Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

Н.Ж-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Ж-т холбогдох эрүүгийн 2413000210058 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Н.Ж-, түүний өмгөөлөгч С.Нургайып, хохирогч А.Е-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****,  **** оны ** дугаар сарын **-ний өдөр **** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, **** ажилладаг, ам бүл *** хүнтэй, *** нарын хамт ****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Т овогт Н-ын Ж- /РД:**********/, 

 

2. Шүүгдэгч Н.Ж- нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12.00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 замын уулзвар дээр **** улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 16.2 дахь заалтыг тус тус зөрчиж, явган зорчигч А.Е-ийг мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 04-ний  өдрийн 40 дүгээр яллах дүгнэлтээр Н.Ж-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.   

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн  2024/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Т ургийн овогт Н-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.Ж-т сануулж,

4.4. Шүүгдэгч Ж- нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 

4.5. Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Н.Ж-ээс 8592487 (найман сая таван зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун наян долоо) төгрөгийг гаргуулан хохирогч А.Е-д олгож, хохирогч нь цаашид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

5. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:

5.1. Шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд нийцээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хүний хувийн байдлыг харгалзан ЭХ-ийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ялаас чөлөөлүүлэх тухай дүгнэлтийг шүүхэд гаргасан.

5.2. Гэвч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн ялаас чөлөөлөх тухай үндэслэл бүхий дүгнэлтийг тогтоолын тодорхойлох хэсэгт тусгаагүй бөгөөд шүүгдэгчийг ялаас чөлөөлөхгүй байгаа үндэслэлээ дүгнэж бичээгүй.

5.3. Шүүгдэгч Н.Ж- нь анх удаагаа тохиолдлын шинжтэй, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа бөгөөд хохирогчийн зүгээс ЭХ-ийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ялаас чөлөөлөх саналын дэмжиж оролцсон. 

5.4. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Ж-ийг ЭХ-ын 7.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Миний зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. Шүүгдэгч Н.Ж- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны дээр хийсэн хэрэгт чинь сэтгэлээсээ гэмшсэн нөхцөл байдал ажиглагддаг.  Энэ гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэрэг. Өөрийнхөө боломжоороо хохирлыг арилгуулах бүх арга хэмжээг авч ирсэн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Ж-ийг ялаас чөлөөлөгдөх боломжтой гэж үзэж байна.  

 

7. Хохирогчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

7.1. Шүүгдэгчийн Н.Ж-ийн гаргасан гомдолтой танилцсан. Шүүгдэгчийн гаргасан гомдолтой холбоотой надад эсэргүүцэх юм байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргуулсан 8,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг төлж өгсөн. Цаашид  ойрын хугацаанд үлдэгдэл мөнгийг төлж өгөх байх гэж итгэж байна. Н.Ж- нь хүний орон тоонд түр ажилдаг юм байна. Ял оногдуулбал цаашид өөр ажилд ороход нь сөргөөр нөлөөлөх байх гэж бодож байна. Энэ болгоомжгүй гэмт хэрэг юм. Ялаас чөлөөлөх хууль заасан боломж байдаг юм бол надад эсэргүүцэх юм байхгүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав. 

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

10. Шүүгдэгч Н.Ж- нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12.00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 4 замын уулзвар дээр **** улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 16.2 дахь заалтыг тус тус зөрчиж, явган зорчигч А.Е-ийг мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн цагаас маргаагүй хүлээн зөвшөөрсөн байна.

 

11. Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.Ж-ийн дээрх хууль бус, болгоомжгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь гэм буруугийн хийгээд хууль ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

12. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй боловч шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “шүүгдэгчийг ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан бөгөөд мөн зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, ... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ... эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж хуульчилжээ.

 

13. Шүүгдэгч Н.Ж-ийн үйлдсэн болгоомжгүй гэмт хэрэг тогтоогдсон, тэрээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн цагаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн талаарх прокурорын тайлбарыг харгалзан;

мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан 4.090.870 төгрөгийн бодит хохирлын 1.000.000 төгрөгийг шүүхийн өмнөх шатанд, мөн шүүхийн шатанд тогтоогдсон нийт 5.942.487 /4.090.870+1.851.617/ төгрөгийн бодит хохирлоос 3.500.000 төгрөгийг төлсөн ба анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох өдөр нийт бодит хохирлоос 4.500.000 төгрөгийг сайн дураараа хохирогчид төлсөн;

үлдсэн 1.442.487 /5.942.487-4.500.000/ төгрөгийн бодит хохирол дээр нэмээд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 7.150.000 төгрөг, нийт /1.442.487+7.150.000/ 8.592.487 төгрөгөөс анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дараа 3.000.000 /бодит хохирол бүрэн төлөгдсөн ба хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт тогтоогдсон 7.150.000 төгрөгөөс 1.557.513 төгрөгийг төлсөн/ төгрөгийг сайн дураараа хохирогчид төлсөн, нийт эдийн бус гэм хороос 5.592.487 төгрөг үлдсэн боловч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлсөн, харин шүүхийн шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт тогтоосон төлбөрөөс үлдсэн 5.592.487 төгрөгийн мөнгөн төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдаан болсон өдрөөс 1 сарын дотор хоёр хувааж хохирогчид төлөхөө илэрхийлсэн нь шүүгдэгч ба хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон зэргийн тэмдэглэж;

шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг бүрэн идэвхтэй төлсөн хандлага, мөн эдийн бус хор уршигт шүүхээс тогтоосон төлбөрийн зарим хэсгийг төлж, үлдсэнийг нь богино хугацаанд хувааж төлөхөө илэрхийлсэн болон хохирогчид зам тээврийн осол болсон цагаас эд материалын туслалцаа үзүүлсэн зэрэг бусад хувийн байдлыг нь анхаарч;

түүний анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч А.Е-д учруулсан хүндэвтэр хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн шүүгдэгч Н.Ж-ийг ялаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт, прокурорын санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Н.Ж-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

14. Иймд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Н.Ж-ийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгон тус тус өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Н.Ж-ийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгон тус тус өөрчилж, шүүгдэгч Н.Ж- болон түүний өмгөөлөгч С.Нургайып нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

           

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.Отгонхишиг

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК