Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 324

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар:

Д.Б 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Ямайка” бааранд Ц.Мтэй маргалдан улмаар зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэг болох үед хохирогч Ц.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн өдөр миний төрсөн өдөр болж байсан юм. Миний захиалсан дуу явахгүй байхаар нь би дижи дээр очоод асуухад хажуу талаас Ц.М “чиний дуу миний дууны дараа явна, би энэ баарны эзэн” гэх мэтийн үг хэлээд над руу дайраад байхаар нь би нэг удаа цохисон гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.М”Би 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо 26-89 тоот гэрээсээ хоол аваад Нью ямайка бааранд манай ах Баярбаясгалангийн найз Гансүх дээр очсон. Тэгээд Гансүх ахдаа хоолоо өгчихөөд дижи дээр нь очиж текний ард нь зогсож сонирхож байхад нэг залуу ирээд пизда минь дуугаа солиоч гэж хэлэхэд дижи нь уурлаад би өөрөө ажлаа мэдье гэсэн. Тэгээд тэр залуу бүжгийн талбай дээр бүжиглэж байхдаа ийм баар гэж юу байсан юм бэ гээд салаавч гаргаад байхаар нь би өөрөө очоод ахаа энэ хүн чинь ажлаа өөрөө мэдэж байгаа ш дээ гэж хэлэхэд тэр залуу гараараа миний  нүүрэн тус газар руу цохисон. Тухайн үед би харааны шилтэй байсан. Тэгээд миний нүүрэнд нүдний шил зоогдоод маш их  цус гарсан би цусаа угаах гээд ариун цэврийн өрөө орсон чинь араас зодох гэж орж ирсэн байх. Намайг энгэрээс заамдаж авахаар нь би гараараа нүүрэн тус газар руу нь цохисон чинь зөрүүлээд намайг цохиод байсан” /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Баяраа мөрдөн байцаалтанд” Би 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 00 цагийн үед найз Бийн төрсөн өдөр болоод 3 дугаар эмнэлгийн хойд талд уулзаад 3,4 дүгээр хорооллын Өргөө кино театрын баруун талд байрлах нэрийг нь мэдэхгүй доошоо подваль руу ордог караокед Энх-Амар, Б, Энх-Амарын найз охин бид дөрөв ороод 1 цаг дуулаад хүний 2 шил 0.5 литрийн пиво уусан. Тэндээсээ гараад Энх-Амар найз охинтойгоо яваад өгсөн.

Б бид хоёр уг караокены хажуу талд байрлах дээшээ шатаар өгсөж ордог нэг  баар руу 02 цагийн үед орсон. Бид  хоёр 0,5 литрийн 1 шил архи ундаа ус аваад ширээнд хоёулаа суусан. Тэгээд бид архинаасаа ууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байгаад дуу захиалъя гээд Б дижи дээр нь очиж дуу захиалаад ирсэн. Бид хоёрын захиалсан дуу явахгүй байсан болохоор Б дахиж дижи дээр очоод ирсэн ба дижи дээр нэг залуу оччихсон байсан. Бид хоёр ширээн дээрээ сууж байхад тэр дижи дээр оччихсон байсан залуу хойноос нь чанга чанга юм яриад хүрээд ирэхээр нь найз Б эргэж хараад гараараа тэр залуугийн нүүр рүү нэг удаа цохисон” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Д.Б мөрдөн байцаалтанд”...манай найз Баяраа миний төрсөн өдөр юм байна гээд  надад дуу захиалж өгье гэхээр нь би дижи дээр нь очиж дуу захиалж болох уу хэд болох вэ гэж асуухад за байж бай дуу захиалахдаа мөнгөө төлөөрэй гээд байхаар нь буцаад сууж байсан ширээн дээрээ ирж суусан. Удалгүй бүжгийн ая явахаар нь бид хоёр бүжиглэж байхад нэг залуу дижи дээр очоод юм яриад байхаар нь би эхэлж дуу захиалсан миний дууг явуулахгүй энэ залуугийн дууг явуулчихвий гэж бодоод дижи дээр очоод би дуу захиалсан юм яасан юм болоо гэхэд тэр залуу хажуунаас миний бааранд явж байж надаас зөвшөөрөл авч дуу захиалах ёстой гээд томроод байхаар нь өө тэрийг чинь ёстой мэдсэнгүй гээд байж байсан чинь манай найз Баяраа над дээр ирээд намайг дагуулаад ширээндээ суусан. Тэгтэл араас сууж байсан ширээн дээр ирээд хэрүүл өдөөд байхаар нь би сандал дээрээсээ босоод эргэж хараад баруун  гараараа нүүрэн тус газарт шанаа руу нь нэг удаа цохисон чинь тэр залуу газар унасан ба хамгаалагч болон манай найз боль боль гээд салгасан...тэр залууг аваад явахад тэр заүуугийн аль нүдийг нь мэдэхгүй байна нүднийх нь ойролцоо цус болчихсон байсан” /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12829 дугаартай “Ц.Мийн биед зүүн гадна булангийн шарх, нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 26/, лавлагаа /хх-ийн 29/, ял шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б 2017 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Ямайка” бааранд насанд хүрээгүй 16 настай хохирогч Ц.Мийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Ц.Мийн “...тэр залуу гараараа миний  нүүрэн тус газар руу цохисон...тэгээд миний нүүрэнд нүдний шил зоогдоод маш их  цус гарсан...” /хх-ийн 10/, гэрч А.Баяраагийн”...найз Б эргэж хараад гараараа тэр залуугийн нүүр рүү нэг удаа цохисон...” /хх-ийн 12/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон сэжигтнээр Д.Бийн”... ирээд хэрүүл өдөөд байхаар нь би сандал дээрээсээ босоод эргэж хараад баруун  гараараа нүүрэн тус газар шанаа руу нь нэг удаа цохисон...” /хх-ийн 22/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12829 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Прокуророос Д.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх байдалд тооцож, насанд хүрээгүй 16 настай Ц.Мийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний  хувийн байдлыг  харгалзав.

 

Хохирол төлбөрийн тухайд хэрэгт хохиролын баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Д.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, харин насанд хүрээгүй хохирогч Ц.М  эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.