Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/30

 

Т.К-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/207 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Т.К-д холбогдох эрүүгийн 2313001260015 дугаартай, 4 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүл, яллагдагчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Алсу нар оролцов.  

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******* төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, *** хамт ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Т овогт Т-ны К-, РД:***********,

 

2. Яллагдагч Т.К- нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сум хариуцсан татвар хураагчаар ажиллаж байхдаа тус сумын оршин суугч К.Ж-аас 30,000, А.Е-ээс 30,000, Д.С-аас 62,500, С.Х-аас 60,000, Т.М-ээс 30,000, Б.А-аас 60,000, Ө.Кө-аас 30,000 төгрөг, С.С-аас 60,000, С.Ал-аас 90,000, Х.Б-аас 30,000, Б.Ху-аас 119,500, К.Е-аас 90,500, Ш.Х-аас 30,000, Н.С-аас 60,000, С.Б-аас 30,000, М.Ай-аас 112,400, И.Ар-аас 60,000, Т.Жа-ээс 30,000, Ж.К-ээс 30,000, Ж.Х-аас 71,220, О.М-аас 60,000, Ш.С-аас 68,500, С.М-аас 30,000, Н.Д-ээс 60,000, К.Да-ээс 60,000, Х.Х-аас 30,000, Х.Т-аас 30,000, Х.Е-ээс 30,000, М.Ж-ээс 30,000, Х.М-аас 30,000, Д.Т-аас 30000, З.Х-ээс 30000, П.С-аас 30,000, О.Ба-аас 60000, Ш.Р-ээс 90000, А.Ту-аас 30,000, С.Ая-аас 30,000, Ш.Х-ээс 30,000, Х.Ж-ээс 60,000, А.Ж-аас 90,000, Т.Г-аас 90,000, К.Б-ээс 30,000, Р.Б-ээс 60,000, Х.Н-аас 30,000, Ш.Х-аас 30,000, Б.Х-аас 30,000, Х.Ам-аас 30,000, П.Е-аас 120,000, Х.А-аас 60,000, А.Ж-аас 60,000, П.Ж-ээс 60,000, М.Т-ээс 30,000, Т.Б-аас 30,000, Д.Б-оос 30,000, Г.Х-аас 30,000, А.Б-аас 30,000, А.М-ээс 30,000, С.Ад-ээс 30,000, Х.К-ээс 120,000, Б.Н-аас 30,000, Ы.Б-аас 30,000, Е.Х-ээс 30,000, Ж.Е-аас 30,000, М.Б-аас 60,000, К.Б-аас 30,000, М.А-ээс 30,000, С.Б-ээс 30,000, С.С-оос 90,000, А.С-аас 60.000, Б.Ш-аас 30,000, М.Ө-аас 90,000, И.Е-оос 30,000, Х.У-аас 30,000, Ж.Б-аас 60,000, С.Б-ээс 60,000, Х.Е-аас 112,440, А.Б-аас 30,000,  Х.Ж-ээс 30,000, Х.К-ээс 41,220 төгрөгийн галт зэвсэг болон тээврийн хэрэгслийн татварын мөнгийг бэлнээр тус тус хураан авч, улмаар татварын дансанд төвлөрүүлэхгүйгээр хувьдаа хэрэглэн, бусдын итгэмжлэн хариуцсан хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж 79 хохирогчид нийт 3,888,280 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Т.К-ний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн  2024/ШЗ/207 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг,  мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь заалтыг тус тус удирдлага болгож, Т.К-д холбогдох эрүүгийн 2313001260015 дугаартай хэрэгт дараах үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд: 

4.1. Яллагдагч Т.К-д холбогдох  эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 79 хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас 37 хохирогч хавтаст хэрэгтэй танилцаж, хохирлоо төлүүлж авсан талаар мэдүүлсэн байх ба үлдсэн 42 хохирогч хэргийн материалтай танилцаагүй, хохирлоо төлүүлж авсан эсэх нь тодорхойгүй байна.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6 дахь хэсгийн 6.1-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол гаргасан тохиолдолд хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд тусгах талаар хуульчилсан байхад мөрдөгч нь нэр бүхий 42 хохирогчид хэргийн материалыг танилцуулаагүй, гомдол, хүсэлт байгаа эсэхийг нь тодруулахгүйгээр олон нийтийн радиогоор зарласан гэсэн илтгэх хуудас бичиж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, заалт болон 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,8-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

4.3. Яллагдагч Х.К- шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан” гэж тайлбарласан тул хавтаст хэрэгтэй танилцаагүй 42 хохирогчийг хэргийн материалтай танилцуулах, хохирлоо төлүүлж авсан эсэхийг тодруулах, Бүгд Найрамдах Казахстан Улс руу нүүсэн гэх нэр бүхий хохирогч нар Монгол Улсын хилээр гарсан эсэх лавлагааг холбогдох байгууллагаас нь гаргуулах зэрэг ажиллагааг хийх нь зүйтэй.

 

5. Прокурорын эсэргүүцэлд: 

5.1. 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж тус тус хуульчилсан.

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгасны дараа нэр бүхий 79 хохирогчоос 37 хохирогчид нь хэргийн материал танилцуулсан бол 42 хохирогчид хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэх зорилгоор орон нутгийн радио телевизээр “...эрүүгийн 2313001260015 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн иргэдийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанхус суманд биечлэн ирж хэргийн материалтай танилцах” гэсэн утга бүхий мэдээлэл гаргуулж, багийн Засаг дарга нараар дамжуулан мэдэгдэхээс гадна, хохирогч нартаа холбоо мэдээллийн хэрэгслээр холбогдож мэдэгдэхэд зарим хохирогч нар нь цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа тул очих боломжгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, ...очиж хэргийн материалтай танилцах зардал маань хохирсон мөнгөнөөс илүү гарахаар байх тул танилцах шаардлагагүй...” гэсэн утга бүхий зүйлийг хэлснийг мөрдөгч тэмдэглэл болгон үйлдэж, баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд мөрдөгчийн хувьд хэргийн материалтай танилцах бүхий л боломж, нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

5.2. Харин “...хохирлоо төлүүлж авсан эсэх нь тодорхойгүй” гэх үндэслэлийн хувьд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа бөгөөд хэрэв шүүх хуралдааны явцад хохирогч нарыг оролцуулах боломжгүй нөхцөл мөн адил үүссэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

5.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан.

Гэтэл шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан атлаа шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт /хэргийг буруу тусгаарласан/-ыг удирдлага болгосон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг тус тус байхгүй болно.

5.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/207 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

 

6. Яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч нарыг асууж хэргийн материалтай танилцуулах ёстой байсан. Мөрдөн шалгах ажиллагаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу явагдах ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа журмын дагуу явагдаагүй. Үүнийг анхан шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас шүүгчийн захирамжийг буруутгах ёсгүй гэж үзэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

 

8. Хэрэгт цугларсан баримтат мэдээллүүд, нотолгооны хэрэгслүүдэд тусгагдсан үйл баримтаас үзвэл, анхан шатны шүүхийн захирамжид заасан хавтаст хэрэгтэй танилцаагүй 42 хохирогчийг хэргийн материалтай танилцуулах, хохирлоо төлүүлж авсан эсэхийг тодруулах, Бүгд Найрамдах Казахстан Улс руу нүүсэн гэх нэр бүхий хохирогч нар Монгол Улсын хилээр гарсан эсэх лавлагааг холбогдох байгууллагаас нь гаргуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад нийцсэн байна.

             

9. Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын “захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай эсэргүүцэлд заасан үндэслэлүүдийн дагуу хэргийг хянаж үзэхэд, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан  үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчим, оролцогчийн эрхийг хангах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгчийн захирамжид дурдсан хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан гурван үндэслэл нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурласан, хууль ёсны хийгээд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

10. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хохирол нөхөн төлүүлэх эрхийг хангах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэргийн материалтай танилцах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарын эрхийг хангах үүднээс анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах” тухай захирамжийг хэвээр нь үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/207 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/207 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК