Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0345

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0345

Улаанбаатар хот

Г.Н-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 204 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Н-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Н-ын Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн Г.Н-т, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн Ж.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь Г.Н-т газар эзэмших эрх олгохдоо хээрийн судалгааг хийгээгүй гэдэг боловч Ж.Энхтуяад газар эзэмших эрх олгохдоо мөн адил хээрийн судалгааг хийгээгүй байхад Г.Н-т газар эзэмших эрх олгохдоо хээрийн судалгааг хийгээгүй нь буруу дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх "... иргэн Д.Г- нь уг маргаан бүхий газрын хөрш зэргэлдээ хашаанд амьдарч байсан тус хаяг дээр нэхэмжлэгч Г.Н нь 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шилжиж ирсэн гэж үзэхээр байна гэжээ.  Нэхэмжлэгчийн аав Д.Г маргаан бүхий газар дээр Ж.Э-с өмнө буюу 2004 оноос хойш амьдарч байсан нь гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Уг маргаан бүхий газар дээр анх Д.Г "Г" үсгэн хэлбэртэйгээр хашаа хатгаж байсан, одоо ч маргаан бүхий газар дээр барьсан хашааны хойд тал нь нэхэмжлэгчийн аав Д.Г-ын хашаа болохыг гуравдагч этгээд үгүйсгэдэггүй. Энэ байдал нь шүүхийн үзлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байхад шүүх нэхэмжлэгчийн аав Д.Г-ыг уг маргаан бүхий газрын хөрш зэргэлдээ хашаанд амьдарч байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ж.Э нь миний аавын хамгийн анх эзэмшиж, хашаа хатгасан газар дээр гуйж буучихаад /анх ааваас энэ газар дээр гуйж бууснаа Ж.Э үгүйсгэдэггүй/ одоо миний газар хэмээн зарга үүсгэж, анхан шатны шүүх түүнийг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй мэтээр дүгнэж, нэхэмжлэлийг маань үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Н-с бусдын эзэмшил газартай давхцалтай гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар захирамжийн Ж.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжийн Г.Н-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Г.Н нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлт гаргасныг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/173 дугаар захирамжаар Бага дарь эхийн 3-1635 тоотод 625 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, тус захирамжийг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Харин маргаан бүхий 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/96 дугаар захирамжаар Г.Н-ын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 31.1.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэх үндэслэлээр буюу газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийгээгүй, 2007 оноос хойш амьдарч байгаа иргэн Ж.Энхтуяагийн тус газрыг эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй гэж хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасантай нийцсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Учир нь тухайн маргаан бүхий газарт гуравдагч этгээд Ж.Э нь 2008 оноос амьдарсан, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших хүсэлт гаргаж байсан, нэхэмжлэгч Г.Н тухайн газрыг ашиглаж амьдарч байгаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Ж.Энхтуяагийн хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/98 дугаар захирамжаар -ын тоотод 511 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Г.Н-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ...Ж.Э-д газар эзэмших эрх олгохдоо мөн адил хээрийн судалгаа хийгээгүй байхад Г.Н-т газар олгохдоо хээрийн судалгаа хийгээгүй нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ... гэжээ.

Нэхэмжлэгч Г.Н нь маргаж буй газар дээр амьдарч байгаагүй бөгөөд газрын албанаас хээрийн судалгаа хийлгүйгээр гуравдагч этгээд Ж.Э-д газар олгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байна.

Мөн давж заалдах гомдолд ... нэхэмжлэгчийн аав Д.Г анх хашаа хатгаж байсныг, ... уг хашаанд анхнаасаа гуравдагч этгээд Ж.Энхтуяа гуйж бууснаа үгүйсгэхгүй байхад ... Д.Г-ыг маргаж байгаа газрын хөрш хашаанд амьдарч байсан, ... Ж.Э уг газрыг эзэмших эрхтэй мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэжээ.

Маргаж байгаа газарт нэхэмжлэгч Г.Н-ын аав Д.Г хашаа хатгаж амьдарч байсныг үгүйсгэхгүй боловч 2008 оноос хойш тухайн газарт амьдраагүй, тэрээр уг газраас өөр газар эзэмших эрхтэй болсноос гадна өөрөө болон хүү Г.Н-тоо 2015 оноос өмнө маргаж байгаа газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан нь нотлогдоогүй, амьдарч байх үедээ хүсэлт шийдвэрлээгүй талаар гомдол, нэхэмжлэлээ гаргаагүй зэргээс үзвэл тухайн газрыг эзэмших эрх хууль ёсоор үүссэн, хүү Г.Н-тоо уг эрхээ шилжүүлэх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх Г.Н-ын нэхэмжлэлийн хүрээнд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2017/0204 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ