 сая төгрөг олгосон, иргэн Б.Гансүхээс зээл хүссэн өргөдөлд байгаа Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр  гудамжны 306 тоотод 556 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалан зээл гаргуулах талаар хүссэн боловч уг зээл хүссэн обьектыг захирал О.Төмөртуяаг дагуулан нягтлан бодогч М.Ганзориг нь очиж үзүүлсэн боловч барьцаа хөрөнгөнд шаардагдах шаардлага болох цэвэр, бохир усны холболтгүй обьект, мөн Хас банкинд зээлтэй байхад түүнийг нууж зээл гарсан. Энэ бүхнийг нуун дарагдуулж зээл гаргасан байгаа юм. Эхний байдлаар нягтлан бодогч Ганзоригийн албан тушаалаа урвуулан ашиглаж зээл гаргасан нь энэ байдлаар тогтоогдож байна. Эко девелопмент Монголиа” ББСБ-аас зээл олгох зөвшөөрөл, зээлийн шийдвэр дээр М.Ганзориг нь зөвхөн өөрөө гарын үсэг зурсан байгаа юм. Зээлийн хорооны бусад гишүүд болох захирал Төмөртуяа болон бусад гишүүдээр гарын үсэг зуруулаагүй байгаа юм. Манайх зээл шийдвэрлэхдээ зээлийн эдийн засагч зээл хүсэгчтэй уулзалт хийж асууж лавлаад боловсруулсан саналын материалаа нягтлан бодогчид өгөөд нягтлан цаашаа даргад танилцуулж эдийн засагч, нягтлан, захирал гурав хуралдаж шийдвэр гаргадаг юм. Гэтэл шууд Ганзориг нь шийдвэр гаргасан байгаа. Зээлийн гэрээг Ганзориг барьж орж захиралаар гарын үсэг зуруулсан байна.  Энэ асуудал дээр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр  гудамжны 306 тоотод 556 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний газар нь 2015 оны 10 сарын 03-ны өдөр Хасбанкинд барьцаалбаргүй барьцааны гэрээгээр зээлтэй болох нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа. Энэ нь барьцаанд байгаа хөрөнгийг дахин барьцаалж зээл авсан нь хууль зөрчиж байгаа юм. Манай компаниас Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны 0306 тоот 556 м2 бүхий обьектыг очиж үзэхэд манайд материал бүрдүүлэхдээ өгсөн орон сууц хөлслөх гэрээний дагуу айлууд байдаггүй болж таарсан...Гансүх, Б хоёр эхнэр нөхөр, Отгонболд нь Бгийн төрсөн дүү нь. Гансүх, Б, Отгонболд гурвын компанид өгсөн ажил гүйцэтгэх гэрээг судалж үзэхэд  Чанар-Үзэмж ХХК нь Гансүх, Б хоёрын нэр дээр байдаг гэх боловч яг тогтоогдоогүй, гэрээнд хамтран ажиллах Даваадорж гэх хүн байдаггүй болох нь гэрээнд байгаа 99129196 дугаарын утсаар холбогдож Даваадоржтой ярья гэхэд би Гансүх байна гэж хэлсэн. Уг гэрээнд байгаа 400.000.000 төгрөгний вакум цонхны ажлыг хийгээгүй болохоо Гансүх нь өөрөө хэлсэн. Дээрх байдлууд тогтоогдоод Гансүхтэй уулзаад авсан 160.000.000 төгрөгийг яасан талаар асуухад Хас банкин дээр байсан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 11дүгээр гудамжны 306 тоот  556  м2    газрын 69 сая төгрөгний зээлийг хаасан, Жет ББСБ дээр эгчийнхээ нэр дээр байдаг хашаа байшин 23 сая төгрөгөнд зээлтэй байсныг чөлөөлж, зээлийг  төлсөн, Навчаа эгчид 9500.000 төгрөгний өр өгсөн, Чанар Үзэмж ХХК-ний түрээсийн 6 сая төгрөгийг төлсөн, хамтран зээлсэн Б.Отгонболдод 13 сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг бусад зүйлд зарцуулсан гэсэн тайлбар хэлсэн. Үүний дагуу манай компаниас өргөдөл гаргаж байгаа юм. Гансүх, Б, Отгонболд нар нь анх зээл хүсэхдээ Даваадоржтой хамтран ажиллах 400 сая төгрөгний ажил байгаа юм. Түүнд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 100 сая төгрөг хэрэгтэй байна гэж хүссэн байгаа юм. Тухайн үедээ барьцаанд тавьсан обьект дээр вакум цонхны үйлдвэр явуулдаг, нийтийн байртай, түүнийгээ бусдад түрээсэлдэг гэж хэлсэн. Гэтэл вакум цонхны үйлдвэр байхгүй, гадны үл мэдэх тавилгын үйлдвэр түрээслэж үйл ажиллагаа явуулдаг. Уг үйлдвэрт нь Отгонболд ажилладаг. Отгонболд нь анх ажиллуулдаг хүн гэж байсан. 100 айлд Чанар Үзэмж ХХК-д вакум цонхны бас нэг салбар ажиллуулдаг гэх нэрийдлээр зээл авсан”, ...“Нийтийн байрны түрээснээс гарсан орлогыг өнөөдрийн байдлаар 6.390.000 төгрөгийг манайх хөөцөлдөж байж байгаад авсан байгаа. Үүнийг зээлийн хүү алдангид тооцож авсан байгаа. Нөгөө талд ч энэ байдлыг хэлсэн байгаа. ...Манай талтай нөгөө талаас ярьж тохиролцоод барьцаа хөрөнгийг эрүүгийн хэрэгт яригдаж байгаа нийт 160 сая төгрөгөнд багтааж зарах тохиролцоо хийж, үлдэгдэл хүү алдангийн мөнгийг төлж барагдуулах талаар ярьж тохиролцсон тохиолдолд манай талаас барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Компанид учирсан бодит хохирол болох 160.000.000 төгрөгөө барагдуулж авах хүсэлттэй байна. Үүнийг барагдуулсан тохиолдолд эрүүгийн хэрэг дээрээ гомдол саналгүй болж, хүү алдангитай холбоотой асуудлыг иргэний журмаар явж, гэм буруутай асуудлыг шүүхээр шийдүүлэх хүсэлттэй байна”  гэх мэдүүлэг /1 хх-ийн 67-68, 2хх-ийн 73/

 

Гэрч О.Төмөртуяа мөрдөн байцаалтанд: Тухайн үедээ барилгын цонхны үйлдвэртэй түүнийг ажиллуулдаг, бусад байгууллагатай хамтран вакум цонхны үйлчилгээ явуулах гэж байгаа, тендерт бичиг баримтаа өгсөн, өөрсдийн үйл ажиллагаа өргөжүүлэх, хөрөнгө шаардлагатай байна гэж ирсэн. Тухайн үед манайд ажиллаж байсан нягтлан бодогч Ганзоригтой уулзсан байсан ба надад ийм хүмүүс хүсэлт тавьж байна гэж хэлсэн. Тухайн үед нь Ганзоригт зээлийн судалгаа хийгээд үз, шаардлага хангаж байвал ярилцаад болвол зээлийг гаргах талаар хэлсэн. Тэгтэл Ганзориг нь дээрх хүмүүс үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл гаргуулах гэж байгаа юм байна та очиж үзэх үү гэхээр нь тэгье гэж хэлээд 2017 оны 4 дүгээр сарын эхээр зээл гарахаас өмнө Чингэлтэй дүүрэгт байрлах газрыг очиж үзсэн. Тухайн үед үл хөдлөх газар болон хашаа байшин, 100 айлд үйл ажиллагаа явуулж байгаа “Чанар үзэмж” ХХК-ний обьектыг Отгонболдын автомашинаар явж Ганзориг бид хоёр үзсэн юм. Тухайн үед бас 100 айлдаа яг тоог нь санахгүй байна, хашаан дотор оруулаад энд манай үйлдвэрийн үйл ажиллагаа өөр газарт явагддаг гэж хэлсэн. Мөн Отгонболд өөрийн амьдардаг гэх 1 дүгээр хороололд байрлах, оршин суух байраа үзүүлж байсан. Тэгээд холбогдох материалыг үзээд, тодорхой үйл ажиллагаа явагдаж байгаа байдал ажиглагдсан ба Ганзоригт холбогдох материалыг судлаад, боломжтой бол зээлийг олгож болох юм гэж хэлсэн. Тэгээд Ганзориг холбогдох материалыг цуглуулж байсан ба бүх материалууд нь бүрэн болчихлоо, боломжийн юм байна, зээлийн гэрээгээ байгуулчихлаа гэж хэлсэн. Үүний дагуу зээлийн гэрээг хийж баталгаажуулсан юм. Зээлийн гэрээг баталгаажуулах үед Отгонболд, Гансүх, Б, Ганзориг нар байсан. Анх надад танилцуулахдаа 180 сая төгрөгний зээл хүсэж байна гэж хэлсэн. Арай өндөр зээл юм биш үү, сайн судлаарай гэхэд боломжтой байна гэж хэлж байсан. Манайхаас 160 сая төгрөгний зээл гарсан. Би зээлийн гэрээтэй нэг бүрчлэн танилцаж гарын үсэг зурсан. Ингэхэд 160 сая төгрөг зээлж байна. 12 сарын хугацаатай, байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилготой зээл гэсэн байсан. Сүүлд нь бүх зүйл худлаа болсны дараа танилцахад Хас банкинд зээлтэй байхад зээл гаргасан байсан. Намайг гэрээнд гарын үсэг зурсны дараа зээлдэгчид 160 сая төгрөг гаргаж өгсөн юм...Отгонболдоос асуухад үйл ажиллагаагаа дэмжиж, өргөжүүлэх гэж байгаа гээд байсан. Яг юунд ашиглах гэж байгаа гэдгээ хэлээгүй. Харин нэг сарын дараа зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байгаа талаар асуухад Хас банкны болон бусад хүмүүсийн зээлийг төлсөн талаар хэлсэн. Хас банкны барьцаанд байгаа талаар ерөөсөө хэлээгүй. Зээл гарах хүртэл хэлээгүй. Манайд барьцаанд тавьсан байгаа газар, нийтийн байрыг төлбөрөө төл гэж удаа дараа шаардахад төлөхгүй байсан учраас манайд итгэмжлэл хийж өгсөн байгаа. Гэхдээ уг барьцаа нь улсын бүртгэлд манай нэр дээр байгаа. Б нь надтай нийтийн байрнаас гарсан орлогыг үндсэн зээлнээс хасах талаар тохиролцож ярилцсан зүйлгүй. Уг орлогын мөнгө гэж нэг удаа авсан ба түүнийг хүү, алдангид төлөгдсөн байгаа” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 69-70, 71-72 хуудас, 2 хх-ийн 74-75 хуудас/

 

Гэрч “Санкон констракшн” ХХК-ний барилгын инженер О.Гансүх мөрдөн байцаалтанд: “...Банк бус санхүүгийн байгууллагаас бичиг баримт бүрдүүлж зээл авах гэж байгаа талаар 2017 оны 5 байна уу 6 сард ярьж байсан санагдаж байна. Гэхдээ юунд зориулж хэдий хэмжээтэй зээл авах гэж байгаа талаар мэдэхгүй. Отгонболд, Б, Гансүх нар нийлж байгаад Хайлаастад нийтийн байр барьсанг мэднэ. Барьж байсанг нь санаж байна, ашиглалтанд орсноос нь хойш очиж байсан. Б, Гансүх хоёрыг хувийн вакум цонхны үйлдвэртэй гэдгийг мэднэ. Чанар үзэмж гэдэг нэртэй компанитай. Отгонболд нь тавилгын үйлдвэр түрээслэж ажилуулдаг байсан юм. 2017 оны 4 байна уу 5 сард уулзахад тавилгын үйлдвэрээ ажилуулахаа больчихсон гэж байсан. Тавилгын үйлдвэр нь 100 айлд байдаг байсан...Чанар үзэмж ХХК буюу захирал Гансүхтэй харилцан тохиролцож 400.000.000 төгрөгийн вакум цонх, валконы хаалт, коридорын цонх хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх тухай 2017.04.07-ны өдрийн 3 дугаартай гэрээг анх удаа харж байна. Би Гансүх гэж хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зүйлгүй. Гэрээн дээр байгаа утасны дугаар миний утасны дугаар мөн байна. Харин гарын үсэг биш байна. Ажил хийх талаар ерөөсөө ярилцаж байгаагүй. Би энэ талаар ерөөсөө мэдэхгүй. Хаанаас ямар учиртай зээл авсан талаар мэдэхгүй. Зээл авах талаар Отгонболд ярьж байсан” гэх мэдүүлэг. /1хх-ийн 73-74-р хуудас/

 

Сэжигтнээр Б.Гансүх мөрдөн байцаалтанд: Миний нэр дээр байдаг Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 11-306 тоотод байрлах газрыг худалдаж авч, уг газар одоогийн барьцаанд тавьсан байгаа 722.5 м.кв талбайтай нийтийн байрыг 2013 оны 7 сараас 2013 оны 12 сар хүртэл хугацаанд барьж ашиглалтанд оруулсан. Уг нийтийн байр нь ойролцоогоор 300 орчим сая төгрөгний өртгөөр боссон юм. Уг нийтийн байрыг барьсан хөрөнгө мөнгөний асуудлыг эхнэр Б мэдэж байсан ба би бариулах ажлыг хийлгэж байсан. Бариулах хугацаанд гарсан мөнгө, хөрөнгөний асуудлыг хувь хүнээс болон банк санхүүгийн байгууллагаас зээл авсан юм. Миний санаж байгаагаар Төрийн банкнаас 100 айлд байрлах 30-27 тоот 3 өрөө байрыг барьцаалж 75 сая төгрөгний зээлийг 2013 оны 7 сард авсан. Мөн бусад бараа, материалын зээлийг 100 айл дээр ажиллаад удсан байсан тул хувь хүмүүсээс зээл авсан. Ингээд 2014 онд мөнгө хэрэг болоод хувь хүмүүсээс бараа материал худалдаж авсан зээлээ төлөх болоод эгч Оюунгэрэлийн нэр дээр байдаг 32-ын тойргийн орчимд байрлах хашаа байшинг барьцаалж Жейт финанс ББСБ-аас 50 сая төгрөгний зээл авсан. Зээл авах асуудлыг эхнэр Б мэддэг байсан ба нийтийн байр барьж байхдаа нуруундаа юм оруулсан тул ажил хийх боломжгүй болж гэртээ байж эхнэр бусад ажлыг зохицуулдаг болсон. Тэгээд нийтийн байрыг ашиглалтанд оруулж үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн боловч урьд авсан зээлийн эргэн төлөлтийн асуудал яригдаад зээл авах шаардлагатай байна гэж эхнэр Б хэлсэн. Тэгээд эхнэр Б “Эко девелопмент Монголиа” ББСБ-аас зээл авахаар боллоо чи зээлдэгчээр орох юм, барьцаанд тавьж байгаа хөрөнгө чиний нэр дээр учраас орох шаардлагатай юм байна гэж хэлсэн. Үүний дагуу эхнэр Б, түүний дүү Отгонболд нарын хамтаар зээл авах хүсэлт бичиж өгч, 160.000.000 төгрөгний зээл хүссэн. Би үндсэн зээлдэгчээр, эхнэр, дүү Отгонболд нар хамтран зээлдэгчээр орсон. Гэхдээ зээлийг эхнэр Б эргэлтэнд оруулах асуудлыг мэдэж байсан. Зээлтэй холбоотой материалыг эхнэр Б бүрдүүлсэн ба би зээл хүссэн өргөдөл өгөх болон мөнгө авах үедээ очсон. Ямар учиртай 160 сая төгрөг авч байгааг Отгонболд мэдээгүй, эхнэрийн төрсөн дүү учраас хамтран зээлдэгчээр орсон юм.  Энэ зээлийг авахаас өмнө Хас банкнаас нийтийн байраа барьцаалж 70 орчим сая төгрөгний зээл авсан байсан. Зээлээр авсан 160 сая төгрөгний 69 сая төгрөгийг Хас банкны зээл дарсан. 23 сая төгрөгөөр нь “Жейт финанс” ББСБ-ын зээлийг дарсан. Тэгээд бусад мөнгөнүүдийг зээл болон эхнэрийн нэр дээр байдаг компанид хөрөнгө оруулаад дууссан. Зээлийн мөнгийг миний төрийн банкан дээр байдаг харилцах дансаар шилжүүлж авсан. Дээрх мөнгөнүүдийг эхнэр Б данснаас шилжүүлж, бусдыг нь авч хүмүүст бэлнээр өгсөн. Мөнгийг хэрхэн зарцуулсан талаар “Эко девелопмент Монголиа” ББСБ дээр 2017 оны 6 сард очихдоо мөнгийг хэрхэн зарцуулсан талаар тодорхой тайлбар хэлсэн байгаа. Банк болон бусад газарт байгаа зээлийг дарж, үлдэгдэл мөнгөөр үйл ажиллагаандаа ашиглах зорилготой зээл авсан...Би зээлийн гэрээ болон барьцаалбарын гэрээтэй уншиж танилцаж гарын үсэг зарсан. 3,5 хувийн хүүтэй, 0,7 хувийн алдангитай, 12 сарын хугацаатай 160 сая төгрөг зээлсэн гэдэгтэй танилцсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа...“Санкон констракшн” ХХК-ний барилгын инженер О.Гансүхтэй харилцан тохиролцож 400.000.000 төгрөгийн вакум цонх, валконы хаалт, коридорын цонх хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх тухай 2017.4.07-ны өдрийн 3 дугаартай гэрээг... мэдэхгүй байна. Би ийм гэрээ хийгээгүй. Гэрээтэй танилцлаа. Миний гарын үсэг биш байна. Тамга бол мөн байна. Би  99129196 дугаарын утсыг барьдаггүй. Мөн би 2017 оны 9 сарын15-ны өдрийн хөдлөнгийн үнэлгээний мастер үнэлгээний компаниар газар болон нийтийн байрыг үнэлүүлэхэд нийт 244.350.850 төгрөгний үнэлгээтэй гарсан байгаа. Одоо “Эко девелопмент Монголиа” ББСБ ХХК нь өөрсдөө зарна гээд зар тавьчихсан байгаа. Нийтийн байртай холбоотой асуудалд ерөөсөө оролцохгүй байгаа”,…Анх зээл гаргуулах талаар Отгонболд бид хоёр очиж уулзсан. Шинэ яармаг цогцолбор хороололын ажил ороод ирэх байх гэж бодоод зээл авч байсан ба зээлийн мөнгийг компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд ашиглах гэж байсан” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 76-80, 81-82, 2 хх-ийн 102-103/,

 

Сэжигтнээр Б.Б мөрдөн байцаалтанд: Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 11-306 тоотод байрлах 722 м2 талбайтай 3 давхар нийтийн байрыг барих болоод 2013 оны 7 сард Төрийн банкнаас 75 сая төгрөгийг Сүхбаатар дүүрэгт байрлах байраа барьцаалж зээл авсан. “Жейт финанс” ББСБ-аас 50 сая төгрөгийг хадам эгчийнхээ нэр дээр байдаг газрыг барьцаалж зээлсэн байсан. Тэгээд үйл ажиллагаа эхэлж 3 давхар нийтийн байраа барьж эхэлсэн. Барих хугацаанд бусад урсгал зардал гарч найз нөхдөөс зээл авч явсаар байгаад 722 м2 талбайтай 3 давхар нийтийн байрыг 2013 оны 11 сард ашиглалтанд оруулсан. Уг нийтийн байрны 1 давхарт анх ашиглалтанд оруулахдаа заалны зориулалттай оруулсан. 2-оос 3 давхар нь нийт 30 өрөөтэй нийтийн байр болгож оруулсан юм. Ашиглалт оруулсны дараа бараа материалын төлбөрийг төлж барагдуулж дуусаагүй байсан тул нийтийн байрыг барьцаалж Хас банкнаас 2015 оны 10 сард зээл хүсч нийт 80 сая төгрөгний зээлийг гаргуулан авсан. Нийтийн байрыг барихад ойролцоогоор 300 сая төгрөгний зардал гарсан ба Хас банкнаас зээл авсан 80 сая төгрөгнөөс бараа материалыг төлбөр гэж ойролцоогоор 40 орчим сая төгрөгийг бараа материалын зардалд өгсөн. Бараа материалыг хувь хүмүүсээс 100 айл дээрээс авсан юм. Үлдэгдэл мөнгө нь өөрийн ажиллуулдаг цонхны үйлдвэрт хөрөнгө оруулсан. Төрийн банкнаас 75 сая төгрөгийг 10 жилийн хугацаатай сарын 1.540.000 төгрөгийг төлдөг ба одоог хүртэл төлөөд явж байгаа. Ингээд нийтийн байр  болон компанийн үйл ажиллагаа хэвийн явуулах, өмнөх Төрийн банк, Хас банк, Жейт финанс ББСБ-аас авсан зээлийн эргэн төлөлт болон хүүний мөнгө нэхэгдэж эхэлсэн учраас дахин өөр компаниас зээл авахаар болж миний бие өөрөө бодоод “Эко девелопмент Монголиа” ББСБ-тай очиж уулзсан. Ингээд уулзахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээд ир, тэрийг харж байгаад зээл гаргах эсэхээ шийднэ гэж хэлсэн. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 11-306 тоотод байрлах 722 м2 талбайтай 3 давхар нийтийн байрыг барьцаалж зээл авахаар болсон юм. Уг нийтийн байр нь нөхөр Гансүхийн нэр дээр байдаг учраас нөхөр Гансүхийг үндсэн зээлдэгчээр, харин би болон төрсөн дүү Отгонболд нь хамтран зээлдэгчээр орсон юм. Яг үнэндээ бол зээлийг би авсан юм. Ингээд холбогдох материал болох нийтийн байр болон газрын гэрчилгээ, үйл ажиллагааны хар дэвтэр зэргийг авч очсон. Үүний дагуу “Эко девелопмент Монголиа” ББСБ-ын ажилтан Ганзориг гэж хүнд холбогдох материалыг өгсөн. Зээл хүсэхдээ цонхны үйлдвэр, нийтийн байрны үйл ажиллагаа явуулдаг, нийт 160.000.000 төгрөг хүсч байна, үүний 100 сая төгрөгийг өрөндөө өгөх гэж байгаа, 60 сая төгрөгийг үйл ажиллагаандаа хэрэглэх болно гэдгийг захирал болон зээл гаргаж өгсөн Ганзоригт хэлсэн юм. Үүний дагуу зээлэнд барьцаалсан газар, нийтийн байрыг очиж үзсэн. Очиж үзэхэд би байгаагүй ба дүү Отгонболд очиж үзүүлсэн. Үзүүлэх үед захирал болон зээл гаргаж өгсөн хүн байсан гэж сонссон. Мөн манай “Чанар Үзэмж констракшн” ХХК-ний ажлын байрыг очиж үзсэн. Үүний дагуу “Эко девелопмент Монголиа” ББСБ зөвшөөрөөд  160.000.000 төгрөгийг 2017 оны 4 сарын дундуур гаргаж өгсөн. Уг мөнгийг 160 сая төгрөгийг бэлнээр авсан...Хас банкинд 59 орчим сая төгрөгийг, “Жейт финанс” ББСБ-д 23 орчим сая төгрөгийг өгч Хас банк, “Жейт финанс” ББСБ-тай холбоотой зээлийг бүрэн хаасан. Үүнээс гадна хувь хүмүүсээс авсан байсан зээлийн мөнгө гээд нийт зээлээ тооцож явсаар байтал анх хүссэн 100 сая төгрөгнөөс хэтэрсэн ба 120 сая төгрөгийг өөрийн зээлэндээ төлсөн. Үлдэгдэл 40 сая төгрөгийг ойр зуурын зүйлд ашигласаар байгаад дууссан юм.

...Нийтийн байрнаас олж байгаа сар болгоны орлогыг “Эко девелопмент Монголиа” ББСБ ХХК руу орж байгаа. /...“Санкон констракшн” ХХК-ний барилгын инженер О.Гансүх, “Чанар үзэмж” ХХК-ни захирал Гансүх нарын харилцан тохиролцож 400.000.000 төгрөгийн вакум цонх, валконы хаалт, коридорын цонх хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх тухай 2017.04.07-ны өдрийн 3 дугаартай гэрээг ...мэдэхгүй байна. Даваадорж гэж хүн танихгүй. Утасны дугаарыг мэдэхгүй юм байна. Тамга бол мөн байна. Гарын үсэг нь нөхрийн гарын үсэг биш байна. ...Гэрээнд зааснаар нийт 160 сая төгрөг байгаа. Түүний хүү бодогдох байх. Яг хэд болохыг мэдэхгүй байна. Хүү 3,5 хувь, алданги 0,7 хувиар тооцохоор заасан байгаа. Би өөрсдөд нь хэлж өгсөн байгаа. Барьцаалсан хөрөнгийг “Эко девелопмент Монголиа” ББСБ-ын захиран зарцуулах эрхийг нотариатаар баталгаажуулж 2017 оны 5 сард нөхөр Гансүх өгсөн байгаа учраас түүнийг зарж хохирлоо барагдуулж авах эрхийг өгсөн байгаа”...“400 сая төгрөгний ажил гүйцэтгэх гэрээг хаана гүйцэтгэсэн талаар санахгүй байна. Тухайн үед “Эко девелопмент Монголиа” ББСБ-гаас холбогдох материалыг шаардсан талаар нөхөр Гансүх болон дүү Отгонболд нар нь хэлэх үед би хэвтэж байсан, хүүхдийн 2 дугаар эмнэлэгээсээ гарч холбогдох материалыг цуглуулж өгч байсан учраас яаж байгаад хэзээ, хаана, хэрхэн яаж үйлдсэнээ санахгүй байна. Ямарч байсан 400 сая төгрөгний гэрээг хуурамчаар үйлдсэн маань үнэн. Гэхдээ одоог хүртэл холбогдох бичиг баримтыг хайгаад байгаа боловч олдохгүй байна. Би “Эко девелопмент Монголиа ББСБ”-аас нийт 160 сая төгрөг зээл авсан, уг мөнгийг төлж барагдуулах, барьцаа эд хөрөнгийг бусдад зарж мөнгийг гаргаж өгөх талаар удаа дараа хэлж, зар тавьж байгаа боловч “Эко девелопмент Монголиа” ББСБ-аас 190 орчим сая төгрөг буюу хүү алдангитайгаа нийлж нэхэж, уг мөнгийг төлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлнө гэсэн асуудал тавиад байгаа учраас барьцаа хөрөнгийг зарж хохирлыг барагдуулж чадахгүй байна. Харин нийтийн байрны орлогоос гарсан 6 орчим сая төгрөгийг “Эко девелопмент Монголиа” ББСБ-аас авсан байгаа” гэх мэдүүлэг. /1хх-ийн 83-85,  2хх-ийн 104-105, 106-107 хуудас/

 

Сэжигтнээр Б.Отгонболд мөрдөн байцаалтанд: 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шиг санагдаж байна, төрсөн эгч О.Б нь 25 дугаар эмийн сангийн урд талд хүрээд ир, би очиж байна гэж хэлсэн. Ингээд эгч Б, нөхөр Гансүхийн хамтаар гурвуулаа орсон ба би үүдэн хэсэгт хүлээлгийн хэсэгт хүлээгээд байж байсан ба эгч Б, нөхөр Гансүхтэйгээ орж одоо нэрийг нь мэддэг болсон Ганзориг гэж хүнтэй уулзсан юм. Ганзоригтой юу гэж ярилцсан талаар мэдэхгүй ба бас хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь би орж хамтран зээлдэгчээр оролцсон. Тэгээд “Эко девелопмент Монголиа” ББСБ ХХК-иас зээл авахад нь хамтран зээлдэгчээр оролцсон юм. Би зээл гардаг өдрөөс буюу хамтран зээлдэгчээр орохоос өмнөх өдөр эгч Б залгаад эгч нь зээл хөөцөлдөж байгаад, 25 эмийн сангийн урд талаас хүн очиж аваад Чингэлтэй дүүрэг дэх газар, нийтийн байр, тухайн үед миний түрээслэж байсан “Од” гэх нэртэй тавилгын үйлдвэр, “Чанар үзэмж констрайкшн”-ны байруудыг “Эко девелопмент Монголиа” ББСБ-аас захирал гэх эмэгтэй, Ганзориг хоёрыг аваад өөрийн автомашинтайгаа явж үзүүлсэн. Тухайн үедээ алийг нь барьцаалж авах гэж байгааг нь мэдээгүй ба намайг үзүүлчих гэхээр нь үзүүлсэн юм. Үйлдвэр, нийтийн байр, вакум цонхны үйлдвэрийг үзүүлэхэд өөрсдөө орж үзэж, зургаа аваад байсан. Тэгээд үзүүлж харуулсны дараа “Эко девелопмент Монголиа” ББСБ-ын байран дээр хүргэж өгсөн. Эгч Б нь надад юунд ашиглах гэж, хэдий хэмжээний төгрөг зээлж байгаа талаар мэдээгүй. Асууж үзээгүй. “Эко девелопмент Монголиа” ББСБ-аас нийт хэдэн төгрөгний зээл гарсан талаар ерөөсөө мэдээгүй байсан. Сүүлд ББСБ-аас ирээд 160 сая төгрөг зээлж авсан, Түүнийгээ төлж барагдуулах талаар мэдэгдэхээр нь мэдсэн юм. Нийтийн байрыг барьцаалж зээл авах гэж байгааг нийтийн байрыг очиж үзүүлэхдээ мэдсэн юм. Хас банкны нэр дээр барьцаанд байгаа гэдгийг мэддэггүй байсан. Хэний нэр дээр явдгийг мэдэхгүй байна. Чингэлтэй дүүрэгт байрлах нийтийн байрыг ах, эгч барьж байхдаа надаас увуулж цувуулан 16 сая төгрөг зээлсэн ба түүнээсээ 13 сая төгрөгийг өгсөн юм” гэх мэдүүлэг. /1хх-ийн 86-87, 88-89, 2хх-ийн 100-101/

 

Сэжигтнээр М.Ганзориг мөрдөн байцаалтанд: Энэ гомдол дээр байгаа Отгонболд, Гансүх, Б нь нар манай байгууллагаас зээл авах хүсэлт 2017 оны 4 сарын эхээр гаргасан юм. Тухайн үед зээл авах талаар анх Бгийн дүү Отгонболд нь ирж уулзсан, уулзахдаа 180 сая төгрөгний зээл авъя, Чингэлтэй дүүрэгт байгаа 3 давхар обьект, газрыг барьцаалж зээл авья гэж хэлсэн. Тэгэхээр нь би Отгонболдоос зээлийн эргэн төлөлтийн орлого юу болох, зээлээр юу хийх гэж байгаа, зарлага нь юу болох талаар асуутал эгч Б нь вакум цонхны үйлдвэртэй, түүнд хөрөнгө оруулах юм, Яармагт шинээр босгож байгаа “Шинэ яармаг цогцолбор” хороололын төслийн хүрээнд 1 байр буюу 16 давхар байрыг бүхэлд нь авч, вакум цонх нийлүүлэх гэж байгаа, нийт авч байгаа 180 сая төгрөгнөөс 100 сая төгрөгийг энэ ажилдаа зарцуулна. 65 орчим сая төгрөгийг барьцаалж байгаа обьект нь Хас банкинд зээлтэй байгаа. Энэ зээлийг дарж, барьцаа чөлөөлөх юм гэж хэлсэн. Тухайн үедээ Отгонболд нь надтай уулзахдаа ажил гүйцэтгэх гэрээ гэсэн 400 сая төгрөгний гэрээ болон вакум цонхны үйлдвэрийн хар данс, нийтийн байр түрээслэгчдийн гэрээ болон  орлого нотлох бичиг баримтууд авчирсан юм. /№3 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ Отгонболдын анх эх хувиар нь үзүүлсэн гэрээ мөн байна/ Ингээд тухайн өдрөө Отгонболдоос холбогдох бичиг баримтыг эх хувиар нь авсан ба тухайн үедээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа Чанар үзэмж ХХК-тай холбоотой бичиг баримтуудыг аваад захирал Төмөртуяад танилцуулсан ба тухайн үедээ нийт 180 сая төгрөгний зээл хүсэж байна. Чингэлтэй дүүрэгт байгаа барьцаа хөрөнгө Хас банкны нэр дээр барьцаанд байгаа юм байна, дээрх зээлийн мөнгөөр 400 сая төгрөгний ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил хийх юм байна. Мөн үлдэгдэл мөнгөөр нь Хас банкинд нь байгаа зээлээ төлж, манайхаас зээл авах юм байна гэж хэлсэн.Ингээд Отгонболдын анх ярьсан яриаг захирал Төмөртуяад танилцуулахад барьцаа буюу Чингэлтэй дүүрэг дэх нийтийн байр болон зээл авч үйл ажиллагаа явуулах гэж байгаа үйлдвэрийг очиж үзье, тэгээд шаардлага хангаж байвал зээлийг олгоё гэж хэлсэн. Үүний дагуу Отгонболдтой уулзсан өдрийн дараа маргааш нь захирал Төмөртуяа, би, Отгонболдтой явж үзсэн юм. Тухайн үед захирал Төмөртуяа нь очих газрыг хэлж байсан ба өөрсдийнх нь амьдарч байгаа гэрийг үзье гэж хэлээд Отгонболдын амьдарч байгаа 5 шар дахь гэрийг нь харсан. Тэгээд Чингэлтэй дүүрэгт байрлах барьцаанд тавих гэж байгаа барьцаа хөрөнгийг очиж үзсэн. Тэгээд нийтийн байр болон гарааш дахь тавилгын үйлдвэрийг үзсэн. Дараа нь 100 айл орж вакум цонхны үйлдвэрийг үзсэн. Дахин бас нэг өөр тавилгын үйлдвэр байдаг гээд үзүүлж байсан. Тухайн үед Отгонболд нь гараашны доод талд байрлах тавилгын үйлдвэрийг би ажиллуулдаг, вакум цонхны үйлдвэрийг эгч Б ажилуулдаг гэж байсан. Тэгээд эргээд ажил дээрээ эргэж ирээд захирал Төмөртуяа бид хоёр хуралдаад захирал Төмөртуяа зээл гаргаж өгье, барьцаа хөрөнгийг 400 сая төгрөгөөр үнэлээд 40 хувь хүртэл нь буюу 160.000.000 төгрөгний зээл гаргая гэж хэлсэн. Тухайн үед Отгонболдоос нийтийн байрыг нийт хэдэн төгрөгөөр зарцуулагдаж баригдсан талаар асуухад 500 орчим сая төгрөгөөр боссон гэж хэлсэн. Ингэхэд бүх өрөөнүүдийн шаардлага хангасан байгаа гэж хэлсэн. Нийтийн байрны өрөө рүү орж үзэхэд бүх өрөө чанарын шаардлага хангаж байсан. Энэ байдлыг захирал Төмөртуяа харсан юм. Тухайн  үед би гэрэл зургаар баримтжуулж авсан. Гэрэл зураг ажил дээр байх ёстой. Тэгээд захирал Төмөртуяа зөвшөөрсөний дагуу Отгонболдод мэдэгдэж өөр шаардлагатай материал шаардахад Гансүх гэх ахтай авчирч өгсөн. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Отгонболдод мэдэгдэж зээл гаргах болсон талаар хэлсэн ба тухайн үед Гансүх, Б нартай ирсэн. Тэгээд Б, Гансүх, Отгонболд гурваар зээл хүссэн хүсэлт бичүүлж, өргөдөл бичүүлж авсан. Үүний дагуу зээлийн гэрээ байгуулсан ба барьцаалсан хөрөнгийн эзэн нь Гансүх байсан учир Гансүхийн нэр дээр зээлийг гаргаж, Хамтран зээлдэгчээр Б, Отгонболд нар оролцсон юм. Тэгээд 160 сая төгрөгний зээлийг 1 жилийн хугацаатай төлж барагдуулахаар байгуулсан юм. Тэгээд зээлийн мөнгийг Гансүхийн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд мөнгийг хэрхэн яаж ашигласан талаар мэдэхгүй. Тухайн үедээ мөнгөөрөө материал Хятад улс руу явж татна гэж байсан...Эхэндээ бол 180 сая төгрөгний зээл хүссэн ба олгосон нь 160 сая төгрөг. Энэ талаар захирал Төмөртуяа, Отгонболд, Гансүх, Б нар бүгд мэдэж байгаа. Би зээлийн материалыг бүрдүүлж авч, захирал Төмөртуяад нэг бүрчлэн танилцуулсан юм. Тэр бүү хэл Хас банкны барьцаанд байгаа гэдгийг хүртэл хэлсэн. Төмөртуяа захиралд би бүгдийг нь мэдэгдэж байж зээлийг гаргасан. Дур мэдэж гаргасан зүйл байхгүй. Бүх бичиг баримтууд дээр Төмөртуяа захирлаар гарын үсэг зуруулж байсан. Бүх зүйлийг болсоны дараа захирал баталж гарын үсэг зураад, мөнгийг харилцагчийн данс руу Төмөртуяа захирал шилжүүлсэн. Шилжүүлэх эрх нь захирал Төмөртуяагийн эрхэнд байдаг. Би тухайн үед барьцаалж байгаа эд хөрөнгө өөр банкны нэр дээр барьцаанд байгаа захиралд танилцуулж байсан. Тэглээ ч өөр банкны барьцаанд байгаа обьектыг дахин барьцаалж зээл гаргаж болохгүйг би болон захирал мэдэж байгаа. Үүнийг хэлэхэд барьцаалсан эд хөрөнгийг чөлөөлөөд ирэх юм бол зээл гаргаж болно гэж хэлсэн. Гэхдээ Отгонболд, Гансүх, Б нар нь Хас банкны зээлийг хэрхэн яаж дарсныг мэдэхгүй. Манайх зээл гаргадаг өдрөө үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраар орж обьектыг зээлийн барьцаанд бүрдүүлэхэд ямар нэгэн зөрчил заагдаагүй, шууд манай дээр бүртгэгдсэн учраас зээл гарсан. Тэрнээс биш Хас банкны нэр дээр гарч ирсэн бол зээл гаргахааргүй байсан. Чанарын шаардлага хангаж байсан. Чингэлтэй дүүрэгт байрлах нийтийн байр болон газрыг барьцаалж зээл авсан. Тухайн үед Төмөртуяа захирал бүгдийг шалгаж үзээд болох юм байна гэж хэлсэн. Тэр бүү хэл нийтийн байр нь шилдэг билүү аюулгүй нийтийн байр гэж бичигтэй, гадна дотноо камержуулж, галын хоржуулсан, халаалтыг тенээр шийдсэн, зардал нь бага гарч байсан. Ус нь нийтийн ойр устай гэж байсан, төвийн шугамд холбогдоогүй байсан. Тухайн үед захирал өөрөө халаалтын тень нь зүгээр юм байна, ийм тень өөрийн лагерь дээрээ аваачиж тавья гээд ярилцаад явж байсан...Би бусадтай нийлж залилсан зүйл байхгүй. Энэ зээл гаргаж байх явц байдлыг захирал Төмөртуяа өөр мэдэж байгаа. Өмнө зээл гаргахад явдаггүй хэрнээсээ энэ зээлэн дээр өөр явж бүх зүйлийг судалсан юм. ...Отгонболд нь түрээсийн гэрээ болон урьд нь хийж байсан ажлын гүйцэтгэх гэрээнүүд болон 400.000.000 төгрөгний ажил хийх гэж байгаа гэх ажил гүйцэтгэх гэрээг эх хувиар нь авчирсан. Манайх бүх харилцагчийн мэдээллийг эх хувиар хараад, түүнийг хуулбарлаж авдаг. Тухайн үед би Отгонболдын авчирсан бүх гэрээнүүдийг хуулбарлаж авсан. Энэ дунд 400.000.000 төгрөгний ажил гүйцэтгэх гэрээ эх хувиараа байхаар нь хуулбарлаж аваад эргүүлээд Отгонболд, Гансүх нарт эргүүлж өгсөн. Барьцаалж байгаа эд хөрөнгийн гэрчилгээ, түүний лавлагааг эх хувиар нь авдаг. Бусад материалыг хуулбарлаж авдаг.  Манайх хуулбарлаж аваад хувийн хэрэгт хавсаргадаг. Ингэхдээ хуулбар үнэн гэсэн тэмдэг дардаггүй юм. Зээлийн судалгаанд явахад захирал Төмөртуяа хамт явсан ба барьцаа хөрөнгө болон үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад зээлийг олгоё гэж хэлсэн. Ингэхдээ 180 сая төгрөг гаргаж өгөх боломжгүй юм байна, барьцаа хөрөнгийг 400 сая төгрөгөөр үнэлээд түүний 40 хувь буюу 160 сая төгрөгийг олгоё гэж хэлсэн. Энэ үед захирал Төмөртуяа бид хоёр байсан. Мөн 160 сая төгрөгний зээл гаргахаар болсон харилцагч нарт танилцуул, 160 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байвал зээлийг олгоё гэж хэлсэн. Тэгээд Отгонболд, Гансүх, Б нарт танилцуулахад зөвшөөрөхөөр нь зээлийг олгосон. Барьцаалж байгаа эд хөрөнгийн лавлагаа авч харахад Хас банкны нэр дээр байсан. Ер нь анх зээл хүсэж ирэхдээ барьцаалж байгаа хөрөнгө нь Хас банкны барьцаанд байгаа, танайхаас авч байгаа зээлээс мөнгийг авч Хас банкны зээлийг дарж, хаана гэж хэлсэн. Зээлээр гарсан үлдэгдэл мөнгийг вакум цонхны компанид ашиглана гэж хэлсэн. Энэ байдлыг Төмөртуяа захиралд танилцуулахад судалж үзээд олгоё гэсэн хариу өгсөн” гэх мэдүүлэг. /1хх-ийн 90-92, 93-94, 2 хх-ийн 108-109/

 

Зээлийн гэрээ болон холбогдох баримтуудын хуулбар, хүлээлгэн өгсөн зээлийн хувийн хэргийн хуулбар /1хх-ийн 12-64, 107-159/

Б.Гансүхийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн тайлан /2хх-ийн 49-64/

 

 

         Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Бгийн  гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 27/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 181/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 114/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /2хх-ийн 115/, мэргэшлийн дипломын хуулбар /2хх-ийн 117, 119/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 121/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 123, 124,125, 126/,

Гэрч Б.Сэлэнгэ мөрдөн байцаалтандБ.Б миний төрсөн дүү байгаа юм. ШУТИС-ийн комьютер техникийн сургуулийн программын хангамжийн анги суралцаж, программ хангамжийн  инженер мэргэжлээр 2006 онд сургуулиа төгсөж, дээд боловсролтой болсон...Одоо дүү Б нөхөр Гансүхийн хамтаар Чингэлтэй дүүрэгт 4 хүүхдийн хамт амьдардаг”  /2хх-ийн 78/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б хуурамч гэрээ үйлдэж хуурч бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхлэж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эко Девелопмент Монголиа” банк бус санхүүгийн байгууллагаас 160 сая төгрөг авч их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Я.Цын”...Б.Гансүхтэй уулзаад авсан 160.000.000 төгрөгийг яасан талаар асуухад Хас банкин дээр байсан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 11 гудамжны 306 тоотод 556 м2 газрын 69 сая төгрөгний зээлийг хаасан, Жейт ББСБ дээр эгчийнхээ нэр дээр байдаг хашаа байшин 23 сая төгрөгөнд зээлтэй байсныг чөлөөлж, зээлийг төлсөн, Навчаа эгчид 9500.000 төгрөгний өр өгсөн, Чанар Үзэмж ХХК-ний түрээсийн 6 сая төгрөгийг төлсөн, хамртан зээлсэн Б.Отгонболдод 13 сая төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг бусад зүйлд зарцуулсан гэсэн тайлбар хэлсэн...” /1 хх-ийн 67-68, 2хх-ийн 73/,

гэрч О.Төмөртуяагийн” ...160 сая төгрөг зээлж байна. 12 сарын хугацаатай, байгууллагын үйл ажиллагааг дэмжих зорилготой зээл гэсэн байсан. Сүүлд нь бүх зүйл худлаа болсны дараа танилцахад Хас банкинд зээлтэй байхад нь зээл гаргасан байсан...” /1хх-ийн 69-70, 71-72, 2хх-ийн 74-75/,

гэрч О.Гансүхийн”...Би Гансүх гэж хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зүйлгүй. Гэрээ дээр байгаа утасны дугаар миний утасны дугаар мөн байна. Харин гарын үсэг биш байна. Ажил хийх талаар ерөөсөө ярилцаж байгаагүй...” /1хх-ийн 73-74/,

сэжигтнээр Б.Гансүхийн”...зээлтэй холбоотой материалыг эхнэр Б бүрдүүлсэн...энэ зээлийг авахаас өмнө Хас банкнаас нийтийн байраа барьцаалж 70 орчим сая төгрөгний зээл авсан байсан...” Санкон констракшн” ХХК-ний барилгын инженер О.Гансүхтэй харилцан тохиролцож 400.000.000 төгрөгийн вакум цонх, валконы хаалт, коридорын цонх хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх тухай 2017.04.07-ны өдрийн 3 дугаартай гэрээг  мэдэхгүй байна. Би ийм гэрээ хийгээгүй. ...миний гарын үсэг биш байна. Тамга бол мөн байна. /1хх-ийн 76-80, 81-82, 2хх-ийн 102-103/,

сэжигтнээр М.Ганзоригийн “...тухайн үедээ Отгонболд нь надтай уулзахдаа ажил гүйцэтгэх 400 сая төгрөгний гэрээ болон вакум цонхын үйлдвэрийн хар данс, нийтийн байр түрээслэгчдийн гэрээ болон  орлого нотлох бичиг баримтууд авчирсан юм...би зээлийн материалыг бүрдүүлж авч, захирал Төмөртуяад нэг бүрчлэн танилцуулсан юм...Төмөртуяа захиралд би бүгдийг нь мэдэгдэж байж зээлийг гаргасан...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 90-92, 93-94, 2хх-ийн 108-109/  гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, зээлийн гэрээ болон холбогдох баримтуудын хуулбар. /1хх-ийн 12-64/, хүлээлгэн өгсөн зээлийн хувийн хэргийн хуулбар /1хх-ийн 107-159/, Б.Гансүхийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн тайлан /2хх-ийн 49-64/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...ямар ч байсан 400 сая төгрөгний гэрээг хуурамчаар үйлдсэн маань үнэн...”/1хх-ийн 83-85/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Б.Бд холбогдох хэрэг нь хуучин 2002 оны хуулийн хэрэгжилтийн үед буюу 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх хугацаанд Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас  Б.Бг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх бөгөөд хэргийн зүйлчлэл тохирч байна.

 

Б.Бгийн үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжүүдийг агуулж байх тул шүүгдэгч Б.Бг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр:

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Наранцэцэг”...энэ хэргийг цэвэр залилангийн хэрэг гэж үзэхгүй. Зээл болон барьцааны гэрээ хуурамчаар үйлдэгдээгүй. Иргэний харилцаа юм. Зөвхөн үйлдлээр нь харахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”

өмгөөлөгч Б.Цэнгүүн” Энэхүү мөнгийг эргүүлж төлөхгүй гэсэн санаа зорилго шууд санаатай шунахай сэдэлт байгаагүй” гэсэн хүсэлт бүхий тайлбар тус тус гаргалаа.

 

 

Хавтаст  хэрэгт  авагдсан  бичгийн нотлох  баримтуудаар “Чанар үзэмж” ХХК

иргэн Б.Гансүх нарын хооронд вакум цонх, балконы хаалт, коридорын цонх хийх гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлс 400.000.000 төгрөг байхаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан мэтээр  хуурамч гэрээ үйлдэж,  улмаар  2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Эко Девелопмент Монголиа” банк бус санхүүгийн байгууллагаас 160.000.000 төгрөгийн зээлийг гаргуулан авсан хэргийн үйл баримт тогтоогдсон.

 

Иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуульд заасан хууль тогтоомжийн ойлголтыг ойлгох бөгөөд  Б.Бгийн зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурамч гэрээ үйлдэж бусдыг төөрөгдүүлж  итгэлийг эвдэж бусдад их хэмжээний хохирол  учруулсан үйлдэл нь Эрүүгийн   хуулийн тусгай ангид заасан   “Залилах”

гэмт хэргийн бүхий л шинжүүдийг агуулсан байна.

 

Энэ үндэслэлээр түүний өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээж аваагүй болно.

 

Харин улсын яллагчаас гаргасан Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хүлээж авах хуулийн үндэслэлтэй.

 

Тус шүүхэд “Эко девелопмент Монголиа” ББСБ-ын дансанд Гансүх гэх нэрээр 30.000.000 төгрөг шилжүүсэн Төрийн банкны орлогын ордер,

“Эко девелопмент Монголиа” ББСБ-аас тус шүүхэд ирүүлсэн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 18/51 дугаартай албан бичигт “Бөхгол овогтой Бгоос Эко девелопмент Монголиа” ББСБ-д учирсан хохиролыг бүрэн барагдуулсан болно. Үндсэн зээлтэй холбоотой цаашид гомдол саналгүй байна” гэсэн албан бичиг,

хохирогч байгууллагын төлөөлөгч Я.Ц”...Б.Бгоос хохиролын төлбөрийг бүрэн барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй болно” гэсэн бичгийн хүсэлтийг ирүүлж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

 

        Эрүүгийн хариуцлагын талаар:

         Шүүхээс шүүгдэгч Б.Бг бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн Б.Бг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан улсын яллагчийн саналыг түүний өмгөөлөгч нараас дэмжиж торгох ялыг биелүүлэхийг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн тэдгээрийн санал дүгнэлтийг хүлээн авах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын биелүүлэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.