Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 409

 

                  

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Б.Батжаргал

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч  Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Н нь 2017оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт ховор амьтан болох хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 1 ширхэг арьс, доньд буюу цөс, элэг, өрцний мах зэргийг бусдаас худалдан авч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 87-75 УНЯ улсын дугаартай Huindai Verna маркийн машинд хадгалсан, тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Би Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд үл таних  морьтой хүн шуудайнд хийгээд ганзагалчихсан баавгайн эд зүйлс байна авах уу гэхээр нь би бэлэн 1.300.000 төгрөгөөр авсан.  Би өөрийнхөө гэм буруутай үйлдлийг зөвшөөрч гэмшиж байгаа гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллагаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн  А.С мөрдөн байцаалтад”...Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батлахаар хуульчилсан. Амьтны тухай хуулийг үндэслэн Журам жагсаалт батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр  сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалт-ын “нэг” хөхтөн гэсэн ангилалын 6-д “Монгол нэр Хүрэн баавгай ... гэж заасан байдаг. ...амьтны тухай хуульд амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тухайн зүйл амьтны амьдрах орчин болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон амьтны мөнгөн үнэлгээг хэлнэ” гэж заасан байдаг. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан. Тус тогтоолд хүрэн баавгай эр нь 6.500.000 төгрөг, эм нь 7.500.000 төгрөгөөр тогтоосон...Хүрэн баавгайн экологи-эдийн засгийн хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан байдаг тул хүрэн баавгайн экологи-эдийн засгийн хохирлыг эр, эм хүйснээс нь хамааруулж 13-14 сая төгрөгийн хохирлыг төлүүлэх саналыг гаргаж байна. /хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтад: 2017 оны 12 дугаар сарын сүүлээр идэшээ бэлтгэж ирсэн тэр үеэр амьтны эд зүйл авчирсан гэж ярьж байсан...манай портер машиныг Н бариад хотоос малын тэжээл ачаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд очиж өөрийн малаас идэшээ хийж ирсэн. /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр М.Болорцэцэг мөрдөн байцаалтад: Би нөхөр Нтай анх 2007 онд танилцаад 11 жил хамт амьдарч байна. 2011 онд нэг хүүтэй болсон, одоо ам бүл зургуулаа амьдарч байна...Тэгээд 2 дугаар сарын 15-ны үед цагдаад шалгагдаж байгаа нь мэдсэн. Тэгээд ямар асуудлаар шалгагдаж байгааг нь асуухад эхлээд хэлэхгүй байж байгаад юу болсон юм бэ гэхэд нэг баавгайн арьс хүнээс аваад зарах гэж яваад хураалгасан гэж хэлж байсан. Тэгэхээр нь хаанаас авсан ямар учиртай юм бэ гэсэн чинь хөдөө явж байхад нь нэг хүн тааралдаад энэ баавгайн арьс үнэтэй байдаг юм хямдхан авахгүй юм уу гэхээр нь өөрт байгаа мөнгөн дээрээ ээжээсээ мөнгө нэмж аваад сая гаран төгрөгөөр худалдаж авсан гэж байсан. /хх-ийн 36/ гэх мэдүүлэг, 

 

Яллагдагчаар Г.Н мөрдөн байцаалтад: 2017 оны 12 дугаар сард ...Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу идшиндээ хүргэн ах Батбаатарын хамт түүний портер маркийн машинтай явсан...Түнхэл тосгонд ..морьтой хүн ирээд морио усалсан тэгээд надтай мэнд мэдэлцээд надад баавгайн арьс санал болгосон. Намайг баавгайн арьс авах уу хот руу ороод зарах юм бол 2-3 сая төгрөг хүрдэг, надад одоо мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Би ийм юм сайн мэдэхгүй гэж хэлсэн чинь 1500000-2000000 төгрөгөнд бол өгнө гэхээр нь би надад 1300000 төгрөг байна гэж хэлсэн чинь тохирсон тэгээд шууд  мөнгөө өгөөд би баавгайн арьсаа аваад загсааж байсан идэштэйгээ нийлүүлээд тавьж хонуулаад маргааш нь машиндаа ачсан...багажиндаа машины тостой эд анги ачих болсон учраас арьсаа машины арын суудалд оруулаад тавьчихсан юм. Түүнээс бол зарж борлуулах санаа зорилготой авч яваагүй...Баавгайн арьс 15-20 кг орчим байхаа ганц хүн өргөөд явах бүрэн боломжтой. Баавгайн арьс худалдаж авсан талаараа хэнд ч хэлээгүй бүгдэнгээс нь нуусан...хориотой гэдгийг мэдсэн боловч хэдэн төгрөг илүү гаргаад зарчих санаатай худалдаж авсан юм. Тэгээд зарж чадаагүй баригдсан. Энэ үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Сэтгэл санаа маш хэцүү хүнд байна. Шүүгч, прокуророос хөнгөн шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Одоо эхнэр маань хоёр ихэр жирэмсэн. Амьдрал маань хүнд байна. Өөр нэмж ярих зүйлгүй.  /хх-ийн 94/ гэх мэдүүлэг,

 

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн толгой, сарвуу бүхий 1 ширхэг арьс, цагаан саванд хадгалагдаж байсан улаан өнгийн мах мэт эд зүйлүүд нь Баавгайн овгийн баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 1 ширхэг арьс, доньд буюу цөс, бага хэмжээний элэг, өрцний мах зэрэг нь  хүрэн баавгай гэсэн  нэг зүйл амьтны эд эрхтэн мөн болно. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 1 ширхэг арьсан дээр үзлэг хийхэд зүүн талын дал, нуруу, хавирганы толгой орчимд нэг сум орсон тул мөр олдсон. Энэ нь тухайн амьтныг буугаар буудан агнасан болохыг гэрчилж байна. хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6500.000, эм бодгаль 7500.000 төгрөг байдаг байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий 1 ширхэг арьсны үсний өнгө, ноолуур үс, үсэнд шигдсэн өвсний үлдэгдэл зэргээс харахад ичсэн байх үед буюу 11 дүгээр сарын дунд үеэс хойш агнасан болно. Шинжилгээнд ирүүлсэн цагаан саванд хадгалагдаж байсан улаан өнгийн мах мэт эд  зүйлүүд нь Баавгайн овгийн баавгайн төрөлд хамаарах хүрэн баавгайн доньд буюу цөс, бага хэмжээний элэг, өрцний мах зэрэг нь хүрэн баавгайн эд эрхтэн мөн байна. /хх-ийн 48/ гэжээ.

 

Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн

2018 оны 4 дүгээр сарын 11-ний  дугаартай шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хүрэн баавгайн арьснаас генетикийн дээж аван, ДНХ ялган Ү хромосомын өвөрмөц хэсгийг полимеразын гинжин урвалаар олшруулсны үндсэн дээр эр эмийг тодорхойлдог болно. Ү хромосом нь зөвхөн эр амьтанд олшрох бөгөөд эм амьтанд Ү хромосом  олширдоггүй буюу байдаггүй. Дээрх генетикийн шинжилгээний үр дүнгээр шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хүрэн баавгай нь эм бодгаль байна.   /хх-ийн 50/ гэжээ.        

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13/,

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт /хх-ийн 84-86/

 

Шүүгдэгч Г.Нын хувийн байдалтай холбоотойгоор:

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан тоот /хх-ийн 63/, нийгмийн даатгалын Ерөнхий газар, Архивын мэдээлэл /хх-ийн 67/, ял шалгах хуудас /хх-ийн 69/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 76/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 99/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 100/,  зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:   

Шүүгдэгч Г.Н 2017 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт ховор амьтан болох хүрэн баавгайн эд зүйлс  худалдан авч 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 87-75 УНЯ улсын дугаартай Huindai Verna  маркийн машинд хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн болох нь:

гэрч Д.Пүрэвсүрэнгийн”...амьтны эд зүйл авчирсан гэж ярьж байсан...” /хх-ийн 34/, гэрч М.Болорцэцэгийн”...нэг баавгайн арьс хүнээс аваад зарах гэж яваад хураалгасан гэж хэлж байсан...” /хх-ийн 36/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48/, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Г.Нын мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...шууд мөнгөө өгөөд би баавгайн арьсаа аваад загсааж байсан идэштэйгээ нийлүүлээд тавьж хонуулаад маргааш нь машиндаа ачсан...хориотой гэдгийг мэдсэн боловч хэдэн төгрөг илүү гаргаад зарчих санаатай худалдаж авсан юм. Тэгээд зарж чадаагүй баригдсан...”/хх-ийн 94/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Прокуророос Г.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх бөгөөд түүнд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэв.  

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан санал дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч Шүүхээс шүүгдэгч Г.Ныг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Мөрдөн байцаалтын явцад Г.Нт холбогдох хэрэгт хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллагаар Байгаль орчин аялал жуулчлалын яам тогтоогдож уг байгууллагын төлөөлөгч “байгаль орчинд учирсан хохиролыг нөхөн төлүүлэх талаар” мэдүүлсэн байна.

Г.Наас хураагдсан эд зүйлс нь Шинжлэх ухааны академи ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр “...Баавгайн овгийн баавгайн төрөлд хамаарах хүрэн баавгайн доньд буюу цөс, бага хэмжээний элэг, өрцний мах зэрэг нь хүрэн баавгайн эд эрхтэн мөн байна” /хх-ийн 48/,“...Дээрх генетикийн шинжилгээний үр дүнгээр шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хүрэн баавгай нь эм бодгаль...” /хх-ийн 50/ болох нь тогтоогдсон.   

 

Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар эм хүрэн баавгайг 7.500.000 төгрөгөөр үнэлэн тогтоосон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар...амьтны аймагт учирсан хохиролыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэхээр заасан байх тул Г.Наас /эм хүрэн баавгайны үнэлгээ/ 7500000х2=15000000 төгрөг гаргуулж байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Ныг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Н тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Г.Н хууль бусаар ховор амьтан болох хүрэн баавгайн эд зүйлийг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Мөн эдгээр нөхцөл байдлууд болон шүүгдэгч Г.Нын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар болон тэрээр хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүх, Г.Нт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэхээр тогтов. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн үстэй зоо, нуруу хэсгээрээ шаргал өнгийн үс голлосон, толгой, сарвуу бүхий 1 ширхэг арьс, 18см урттай, 9 см өргөнтэй цагаан өнгийн гадна талдаа ямар нэгэн хаяг байхгүй саванд барьцалдаж хөлдсөн доньд буюу цөс, бага хэмжээний элэг, өрцний мах нь Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.