Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/28

 

Х.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/159 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, яллагдагч Х.Н-д холбогдох эрүүгийн 2313000120325 дугаартай, 3 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагч Х.Н-, түүний өмгөөлөгч С.Нургайып,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **ий өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, ****боловсролтой, **** мэргэжилтэй, ам бүл ** хүнтэй, ****хамт ***** тоотод оршин суух хаягтай, ***** ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Х-ын Н- /**********/.

2. Х.Н- нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж, 37.1.2 дахь заалтад “өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх хууль бус, шударга бус байдалтай эвлэрэхгүй байх” гэж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтад “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж, 7.1.7 дахь заалтад “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж, 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтад “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах" гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд Ковш-50 маркийн хүнд механизм авах саналыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар оруулж хэлэлцүүлэн, тус аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга  хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын 3.10-д “Ногооннуур суманд Ковш-50 нийлүүлэх ажил” гэж 140.000.000 төгрөгийн төсөвт өртгөөр тусгуулж батлуулан, тус барааг нийлүүлэхээр тендерт шалгарсан “П” ХХК-ийн дансанд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 130.080.000 төгрөг орсны дараа тус төсөл, тендерт огт хамааралгүй атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эхнэр Б.А-ын ХААН банк дахь ************ дугаар дансаар запас дугуйны үнэ гэж 1.800.000 төгрөгийг шилжүүлэн авч, запас дугуйг нийлүүлэхгүйгээр хувьдаа зарцуулж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ. 

3. Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаар яллах дүгнэлтээр Х.Н-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн  2024/ШЗ/159 дүгээр шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х.Н-ад холбогдох эрүүгийн 2313000120325 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр дараах үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаажээ. Үүнд:

4.1. Яллагдагч Х.Н- нь “Х.Е-д 2023 онд биш 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 20,000-ын 90 ширхэг мөнгөн дэвсгэрт буюу 1,800,000 төгрөгийг өгсөн ба тухайн мөнгөн дэвсгэртүүд дандаа 20,000-ынх байсан” гэж мэдүүлж байх тул гэрч Х.Е-ын гаргаж өгсөн гэх 20,000-ын 88 ширхэг, 10,000-ын 2 ширхэг эд мөрийн баримтад криминалистикийн шинжилгээ хийлгэж, яллагдагч Х.Н-ын хурууны хээ байгаа эсэхийг шалгах,

4.2. Гэрч Х.Е-ын үйлдэлд хөрөнгө завших болон авлигал, албан тушаалын гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах.

 

5. Прокурорын эсэргүүцэлд:

5.1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Өрен нь яллагдагч Х.Н-д холбогдох 2313000120325 дугаартай эрүүгийн хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

5.2. Хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүгчийн 2024/ШЗ/159 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Ингэхдээ “...гэрч Х.Е-ын гаргаж өгсөн 20,000-ын 88 ширхэг, 10,000-ын 2 ширхэг эд мөрийн баримтад криминалистикийн шинжилгээ хийлгэж, яллагдагч Х.Н-ын хурууны хээ байгаа эсэхийг шалгах,

Гэрч Х.Е-ын үйлдэлд хөрөнгө завших болон авлига, албан тушаалын гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах...” гэж дүгнэсэн.

5.3. Шүүгчийн захирамжийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Х.Е-, Б.А-, Т.А, яллагдагч Х.Н- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Х.Н- нь 1,800,000 төгрөгийг Х.Е-д өгч, баримт үйлдсэн нөхцөл байдал хөдөлбөргүй тогтоогдож байхад шүүхээс яллагдагч Х.Н-ын шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн “...2023 онд биш 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 20,000-ын 90 ширхэг мөнгөн дэвсгэрт буюу 1,800,000 төгрөгийг өгсөн ба тухайн мөнгөн дэвсгэртүүд дандаа 20,000-ынх байсан...” гэх мэдүүлгийг үндэслэн хэргийг прокурорт буцааж байгаа нь эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхээргүй байна. Өөрөөр хэлбэл Х.Н- нь тухайн мөнгийг Х.Е-д хэзээ өгснөөс үл харгалзан мөнгөн дэвсгэртэд түүний хурууны хээ үлдсэн эсэх нь дээрх хугацаатай хэрхэн ямар харилцан уялдаатай болох нь ойлгомжгүй байна. Магадгүй шүүхээс 2021 онд мөнгийг өгсөн бол түүний хурууны хээ 2 жилийн хугацаанд арилсан байх боломжтой гэх зэргээр хийсвэр дүгнэлт дэвшүүлж байвал энэ нь хэрэгт тогтоогдсон мөнгө өгсөн үйл баримтыг хэрхэн үгүйсгэж чадах нь эргэлзээтэй юм.

5.4. Хэдий яллагдагч Х.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан шинжлэн судлах, эх сурвалжийг магадлах зэргээр шалгаж үнэлэн үзвэл хавтаст хэрэгт авагдсан Б.А-ын ************ тоот дансны хуулганд үзлэг хийсэн “...2021.09.05-ны өдөр 8,656,000 төгрөг “murap xxk aas stementnii une” гэсэн утгаар дансгүй бэлнээр гарснаас өөрөөр 2021.10.01-ний өдөр хүртэлх ямар ч зарлага гараагүй байна...” гэх тэмдэглэл,

Гэрч Х.Е-ын “...Х.Н- яг одоогоос нэг сарын өмнө буюу 2023 оны 4 дүгээр сарын эхээр над руу залгаад чамаас Авлигатай тэмцэх газраас хүн Ковшийн 1,800,000 төгрөг гээд асуух байх, тэр үед чи тиймээ би бэлнээр авсан гээд хэлээд өгөөрэй гэж хэлсэн. Ингээд надад 1 сарын өмнө 1,800,000 төгрөгийг Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт авч ирж бэлнээр өгсөн. Тэр мөнгө надад одоогоор байгаа. ...Н- надад мөнгө өгөхдөө бичгийн цаасан дээр дугуйны бэлэн мөнгийг Н-аас авлаа гэж бичүүлээд 1,800,000 төгрөг бэлнээр авсан гэж бичүүлээд гарын үсэг зуруулсан. Тэгээд тэр баримтыг Н- өөрөө аваад явсан. Тухайн цаасан дээр 2021 оны 8 дугаар сарын 01 билүү 03 билүү тэгж бичүүлээд аваад явсан.”, “...Би мэдүүлэг өгөөд гарсны дараа над руу залгаад чамайг асуусан уу, чи мөнгө авсан гэдгээ хэлсэн үү, эхнэр бид хоёр чамаар бичүүлж авсан баримтаа гаргаж өгөөд явж байна гэсэн. Тэгэхэд би өмнөөс нь би бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн гэж хэлсэн. Тэгтэл Н- нь “чи тэгвэл тухайн баримтыг тэр цаг хугацаагаар нь хэлсэн үү” гэхэд “үгүй та надад 1 сарын өмнө өгсөн, би 1 сарын өмнө өгсөн гэдгээ хэлсэн.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-ийн “...1,800,000 төгрөгийн тухайд гэвэл Ногооннуур сумын Засаг дарга Е- нь залгаад манайд нийлүүлсэн ковшийн запас дугуй байхгүй байгаа та яаралтай өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь би А руу залгаад “дугуй нийлүүлээгүй юм уу надаас нэхэж байна” гэхэд А нь надад “би запас дугуйг Н-аас авахаар болсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “чамд дугуй олдохгүй байгаа юм уу” гэж утсаар яриад дуусаад Капитрон банкнаас гарч байтал үүдэнд нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч Н- надтай үүдэнд таарсан. Тэгэхээр нь би түүнд “чи А-д дугуй өгөх гэж байгаа юм уу” гэж асуусан, тэгэхэд Н- нь “тиймээ” гэсэн тэгээд Н-ын дансыг асуухад Н- надад данс өгсөн тэгэхээр нь би түүнийг утсан дээрээ тэмдэглэж аваад буцаж банк руу ороод 1,800,000 төгрөгийг Н-ын өгсөн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б-ийн “...Ингээд 1 дугуй дутуу байна гэхэд “П” ХХК-ийн захирал Ба нь 1 дугуйг гүйцээгээд өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь яллагдагч Х.Н- болон түүний эхнэр Б.А- нарын мэдүүлгээс илүү эх сурвалжаа заасан, бодитой, цаг хугацааны хувьд харилцан уялдаа бүхий, мөнгөний үүсвэр нь тодорхойлогдсон байна.

Авлигын гэмт хэргийн тухайд бусад төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлог нь албан тушаалтны гэмт үйлдэл олны нүдэн дээр ил гардаггүй бөгөөд уг үйлдэлдээ эрх зүйн ухамсрыг сайтар удирдлага болгодог. Тиймээс шүүх, прокурор, мөрдөгч  тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж дүгнэх шаардлагатай юм.

5.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан атал шүүх “гэрч X Е-ын үйлдэлд хөрөнгө завших болон авлига, албан тушаалын гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах” гэж захирамждаа тусгасан нь хуулийн дээрх зүйл, заалттай нийцэхгүйгээс гадна шүүх Х.Е-ын ямар үйлдэлд дээрх төрлийн гэмт хэргүүдийн шинж байгааг тайлбарлаагүй нь тодорхой бус, ойлгомжгүй байна.

5.6. Иймд 2024/ШЗ/159 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

6. Яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Шүүгчийн захирамж дээр 2 үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаасан. Гэхдээ бид шүүгчийн захирамжийн үндэслэл дээр маргаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаасан учраас тэнд заасан нэмэлт ажиллагаа хийлгэхтэй холбоотой хүсэлтүүдийг мөрдөн байцаалтын шатанд гаргах боломжтой гэж үзсэн.

6.2. Ногооннуур сумын Засаг даргаар ажиллаж байсан Е-ын хувьд 1,800,000 төгрөгийг өөрийнхөө хувийн сейфт хийж хадгалсан. Энийг Х.Н- сүүлдээ шалгаж эхэлсэн үед надад тулгаж авчирч өгөөд явсан гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгийг үндэслэж прокурор Е- нь гэм буруугүй Х.Н-ыг гэм буруутай гэж үзэж, түүний хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл Е-ын өөрийнхөө мөнгө төгрөгийг хэзээ, хэрхэн Х.Н-аас авсан талаарх гарын баримттай байгаа. Гарын баримтыг өөрөө бичсэн, гарын баримт нь хавтаст хэрэг дотор байгаа. Гэхдээ гарын баримт хүртэл байсаар байхад Х.Н-ыг мөнгө төгрөгийг Е-ын хэлснээр нөхөж баримт бичүүлж авсан мэтээр  дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Шинжилгээ хийлгэх хүсэлтийг удаа дараа прокурорт гаргасан боловч хүлээж аваагүй. 1,800,000 төгрөг А-ын дансанд ороод А-ын данснаас буцаж гараагүй юм байна гэж дүгнэсэн. А- бол Х.Н-ын  эхнэр нь Үндсэн хуульд зааснаар гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхгүй байх эрхийг  танилцуулахгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан. Уг гэрчийн мэдүүлгийг үндэслэж Х.Н-ыг яллаж байгаа. Тухайн үед А- ямар үндэслэлээр мэдүүлэг өгч байгааг мэдээгүй байсан. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            7. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид холбогдуулж прокурорын гаргасан эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан бүрэн эрх, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр хүчингүй болгов.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж болох ба энэ нь (1) хэргийн бодит байдлыг тогтоох, (2) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим хийгээд (3) мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” хуулийн зорилтыг тус тус хангахад чиглэгдсэн байх шаардлагатай.

 

            Гэтэл Х.Н-ад холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжид тусгасан хоёр үндэслэлийн аль аль нь хуулийн дээрх урьдчилсан нөхцөлүүдэд тохирохгүй, мөн шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            9. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн эхний үндэслэлд “...гэрч Х.Е-ын гаргаж өгсөн гэх 20,000-ын 88 ширхэг, 10,000-ын 2 ширхэг эд мөрийн баримтад криминалистикийн шинжилгээ хийлгэж, яллагдагч Х.Н-ын хурууны хээ байгаа эсэхийг шалгах гэж заасан нь хэргийн бодит байдлыг тогтооход хамааралгүй, ач холбогдолгүй байна. Учир нь эл зарчмыг хангахын тулд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хууль ёсны талаас нь үнэлж дүгнээд,  хэрвээ хэрэгт цугларсан нотлох баримтууд тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээгүй, хангалтгүй буюу түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцээх боломжгүй гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангуулахаар хэргийг прокурорт буцаах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг  хангах учиртай.  

            Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэрч Х.Е- болон яллагдагч Х.Н- нарын хэн аль нь “Х.Н-аас Х.Е-ад 1.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн” талаарх үйл баримтын талаар мэдүүлдэг ба энэ талаар маргаангүй, харин тухайн мөнгийг яллагдагч Х.Н- нь Х.Е-ад 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр өгч баримт үйлдсэн гэж мэдүүлэн, баримтыг хэрэгт гаргаж өгсөн бол гэрч Х.Е- нь тус мөнгийг Х.Н- түүнд 2023 оны 4 дүгээр сард өгсөн, харин баримтад 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэж бичүүлсэн гэж тус тус цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлсэн нь хэрэгт авагджээ.

 

            10. Иймд шүүх яллагдагч болон гэрчийн мэдүүлгийг хооронд нь, мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулах замаар, хуульд заасан журмаар үнэлж хэргийн бодит байдлыг тогтоох, тодруулбал “Х.Н-аас Х.Е-ад 1.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн” талаарх үйл баримтыг тогтооход хэрэгт цугларсан нотлох баримтууд хүрэлцээтэй тохиолдолд тус мөнгөн дэвсгэртүүдэд яллагдагч Х.Н-ын хурууны хээ үлдсэн эсэхийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагагүй ба анхан шатны шүүхийн уг үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 дахь заалтын аль нэгэнд хамаарахгүй учир хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.  

 

11. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэдэгт тухайн шийдвэрийн үндэслэл тодорхой, ойлгомжтой байх, хуульд заасан наад захын хэлбэрийн шаардлагыг хангасан байхыг ойлгох бөгөөд анхан шатны шүүх Х.Н-ад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахдаа гэрч Х.Е-ын үйлдэлд хөрөнгө завших болон авлигал, албан тушаалын гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах гэж заасан нь тодорхойгүй, үндэслэлгүй болжээ.

 

Анхан шатны шүүх уг дүгнэлтэд хүрэх болсон шалтгааны талаар, тухайлбал хэрэгт цугларсан ямар нотлох баримт, түүнд тусгагдсан ямар баримтат мэдээлэлд тулгуурлаж тухайн шийдэлд хүрэх болсон үндэслэл, мөн тухайн үйл баримтыг Х.Н-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд тооцох болсон үндэслэл, тухайн дүгнэлтэд хүрэхэд үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, эсхүл үгүйсгэсэн няцаасан дүгнэлт зэргийг тусгаагүй байдал нь тус шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан нөхцөлийг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

12. Иймд прокурорын “шүүгчийн захирамжид заасан эхний үндэслэл нь эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй, Х.Е-ын ямар үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тайлбарлаагүй нь тодорхой бус, ойлгомжгүй тул захирамжийг хүчингүй болгох” талаар гаргасан эсэргүүцлийг хангаж, дээр дурдсан үндэслэлээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг баримтлан хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс яллагдагч Х.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн шинээр авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг тус тус удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/159 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Яллагдагч Х.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК