Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/31

 

 

Т.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Н-д холбогдох эрүүгийн 2413000000107 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Т-ын Н- /РД:************/, 

 

2. Шүүгдэгч Т.Н- нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагийн үед ****улсын дугаартай “Ниссан” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нур” хүнсний дэлгүүрийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 10.4, 11.3, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, мотоциклийн жолооч Х.М-ын эрүүл мэндэд баруун дунд чөмгөний гандангийн доод 1/3 бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны 3 дугаар сарын 26-ны  өдрийн 61 дүгээр яллах дүгнэлтээр Т.Н-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн  2024/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолоор: 

4.1. Шүүгдэгч Х овогт Т-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэм Т.Н-д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж,

4.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н- нь хохирогч Х.М-ад 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөг төлснийг дурдаж,

4.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Х.М- нь олох байсан орлого 6.000.000 төгрөг болон эрүүл мэндээ эмчлүүлэхэд цаашид гарах зардал байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

5. Шүүгдэгчийн давж заалдах гомдолд:

5.1. Би тус шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Оногдуулсан зөрчих эрхийг хязгаарлах ялын биелэлтийн талаар дараах тайлбарыг хэлж бичээд уг ялыг торгуулийн ялаар сольж, шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Үүнд: Ногооннуур сум нь өргөн уудам газар нутагтай ч гэсэн 5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд сумын Засаг даргын тамгын газар, эмнэлэг зэрэг төрийн байгууллага иргэд нь зуслан хаваржаа, намаржаанд нүүгээд явдаг. Энэ байдлаар би ч гэсэн хэдэн малаа өсгөх таргалуулах, төлийг өсгөх зэрэг хувийн аж ахуйн аргагүй шаардлагад захирагдаж гэр бүлээ нүүлгэн сумын зуслан, намаржаа зэрэг хэд хэдэн газарт нүүж явах болдог. Тэдгээр газарт ихэнхдээ утсан, харилцаа холбоо байдаггүй. Ээж минь өвчтэй бөгөөд энэ хүнийг зайлшгүй эмчлүүлэх, оношлуулах, шинжилгээ хийлгүүлэх зун намартаа хөдөө цэвэр агаарт гаргаж сувилуулах шаардлагатай бөгөөд энэ нь хойшлуулшгүй ажиллагаа болохоор ээж бид гэр бүлээрээ ярилцаж зуны сард энэ ажлуудыг төлөвлөсөн. Аав минь нас бараад олон жил болсон. Түүнээс гадна хохирогчид одоогоор учирсан бодит хохирол болох 1.300.000 төгрөг /100.000 төгрөг илүү/-ийг шүүх хурлаас өмнө өгч хохирлыг барагдуулсан.

5.2. Би гэм буруугаа хүлээж байна. Анх удаа тохиолдлоор болгоомжгүй хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Анх цагдаа нь “Чи буруугүй шүү” гэж хэлсэн болохоор тэр үед түүнд итгэсэн байсан.          

5.3. Хохирогчид цаашид эмчлүүлээрэй гэж саяхан шүүх хурлын дараа 1.700.000 төгрөг дахин аваачиж өгсөн. Цаашид эмчлүүлэхэд нь тусалж хохирсон мөнгийг өгөх болно. Би дээрх шалтгаануудаар зөрчих эрхийг хязгаарласан ялыг өөрчилж торгуулийн ялаар сольж өгөхийг хүсэж торгуулийн зохих мөнгө төгрөгөө бэлдсэн болохоор та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Шүүгдэгч Т.Н-н хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирлыг төлсөн. Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирлыг төлсөн талаар илэрхийлсэн байна. Шүүгдэгчид анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг зорилтын хүрээнд хариуцлага оногдуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Мөн эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нөхцөл байдлуудыг тус тус хуульчилсан байдаг.

6.2. Шүүгдэгч Т.Н-н хувьд мөрдөн байцаалтын шатанд  гэм буруу дээр маргаж яллагдагчаар мэдүүлэг өгсөн боловч анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж прокурорын зүгээс торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Н-н давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            8. Шүүгдэгч Т.Н- нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагийн үед ****улсын дугаартай, “Ниссан” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нур” хүнсний дэлгүүрийн урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 10.4-т “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт төрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж мотоциклтой мөргөлдөн, зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн жолооч Х.М-ын эрүүл мэндэд баруун дунд чөмгөний гандангийн доод 1/3 бяцарсан хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн, хөтөлбөргүй тогтоогджээ. 

 

            9. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Т.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Т.Н-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдал болон гэм буруугийн зарчимд нийцжээ.

 

11. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

12. Шүүгдэгч Т.Н-н хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Т.Н-г  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, найман сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

13. Шүүгдэгчээс “...Би гэм буруугаа хүлээж байна. Анх удаа тохиолдлоор болгоомжгүй хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Анх цагдаа “Чи буруугүй шүү” гэж хэлсэн болохоор тэр үед түүнд итгэсэн байсан. Хохирогчид цаашид эмчлүүлээрэй гэж саяхан шүүх хурлын дараа 1.700.000 төгрөг дахин аваачиж өгсөн. Цаашид эмчлүүлэхэд нь тусалж хохирсон мөнгийг өгөх болно. Би дээрх шалтгаануудаар зорчих эрхийг хязгаарласан ялыг өөрчилж торгуулийн ялаар сольж өгөхийг хүсэж торгуулийн зохих мөнгө төгрөгөө бэлдсэн болохоор та бүхнээс /ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг/ хичээнгүйлэн гуйж байна.... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзэх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Н-г хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, найман сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ялаар шийтгэснийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд өөрчлөх, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

 

14. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК