Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2025/00432

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2025/00432

Архангай аймаг

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                             

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ИТХ

Хариуцагч: ЗД

Хариуцагч: Б НҮТББ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 14,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.А

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Б

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.

Хариуцагчийн А аймгийн Б суманд байрлах Хөгжилд тэмүүлсэн Б-ийн Ирээдүй НҮТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй. Түүнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт талуудаас гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч А аймгийн Б сумын Засаг дарга, А аймгийн Б сумын ИТХ, Х НҮТББ нарт холбогдуулан гаргасан 14,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

- А ХХК нь А аймгийн Б сумын ИТХ-аас зарлагдсан сумын 100 жилийн ойн баримтат кино бүтээх сонгон шалгаруулалтад оролцож шалгаран 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд А аймгийн Б сумын 100 жилийн ойн баримтат киног бүтээж 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Д.Б-д хүлээлгэн өгсөн. Тухайн баримтат кино нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ТВ9 телевизээр сумын 100 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд цацагдсан. Баримтат кино бүтээх ажлыг 35 сая төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд Хэмнэлтийн хуулиар сумын засаг захиргаа гэрээ байгуулж болохгүй тул сумын засаг даргын тамгын газрын үүсгэн байгуулсан 3018903 регистрийн дугаартай Хөгжилд тэмүүлсэн Батцэнгэлийн Ирээдүй НҮТББ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн төрийн бус байгууллагыг Б сумын Засаг дарга Ц.З удирдаж байсан болно. Гэрээний нөхцөл ёсоор ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан өдөр 17,500,000 төгрөгийг баримтат киног хүлээлгэн өгсөн өдөр үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Баримтат киноны ажил эхэлж сумын 100 жилийн ойг угтаж зохион байгуулж буй арга хэмжээ бүрийн зураг авалтыг хийж ажиллаж байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 17,500,000 төгрөгийг хүлээж авсан, ажлаа хүлээлгэж өгснөөс хойш үлдэгдэл төлбөрөө өгөхгүй биднийг хохироож байгаад гомдолтой байгаа юм. А аймгийн Б сумын удирдлагууд гэрээг баталгаажуулж өгөхгүй, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсаар 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр баримтат кино хүлээлцэх актыг үйлдэж, үлдэгдэл төлбөрөө төлөх хугацаа тогтсон боловч тэр цагаас хойш 2,980,000 төгрөгийг нэг удаа төлж, одоог хүртэл 14,580,000 төгрөгийг төлж барагдуулахгүй юм. Хариуцагч нараас А аймгийн Б сумын 100 жилийн ойн баримтат кино хийх ажлын төлөгдөөгүй хөлс болох 14,520,000 төгрөгийг гаргуулан өгч А ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

3.  Нэхэмжлэгчийн 14,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ

-хариуцагч А аймгийн Б сумын Засаг дарга, хариуцагч А аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шүүх хуралдаанд “...төсөвт баримтат кино бүтээх ажилд зарцуулах хөрөнгө байхгүй, нэхэмжлэгч А ХХК-тай бичгээр гэрээ байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан” гэж тайлбарласан,

- хариуцагч Хөгжилд тэмүүлсэн Б НҮТББ нь бичгээр ирүүлсэн тайлбартаа “...нэхэмжлэгч нь тухайн баримтат киног хийж өгөхдөө хариуцагч нараар нэг ч удаа хянуулж, үзүүлэлгүйгээр цахимаар илгээж байсан. Тус илгээсэн дүрс нь дутуу байсан бөгөөд тус сумын Т банкны талаарх дүрс огт ороогүй, мөн 168 цагийн хар бичлэгийг бидэнд огт хүлээлгэж өгөөгүй байж хариуцагч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн гэрээ байгуулагдах үед тохирсон ёсоор ажлын хөлсний 50 хувь буюу 17,500,000 төгрөгийг шууд төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь дээр дурдсанаар киноны 168 цагийн хар бичлэгийг хүлээлгэж өгөөгүй, мөн нэг ч удаа хянуулалгүйгээр цагийг нь тулгаж явуулснаас үүдэн яах ч аргагүйгээр киног цацсан байдаг. Мөн нэхэмжлэгчтэй киноны дүрс дутуу байгаа тул засуулах, мөн хар бичлэгийг авч байж ажлыг хүлээн авсанд тооцохоор тохиролцсон боловч тухайн үед киног албан ёсоор хүлээлгэн өгч, гэрээ дүгнэсэн акт огт үйлдэж байгаагүй тул хариуцагч нар нь гэрээний үүргээ зөрчиж төлбөрийг төлөөгүй гэж үзэх боломжгүй юм...” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагчаар А аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, А аймгийн Б сумын Засаг дарга, А аймгийн Б суманд байрлах Хөгжилд тэмүүлсэн Б-ийн Ирээдүй НҮТББ нарыг тодорхойлж нэхэмжлэл гаргасан.

 

 

А аймгийн Б сум байгуулагдсаны 100 жилийн ой 2024 онд тохиосон бөгөөд А аймгийн Б сумын ИТХ-аас тус сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах шийдвэр гарч комиссыг байгуулсан, уг комисс Х тэмүүлсэн Б-ийн ирээдүй нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагыг байгуулж даргаар нь А аймгийн Б сумын Засаг дарга ажилласан, Б сумын түүхт 100 жилийн ойн баримтат кино бүтээх сонгон шалгаруулалт зарлаж Б сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд ашигладаг Battsengelsumith@gmail  хаягаар шалгаруулалтын материалыг хүлээн авсан, шалгарсан А ХХК Б сумын 100 жилийн ойд зориулсан баримтат киног хийсэн, кино бүтээх үйл ажиллагааны төлбөрийг 35,000,000 төгрөгөөр тохиролцсоныг Хөгжилд тэмүүлсэн Б-ийн ирээдүй нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага 17,500,000 төгрөг,  2,980,000 төгрөгийг А ХХК-д төлсөн, уг киног Б сумын 100 жилийн ойг тэмдэглэх баярын үйл ажиллагааны үеэр тус сумын иргэдэд үзүүлсэн, телевизийн сувгаар цацсан үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Их түүх, хүчит бөхчүүдийн өлгий нутаг Б сумын түүхт 100 жилийн ойн Хамтдаа бүтээсэн 100 жил баримтат кино бүтээх ажлын удирдамж, Б сумын 100 жилийн ойд зориулсан баримтат кино /цаасан хувь/, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/24 дугаартай Гэрээний төлбөр барагдуулах тухай мэдэгдэл, хариуцагч А аймгийн Б сумын Засаг дарга, хариуцагч А аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

А аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах шийдвэр гаргасан,  хариуцагч А аймгийн Б сумын Засаг дарга нь А аймгийн Б сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын даргаар ажилласан, хариуцагч Хөгжилд тэмүүлсэн Б-ийн Ирээдүй НҮТББ уг төрийн бус байгууллагын дансанд цугларсан мөнгөнөөс тус сумын ойд зориулсан баримтат кино бүтээх ажлын төлбөрийн зарим хэсгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримтыг шүүх хуралдаанд оролцсон хариуцагч нар тайлбараараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч А аймгийн Б сумын Засаг дарга, хариуцагч Хөгжилд тэмүүлсэн Б-ийн ирээдүй НҮТББ нар А аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу байгуулсан комиссын үйл ажиллагаанд оролцож ажилласан байна.

 

 Иймд А аймгийн Б сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах шийдвэр гаргасан Иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулсан комиссынхоо үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцлага хүлээх нь зүйтэй. Харин хариуцагч А аймгийн Б сумын Засаг дарга, хариуцагч Хөгжилд тэмүүлсэн Б-ийн ирээдүй НҮТББ нар нь А аймгийн Б сумын 100 жилийн ойн хүрээнд хийгдсэн ажлын зардлыг хариуцах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж, 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж, 344 дүгээр зүйлийн 344.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч А ХХК нь өөрийн хөрөнгөөр Б сумын түүхт 100 жилийн ойн Хамтдаа бүтээсэн 100 жил баримтат кино бүтээх ажлын удирдамжид заасны дагуу баримтат киног бүтээсэн, киноны хар зураг болон киног Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичигт хүлээлгэн өгч, уг киног Б сумын 100 жилийн ойг тэмдэглэх баярын үйл ажиллагааны үеэр тус сумын иргэдэд үзүүлсэн, телевизийн сувгаар цацсан, кино бүтээх үйл ажиллагааны төлбөрийг 35,000,000 төгрөгөөр тохиролцсоныг ой зохион байгуулах комиссын байгуулсан “Хөгжилд тэмүүлсэн Батцэнгэлийн ирээдүй нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага” 17,500,000 төгрөг,  2,980,000 төгрөгийг А ХХК-д төлсөн үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч А ХХК болон хариуцагч А аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан байна.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...баримтат кинонд сумын байгууллага, ард иргэдийн заримыг гаргаагүй гэх маргаан баярын дараа гарсан, хүлээлгэн өгсөн хар зураг нь тохирсоноос цөөн цагийн хар зураг байсан” гэж дурдаж байх боловч баримтат киноны чанар, үр дүнгийн талаар ажил гүйцэтгэгч болон захиалагч тал хэрхэн тохиролцсон, киног хүлээн авч олон нийцэд үзүүлэхээс өмнө гомдлын шаардлага гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй, уг киног сумын тэмдэглэлт ойн ёслолын үеэр олон нийтэд үзүүлсэн нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж зааснаар баримтат кино бүтээх ажлын үр дүн буюу уг киног биет байдлын доголдолгүй гэж үзлээ.

            Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 353 дугаар зүйлийн 353.3-т зааснаар хариуцагч А аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэрээний үүрэг 14,520,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож хариуцагч А аймгийн Б сумын Засаг дарга, хариуцагч Хөгжилд тэмүүлсэн Б-ийн ирээдүй НҮТББ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

           

Нэхэмжлэгч А ХХК-с ирүүлсэн баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40,44 дүгээр зүйлд заасныг баримтлан

-2024 оны 05 сарын 17-ны өдрийн огноотой ажил гүйцэтгэх гэрээнд гэрээний нэг тал гарын үсэг зураагүй байх тул

-2024  оны 09 сарын 09-ний өдрийн огноотой “Сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баримтат кино хүлээлцсэн тухай акт” нь эх хувь биш, нотариатаар баталгаажуулаагүй хуулбар байх тул

тус тус үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж дүгнэх боломжгүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 230,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  А ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 353 дугаар зүйлийн 353.3-т заасныг баримтлан хариуцагч А аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 14,520,000 /арван дөрвөн сая таван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК олгож хариуцагч А аймгийн Б сумын Засаг дарга, хариуцагч Хөгжилд тэмүүлсэн Б-лийн ирээдүй НҮТББ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 230,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  А ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЖАРГАЛАН