| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/00476/И |
| Дугаар | 301/ШШ2025/00450 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 301/ШШ2025/00450
| 2025 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 301/ШШ2025/00450 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: М овогт С.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө овогт Б.Б-д холбогдох
200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Модны үнэ 300,000 төгрөгийг удаахгүй өгнө гэж явсаар 2 сарын дараа 100,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл модны үнэ 200,000 төгрөгийг одоог болтол өгөөгүй учир Б.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б миний бие С.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжилсэн 200,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сард төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ч нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 200,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөгөөс 3,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 3,325 төгрөг, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамж 3,325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Чулуун-Эрдэнэд тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Ч-ийн нэхэмжилсэн 200,000 төгрөгийг хариуцагч Б.Б 2025 оны 09 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөгөөс 3,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 3,325 төгрөг, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамж 3,325 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ч-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН